Monday 31 December 2007

Өчүүхэн

Өөрөө би өчүүхэн ... өчүүхэн нүд минь өчүүхэн зүйлсийг ширтэж, өчүүхэн хүрээндээ өчүүхэн сэтгэж, өчүүхэн хүнд өчүүхэн дурлаж, өчүүхэн бөмбөрцөг дээр өчүүхэн амьдарсаар өчүүхэн үхэх ... ... үхэл ч аврахаас өнгөрсөн өчүүхэн энэ тойргоос өчүүхэн ч атугай мултрах болов уу?

Номынсан мэт мэдлэг цуглуулж нобельд дэвшихээр гавъяа байгуулах ... үр удмаа тээж төрүүлээд тэжээж тэтгэх ... сайхан эсвэл муухай мэдрэмжийг хүртсэн шиг хүртэх ... амьд байгаагийн минь зорилго аль нь ч биш, баттай хэлье. Зорилго биш зүйлрүүгээ үхэн хатан тэмүүлж амьдрах ямар вэ?

Хөндлөнгөөс өчүүхэн өөрийнхөө өчүүхэн үйлдлүүдийг ажиглаж ажиглаж ажиглаж ... ...

Saturday 29 December 2007

оны онцлох арван үйл явдал

1. хавтгай дэлхий
2. ногоон өнгө <=> нүд баясан сэтгэл бадарна
3. хайруулын таваг + хуушуур => түлэгджээ
4. цаг зунгаарссс ... ...
5. үерхэл мандтугай ура!!! ура! ... талбай дээр хашгиралдана
6. залхуурал ...
7. гамбир гоё -> тийм
8. сагс + бүжиг
9. шатар - рок -- яг хаа явна?
10. цаг зогсчээ ... батарей нь дууссан байв ... сольсон

Saturday 27 October 2007

Эр хүний тухай

Ганц ахтай билээ. Миний хамгийн удаан хамт байсан эр хүмүүн гэвэл ойлгомжтой, манай ах. Мэдээ орохоос л дэргэд байсан болохоор уран зохиолын дүрээс өөр бодит эр хүний талаарх гол төсөөллийг Ахаасаа л авсан юм. Товчхондоо манай Ах болбаас: ертөнц дээрх залхуугийн гарамгай төлөөлөгч. “Хэрхэн дэг журамгүй амьдрах вэ” дэлхийн бестселлерийг манай ах л бичиж чадна, мэдээж залхуураад бичихгүй л дээ. Шөнө дунд босох, өдөржин унтах, хэдэн хоногоор нойргүй суух, турж үхтлээ явах, гэнэт хагартлаа идэх, гар утсаа гээх, халаасандаа мөнгө хийгээд хэр удсан юм бүү мэд олж гэнэт “баяжих”, ... дуусашгүй ээ ... бараг хэзээ ч эмх цэгцтэй байж үзээгүй, дэлбэрсэн юмсынхаа дунд хаана нь юу байгааг харин номын сангийн католог шиг л олдогийг нь юу гэж тайлбарламаар юм дээ. Юу ч хийхгүй байж байжаагаад миний хоёр гурван хоног шагайн байж барсан номыг хэдхэн цаг уншиж тавьчихаад дахиад л юу ч хийхгүй дээшээ харж хэвтээд л байгаад л ... би наана нь учиргүй хөдөлмөрлөөд л, уншаад л, цаас шаржигнуулаад л ... үр дүн нь бараг адилхан. Бурхан жоохон шударга биш л дээ, өөдгүй. Айлын том гээд тэгсиймүү ахад л хамаг сайн генийг харамгүй өгч гэрийн гол гол номинацийг хамуулж байгаа юм, гэрт хамгийн царайлаг нь, мэдээж хамгийн толгойтой нь, хамгийн хамгийн ... гэтэл би яав, ээж аав хоёрын хамаг л болохгүй хэсгийг нийлүүлээд нэгэн сонин ситуаци бүтсэн нь ига байх жишээтэй. Гавал төрсөн бол гомдолгүй л байх байлаа. Гэтэл яс юман дээр өнөөх гавал номинацийн эзэн болсон ах минь залхуу шалгаруулалтад дэлхийн стандарт давхар хангаад, дэвшиж шалгарч шуугиулаад байна шд, хмн. Залхуу ахаас болоод л “99 хувийн хөдөлмөр 1 хувийн авъяас бол амжилтын үндэс” гэх мэргэн үгийг уухайн тас хүлээн зөвшөөрөх болсон юм даа гэсэн. Хоёрхон насны зөрүүтэй болохоор хар багаасаа л муудаж, зодолдож, муухай харж, сайндаж, сайхан загнаж хамаг аашаа баралцсан болохоор байхгүй хооронд нь санаад, гундуу байвал нь өр өмрөн боддог ч ил гаргаж хэлэх биш дээ. Зулай гишгэж төрсөн ахан дүүс нэг иймэрхүү. Ахаар төлөөлбөл гавал + залхуу = эр хүн :))))) Тоглосымоо. Энэ ердөө оршил л доо...

Оргил хэсэгт ...

... Эр хүн төсөөллийг бүрдүүлсэн зайлшгүй хэдэн заалт бий. Мөнгө, эрх мэдлээр биш, шударга үнэнч зангаар хүнийг хэмждэг болохоор сайхан ч амьдарч яваа, гундуухан ч зүтгэж яваа, хүн шиг хэдэн найз нартай. Хэзээ ч анд нөхдөөсөө урваж, ар хударгаар хутга ирлэх юм хийхгүй, далдуур хүн муулж хор найруулж хов хутгаж суухгүй гэдгийг мэддэг болохоор ... дарга цэргийн хөлд нь суун байж сайхан амьдрах тухай биш, тархиа ажиллуулж жирийн шударга амьдрахыг илүүд тооцдог, хааяа гайхмаар гэнэхэн ч гэлээ итгэл үнэмшилдээ бат зогсож, холбирч шарваад байдаггүй гэдгийг нь хардаг болохоор энэ бүхэн нь нийлээд цөөн үгтэй, шударга, ухаант Эр Хүн төсөөлөлд буудаг л даа. Ийм байж чаддаггүй эр нэртүүд нүдэнд торж үлдэхгүйгээс болоод би баларч байшд гсн.

... Энэрэл хайр зүрхэнд нь багтдаг
Эргэх дэлхий ухаанд нь багтдаг ...

... Өөрөөсөө намхан ээждээ үнсүүлэхдээ
Таныхаа хайрыг даахгүй нь гэж шимширдэг ...

Saturday 20 October 2007

Зүрхний нөхөөс


Уранхай зүрхийг гоёж нөхсөн
Маргад эрдэнийн хоёр шигтгээ ...

Monday 15 October 2007

The Unforgiven

Оюутан байхдаа өрөөний хаалга хаагаад гэрлээ унтраагаад энэ дууг ная сонсож далий юм мөрөөдөж хэвтэх дуртай байжүлэй. Гандан буурахгүй дуу л даа.

Sunday 14 October 2007

иймэрхүү

Эмос. Товчхондоо өөрийгөө хүндэтгэх үзэл гэж ойлгож болно. Өмнөх бичлэгтэй холбогдуулаад тайлбарлахад өөрийн үнэ цэнийг үнэлж, түүнийгээ бусдаар хүлээн зөвшөөрүүлэх гэсэн хүсэл эрмэлзэл, эдгээрийн цогцлолыг “өөрийн хүндэтгэл” гэж хэлж болох юм.

Хүний оюун санааны нэгээхэн хэсгийг үндэсний үзэл эзэлж, тэр нь үндэстний “эмос”-ын бүрдүүлэгч эс л болдог. Ганц хүн нийгмийг төлөөлж чадахгүйтэй адилаар нийгмийн оршин тогтнохуйг махан биеийн оршихуйтай зүйрлэх утгагүй л дээ. Хавайд амьдрах хүсэлтэй англи хэлт монгол иргэний биеийн болон оюун санааны оршихуй нь монголын нийгмийн өчүүхэн хэсэг мөн хэдий ч зайлшгүй хэсэг биш. Үүнтэй адил тухайн хүний эмост үндэсний үзэл байхгүй гэдэг нь түүний үнэт зүйлсийн нийлэмж өөр байгааг л харуулахаас бус ямар ч биологийн агуулга байхгүй нь хэний мэдээжийн. Амьдрах дуртай газарт нь оруулахыг холриглоод англи хэлээр ярихыг нь болиулаад, ерөөс оюун санааны үнэлэмж бахархал болгоныг нь эвдээд, дорд үзээд байхад бухимдахгүй, эсэргүүцэхгүй байгаад байвал тэрбээр хувь хүнийхээ хувьд шалны алчуур. Хувь хүний эмос нь юу ч байж болно, гэхдээ тухайн хүндээ эрхэм нандин, үндэсний үзэл гэдэг нь үндэстэндээ эрхэм нандин, халдашгүй.

Үндэсний үзлийн талаар яагаад дурдав гэхээр монголчуудын өөрийгөө хүндэтгэх эрхэмлэл хийгээд ижилсэн бахархах гол тулгуур нь учраас тэр. “Өөрийн хүндэтгэл” хувь хүн дээр, гэр бүлд, нийгэмд, хүн төрөлхтөнд өөр өөрийн хэлбэрээр оршин байгаа. Нэгжүүд өөр өөр байгаа шиг “өөрийн хүндэтгэл” ч мөн өөр өөр.

Хүмүүний мөн чанараас үүдэлтэй өөрийгөө хүндэтгэх үзэл, бусдаар хүлээн зөвшөөрүүлэх хүслийг ямар нэгэн аж үйлдвэржилт, эсвэл nation state-ийн үүсэлтэй холбох гэсэнгүй. Фукуяамаг үнэхээр уншсан бол энэ хоёрыг хольж хутгахгүйгээр ойлгочих ёстой л доо. Хичнээн пост постмодернизм, өөр бусад -измүүд дэлгэрлээ ч хүний төрөлхийн мэдрэмжийн илрэл устаж алга болоогүй цагт мөнхийн тезис байсаар байх биз, тэгж ч ирсэн юм хойно.

За тэгээд нэг юм хэлдэг, араас нь тайлбар бичээд байвал дуусашгүйн дээр мааш утгагүй. Ном бол толь гэдэг, ямар хүн толинд харна тийм дүрс үзэгддэгтэй адил, ямар хүн уншина өөрийнхөө л хэмжээнд тусгаж хүлээж авна гэх.

Сэтгэгдэл үлдээсэн хүмүүст баярлалаа. Дээр нэг “Хятадын уламжлалт философи ба марксизм” гэж хальт бүлтэрчээд коммент ирвэл нь ингэж тэгж бичнэ гээд л, нэг их хий горьдож билээ гэсэн.


Sunday 7 October 2007

Эмос дархлаа

Бат Үүл гишүүний нийтлэлүүд сүүлийн үеийн хамгийн халуун сэдэв болоод байна. Уншигчдын хувьд Даяар Монголын залуусын буруу ба зөв гэдэг дээр талцаж хуваагдаад Бат Үүл гишүүнийг дэмжигч эс дэмжигч гэсэн байдалтай “үгийн сэц” булаалдсан шиг. Мэдээж Үүл гишүүн нацист гэгдсэн хэдэн залуусыг шанаадахсан гэж загатнасандаа, эсвэл ирэх сонгуулийн очков авах гэсэндээ ийм эмзэг сэдвээр оролдсон гэж бодохгүй байна. Алив нийгэмд тодорхой хэмжээгээр экстренизм байдаг, гэхдээ Даяар Монголын залуусын хэт үзэл нь туйлширсан үйлдлээр илрээд улмаар нийгэм даяар даамжирч халдварлавал бид үнэндээ салхины өөдөөс нулимсантай ялгаагүй. Бат Үүл гишүүн салхи ирж байхад нулимах тухай биш дулаан байшин сав бариад биеэ хамгаалах тухай ярьж байгаа болов уу...

Ер нь үндэсэрхэг үзлийн тухай биш үндэсний үзлийн тухайд. Бид хүн, гэхдээ хятад биш, америк биш, орос биш, МОНГОЛ хүн, энэ бол удам угсаа түүх соёл хэл ус ёс заншил ахуй орчин нутаг дэвсгэр төрөл садан гээд биднийг нэгтгэж ижилсүүлж буй энэ олон хүчин зүйлийн огтолцол дээр цогцлон боссон үнэт зүйл. Үүгээрээ бид бусдаас ялгарч өөрсдийгөө мэдэрдэг, бахархалтай явдаг. Энэ үнэт зүйлсрүү халдах юм бол миний оршин тогтнохуйд заналхийлж буй хэрэг, хувь хүнээр бол эмосруу нь халдсантай адил.

Бусдаар хүлээн зөвшөөрүүлэхийн төлөөх тэмцэл, түүнийг дагалдах уур ичилт бахархал бүгд нийлээд улс төрийн амьдралд онц ач холбогдолтой хүний нэгэн цогц бодьгал шинжийг бүрдүүлдэг ажээ (Ф.Фукуяама “Түүхийн төгсгөл”). Ерөөсөө хүн төрөлхтний түүх бусдаар хүлээн зөвшөөрүүлэхийн төлөөх тэмцэл дээр өрнөдөг гэх Гегелиэс эхтэй үзэл.

Монголчуудын хувьд орос ба хятадуудад хандах хандлага яагаад жирийн иргэнээсээ авахуулаад ондоо байдаг гэж? Яагаад гэвэл бусдаар хүлээн зөвшөөрүүлэх гэсэн (өргөн утгаар) бидний хүсэл эрмэлзэлд орос, хятадууд өөр өөр ханддаг учраас тэр. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн тусгаар Монгол Улс гэдэгтэй хэн ч маргахгүй нь мэдээжийн боловч хятадууд түүх сурах бичгээрээ үе дамжуулаад монголчуудын “эмос”-ыг үл тоомсорлодог болохоор бидний далд ухамсарт байнгын тэмцэл уур уцаарын мэдрэмж төрж, түгшүүрт автан, тайван суух аргагүй болж буй. Хятадууд хэзээнээсээ л бидний эмосруу халддаг байсан, тиймээс ч монголчууд мөн хэзээнээсээ л хятадад дургүй явсан.

Байнга шахуу тийм байдаг атал юуны учир ойрдоо урьд урьдынхаас илүүтэй нийгэмд туйлшрал үүсэх хүртэл хурцдаад, эмзэглээд эхлэв ээ? Хариугаа хятадуудаас хайх уу? Болно, гэхдээ хятад байна уу хаанах байна ялгаагүй, улс орон л юм чинь бодлогоо явуулж байгаа, “чи төлөвлөхгүй бол төлөвлөгөөнд орох болно” гэдэг дээ. Бид төлөвлөөгүй эсвэл дутуу төлөвлөсөн учраас бусдын төлөвлөгөөнд ороод эхэлсэнээ мэдэрсэн ч юм уу үндэсэрхэг үзлээ төвийлгөж монгол монгол гээд цам харайх болсон нь цаанаа сайн сайхан агуулга лав биш ээ. “Би” нь алга болчих гээд байгаа хүн л байн байн “БИ БИ... Би ингэсэн Би тэгсэн, энэ чинь БИ” гээд онцлон тэмдэглэж чухалчлан дурдаад унадаг даа ... Магадгүй бид монгол гэх үнэт зүйлсээ бататгах, шинэчлэх, орчин үеийн сэтгэхүй үйл ажилд нийцэхүйцээр өөрчлөн зангидах хэрэгтэй болсон ч юм билүү... Соци үеийн үзэл суртлын их давалгаа өнгөрсний дараа Ардчилалын үнэт зүйлс бидний оюун санааны хоосон орон зайг эзлэх болсон хэдий ч бусдаас өөрсдийгөө ялган мэдрэх тэр бахархалыг үндэсний үзлээс өөр юу орлох билээ. Энэхүү үндэсний үзэл нь гадны салхинд ганхахгүй, дотроо хагараад байхааргүй соёлын дархлаатай, улс төрийн баталгаатай, эдийн засгийн тулгууртай байвал, би би гээд цовхчоод байхааргүй болох биз ээ.

Жич: Хятадын “Глобал таймс” сонины 2007 оны 9-р сарын 3-ны өдрийн дугаарт сэтгүүлч Хуо Вэний бичсэн “Монголын хэвлэл мэдээллүүд Хятадын хар ажилчдын асуудлыг хөөрөгдөж байна” гэсэн гол гарчиг, “ажлын байрыг нь булаасан гэдгээр ард түмний дайсагналыг дэвэргэж байна” гэсэн хөмсөг гарчигтай нийтлэл гарсан бөгөөд үүндээ “Өдрийн сонин” “Ардын эрх” “Зууны мэдээ” сонинууд дээр гарсан мэдээллүүдээс иш татсан байх агаад монголд очсон тэдгээр хятад хар ажилчид ч мөн амьдралын эрхээр мөнгө олох гэж очоод бусдад олонтаа хулхидуулсан хохирогчид болох тухай дурдсан байна.

Хурим гэж

Саяхан алдарт өдөр болоод өнгөрч, 120 хос хурим хийжээ. Дээр үед намрын дунд сарын 17-ны сайн өдөр тохиоход гэр хагарах шахан хурим найр хийдэг байсан гэдэг. Орчин үед бол дэмий дээ дэмий, удахгүй салахын хооронд нүжгэр хурим хийж яадаг байна, сүүлд нь онигоо шд гээд хэлчихвэл настай хүмүүсийн нүд орой дээрээ гараад амны билэггүй монди гэж загнах байх даа. Мэдээж энэ хөндлөнгийн хүний хөнгөмсөг үг байлаа л даа, гэвчиг эргэн тойрны хуримлагчдын халуун туршлага зөндөө ... бас ч баримттай зөвлөгөө шүү гсн ...

Нэгэнтээ нар хурц, чихэр амттай, дэгдэж харайж гүйдэг байхад минь зүв зүгээр байсан хамаатан садангууд хүртэл ойрын үеэс учир жанцантай нүдээр харж дохиж онилж цохож заагаад нэг л сэжиг бүхий ... жигтэйхэн ... дээр үе байсан бол богтолуулчихвий дээ гэж аймаар. Манай монголчууд учиргүй нэг нэгэндээ санаа тавих юмаа. Халуун залуугаараа, улаа бутраад гүзээлзгэнэ мэт гялалзаж яваа намайг!!! ид насны цог золбоо гал заль пиг дүүрчээд байжийхад!!! л эрүү өвдөг нь нийлсэн чуганцтай ярьж байгаа юм шиг л өөдөөс энэрэл урссан нүдээр хариулт ээрэн харцгаах юм. Нэгэн айхтар сарны тооллын 17 өдөр болоход олон аавын хүүг уйлуулаад өгье зүгээр (сэгсэгнэв)

...

Сүүдэрт орчлонгийн найранд сүүлдэсхийгээд ирээ юү
Сүй болзоогүй амраг бусдынх болсон байлаа
Бодол хөглөх насанд гуниг тээсэн хайр минь

Босгож барьсан гэрийн тань босгонд бүдрээд буцлаа ...

Хүрэлбаатар зураачийн "Намрын дунд сарын 17" гэж дэндүү зураг байдагсан.

Wednesday 3 October 2007

кофе уухын өмнө

Яахоо мессенжерээ яагаад ч юм хааш нь ч юм хийчихлээ, мальтгар шар нүүрийг харж чадахгүй амар, блог сайт блоклогдчихсон, комментод хариулж чадахгүй тиймхэн. Аравдугаар сар интернэтэд халгаатайгаар хаалга тогшсон нь чухамдаа над мэтэд зол болж, албадан хөдөлмөрөө үргэлжлүүлэх завшаан хэмээн алгаа ташив.

Сэтгэл гээш навчис нэг нэгээрээ тасарсаар ... ноднин жилийн үнэр үе үес сэнгэнээд ... хөөрхөн нүдний харц гялс хийн очтох шиг ... ай даа ер бусын сонин, гоёмсог ... алтадсан нарийн хүрээтэй товгор цэцгэн хээт гангар турьхан аяга шиг.

Мастер Маргаритагийн халуун дурлал, хайр сэтгэлийн тухай миний мэдэх хамгийн баяртай түүх... ядаргаатай энэ ертөнцөөс явсан нь ч дээр биз дээ. Элдэв шидийн цуглуулга, болох болохгүйн овоолго, мунхаглал ангуучлалын лабораторид ... хайрлаж дурлаад ч яадаг юм (агсамнав). Ялаа шавсан дэлхий дээр ... тэр олон учрал цэнгэлийн чинь алийг нь жинхэнэ гэх вэ, алийг нь хайр гэх юм бэ (толгой эргэв).

Гэснээс Путин хошуугаа унжуулчаад хөөрхөн золиг шүү, гэдсэн дээрээ үнсүүлэх юмсан.

За кофе хөрөх нь ... дараа учирсу ...

Tuesday 25 September 2007

Нүүрс ба цагаан цас

Д.Пүрэвдорж гуайн “Хар цас” найраглал гоё шүү ... гэхдээ дайн дажингүй энх цагт төрчихөөд хар цасыг харах тавилантай байж бяднуус. Одоо ч юу юугүй цас бударч нүүрсний утаа суунаглахаар угартаа хахана даа УБ минь. Нүүрс, нүүрс ... нүүрсхэн чамдаа би дуртай. Учир нь:

Нүүрснээс шингэн түлш гаргах тухайд анх тэртээ 1927 онд германууд боловсруулсан байна. Улмаар эдүгээ гэхэд нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэхийн сацуу шатахуун болгон ашиглаж буй. Өнөөдөр дэлхий дээр нүүрсээс шингэн ба хий гаргаж эрчим хүч үйлдвэрлэх болсноор дан ганц нефтийг хараад суухгүй болжээ. Нүүрсний боловсруулах үйлдвэр нь нефть, байгалийн хийн нөөцгүй орны хувьд нефтийн цооног, хийн хоолой л гэсэн үг. Хятад улс нефть импортын хараат байдлаа саармагжуулах зайлшгүй сонголт гэж үзээд нүүрс боловсруулах үйлдвэр байгуулахад зориулж 2006-2020 оны хооронд 1 триллион юанийн хөрөнгө оруулалт хаяхаар шийдвэрлэсэн байна, нүүрсний улалмжлалт хэлбэрийн уурын зуухнуудаа халаад шинэ боловсруулах үйлдвэрүүд барьж эхэллээ. Хятадын аз болоход нүүрсний нөөцөөр дэлхийд 3-рт ордог арвин.

Монгол орны хувьд юу их байна нүүрс их байна, гэтэл нүүрсийг шингэрүүлж хий болгож бензин эрчим хүч гаргаж авдаг тухай сонсоогүй хүн зөндөө байгаа, нүүрсийг зуухруу л шидэж болдог гэдэг ойлголтоос салаагүй дарга даамлууд ч байх шиг. Гэхдээ нүүрс боловсруулах үйлдвэр барих тухай манайхан ярьдаггүй биш, хэсэг инженер залуус метанолын тухай бүхэл бүтэн буурьтай судлагаа хийсэн байдаг, нүүрсээс шингэн түлш гаргах талаар ганц сэдэвт докторын зэрэг горилсон эрдэмтэн ч бий. Засгийн газрын “Нүүрс” хөтөлбөрт нүүрснээс хийн ба шингэн түлш гарган авах, эрчим хүчний цэвэр технологийг нэвтрүүлэх гээд сайхан сайхан зорилт бас байх юм.

Үг хэл биш үйл хөдлөл л санаа бодлын сүүдэр байдаг билээ.

Бид тэгвэл юуг хийж байгаа вэ? Яг эсрэгээр үйлдэж сууна. Хятадууд бага багаар уламжлалт уурын зуухаа буулгаж шинэ үйлдвэр барих болсноор уурын зуухны хуучин “тогоо шанага”-нуудаа яахав гэдэг асуудал ургахад монголруу хямд үнээр борлуулж бид ч улс даяар тархсан бараг сум болгоны уурын зуухаа шинэчилж байна гэж баярлаад л, энд тэндгүй тогоогоо солиод л … дэндүү олон баримт бий, гаалиар орж ирсэн уурын зуухны тогоо төхөөрөмжийн үнийн дүнг нэгтгээд харах юмсан, тэр нь бүгд төсвийн мөнгөөр хийгдсэн, хятадын гологдол хаягдалыг далдаруулахад бид улсаасаа хандив өргөөд л… нүдээр харахад уурын зуухнууд алхам ахисан мэт боловч, бидэнд өөр тийшээ хэд харайх боломж байсныг харахыг хүсдэггүй юм уу … Нүүрсээс хий шингэн гаргаж авах үйлдвэр яагаад монголд баригдаж болохгүй байгаа юм бэ? Мөнгө санхүү л гэж бүү хэлтүгэй, ашгаа хэдхэн жилийн дараа нөхөж болох тооцоог бие дааж хийсэн судалгаагаар нотолсон инженерүүд байна шүү дээ.

Юутай ч нүүрс боловсруулах үйлдвэр байгуулахад монголд гарах ашиг тус нь юу вэ гэхээр:

- Бензин шатахууны 100% импортын хараат бадлаас бага ч атугай ангижрана, оросууд нефтийн экспортын татвараа нэмэх сургаар монголд суурь үнэ донсолж байдаг арчаагүй байдлыг дотооддоо хянаж зохицуулах боломжтой болно гэх мэтээр эдийн засгийн стратеги ач холбогдлыг нь тоочиж барах юм биш.

-Улаанбаатар гамшигийн бүс гэгдэхээ болихоор өвөл хотдоо төөрөхгүй байхаас авахуулаад хар цасан дээгүүр шажигнуулан алхахгүй, амьгалын замын өвчин дэлгэрэхгүй, нялхас мэндлэхдээ л 60-тай тамхичин өвгөнийх шиг уушгитай төрөхгүй, хүн амын удмын сан гажигтахгүйсэн.

Цаашлаад ач холбогдол гэдэг үгийг хэд л бол хэд хэлэх байна. Бид арвай буудайг шууд амруугаа хийдэггүй, тээрэмдээд гурил болгоод талх бариад идэж заншсан ... лугаа адил нүүрсийг “тээрэмдье”. Ингэж хийхэд бидэнд юу дутаад байна даа?

Saturday 8 September 2007

эхнэрүүд ба нөхрүүд

Нээх тоодоггүй байтлаа ойрын үеэс л хүүхэд гэнгүүт хачин болоод, чимкээд чимкээд, үнсээд, базаад, татаад, хазаад ... харсан даруйд хайр хүрээд л хамаг биеэр садист сэдэл төрдөг болчихлоо ... яаж байгаа юм бол оо, ө энэ чинь?! гэнэт дотор сэртхийгээд аваарын дохио иы-ун иы-ун ... хүүхэд!!! ... баларсаан, цонхоор гэрэл орж ирээд гэндүүлж байгаад гэдсэн дээгүүр тусчихаж ... үхсэн мэт нам унтдагийн гай ... Гэтэл саяхан хамаатны охин дүү хоол үнэртэхээр дотор муухайрдаг болсон тухайгаа сонсгож садист зангий минь учгийг тайлав, үл мэдэгдэх гэрлийн тухай бодлоо орхив.

Гэр бүл хүүхэд гэснээс орчин үед гэр бүлийн хэв загвар асар өөрчлөгдөж байгаа гэж гэр бүл судлаач Намжил багш ярьдаг байж билээ. Хүй нэгдлийн үед нэг эхнэр олон нөхөр, дараа нь нэг нөхөр олон эхнэр, өнгөрсөн зуунд нэг эхнэр нэг нөхөр ... харин одоо эхнэрүүд ба нөхрүүд, хэний ч нөхөр хэний ч эхнэр байж болно гсн, худлаа худлаа ... гэхдээ л хамтран амьдрагч гэдэг шинэ хэлбэр өргөн тархаад байгаа, уламжлалт гэр бүлийн чанд жудаг суларсан г.м ... олон ч эхнэр нөхрүүд цаанаа ... хэн хэн нь хүлээн зөвшөөрөөд л, мэдсэн ч мэдээгүй юм шиг яваад л, ер нь ил хэлэлцэх нь л дутуу байгаа байх. Нэг иймэрхүү.

Аав ээжүүдээ бид ийм байдлаар хэзээ ч төсөөлж чадахгүй дээ, угаасаа тиймэрхүү “ёс бус бодол” ухаан санаанд нь бууж ирэх ч үгүй хүмүүс. Харин бядны үеийнхэн болбаас, - насаараа нэгхэн хүнтэй юу, ёстой араач даа ... ... Гэхдээ л бидний өсвөр насны төсөөлөлд хайртай хүнтэйгээ учраад хүүхэдтэй болоод насаараа тэрнийгээ хайрлана гээл үлгэрийн бодол байдаг л байсан шдээ. Нийгмийн сэтгэлзүй, орчин нөхцөл шууд нөлөөлөх юмаа, болохгүй гээд хорьж болохгүй нэг тиймэрхүү үзэгдэл юм даа. Мэдээжийн хэрэг аль ч нийгэмд ну-а байж л байсан. Амьдралд хүн аль алдахыг тэр гэхэв, цаг хугацааны зөрүүнд золиос болсон дурлалын хувьд асуудал өөр л дөө. Гэхдээ энд нийгэм гэдэг утгаараа олонхийн тухай ярьж байгаа хэрэг. Манай монголд гэр бүлийн шинэ хэв загварыг бахдалтайяа бүтээн байгуулцгааж байнаа. Гэхдээ ямар юм нь ч байсан хайртай нэгнээ өөр хүнтэй хуваалцаад суухыг хүсэхгүй биз дээ. Ердөө л махбодийн хэрэгцээнд тулгуурлаж цэнгэн хөгжилдөж байснаас, тархины таашаалаар сэтгэл сэвгүй явсан нь дээр баймаар ч юм шиг. Хатуу консерватив байх онцгүй л дээ, гэхдээ л ... Хэрхэхийг эхнэрүүд нөхрүүд цөмөөрөө мэдтүгэй жэхшиг.

Sunday 2 September 2007

дусал

Бороонд шалба норохуй ... зуурхан агшинд түүнийг бодно, этгээд занд нь эгдүүцнэ, хачин ихээр санана ...

Гурван жил нөхөрлөсөн жижигхэн хөх дугуйгаа жийгээд номынсан байр хоёрын дунд хичнээн ч жайжигнав даа ... даруу зан гаргаж байгаа даа ч биш, 9 сарын 1 гэхэд л номын санд сул суудал олддоггүй тийм галзуу өрсөлдөөнт шороон түмэн оюутнуудын дэргэд би мэт нь ичмээр, ичээд л баймаар гсн (тэнэглэв)

Дугуйны ард найз дүүгээ сундлаад намрын чийгтэй бороонд инээд хадуулсан хоёр "циркчин" байдгаараа баясаад л ... сургуулийн зам дээр дөнгөж унасан канадын далбааных шиг навчсын шарлаж амжаагүй тасархай дээгүүр туучин өнгөрөхөд ... цайлган гэмгүй хүүхэд насандаа буцаад очсон дайтай сэтгэл хөнгөн, дэврүүн, үл анзаарам жаргалтай ... бороон дуслууд нүүрэн дээгүүр бөнжигнөн урсаж нэг нэгээрээ харайн доош тасрахуйд тэнгэрээс түг түмэн дусал газар дэлхийг эзэгнэхээр чөлөөт хурдаар асуй ... өчүүхэн миний үс туг тугаараа нальчийж номхороод, битүү чийгэнд бие минь сэрвийж, байгалийн халдагад бууж өгсөн ч ... байжий би хатах л болно. Би амьдарч байна, амьдрал намайг хатаана, сэврээнэ, тэгээд үрчийлгэнэ, бүр хорчийлгоно... (ухаарав)

Friday 24 August 2007

захирал

Би ер нь оюутан байхдаа арилгасан сонгинод биш захирал багшдаа л дурлаж байсан юм шиг ээ. Юм л бол захирал захирал гээд долигоноод байдымуу ядын гэмээр. Эмгэнэлтэй нь захирал бачка манийг нь хүн байна ч гэж тоохгүй дээ. Угийн тиймэрхүү great mind discuss ideas царайлсан, үргэлж шахуу газар ширтэж явдаг, хүнтэй юм ярихдаа сүнс нь номон дотроо л байна уу даа гэмээр, “хөөрхөн төрөх албагүй” гэсэншүү байрын туранхай шаргал нөхөр байдын. Зарим багшид оюутнууд дэргэдүүр нь хүндэлсэн дүртэйгээр алхаа намсан өнгөрөх, эсвэл дайрчих шахаад гүйж өнгөрөх хоёр тун чухал үзүүлэлт байдаг даа, захиралд бол оюутнууд өөртэй нь мэндэлнэ үү байна уу шаал сонин биш, тэрнээс хамаагүй чухал ганган санаанууд тархинд эргэлдэж явахад ... гэхдээ бас гүн ухаандаа живчихсэн номын донгиот ч биш, байж байгаа нь л тийм, үхээд өгье л дөө гэмээр дураараа сэтгэдэг күүл бачка байсын, одоо ч байгаа л даа.

Захирал багшийгаа дурсах сайхан шүү, манай цаг үед ч бас тиймэрхүү гавал жав байж л таараа даа ... хаагуур яваа бол оо ... гүйж очоод цупаридаж түлхчээд зугатаахынсан ...

Tuesday 21 August 2007

Хайрт блог

Блог гэснээс анх Бодрол блогийг уншаад л Жагийд дурлалаа гэсэн чинь эмэгтэй байдын, ёстой шатсан шд. (Жагий чи шүү, гэснээс зуны амралт дуусдаггүй юу?)

Ер нь Web logs буюу блогийг юуны тулд бичдэг вэ? хариулт нь хязгааргүй. Нэг нь хүмүүстэй үзэл бодлоо хуваана, нөгөө нь ажил бизнессээ сурталчилна, өөр нэг нь хувийн маркетинг хийнэ, зарим нь гунигаа үргээнэ ... жишээ нь би сүүлийн үед ажаад байхад ганцаараа байсаар галзуурчихгүйн тулд л бичээд байгаа бололтой, УБ-д байхдаа наян танил царайны дунд орохоороо паниктаат юун блог, юун интернэт, чи өөрөө писи болчихож байгаа юм чинь. Тэгээд л буцаад одиноороо болонгуут өнөө муу блогоо өдөржин эргүүлээстэй, заримдаа ч цоожтой дэвтэр дээр бичдэг зүйлээ хүртэл даян дэлхийгээр дэлгэх шахаад, зовсон ч амьтан бол доо гэх гэтэл ... юу вэ би ямар шоронд байгаа биш дээ, гараад хүн хартай уулзаад гүйнэ л биз дээ, дэлхий дээр хамгийн их хүн шамбааралдсан газар ирчихээд сайн дураараа ингээд суухыг бодоход ерөөсөө донтой юм байна л даа. Сүүлдээ үнэхээр нэг юм унших, нэг зүйл үзэх болгондоо блогийн сэдэв болтой юм бодож суудаг болжээ. Онцлог нь энэ бүхэн голдуу сэтгүүлзүйн зарчмаар энгийн энгийн бас энгийн, шуурхай шуурхай бас шуурхай гэсээр байгаад, гүнзгийрээд судалж болох зүйлийг, бүр судлах ёстой зүйлийг хүртэл шууд л хэдэн үг хэлхэж холбоод найруулсгээд постлодог болчиж, тэгсэн хэр нь хөөрхөн цаг үрээстэй. Барагтайхан блог бичээд уншигч этгээдийн цагийг хий үрчихлээ яанаа гэж бурханлаг загнах ч юув, зүгээр л өөрийнхөө цаг ба сэтгэлийг хийх ёстой зүйлд биш дуртай зүйлдээ зугаатайхан зарцуулаад байгаадаа сандрах боллоо. Туйлын харамсмаар нь энд байхдаа би блог бичихгүй байж чадахгүй нь... хайрт минь блог минь ... урод өдрүүдийг ээ ...
писи-гээ зараад бичгийн машин авдаг юм билүү.

Monday 20 August 2007

Акира Куросава

Сайхан сэтгэлт нэгэн хүмүүн хог дээрээс олсон DVD player-ээ зориуд ацарч манайд хаясны ачаар кину үзээстэй.

Куросавагийн бүтээлүүдийг үзэхэд гуманизмын тулгалтад орж, “хүн шиг байх” хүсэлд унах юм даа. Гэхдээ энэ бол мэдээж гол баатар нь муу муухайг илчлээд л, нийтийн төлөө үхээд л, эсвэл гэнэт гэмээ ухаарч “сайн хүн” болдог тухай нулимс гоожим реализм огт биш. Гэлээ гээд хүн ямар байдаг тухай дүрсэлдэг хар цагаан натюрморт хөрөг бас биш. Харин Куросавагийн кинонуудыг “хүн ямар байх ёстой вэ” гэдгийг үзүүлдэг ёс суртахууны дээд үнэлэмжийн талаарх романтизмын бүтээлүүд гэж болмоор. Гээд хэлэхээр үнэмшилгүй санагдаж магадгүй л дээ. “Долоон самурай”, “Улаан сахалт” кинонууд дээр гардаг үгээгүй ядуус хийгээд номхон даруу тариачдын тухай элэг эмтрэм үзэгдлийг романтизм гэх үү. Үнэхээр л зүдгүүрт цаг үе, нийгмийн шударга бус зовлон гачланг шүүмжлэн үзүүлсэн байдаг боловч үүнийг хүмүүст харуулах нь Куросавагийн зорилго биш, харин ингэж оруулсан нь гол дүрээ тодруулж гаргахад хүч нэмэх дэвсгэр элемент болгож шигтгэсэн төдий юм. Гол нь юу байв гэхээр ... Шударга самурай, сайн эр хүн хийгээд ерөөс хувь хүний үнэт зүйлсийн цогц биелэл болсон гол дүрээр дамжуулж “хүн ямар байх ёстой вэ” гэдгийг үзсэний дараа ч тархинд хадагдаж үлдэхээр киногоо найруулж чадсанаар тэрбээр уран бүтээлийнхээ зорилгод хүрчээ...


Төгс төгөлдөр гол баатрын тухайд бид бараг кино бүрээс харж ханаж залхаж байгаа шүү дээ гэж хэлж магадгүй. Орчин үед триллер киноны супер идеал дүрийг хараад түүн шиг азтай золбоолог байхыг хүсдэггүй юмаа гэхэд үгүй ядаж л триллерийн гол баатар түмэн янзын аюул эрсдэлийг даван туулж чадна гэх итгэлтэйгээр бид киног үзэхдээ таатай байдаг л даа, мэдээж эцсийн эцэст дайсны урхи арга заль сүйрч манай ялгуулсан баатар бүгдийг даван туулахад сэтгэл ханаж байх жишээтэй. Харрисон Форд ч юмуу, Том Крузын тоглосон адал явдалт кинонуудын гол дүр эхнээсээ дуустал үл нугарах итгэл төгс чанартай байдаг нь хүмүүсийг өөртөө татдаг биз. Гэхдээ …

Энэ бүхэн их л сайндаа бидэнд амжилт алдарын тухай хийсвэр мөрөөдлийг үлдээхээс бус гүн хэсэгт сэтгэлийн утсыг хөндөж чаддаггүй. Өөрөөр хэлбэл супер идеал дүрийн тухай триллер кинонд бодьгал хүний гадаад цог золбоог адал явдлаар гялалзуулан тодруулдаг боловч хүний дотоод мөн чанарыг хөндөж харуулдаггүй юм.

Куросавагийн Дерсу Узала, Санжуро, Улаан сахалт гээд гайхалтай дүрүүд триллерийн супер идеалаас юугаараа ялгаатайг эндээс ажиглан харж болно. Ёс суртахуун, шударга ухаан, хүн чанарын үлгэр жишээ байдгаараа Куросавагийн бүтээлийн дотоод гоо сайхан илэрдэг билээ. Нандин зан суртахуун агуулсан тэрхүү дүрийг киноны дараа ч хайрлах сэтгэл төрдөг, хүн төрөлхтөн өт хорхойноос дээрдэх юмгүй язганаж, нэгнээ хэмлэж, новширч, амьтны ферм шиг хоног зогоодог хэдий ч хүн эцсийн эцэст ухамсаргүй адгуус биш шүү дээ хэмээн шивнэсэн Куросава бээр хүмүүст эрхэм үнэт зүйлсийн тухай сануулдагаараа агаар дутагдсан тасалгаанд үе үе салхивч нээх шиг биднийг дээд үнэлэмжийн гайхамшигт романтизмаар аялуулдаг болой.

Sunday 19 August 2007

хэсэг хугацаа

Юуны өмнө Конфи, Амар аа, манийхаа “явчихлаа party”-г нижигнүүлээрэй гсн. Зун яалт ч үгүй шоуны улирал юм аа, яаж ийж байгаад диско баар дамжаад амжсан, мэдээж Бриллиант эдэр моодноос гаран алдаж, Метрополис-ийн транс хэмнэл, ион орчин залуусыг манаруулжийнэ УБ-д. Гэснээс УБ-ын хамгийн гоё нь “маамуу ирэх”, биш ээ бороо орох. Борооны дараах чийг сэнгэнэсэн сэрүүн тэр агаарт үүрд үхчих юмсан …
Сонирхуулахад “Найрамдал”-ын наахна Сar cinema-тай болсон биш хөөрхий зайсан толгой “яс амарч” байх шиг. Залуус цэвэр агаарт кино үзэнгээ од тоолсон ч болно гсн. Залуус гэлтгүй хүмүүс хувьд оногдсон цагаа аятайхан өнгөрөөчих газар нэг нэгээрээ нээгдээд л байна, Сar cinema-гийн залуус цоглог шүү, 22, 23-тай гэхэд овоо нүсэр ажлыг асар мэдрэмжтэй амжуулсан байгаам. Захихад аймшгийн киног зарлаж байгаад үзүүлээрэй :D
Одоо УБ хэдэн гоё спорт талбайтай болчихвол ч … цөөхөн хүний очдог бичкэн бассейн биш, тусгай фитнесс ч биш, сагснаас өөр юм тоглож болдоггүй модон заал бас биш, цаг гарахад л очоод байж болдог теннис, бадминтон, тэшүүрийн гээд зориулалтын талбай заалнууд мөөг шиг гараасай …
гэхдээ л pub-ууд гандан буурахгүй ээ :)

Зун ч дууслаа даа. Зуун жилийн ганцаардал шиг цаг хугацаа эргэн давтагдах мэт нэг мэдэхэд чийг нэвтэрсэн их хотын нүргээнд буйдхан өнгөрдөг нам гүм өдрүүд эхэллээ ингээд. Баяртайяа угтан авч Буэндиа шиг хаалгаа түгжээд сахал үсээ ургатал нам сууя гсн.

Monday 16 July 2007

Хараа хурц болтугай


Хэдэн адуу байгаа вэ? Өөр өөрсдийн хариуг үлдээж харааны ажиглах чадвараа шалгуулна уу. Би нь эндээ блоклуулсан тул одоохондоо коммент бичиж чадахгүй байна гэдэг күндэтгэх шалтгааны улмаас хариуг дараагийн бичлэгт хэлье. Амжилт шүү иргэд ээ ;-)

Sunday 15 July 2007

Sayonara

Ingeed duuslaa daa
Chi (terteed) jijighen haragdana
Bi uuriin medelgui (guij ochood)
Chamaig tevermeer bolno

Bi uilahgui ee
Ene chigeer ni gantsaarang mini orhi (gej chi helsen ch)
Chinii hatsriig dagan
Nulims chini bumburun ursana

Bid 2 hagatsahgui ee gej (erh chuluutei gej)
Hezee ch bilee yarij bsan daa
Unuudur shig yum bolohiig
Tusuuluhchgui baij dee

Bayartai bayartai bayartai
Udahgui gadaa tsagaan uvul ireh ni
Minii hairlasan ni chi l bsan yum shuu
Baigaagaaraa l baidag zuvhun chi l bsan

Hair yamar ch gunigtai yum be
Minii orond chi unuudur
Hen negnii tseejiig derlen untaj ch baij magadgui (gej bodohoor)

…Gadaa unuudur ch boroo orsoor
Udalgui tsas bolon huvirch
Bidnii setgel dotriig

Nevsiitel darah biz ee

Энгийн атлаа сайхан дууг энгийн атлаа сайхнаар орчуулсан бука coolмаад зориулвай.

Tuesday 10 July 2007

Доголон мэдрэмж

Төрийн албан хаагчийн нэг сарын цалинг хэд нугалахаар үнэтэй миссийн уралдаан болсон сурагтай. Урьд жилүүдэд “Гоо сайхан ертөнцийг аварна” гэдэг уриатай зохиогддог байсан тэмцээн энэ жил “Охид ариун бол төр ариун” лоозонтой болсон байх юм. “Гоо сайхан ертөнцийг аварна” гэх афоризм энэ тэмцээнд огт авцалдахгүй гэдгийг мэдсээр байж хэрэглэдэг байсныгаа ухаараа юм боловуу, эсвэл зүгээр л шинэлэг байх гэж оролдоо юм болов уу. Шууд муйхарлавал нэг гоо хүүхэн гарч ирээд ертөнц дахиныг аврах юм шиг, арай дөнгүүр бодвол эрт дээр үед гоо үзэсгэлэнгийн өмнө сөхөрсөн эзлэн түрэмгийлэгч дайны галаа зогсоож ард түмэн нь аврагддаг ч юм уу... бла бла ёстой элий балай юм. “Гоо сайхан ертөнцийг аврах” чинь хүүхэн шуухантай огт холбоогүй ойлголт шүү дээ.
Уул шугамандаа бол хүн болгоны дотор орших сэтгэлийн гоо сайхан, үнэт зүйлсийн дээд эрхэмлэл, оюун ухааны охь мэдрэмжийн тухай бөгөөд түүний гадаад илрэл нь энэ ертөнцийг энх амгалан оршиход туслах гол зэвсэг хэмээн хэлж болох, магадгүй үүнээс ч нарийн тайлбар далд ухагдауун агуулж буй. Гадаад ертөнцийн ил үзэмж, байгалийн тансаг зохирол ч бай, хүний төгс царай ч бай, тэрхүү далд, төгөлдөр, гоо мэдрэмжийн хаана нь ч хавьтахгүй өчүүхэн хэлтэрхий атал уг үгийн эрхэмсэг утгыг хар зах дээр гаргаж үнэт чанарыг унаган гуйвуулж байгаа нь магадгүй бидний ухамсарын дүр төрхийн шог элэглэл биз.

“Охид ариун бол төр ариун” гэх уриаг охид өвчингүй бол төрийн түшээд өвчингүй гэсэн үг гэж тайлж унших хүмүүсийн шооч мэдрэмжийг шүтэв. Ёстой ёгтлол. Үнэт зүйлсийг зэрэмдэглэсэн, эсвэл утга чанаргүй үгээр гоёж гоодсон оюун ухааны тахир доголонг тулах шог хошигнолын таяг бидэнд байгаа нь яамай даа.

Monday 9 July 2007

Хагас жилийн тайлан

Цаг хугацаа ч харавсан сум шиг л шулуун вектор юм даа, цаг хугацаатай хамт байсаар байхыг бодоход би ч бас харавсан сум ажээ.

Хагас жил өнгөрөөд буйг харгалзан үзээд эргэж нэг харав, оны эхэнд тавьсан зорилтоо шамдан биелүүлсээр ...

“Хоолоо хийж идэж байх” гэсэн эхний заалт байна --- хоолоо идэжаагаа идэжаагаа, төлөвлөгөөг голдуу давуулан биелүүлнэ, идэлгүй л яахав, газраар тарж байгаа ч төлөвлөгөө үл тасарна, гэхдээ хийж идэх гэдгийн “хийж” гэх үгийг хасч засвар оруулах нь зүйтэй. Заалтыг засах амархан юүкэн байхав.

“Дургүй байлаа ч дор хаяж 14 хоногт нэг удаа дэлгүүр хэсэж үсний резин авах” тухайд --- заримдаа 21 хоногт нэг удаа гарч хоорондын зай холдох, эсвэл нэг гарахдаа тэр чигтээ 7 хоногоор тэнэх гээд байгааг эс тооцвол үсний резин овоо болсон.

“Сум нэвтэрдэггүй хантааз өмсөж байгаад дурлах” --- гэтэл нимгэн хантааз авцан байналэй, аз болж тэр даруй мэдсэн тул газар дээр нь хантаазаа сольж сансарын нисгэгчийн хувцас өмссөн, өвч бүрэн хуягласан ... Teqiuro … “Энэ бол испаниар “баяртай” гэсэн үг” … Teqiuro … (киноны хэсгээс)

“Худлаа бүлтэрдэгээ зогсоох буюу хоосон андгай тавьж, талаар дүүрэн амлалт өгдөгөө болих” --- биелэлт 99 хувьтай. “Зөвхөн үнэнийг” гэх лоозон ажилуулж байгаа, зарим нэг зүйлийг хэлдэггүй л болохоос ...

“Олон туйлт үзэл санааг хөхүүлэн дэмжих” --- олон л зүйлийг хэлмээр байна, найзынхаа араар бүсгүйрүү нь саймширах “эрчүүдийн нөхөрлөл”-г мэддэггүй байлаа, бороон дуслууд цонхон дээр бөнжигнөн урсахад баярлан инээдэг байлаа, ресторанд суугаа залуу дэргэдэх хүүхнийхээ бөгсийг базлахыг санаандгүй харчихаад сандардаг байлаа, ... эцэст нь чимээгүй л болсон, хараад л, юу ч хэлэхгүй хараад л, яг халтар царайтын Каролиа шиг гсн ...

“Нийгмийн амьдралд орооцолдох - Арабеллагийн бөгж олчих юм шиг яваад байдгаа больж, тамирийн мөсийг долоох” --- гэснээс нийгмийн амьдралд дам байдлаар орооцолдожуга, интернэт байхад гараад яахав, дэлхий хавтгай юм чэн, аадийн.

"Тойм бичих" --- биелэлт нэг хувьтай, суу муу.

"Алкахолик ууж даадаг болох" --- уралдах уу уралдъя :D кофегоор уу … :р
Амьд явбал улсын наадам үзнэ, наадам үзэхгүй бол үхнэ гэсэн үг арай биш байгаа, нэт ширтээд л байя ... аврагдаж магад.

Сайхан наадаарай :D

Sunday 1 July 2007

үл мэдэх сэдэв

Гэр бүл салалтын талаарх Чандманийн блог дахь сүүлийн бичлэгийг уншсан чинь чанга юм аа. Харамсалтай юм.
Хоёрын хоёулаа эсэн мэнд эрүүл саруул байж салж сарниж хүүхдээ бэтгэрүүлээд өөдгүй гэдэг нь...
Мань мэт арван жилд байхдаа том болоод нэг хүүхэд гаргаад хүүхэдтэйгээ хоёулханаа сайхан амьдарна ухааны юм ярьж нэг их бие даасан эмэгтэй болох санаархалаа илэрхийлдэг гэнэн материалистууд байв. Гэхдээ хүүхдэд аав гэдэг юугаар ч орлуулшгүй гэдгийг мэднэ л дээ, ер нь хүн хүүхдээ аз жаргалтай байлгамаар байвал өөрөө аз жаргалтай байх хэрэгтэй байлгүй дээ ... за за бүү мэд.

Эр эм улсуудын харилцаа гэдэг чинь асар нарийн ухаан байдаг юм шиг байна, хэлж болох үг, заавал хэлэх үг, яасан ч хэлж болохгүй үг, хэлэхгүй байсан ч болох үг гээд асссссар нарийн заагтай ... энэ мэтчилэн гэр бүлийн гүн ухаан, давхар санааг ухаж ойлгох гэж зүдрэхээс зүрхшээд тойрч гүйсээр байтал одоо нөгөө айхтар хил хязгаартай хэлдэг үгсийг нь цензурдэж мэдэхгүй, нэг л их сэтгэл зүрхээ дээдэлдэг баатар юу бодсоныгоо шууд хэлээд хүн хард ад үзэгдээд, өдий хүртэл юүгээ хийж явсын, угийн ийм юм уу, битгий мээкээ дүр эсгээд бай гэж загнуулах шахах юм. Ээ би угийн л ийм дүнкү шдээ гэлтэй биш дээ.
Юу ч хийдэггүй хүн алдаа гаргадаггүй гэж чухам үнэн, зохиочихсон аятай өөгүй сайхан намтараа гаргаж ирвэл сүйтхүү үнэмшихгүй байх даа ... ааяэ за тоглосын.

Цаг нь ирж нөхцөл нь бүрдэхээр болох юм нь болдог гэжийлэй, болохгүй бол болдоггүй л гэдэг дээ.

Wednesday 20 June 2007

блогийг аварсан нь

Хэн хаачихав аа, яг яав, юу болов, блогспот.ком, блогмн.нэт гээд сайтууд орж болохоо больсон. Блогууд унших гээд мауз атгаж байхдаа орчоосой орчоосой гэж шивнэх шахам үглэсээр галзуу гордьлого нүдээр интэрнэт эксплорер цонхыг цоортол ширтсэн ч өөдөөс “та битий баярла” гэжийн... хэд хичнээн хоног ёлтойлоо, гэтэл санаандгүй бичкэн нээлт хийв, блоггер.ком орж болжээдэг байшт, баярлана яадын, баярласан хүнийг яахын та нар, блогоо нэмнэ ... шүүхдээрэй заргалдаарай, хэн нь дийлэхийг харнаа заоо, ард түмнийг хуурч чадку зао би ард түмнийг өмөөрнө, би л чадна, би зао (уранхай улаан даавууг намируулна, цагаан өөдсөөр толгойгоо канталсан нь сүржин)... 70, 80 жилийн түүхтэй манай блог ... ө биш ээ, юу билээ ... (баярын шокноос гэнэт гарав)
- тэхээр юу л даа хө… блогт бичлэг нэмж болж байгаа ч коммент оруулах болон унших тал дээр асуудал байсаар байна, коммент бол тун чухал, амин чухал, ард түмэнд комментийг л харуулах хэрэгтэй, блог хамаагүй, нэгэнт комментийг уншиж болохгүй байгаа бол ... энэ бол блогийг гацаанд оруулж байгаа хэрэг ... блогийг устгах уу, гэхдээ блог байхгүй бол ард түмэн коммент уншиж чадахгүй шүү дээ, сайтар анзаарна уу ... энэ утгаараа ... ... за тэхээр нөхөд өө санал хураая, блогийг эс устгах уу, устгахгүй юу гэдэг асуудлаар нууц ба далд хоёр хэлбэрээр явуулъя ... Yeah санал хураалтанд нэг хүн оролцож, хоёр санал өгсөн бөгөөд үр дүн гайхалтай, “устгахгүй" мөн "эс устгах" гэж кноп даржээ, олонхи хүчтэй гэж би хэлээгүй юу, мэдсиймаааа, мэдээд байсым 100 %-ийн санал … вуаа хааа, ххү ххү (тонгочин гүйв, гүйсээр байв, гүйсээр алга болов).

Friday 15 June 2007

“Дэлхий бөөрөнхий биш” номын тухайд

“Ертөнц сайн сайхан зүйлсээр дутаагүй ээ, гагцхүү түүнийг олж харах нүд дутдаг” ажгуу.

21-р зууны түүх хэрхэх бол? Ер нь түүх яаж өрнөдөг юм бол, бид түүхийг залуурдаж болох уу, эсвэл гарцаагүй болох үйл явдлууд гэж байдаг уу, хүмүүс түүхийн дүрд тоглогчид л юм уу ... энэ эргэлзээнд яг таг хариу одоогоор хаана ч алга. Гэхдээ монголчууд бидэнд нэг үг бий ...
“Эзэн хичээвэл заяа хичээдэг”

Ганцхан зуун жилийн өмнө ... бид хүн төрөлхтний түүхээс арчигдах шахаж байлаа, өнөөдөр харин ямар байна Монгол Улс? дахин нэг зуун жилийн дараа дүр төрх яаж өөрчлөгдөх бол?
Өнгөрсөн зуунд цэцэглэж байсан үзэл суртал, –измүүдийн халааг энэ зуунд үндэсний үзэл залган авч, хаа сайгүй цэцэглэн дэлгэрч байна. Энэ үндэсний үзэл хийгээд ард түмний бусдаас онцгойрох гэсэн хүсэл эрмэлзэл ямар нэг арга хэлбэрээр илэрхийлэгдэж л таарна, аливаа нэгэн үзэл сурталын адилаар. Хэрэвзэ улс төржсөн байдлаар илрэн гарах аваас (нацизм, ари цус, дэлхийн 2-р дайн) ямар үр уршиг тарихыг хэлж мэдэхгүй... Ард түмний эрч хүчийг эдийн засгаа сэргээн босгох, соёлоо дээдлэн бахархах зэрэгт ашиглаж байх нь хавьгүй дээр биш үү... хүмүүс өөрийгөө онцгой төрсөн гэдгээ гайхуулахын тулд заавал нөгөө хүний хар бор арьстайг тодруулж, яс цуссар нь дээрэлхэж, шашин номыг нь гутаан доромжлох албагүй шүү дээ. Өөрийгөө илэрхийлж чадахгүй, бусдын анхаарлыг татаж дийлэхгүйдээ дэлхий даяар агсан тавьдаг энэ маягийн хөөрлийг өөр байдлаар илэрхийлж болдоггүй юм уу ... багтаж ядаад байдаг ааг омог байдаг юм бол ... магадгүй хавтгай дэлхий дээр хүмүүс гар утас, онгоц тээврийг ашиглаад эдийн засгийн санаархал, интернэтээр дамжуулж үндэсний үзэл язгуур соёлоо илэрхийлж сэтгэл ханамж авч байж болох ч юм билүү.
Зарим бие хүн улс гүрний асуудлыг шийдвэрлээд, өргөн далайцтай амьдарч чаддаг, тийм их нөөц эрч хүчтэй явдаг. Зарим хүн зарим үед өрөөлийн бүү хэл өөрийнхөө ч асуудлыг шийдэх тэнхэлгүй болчихдог. Түүнтэй л адил зарим улс үндэстэн гайхамшиг \гайгамшиг\-ийг бүтээж байхад, өөр зарим нь бараа бологсод аштай сүүдэрт нь алхасхийх. Компьютер зохион бүтээхүйц хүнээрээ буу зэвсэг зохиолгоод, толгой эрдэмтэдээ цөмийн бөмбөг хийхэд хүчлээд байх уу, эсвэл нано биотехнологи, сансар судлалд ашиглаж хөгжүүлсэн нь дээр үү ... Сүүхээтэй самбаатай хүнийг улс төрд хутгалдахаас өөр аргагүй байдалд оруулах уу, эсвэл эдийн засгийн талбарт олон улсын тавцанд өрсөлдүүлж, зоосны нүхээр овсгоотуулсан нь дээр үү ... аль нь хувь хүндээ ч улс гүрэндээ ч хүн төрөлхтөнд ч хэрэгтэй тустай вэ. Байгаа эрч хүч, нөөцийг юунд ямар арга замаар гаргаж ашиглах вэ эсвэл булшлаад дарчих уу гэдэг нь оюун ухаант хүмүүний өөрөө мэдээд шийдчихэж болох л асуудал, энэ утгаараа хүн та түүхийг залуурдаж чадах буюу.

Хавтгай дэлхий та тавтай морилно уу, 21-р зуунд түүхийг Бид захиалмаар байна.

PS: Фридманы метафор олон хүнийг сэдэлтэнд оруулж байх шиг байна. Бидний монголчууд энэ метафороос дэлхий дахинд юу болж өрнөөд байгааг гадарлах биз ээ. Санаандгүй ч гэхүү тохиолдлоор энэ ном өөрөө мөнөөх хавтгай дэлхийн замаар монгол уншигчдын гарт хүрч буй билээ. Таалан соёрхоно уу, зүс царайгаа харалцаагүй ч зорилго нэгдэн хамтарч ажилласан багийнхаа андуудад амжилт хүсье.
Энэхүү бүтээлийг орчуулах баг бүрдүүлж бүтээлч, оюунлаг, амбицлаг, чадварлаг загнасан Огоод хувиасаа талархах ёстой, ажил үйлсээр бялхаж, эрдэм оюун ундарч байдаг халуун дулаан гэр бүлд тань аз жаргал хүсье.

Wednesday 6 June 2007

нэг өдөр

Сүүлийн үед өрөөний утасаа авкү хаалгаа онгойлгохгүй тас гүрийгээд гэвтцэн ... гар утасгүй, тв нь кабельгүй амар сайхан. Ертөнцтэй харилцах ганц суваг энтэрнэт ... гэснээс найзуудаа санаж баахан бархирав, ээжтэйгээ утсаар ярьж элэг дэвтэв... өглөө унтаж байхад ээжийн үнсэж эрхлүүлэх зөөлөн авиа сонсогдонгуут би гэгч эзэн хаан, ялгуулсан баатар, оройн дээд бурхан шүтээн ... арай гэж өндийгөөд сэгсийж арзайсан амьтан орноос сугарах эвтэй байрлал сүвэгчилж нойрмоглон суухад ээж хайр нь хүрээд харц нь урсаад, дэлхийг аврагчтай ярьж байгаам шиг л намуухан гэгч аргадангуй дуугаар “одоо босоорой миний охин” гэхэд би улам паацаганаал, арай хийж мултардым орноос... ижийм ижийм ... уулзалгүй удахаараа хавь ойрын сонин дуулгах гээд хаашаа ч орсон хойноос дагаад л... би ч бас нэгэн цагт ингээд үр хүүхдийнхээ өмнө нэргүй нэгэн зарц, эргээд олдошгүй шүтээн болох байх даа.

Өчдөр бааранд орж ном уншаад, бүтэн 6 цаг суулаа, самбаачлаад буйдан дээр нь унтаж ч авлаа, хөгжим нь намуухан, уух юм нь хязгааргүй, ус, ундаа, маруужин, кофе, цай, shake ... их тарвалзсаны гор, орой нь цүндэгнээл гэрлүүгээ, олон орвол ойрын ирээдүйд пэмбэгэр болчихмоор, алсдаа памбигар, хэтдээ палбигар болж мэдмээр газар байна. Мөрөөрөө сургуулийн сандал дээр бондойж сууя, их л бодож бандайна биз гсн. За тэр хэлбэр галбир ч дүүрч данхар л толгойтой болохымсан, миний ганц мөрөөдөл энэ, мөрөөдлөө биелүүлэхийн тулд биеэ жижигрүүлэх арга хэмжээ авах уу, үсийг сэгсийлэж томруулах уу, аль эсвэл гуравдагч арга сүвэгчлэх нь үр дүнтэй юу гэдэг талаар судалгааны ажил явуулахаар зэхэж, бэлтгэл ажил эхлэлийн шатандаа ороод байна. Судалгааны багийнхан маань данхар толгойны асуудлаар дорвитой шинжлэх ухааны бүтээл одоохондоо олж үзээгүй байгаа бөгөөд надад тун найдлага тавьж буй ... үүгээрээ ч бид анхдагч жихшиг.

За эртхэн унтаж маргааш бондойхоо бодъё.

Sunday 3 June 2007

хоёр баярын хооронд

Хэдэн өдөр хэслээ, тэнэлээ, ханалаа, ядарлаа. Нэг мэдсэн Гонгконгод чихцэлдцэн явжийхийн. Яг Хүүхдийн баяраар юу юугүй Disney land-ийн дэргэдүүр үлгэрийн царайлж өнгөрөөд байхдаа яахуудэ, шахуу хөтөлбөрийн хар гай, гэнгүүтээ шөнө нь огцомтож бааран гудамжаар Night club хэсээд наасан. Гомдмоор нь эм хүйстэнийг оруулкү гээд тайчигч хүүхнүүдийн үзүүлбэрийг харчихъя гэсэн нухацтай оролдлогыг минь нурааснаас бусдаар бол чинжүү, уул нь өмнөд ази хүүхэн үзцэн бол аштай юу гэсэн. Гонгконгод улаан дэнлүүний амьдрал ч овоо цэцэглэж дээ, малай, тай, гятад, орос царайтай чика хүүхнүүд чика хараад л, тэгэнгүүт таван тивийн зүсэн зүйлийн эр хүйстнүүд уяанаас алдуурсан нохой царайлаал. Зиа тэгэлгүйл яахав, хүний үрс ялгаа юу байн, задарсан байна уу зангидсан байна уу бүгд л амьдарч яваан байгааз ... мөстэй виски таатайяа шимж, хөөрхөн барби амьтан бөөрөндөө наалдуулаад хөгжилдөж хөхөрч илбэж ноолуулж суух нь бас л миний жаргал жэхшиг (тамхиа асаав, хүг хүг инээхэд цээж хүржигнэнэ).
Гонгконг ч юун Гуанжоу, юун Шэнжэн. Байшин сав нь тасарчижээ, метро вагоныг бол шийдчиж, шөнийн Гонгконг чигээрээ палкаат, найзуудаа, бид хаа явнаа, хөгжих цаг болсым биш үү та минь ээ (25-ын Алтай ах тормойно).

Гонгконг бол гэхдээ яагаад ч амьдрах газар биш ээ. Хөх тэнгэр дээрээ залаад, хоёр нударгаа хойш нь урагш нь дураараа цацалж, хүйтэн агаарыг хамар хоолой тэргүүтнээр дээш нь доош нь ahem ahem ... уушигаан жаргаадаг бяд мэт нь ийм бачим газарт ... за ойлгомжтой ...
100 жилийн гэрээгээр Британиуд эзэмшиж байгаад 1997 онд улаан хятадад шилжүүлсэн энэ жижиг тасархай арал дээр 7 сая гятад амьдарна. Хүнийг гурван үеэр нь бол өлхөн өөрчлөөд тавих л байлгүй, эх газрын дарсан сармис үнэртүүлсэн шороон түмэн төрөл садангуудаасаа энэ 7 сая нь арай соёлжуу, илүү нээлттэй, тэдэн дунд түр орсон ига болон түүний нөхөд бүүр чөлөөтэй (жиргэв, дуулав).
Бадарчны сараачмал эрээчихээс гэнэт залхуу хүрэх нь юуных вэ, хайрынх бишээ ... догдлохоороо товших нь тодорхой.
Хөдөлмөрчдийн баяраас авахуулаад хүүхдийн баяр хүртэл юу болоод яг яагаад өнгөрчив өө... урьд урьдын саруудыг бодвол урам хугаралтын угсарсан накаутанд өртсөн АВЧ хамгийн хүнд раундад хамгаалалтаа барьсаар байсны хүчинд үхлийн тоглолт тэнцүүгээр өндөрлөв, ялагч алга, гунигтай байн ... (огцом хазайсан).
Голдуу л гонжиролдож, унжиралдаж, сунжиралдаж байдаг миний өдөр сарууд зүй нь бол зунгааралдах ёстой атал мөсөн чихэр тачигнуулан идэх жаахан охин шиг цовоо цолгиун хэмнэлтэйгээр тавдугаар сар өнгөржихүй.
Анд найз маань гэнэтийн хүнд сорилтыг хөнгөхөн давж надаас урваж болох газарт урваагүй, чигч шулуун зангаараа, тэнүүн бодол, бас тэрхэндээ айхтар хянуур үйлдлээрээ тэнгэр шиг зогссон нь нарт ертөнцийн бас нэгэн гэгээ байлаа... love u dear …

Гэхдээ л таван сард өөр шалтгаанаар гунигласан, урьд өмнөх гунигаас огт өөрөөр гунигласан, эцэст нь сэтгэл жир бусаар зарцчихсан, юуг ч амтлаагүй, зүгээр л хоосон болчихож... хүүхэд адил инээд алдах юмсан ... тоглоом даах гэж хичээгээд тэсэлгүй уйлчих юмсан ... өдөр өдрүүдийг өөр өөр өнгөөр чимэглэн урлаад бардамнан бахдан харахсан ... (гэнэн байна даа дүү минь yeah).

Энэ удаагийн ашигтай зөвлөгөө буланд хобби царайт ига баруун гартаа дэвүүр барин жижиг жижигхэн сэвсээр орж ирээд Монро стилиэр аальгүйтэн зогсож Мадонна харцаар нэгэнтээ ширвээд сунжруулан хэлсэн нь:
"Дандаа инээж байгаарай, нарны гэрэл шүдэнд сайн гэсийшдэ, аонхоа... "
Гэснээс бороо яагаад ордог вэ?
хариуг сommеnt-оос ...

Sunday 27 May 2007

1984

Жорж Оруэлл “1984”. Эл гайхамшигт зохиолыг эхнээс нь дуустал догдлон байж уншихад сэтгэл хөдлөл яг л ар араасаа түрэх давалгаа шиг нэг оволзож, нэг намсаж, үе үе айдас жихүүдэс, харамсал жигшил хүйт оргиулан нуруу даган гулсах шиг, уншиж дуусаад ч ухаан санаа хэсэгтээ самууран эвгүйцэм. 1949 онд уг зохиолыг бичсэн атал 90 он хүртэл үргэлжилсэн Социалист гэх тоталитар орнуудын далд ертөнцийг хуу хамаад биччихсэнийг одоогийн энэ цаг үеэс харахад цочмоор. (Хойд Солонгос бол одоо дүрээрээ)
Түүх, цаг хугацаа, бодит ертөнц, оюун ухаан, метафизик, хүний нийгэм, байгалийн хууль, амьдрал, хайр ... зарим үед Булгаковыг уншиж байна гэж санагдам. “1984” бол уран зохиол, бас бүхэлдээ философийн бүтээл, оюуны гаргалгаа, гайхамшигт зөн билиг ...
Номонд гардаг Сэтгэхүйн Цагдаа, Хоёрсэтгэхүй, Хайрын Яам, Үнэний Яам, Баримтжуулах Яам, Үзэн Ядалтын 2 минут гэх мэт жигтэй далий хэллэгүүд нь ёстой хахааж байгаамаа.
Тэр улсад эрх мэдэл хэрэгсэл биш, эрх мэдэл бол зорилго. Хувьсгалыг хамгаалах гэж дарангуйллыг тогтоодоггүй юм, дарангуйллыг тогтоох гэж хувьсгал гаргадаг юм, эрүү шүүлтийн зорилго бол эрүү шүүлт мөн, залхаан цээрлүүлэлтийн зорилго бол залхаан цээрлүүлэлт мөн. (бид нэг л алхам хальтирвал ... Их Ах, Дотуур нам бла бла ... )
Дайн бол энхтайван
Эрх чөлөө бол боолчлол,
Үл мэдэх нь хүч
гэх далайн гүрний гол лоозон бий, үүний тайлбар нь бүүр новшийн...
Хүний хар амиа хоохойлох арчаагүй МӨН ЧАНАРаас хувь хүний эрх чөлөөг авч үзсэн эвгүй тайлбар нь явсаар байгаад, хүн бүр л үхдэг, энэ нь түүний хамгийн том ялагдал байдаг болохоор хүн бүрэн захирагдаж, хүн өөрөөсөө татгалзаж чадах юм бол тэрээр Намд шингээд Нам болох юм бол аугаа хүчтэн, үхэшгүй мөнх болж чадна гэх мэтээр бурхан шашны сургааль метафизикт хүргэж ч байх шиг.

Ж.Оруэллийн “1984”, “Амьтны ферм” бүтээлүүд барууны дунд сургуулийн уран зохиолын хичээлийн программд зайлшгүй байдаг юм байна. Манайд одоо уран зохиолын хөтөлбөр нь аягүй бол аль мань мэтийн үед үздэг байсан нөгөө л Никрасов, Пушкин, Чеховын зохиолоос үзэл сурталжуулсан байдлаар ухуулдагаа хэвээрээ явж байгаа даа (90-ээд оны сүүл гэхэд яг янзаараа л байсан, шинэчилсэн байгаасай билээ). 10-р ангид Чойномын шүлгийг манай уранзохиолын багш бүдүүлэг бохироор нь дуудаад хаалга савж одоход ангид гайхаж хоцорсон сурагч олон байсан. Мөн чанараас илүүтэй уран гоё халхавчийг бодит байдал гэж итгэн биширч бүх насаа өнгөрүүлсэн юм чинь багш маань аргагүй ч юмуу гэж бодохоор тэр үеийнхэнд буруу өгч чадахгүй юм л даа одоо.

"1984"-ийг хүмүүс уншиг гээд ингэсгээд зогслоо. Асар догдлон, зарим хэсэгт эвгүйрхэн айж, гэхдээ үг өгүүлбэр бүрт сэтгэл татагдан хөтлөгдсөнөө л магад хэлье. Манайд толгойтой болгон энэ номыг уншаасай, талбай дээр хэвтэж, цэцэрлэгийн бутруу сарьчихаад ардчилал, хүний эрх гэж хашгирч байхдаа ядаж нэг удаа ч гэсэн үүнийг уншсан байгаасай, намдаа хайрлан дурлаж Их Ахаасаа албан тушаал худалдаж аваад төрийн албаар хувийн дансаа зузаалан, хүн болсон хэргээ "бүтээж" байхдаа сайтар тунгааж хэдэнтээ уншаасай ...

Wednesday 23 May 2007

Цаг хугацаагүй ертөнц

Бийр, цаас, будаг, харандаа … ундуй сундуй үзэгдэх зураачийн өрөө … будагний ер бусын үнэр ой ухаанд баларч бүүдийсэн дурсамжийг зурсхийн сэдрээж, аль хэдүйнэ байхгүй болсон гэж бодож явсан бүхнийг минь хөндүүр оргитол сэндийчихэд би сочин баярладаг ... чимээгүй урсгадаг ...
бийрэн бүжгээр амилсан цаг хугацаагүй ертөнц чиг чаг … …
Хүрэлбаатар зураачийн зурагнууд пессимист юм шиг атлаа хүлээлт авчирсан битүү дуудлага, алсын түрлэг адил санагддаг юм …
Өнөөдрөөс эхлээд (5 сарын 24) 6 сарын 3 хүртэл бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байгаа сурагтай байна. Сонинд ярилцлага өгснийг нь анх удаа уншиж үзлээ … ... УБ-д байвал 9 жилийн дараах ганц боломжийг бололцоогоор нь ашиглахгүй юу :) Үзэсгэлэнг үзвэл сэтгэгдлээ хуваалцахыг чин сэтгэлээсээ хүсье.
Өдрийн сонины ярилцлага дараах хаягаар:
Ч.Хүрэлбаатар зураачийн тухай эндээс сонирхоорой.

Tuesday 22 May 2007

хар даа


Энд хэдэн нүүр байгаа вэ? Хариу: 12 аймшгийн нүүр бий.
Хараа хурц болтугай.

Monday 21 May 2007

Жестокая любовь

оюутан байхад энэ дууг сонсоол амиа хорлохыг завдаал, гэснээс мань нь арилгасан сонгинод жинхэнэ амьтан болдог байлаа шд, харангуутаа хана цөмлөж зугатаал жэхшиг, сонгино яахав, хажуудаа байгаа "ус"-ыг танихгүй явсаар эцэстээ хатаж хорчийсымдаа хөөрхий гсн ... худлаа худлаа одоо мангасдаж унагаад идчихмээр сайхан сонгино болсон байлэй. желаю тебе счастья ...

Я тебе посвящал все песни свои,
Я себя открывал - что хочешь бери.
И с надеждою ждал, когда же тронется лед,
Только в сердце любимом
Любовь не живет.

А я и не знал,
Что любовь может быть жестокой,
А сердце таким одиноким,
Я не знал... Я не знал...

Но, все равно,
Я тебе желаю счастья.
Нам незачем больше встречаться...
Я все сказал: Я все сказал:

Никого не встречал я прекрасней, чем ты,
И душа замирала от такой красоты.
Но в любимых глазах я увидел ответ,
И застыла душа от холодного "нет".

А я и не знал,
Что любовь может быть жестокой,
А сердце таким одиноким,
Я не знал... Я не знал...

Но, все равно,
Я тебе желаю счастья.
Нам незачем больше встречаться...
Я все сказал... Я все сказал...

А...
я и не знал,
Что любовь может быть жестокой,
А сердце таким одиноким,
Я не знал... Я не знал...

Но, все равно,
Я тебе желаю счастья.
Нам незачем больше встречаться...
Я все сказал... Я все сказал...

Я не знал...
Я не знал...

Но, все равно,
Я тебе желаю счастья.
Нам незачем больше встречаться...
Я все сказал... Я все сказал...

Saturday 19 May 2007

амьсгаа

Харанхуй шөнө надад хар нүд бэлэглэлээ
Түнэр харанхуйг би тэр нүдээр ширтэв ...
Тэгээд ч ялгаагүй, тэмтэчсээр ...

Hийгмээ шүүмжилж нэг хятад найрагч иймэрхүү бичсэн гэжуга. Тэр нийгэм журам ч яахав, ахын зөвлөгөөг дагаж талх барих хийгээд хуушуур түлэхгүйхэн амьдарч сурвал өнөө болоод ирээдүй хойчид минь ачтай гэнэм, алсын хараатай уг зөвлөгөөг сэтгэлийн чанадаас тусган авсу.
Сайн муу, сайн муу, хайртай хайргүй ... цэцгийн дэлбээг нэг нэгээр нь таслан уйлуулж, миний төлөө үхэж байгаа гаслаан ёолоон, амь тавих сүүлчийн дууг хэнэг ч үгүй хийсгэн ... хайртай хайргүй ... гэсээр эцсийн дэлбээрүү шуналтай довтолно... ... хүсэж
байн хүсэхгүй байн ... цаг мөч бүрт хүлж аргамжсан энэ сэтгэлийнхээ хүсч эрмэлзэх хэсгээс бүрмөсөн ангижрахыг хүснэм ... хүслээс ангижрахыг хүсэх нь “туйлын үнэн байдаггүй гэх үнэн” шиг ээ ... парадоксоор жонгилёрдож суухуйд Ницше, Будда нэгэн хүн мэт ...

Заяа төөргөө засах боломж юм шүү гэж
Замбуулинруу намайг туужээ, хүслээр биш,
Занаж эргээд тооцоо бодомз ... гэвч чи хэн билээ?

Амьдрал гэх амьсгаа, амьсгаа бол амьдрал, амьсгаагүйгээр амьдрах гээд үз л дээ гсн ... чухамдаан амьсгаа болбаас ерөөл болой. Хүслээр ирээгүй ч хорогдоод байхым энэ амьсгаанд.

Амьддаа бие биеэ хайрла, хvмvvсээ
Алив сайхан бvхнээ бусдаас битгий харамла!
Хэрэггvй vгийн зэвээр зvрхийг нь бvv шархлуул
Хэн нэгнийгээ харанхуй нvх рvv битгий тvлх! (... би юу хийчив ээ ... гэхшиг)

Friday 18 May 2007

зам

Сая хэд хоног Бөөжинд амьдарлаа. Нэг найзын 5 настай хүү нь төрөлхийн ойрын хараа муу, хоёр нүд нь +10, энэ чигээрээ явбал том болоод бүр хараагүй болно гэсэн байна, аймаар юмаа. Хараа нь муу гэдгийг хагас жилийн өмнө л гэрийнхэн нь мэдсэн гэнэ, тэр болтол баримжаагаар л амьдардаг байж, 4 нас хүртлээ ээжийгээ тод харж үзээгүй, ертөнц угийн ийм л байдаг гэж бодож байсан байх даа...

Аз болоход, төрөлхийн ийм харааны гажиг багаас нь эмчилбэл эдгэх найдвар бий юм байна. Зузаан линз зүүсэн 5-хан настай хүүг хөтлөөд эмнэлэгээр явлаа л даа. Нүд, харааны чиглэлээр дагнасан улсын том эмнэлэг гээд, тэгээд ч өмнө нь нэг удаа үзүүлсэн гэхээр нь Тунрэнь гэж Тиэнань мэн талбайгаас холгүй орших эмнэлэгт очлоо. Буман хүнтэй газар эмчид үзүүлнэ гэдэг манайх шиг тааваараа 9 цагт очоод 11 цагт үзүүлчихдэг биш байна таминь, дугаар авна гэж урьд өдөр нь бүртгүүлээд маргааш нь үүрээр 5 цагт очиж 7-д онгойтол нь очерлоод, ёо гэж аваад 8 цагаас эмч нь ирэхээр дугаарлаж энэ тэр болсоор яг үзүүлэх үйл явц 11 цагт явагддаг, яс юман дээр амжиж үзүүлж байгаа нь сайхан хэрэг. Эмнэлэгт очтол харин зузаан шил зүүсэн 4, 5 настай хүүхдүүд тэрүүгээр дүүрэн, ямар ч байсан хятадууд энэ өвчний учрыг олсон бололтойм, харааны дасгал гээд хүүхдийн бүтэн курс эмчилгээний дасгалын СD гаргачиж. Бага байхад хүүхдийн сэтгүүл дээр хоёр ижил зургийн ялгааг ол, эсвэл энэ утасны нөгөө үзүүр хаа байна ол гээд л зурагнууд гардаг байсан даа, тэр чинь л харааны дасгалууд юм байшд, хүүхэд ч дуртай хийхээр.

Өнөөх жаахан хүү маань 5 настай гэхэд зарим том хүнээс хол дээр, бүр нэг хэрсүү, нүдний шилээ жигтэйхэн хямгадана, эрэгтэй хүүхэд гээд ч юмуу асар хөдөлгөөнтэй, гэхдээ сайн мууг лаг ялгаж байгаамаа, муухай үг хэлж болохгүй гээд ойлгуулчихсан, нэг удаа боожгойг нь ярьсан чинь өөрөө ярих болохдоо надруу заагаад сая таны хэлдэг тэр юм байшдэ тэ ... гээл ярьвал яахуу, цээрэлж хэлж байгаа юм байх чухам ... дуу дуулна, хошин шог ярина, элдэвтэй элдэвтэй, нэг гараа элгэндээ тавиад нөгөө гараа ёсолж байгаад төрийн дуулал дуулнаа болоогүй ... саяхан хос дууны тэмцээнд орж түрүүлсэн гэжуга, ВХ эдэрийг бол юун би ми ... хайрт мэээн аз жаргал ойрхон байн ... эр хүн болохоор би бүгдийг хийнэ ... ааяэ ... эгдүүтэй ... харсан хүн болгон өхөөрддөг, тунчиг царайлаг тэр жаахан хүүгийн мэлмий саруул болоосой гэж чин сэтгэлээсээ залбиръя даа...

Бээжинд зав муутайхан байсан болохоор энэ тэрүүгээр сайн явсангүй, хальт харахад л өөрчлөлт нүднээ ил тод, байшин барилга жагсаад, машин чийчаан сүлжээд, хүн зон нь хөлхөөд ... хэдэн жилийн өмнөхөөс илэрхий цэвэрхэн болоод байна төв гудамжууд нь, ажил төрөл буцлаад байгаа ч хүмүүс нь стресс багатай ч юм шиг, аргагүй биз дээ амьдрал сайжраад ирэхээр аар саар юманд бухимдаад суухааргүй болоо биз.

Би яахав, хальт дасал болсон квадратдаа ирж хэвтсэн шиг, жингүйдэлд орчихсон, зорин байж улаанбаатарынхаа ууланд гарч өвс идэж ус ууж даяан хийснийхээ хэргийг энд гаргах юмсан гэсэн битүү зорилготой ... хүн аалз, ориг япон долоон самурай гэх мэтийг самбаачилж үзэх шулуун санаатай ... хувьдаа төлөвлөгөөт эдийн засгийн бодлого хэрэгжүүлж, үзэл бодлын эрх чөлөөг эдлүүлэх чухал плантай ...

Thursday 17 May 2007

чанар

... ай чааваас хүний чанар их мууджээ гээд хүмүүс хэнгэнэтэл санаа алдах юм, бие биенээ л хэлээд байгаа бололтой, яригч этгээд өөрөө тун гайгүй хүн л дээ, дэргэдэх хүн нь л ... дэргэдэх хүн болохоор хажуудахыгаа “чи ч дээ мөсгүй шаар байгаам даа” ухааны юм бодоостой ...

Буржгар сахалт нэг өдөр хүмүүст сайн үйл бүтээхээр сэтгээд тиймийн тулд эхлээд боловсрол эзэмшихээр шийдэв. Тэдний ангид байдаг гонжгор цагаан онц сураад жигтэйхэн гэнэ шүү, буржгар сахалтын шар хөдлөөд илүү мэрийсэн ч гонжгор цагаан ач тач үзээд байнаа. Сургуулиа төгсөөд нэг салбарт гарсан нөхдүүд бас л өрсөлдөж гарав, сүүлдээ ямар ч аргаар хамаагүй гонжгор цагааныг л давж байвал хамаагүй болсон тул хажуу дэргэдэх хүмүүсийг нь урвуулж, дээгүүр доогуур үг хэл шургуулж байж замаасаа арай гэж зайлуулав ... сайн үйл бүтээх анхны зорилго нь ердөө хэн нэгэнтэй өрсөлдөх, ямар ч хамаагүй аргаар давж ялах атгаг тачаал болон хувирчээ ... буржгар сахалтын өрсөлдөөн ийнхүү хуйвалдаан болов оо ... яахав тэгээд буржгар сахалт "тээг болох шаврууд"-гүйгээр хүмүүст тустай үйлээ амар тайвнаар бүтээсэн байж болно, гэвчиг зүй нь бол шинээр сэтгээд илүү хөдөлмөрлөсөн бол буржгар ч гонжгор ч хэн хэн нь зэрэгцээд л хүмүүст сайн үйл бүтээж болох байсансан ... эцсийн дүнд хүмүүс хоёр дахин илүү сайн сайхан зүйлийг амсаж хүртэх байлаа ...

За ингээд ярихаар улсууд манийг нь амьдралаас тасархай амьтан гэх байх л даа, магадгүй ээ ... гэхдээ л хор найруулах нь гонжгор цагааныг давж гарах цорын ганц зам биш шүү дээ ... дан муу хүн дан сайн хүн гэж хаа ч байдаггүй л биз дээ, соци үеийн “реалист” зохиолын баатрууд биш дээ.

... үргэлжилнэ.

Friday 20 April 2007

Лаг

Хүн шиг ярьж сураад анх хэлсэн этгээд хэллэг гэсэн "Лаг". Дөрөвдүгээр ангид нэг өдөр амандаа лаг гээд хэлчихсэн биш өөрийгөө гайхаж тэр хэсэгтээ шок царайлж, тэгснээ гоё ч юм шиг санагдаал ... лаг байжүлэй. Цасанцар кафегийн маруужин ЛАГ гоё, манай ангийн Энхбат ЛАГ дуулдаг... лаг лаг лаг, зөвхөн хөвгүүд хэлдэг гэж боджийсан үг миний амнаас гарсан нь чухамдаа discovery байлаа, түүнээс хойш ч гажиг үгийн сан ch явсан l даа гсн. Лаг гэж юу гэсэн үг юм гэтэл лаг шавар, лаглагар шавар гэх ч юмуу утгатай гэж ирээл нэг хүүхэд айлдаж байсын. NO!!! тийм байх ёсгүй, лаг бол шавар биш, лаг бол ... (толгойгоо базлан гутрав). Я.Цэвэл гуайн "Монгол хэлний тайлбар толь" дээр бол 1. Лаг шороо, 2. Лаг мэлхий, 3 Лаг хийх, лаг суух гэсэн утга байна л даа. Гэвчиг -лаг заавал үгийн язгуур байх албагүйз дээ, нөхцөл дагавар маягийн зүйл байвал яахын...
оюунлаг
чадварлаг
ухаалаг
бурханлаг
нарлаг
урлаглаг
гээд харахаар дандаа мундаг сайн saihan утгатай үгийн ард залгавар болцон явжийдым байна ... тэнэглэг, мунхаглаг чөтгөрлөг гэх мэтээр залгах гээд үзээрэй zao.
Мөнгөлөг, тэнгэрлэг гээд -лагийн 4 зэрэг цаашаа явж өгнө л дөө, аая лэгийн ооё лөгийн ... к-ххххх...
ЛАГ Лагуудаа амжилт shoo.

Tuesday 17 April 2007

Нартай цас

Нартай цас бужигнаад нимгэн чийг сэнгэнэнэ
Дөрвөн сарын сэтгэл даавуун салхиар дэрвэнэ
(хэл хальтрав)

Улаанбаатар гоё байна, гоё байсаар л байна... (жаргалтай хай хай жаргалтай) хар гэртээ хаан бор гэртээ богд догдогдулам суужаагаам чинь аргагүй шүү дээ. Ойрд мэдээ мэдээлэл хов живээс хол, луйварчин дээрэмчингүүдийнхээ найруулсан хор, дайруулсан үг, монголыг аврах мянганы төлөвлөгөөг уншилгүй удсан биш бүр саначлаа байна. ТВ-р одуудын реалити шоу, хошин шогийнхоны реалити шоу, хэвлэлийн бага хуралан шоу, их хурлын чуулганы реалити шоу ... савангийн дуурь шиг энэ олон сериал шоуг үзэж суухад хүмүүс дал мөрөөрөө тэврэлцэн толгой хөлөөрөө орооцолдоостой тэгсэнээ сэм сэмхэн билүүгээ бэлдэж, улаа шагайж мэсээ ирлээд сиймхий гаруут даммм драммм пум пруммм ... чад ...
ТВ шоу гэснээс ямар олон ТВ сувагтай болцым, монгол хэлээр лавтай 10 гаран суваг байна аа, сонгууль дөхөж байгааг хэлэх үү шинэхэн гэлтгүй тв-нүүд мөд хөл дээрээ босохоор барахгүй бурзайцгаах биз, хурай хурай.

За тэр бусдын явдал ч дүүрч, сүүлийн үес би бээр зорилго сулраад зам хазайгаад нэг л биш, хийморийн сан тавиулж дарцаг хийсгэж цаас шатааж үсээ тайруулж, уруулын будагаа хаядым билүү гсн, Ice Age-ийн хэрэм шиг самрандаа хайртай санасандаа тууштай амьдраашдээээ ига өөш үхмээр байна уу (со сериал 1). Нээрэн Интерком номын дэлгүүрээр шагайтал Тойнбигийн түүх, Гумилевийн эрчимийн онол, Фукуяамагийн түүхийн төгсгөл гээд бука номууд гарчиж, удкү "Хавтгай дэлхий" хэвлэгдэх гэж байгаа, гоё доо л орж байна.

Гэхдээ энд нэг зүйлд гомдолтой явна, чухам юув тэр... УБ-т залуус цаг өнгөрөөх даж газар ердүүсүү байхгүймаа, хүн хартай болзох гэхээр бор толгой Зайсан руугаа жирийхийм, агаар чунаглаад аштайхан ч гэсэн хагас цаг болоол хөлдөж үхтэлтэй биш буцаал жирийнэ, тэнгис орж хальт армаантиклаж гар хуруугаа атгалцах гэсэн чинь солонгос кинонд уймраад нялмасаа тоолоод хүний өөдөөс харахын эцэсгүй халтайгаад юун нөгөө болзоо молзоо, ядаж байхад тэнд нь сонголт байхгүй, өглөө со кино, өдөр со кино, орой со кано юм чинь. Аль нэг зааланд нь дэлхийн шилдэг киног тогтмол цагаар гардаг байвал янз бүрийн бүлгийн хүмүүсийг татаж болмоор ... гэсэн чинь аль эрт бүх тв-нүүд нь шилдэгүүдийг цаг цагийн зайтай гаргачихсан байгаа юм байна л даа :D

Хавар цагийн салхинд саарал царайтай хүмүүс бүүдгэр гудамжаар доожоогүй алхана, хавар цагийн уринд гангалж ядсан хүүхнүүд янжуур зуугаад түрийвч нэвт сонжино, хавар цагийн наранд зальжин нүдтэй цоглог залуус амбиц хөөгөөд завгүй гүйлдэнэ, хавар цаг ... ...

Saturday 3 March 2007

аниргүй ертөнц

Байна уу ... байна уу ................ харь этгээд минь сонсож байна уу, би чамтай хамт явж болох уу ... аниргүй ногоон ерөнцийг зүүдэндээ л дүрсэлдэг ... тэнд зүлэг навч нь нилэнхүй цагаан өнгөтэй байдаг нь үнэн үү, цэнгэг ус нь тунгалаг улаан өнгөөр урсдаг уу, хүмүүс нь амгүй, бас хөлгүй болохоор ярьдаггүй, бас нисдэг үү, нэг нэгнийхээ тухай зэрвэс хараад л нэвт мэддэг болохоор хуурамч инээд, ховын шивнээ, хөлстэй алга, хүйтэн чинжаал лав байдаггүй байх даа, хоромхон зуурын настай болохоор та нар хоногоор биш мөч агшин бүрээр амьдралыг хайрладаг уу, амьдрал гэдгийг гэхдээ амьдрал гэж нэрлэдэг болов уу, амьдралыг эсвэл үхэл гэж нэрлэдэг үү, өөрсдийн чинь ертөнцөөс явж байгаа нэгнээ амьдралруу талийлаа хэмээн харамсан гашууддаг уу, аль эсвэл би та нарыг дэндүү басамжилж орхив уу, харамсан гашуудахын учир шалтгааныг та нар мэддэг болохоор хэтийн цаадахыг хардаг болохоор зовлон гуниг гэдгийг төсөөлдөггүй байх даа, цэлмэг оюунд тань ямар мэдрэмж оршдог бол ... амраг хосууд нь биесээ энхрийлэн таалах нь сонихон байх даа, эрэмдэг муухай бүсгүй гэж мэддэггүй, уран сийлбэр шиг залуу гэж боддоггүй, эрх ямба, эд хөрөнгө, ялих шалихгүй, болох, болохгүйн хүлээсэнд баглуулдаггүй, уудам орон зайд дүүлэн нисдэг шигээ хязгааргүй цэнхэр сэтгэлээр ив ижилхэн даль жигүүр оёод, цав цагаан навчтай болор тунгалаг цэцгийг бие биедээ бэлэглэж улбар туяа сацруулан огторгуйд зугаалдаг байх даа.

Хүмүүсийн тухай та нар мэддэг болов уу, адилхан ухаан заяасан байтал тэнэглэл нь дуусашгүй мунхаглал нь ёроолгүй байгаад гайхдаг уу, нэгэнтээ бид бас ийм явсан гээд хөнгөн шүүрс алддаг байх даа, хэзээ нэгэн цагт бид бас та нар шиг болж чадах уу, тэгээд хамтдаа зэрэгцэн амьдарсаар байх болов уу, биш ээ ... үхсээр байх болов уу ... ?

Friday 2 March 2007

Шинэчлэл гэж ...

Хятадын алдарт эдийн засагч Ү Зинлень саяхан 3 сарын 1-нд ярилцлага өгч, хятадын шинэчлэлтэд чухлын дотроос чухам чухал нь Засгийн газар өөрөө шинэчлэгдэх болой гэж айлджээ. Нөөц хуваарилалт, үнийн бүрэлдэлт зэрэгт засаг захиргааныхан оролцохгүй байж зах зээлийн голдиролд саад болохгүй байх хэрэгтэй гэж сануулж. Гэхдээ энэ нь мэдээж ялзарсан Засгийн газар орвонгоороо эргээд “шинэ цэвэрхэн” хүмүүсийг тавих хэрэгтэй гэх мэт хөөрөлтэй санаа огт биш, ердөө л Засгийн газар нь зах зээлийн жам ёсны голдиролд хуулийн талаас баталгаа бий болгож, эрүүл саруул үйл ажиллагааны талбар бүрдүүлж өгөх үүргээ гүйцэтгэхүйц тийм байдлаар шинэчлэгдэх хэрэгтэй гэжээ. Хятадууд орон нутгийн зах зээлээс бүх хятадын зах зээлрүү өргөжин, улмаар хятадын зах зээлээс дэлхийн зах зээлрүү тэлж гарч ирээд байхад засаг захиргааныхныг хуулиар эрх хэмжээг нь сайтар хязгаарлаж хянаж байхгүй бол нүсэр нүсэр авилгалд идэгдээд хамаг л дэг журам, хэвийн үйл ажиллагааг нурааж баларна гэдгийг эдийн засгийнхан ч, улс төрийнхөн нь ч хаа хаанаа учиргүй ухамсарлаж байгаа болохоор энэ мэт ил цагаан ярьцгаагаад байгаа бололтой.

Жил бүрийн хавар хуралддаг “хоёр хурал”-ын өмнө том эдийн засагч нь Засгийн газрын шинэчлэлийн талаар ярилцлага өгч байгаа нь харьцангуй нээлттэй байгаагийн шинж юм боловуу. Ер нь гэхдээ хятадад эдийн засгийн салбарынхан харьцангуй либерал ардчилсан байр суурьтай байдаг юм шиг байгаан, зүгээр ойрын жишээ гэхэд эндэхийн сургуулийн эдийн засгийн мэргэжлийн оюутан, улс төр социологийн салбарын оюутан хоёрын сэтгэж ярьж байгаа нь нэлээд ялгаатай, нэг нь намаар яадын ухааны юм хэлж байхад нөгөө нь социализм болбаас гээд унана. Аргагүй л дээ багш нар нь бас өөр өөр юм чинь, эдийн засгийн хичээл дээр сууж байхад аймаар аймаар экономикс онол ярьж байснаа эцэст нь энэ бүхэнд Засгийн газар саад болж байна гээд хичээл дуусдаг юм чин, улс төр нийгмийнхэн болохоор асар утоп царайтай гарууд эв хамт намын тунхагийг зузаан линзээрээ цоргиж цоолтол уншаад байжийдийн.
Эндэхийн нэг эдийн засгийн мундаг багш Хуа Мин гэж нөхөр эртээд хятадын Caijing diyi гээд санхүүгийн хамгийн том ТВ сувгаар хятад энэтхэгийн хөгжлийг харьцуулж ярьж байсан. Дэлхийд хамгийн олон хүн амтай, хоюул өндийж буй азийн орон гээд ижил төстэй зүйл ихтэй энэ хоёр орны хувьд эдийн засгийн хөгжлийн тушаа нь юу вэ гэсэн Энэтхэгүүдийн хувьд гол тушаа нь кастын системдээ, хувь тавиланг өөрчилж болшгүй гэх хүн ардын сэтгэхүйндээ байна, харин хятадуудын хөл гарын тушаа нь Засгийн гарын ялзрал байна гээд ярьж гарсан даа.
-
Шинэчлэл гээшийг манайхан л хэрэгжүүлж амьдармаар юм. Улс төрчдийн үгийг сонингууд шүүрч авах учиргүй дуртай. Биш. Судлаачдынхаа үгийг сонсъё, тэдний үгийг тэргүүн нүүрний толгой мэдээ болгож, доод талд нь харин тэр судалгаан дээр тулгуурлаж ямар арга хэмжээ авах гээд байгаа талаар улс төрчингүүдийн бодлогыг зэрэгцүүлж тавиад ард иргэд нь хараад уншаад мэдээд ... гээд мөрөөдөөд байхгүй юу (мөрөөдөх гоё байлөө). АНУ-д бол жил бүрийн сенатын сонсгол хурал дээр эрдэмтэд нь алдарт санаануудаа хэлдэг, нөгөөдүүл нь чих тавин сонсдог, хэрэгжүүлдэг. Судлаачид нь хамгийн нэр хүндтэй хүмүүс байж, чухал газруудад алтан санаануудаа хүртээж суудаг. Тэд цалингаа залгуулж ядан гол зогоож амь зуудаггүй, дуртай ажлаасаа холдож чадахгүйдээ гундуухан царайтай, жиндүүхэн алхдаггүй...

Wednesday 21 February 2007

банхар жил баяртай

өө юу вэ, үсээ сорлолоо гэсэн чинь шаал дүнкү болцон. Ядаж яг битүүний өдөр хоолойн хэсэгт сэрвэгнээд ханиаж хахсаар шинийн нэгнийг гаргачлаа, хмн ... Гадаа гудамжинд энд тэндгүй минут ч завсарлахгүй цаасан буу буудуулаад, салют дэлбэлээд хаа сайгүй пис пас хиншүү хярвас утаа униар, Багдадын гудамжинд байгаа билүү юу билээ ... нерв хөдөлмөөр юм.

Гал гахай ирлээ ирлээ
Алтан гахай гарлаа гарлаа ...

Зэ ... хүний биеийг олсоор гурав дахь нохой жилээ үдэж орхидым байна. Хамгийн эхний нохой жилийг их жаргалтай үдсэн дээ, ганц л бэрхшээлтэй, юув гэвэл би тэр үед хүний хэл мэддэггүй байсан, каш биш алимны сок уумаар байсан ч хэл нэвтрэлцэхгүйн улмаас асуудал үүснэ, эцсийн арга хэмжээ хэдэн ширхэг нулимс хүчээр үзүүлэн бархирч асуудлыг шийддэг байсан байж таараа, бусдаар бол дэлхий дээрх хамгийн сайхан нохой жил л дээ ... мэдээж би л болсон хойно сайхан үеэ санадаггүй ...

Хоёр дахь нохой жилд “сургууль ба гэр” гарчигтай бэсрэг өгүүллэгийн гол баатар цүнх барьж алхаад, цүнхэн дотроо хийсэн хэд гурван модтой чихрээ бодож явсаар байгаад л таарсандаг.


Гурав дахь нохой жил ... юу болоод өнгөрөв өө ... оны эхнээс л ПиСиний ард сэгсийж суусаар битүүний өдөр болчихдым даа, нэг мэдэхэд нар мандаад нэг сэрэхэд шөнө болоод ... амьдрал асар юмаа ...
Хаврыг цонхоор харж, нялх навчсыг нь таалж амжаагүй байтал зун болж зугаалж амжаагүй байтал намар айлчилж нойрмоглохын зуурт л өвөл тачигнаад өвдөг шилбүүрдэн одов оо хөөрхий бүтэн жил ...

Цэцэг жимс дэлгэрч байна
Цэлмэг нартай өдөр гоё ... гэснээс бага ангидаа ингэж дуулаад л их завсарлагаанаар ангиараа коридорт гимнастик хийдэг байлаа шд, за энэ ч яахав, тэр үед нохой жил биш байсан.
Энэ зун нэг өдөр найз, найзын дүүтэй хамт хотын өнгө үзэмжтэй танилцаж явтал тэнгэрээс хур буугаад, бүгчим өдрийн борооны сайхныг хэлэх үү гээд баясаж байтал онгироо тэнгэр пис хийж сад тавиад байгалийн шүршүүрт шалчийж нороогүй ч юм гэж үгүй шалба “ариуссан” нь нохой жилийн хамгийн нойтон өдөр байлаа, хүмүүс шал нороод асар сээкси, ялангуяа хүүхнүүд цамц нь юбка нь наалдаад хамаг гоо сайхан нь товойж төвийгөөд, хальт сэрэлтмэр .

Бас нэгэн сайн өдөр айлд очиж дөрөв таван кино бөөндөж үзэхээр тохироод түмэн тийшээ гэрэл сацруулж баяссан бодьсадва царайтай үүл хөлөглөх шахам дэвээд очсон яасан байхнуу, гэрийн эзэн дондогмаатаж, зэвүү хүргээд гэдэн хөдөлгөхөөр нь гулькоздож унагаад үсдэж чирэх гэснээ гэрт нь байгаагаа сануутаа секундын дотор ухаалаг шийдвэр гаргасан нь: үзэж байгаа киногоо тал дундаас нь хаяад хувцсаа шүүрээд ороолтоо хагас шидлээд гутлаа хам хум углаад хаалгыг нь тас хийтэл савюу гэтэл хаалга нь үлгэрийн юм шиг удаан онгойж хаагддаг, кайф авч чадаагүй ч гэсэн (дараа очиж зад өшиглөнө өө) үсээ хаялаад таг дуугүй тонгочин гарч одсон нь ... ёооо энэ жилийн хамгийн гончиг өдөр. Бурханы авралаар яг одоо би уургүй байна ... савалгаа

Зун монгол хоолоо санаад, харилгүй үлдсэн хоёр бачкатай цуйвандаж, 37 хэмийн чийгтэй халуунд халуун хоол идээд амь тавьдагийн алдад хүйтэн пяав араас нь ууя гэдэг мунхагийн мэргэн санаа гаргаж гурвуул хүйтэн пяав шилтэй нь тулгаж архидсаар би архичин болсон түүхтэй. Одоо халуун хоол хүйтэн пяав гэдэг хаяг самбар хоолны газрын гадаа харах л юм бол шүлс гоожоод байдаг минь ийм учиртай. Corona гэж зөөлөн гоё пиво байна, гэхдээ Tsingtao-г бол тугал шиг л ууна гэжуга. Энэ бол банхар жилийн архидаан байлаа.

Түүгээд байвал дандаа л үл бүтэх зэтэрсэн явдлууд тохиолдоод байсан юм шиг болох нь ээ, болив. Сайн сайхан зүйл мундахгүй олон тохиолгүй л яахав, гэвчиг нохой жил дөнгөж гарвуу үгүй юу эхнээсээ л савалгаатаж, орон гарантаж, уймарч, тэнэглэж, нервтэж, мээкээтэж, хааяа бас ганц нэг нарийн ширийн зүйлийн учигийг гальт ойлгож ухаарч түмэн янзаар түнтэгнэсээр байгаад ... найз нөхдийн холбоо, хувийн ирээдүйн асуудлууд тас орхигдчихсон байвал яасын ... ашгүй нэг нохой жил дууслаа ... гахай минь ээ, намайг авраарай хэлп.

Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж даанч үнэн үг ээ дээ.

зураглал

ханиад ... тарваган шийртэй сүү ... сагсны бөмбөг ... интернэт ... үхрийн махтай ориг бууз ...

ойрын хэдэн өдрийн зураглал ...

гэснээс энэ киноны зураглал тасархай, далийгийн далий ...

Sunday 11 February 2007

Aморе огцор!!!

Бодоод байхнээ миний дурлал нэг ч удаа бүтэж байсангүй. Бүр анх 12 настайдаа Эдмон Дантест дурласан боловч миний цаг үед бүү хэл ер нь дэлхий дээр тийм хүн хэзээ ч байгаагүй учир надад эд эсийн төдий ч найдлага алга байв. Дараа нь бас мэдсээр байж индиан Оцеллад сэтгэл алдаж мөрөөдөх боллоо, удалгүй Галдан Бошигт хааныг бодож манан будантав ... Гэтэл 9-р ангидаа ороод Том Крузд анхны харцаар л ... гээд байж байтал BSBoys-ын Ник гараад ирсэн, гэхдээ өмнөх бүтэх нь бүү хэл зураг хөрөг нь ч олддоггүй анхны дурлалуудын дэргэд энэ бол ихээхэн нааштай хэрэг л дээ. Ядаж л би энд гишгэж байхад тэр минь тэнд дуулж юмуу жүжиглэж ямарч байсан амьд байгаа гэж бодохоор бараг л бүтсэнтэй адил тооцмоор, гэсэн ч би Никийн нүдрүү яаж ч ширтээд Ник миний өөдөөс хичнээн гоёор ирмэж дуулаад ч бид хоёрт учрах тавилан заяасангүй, параллель замаар хувь тавиланг даган мөр мөрөө хөөсөн билээ.

Гэхдээ ... хожмын нэгэн өдөр их сургуулийн танхимд, гэгээн цагаан өдөр, түмэн олны дунд хажуухан талд минь, үгүй бүр дэргэд минь ... уйгагүй аморе сумаа шившиж байгаад харважээ, харвахдаа тас далий харважээ. Тийм хараа муутай юм уу, эсвэл солир юм уу, үнэхээр л ажлаа хийж чадахгүй бол чаддаг эрхий мэргэнд зайгаа тавьж өгөх хэрэгтэй шдээ энэ аморе. Эцсийн эцэст чадвар муутай нэг далавчтай жаалаас болж би бүтэн 7 жил хохирч хамаг цагаа алдаж байгаа нь хүний амьдрал тэр тусмаа залуу насны богино хугацааг тооцвол ихээ хорлонтой хэрэг, ийм хариуцлагагүй байж болохгүй шүү дээ. Тэрнээс болж одоо хэр нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцааны наад захын арга ухаангүй, 16-тайдаа мэддэг байсан зүйлээ ч мэдэхээ больчихсон гайхаш тасарсан усан тэнэг амьтан хэвээр л байна. Тэсвэр тэвчээрийн туйлд хүрч муми, зомби болдогийн даваан дээр аморе дахин нумаа эвшээлгэж хоёр дахь сумаа тавьлаа, арай ч дээ ... хэлэх ч үг алга. Ядаж байхад намайг мөрөөрөө харвахгүй тэгж харвах болгондоо хажуугаар огт гэмгүй зөрж явсан хаа хамаагүй нөхөртэй давхар сүлбэчих юм, удаа дараа ийм осол гаргана, тэрнээс болоод бөөн гомдол чирэгдэл, мэдээж тэгээд би л засаж залруулах гэж “уучлаарай энэ намайг харвахдаа таныг жаахан шархдуулсан бололтой, бяцхан эндүүрэл гарчээ, та цаашаа замаараа явж болно” гэж учирласан ч хэлмэгдсэн этгээд “өө тэгээ юу за би явъя даа тэгүл” гэж хэлэхгүй нь тодорхой. Тэгж шархдагсадыг би өөрийн туршлагаар үнэн голоосоо ойлгодог боловч юугаар ч тусалж чадахгүй нь миний бундангийн эзэн надад яаж ч тусалж чадахгүйтай яг адилаар нэн гачлантай. Санаагаар болдог бол тэр шархтантай хамт хазганаад л цуг санжиганачихвал уг нь өөрт ихээ амар байхсан. Надаас шалтгаалахгүй юм гэж энэ хорвоод даанч олон ажээ. Аз болж аморе намайг сүлбэдэг шигээ хэлмэгдэгсдийг нэвт харвадаггүй болохоор гунихарсан, цам харайсан, бачимдсан янз бүрийн дүр төрх нь төд удалгүй тэгээд smile face болж хувирсан байдаг л даа.
Харин миний хувьд шархалж онгойсон цээжээ жавар тачигнасан салхи цас шуурганаас яаж хамгаалж халхлахаа мэдэхгүй даарч хөрсөндөө мэдрэл алдах шахан алхаж байдаг ч энэ бол ердөө аморегийн алдаа учраас бундангаа наасан этгээддээ хорсож бухимдаж байсангүй, магадгүй миний гомдож цөхөрсний тоогоор тэрэнд минь муу юм тохиолдох вий... миний бундан өөрөө мэдэлгүй буруу энерги болчихсон бууж байх вий, тийм бол юуны бундан байх билээ ... гээд айсандаа ... бушуухан шиг хоолойны зангирааг ус залгилж тайлчихаад, fitnessт дэвхэрч ухаан санаагаа түр атугай урвуулж баясдаг болой.
Явж явж тэгээд аморегийн хайнга зангаас болж үүсдэг иймэрхүү байдал ганц над дээр ч тохиолддоггүй гэдгийг авч үзээд нэн даруй нум сумыг нь хурааж, албан үүргээс нь буулгах шийдвэр гаргуулмаар байгаа юм. Энэ санал олонхийн дэмжлэг авна гэдэгт итгэлтэй байна.


Дандаа далийж зөрүүлж байдаг аморег "болъё оо" гээд нэгэн киноны сайхан ерөөл үгийг түмэн олондоо дэвшүүлье. "Никулин Марганов хэн гурав архидаж байна, хүнд гарууд хундаганы үг хэллээ:
Ямаа авах мөнгө байвч хүсэл алга аа...
Байшин авах хүсэл байвч мөнгө алга аа... ийгээд ... (хоолойгоо засав) бодит байдал мөрөөдөлтэй минь дандаа нийцэж байх болтугай ... " гэж.
Бундан шидсэн наасан хагалсан бяцалсан эвлүүлсэн будсан чимэглэсэн гээд түмэн янзын бунданчуудад удку болохжаагаа баяраараа мөрөөдөлтэйгээ нийцсэн жиклаад авах болтугай гэж чин сэтгэлээсээ ерөөе.

Wednesday 7 February 2007

BI

Цаг хугацаа яваад л байна, би гэж хэн юм бэ? Хэрвээ би яг нэг зуун жилийн өмнө халхын хавтгайд төрсөн байжээ гэвэл сэтгэх санах зүйл минь мэдээж тэр үедээ л байх байсан шдээ, магадгүй ид насандаа лам болох гэж байснаа эрдэм сурахаар сургууль гэдэг байшинруу “хөөгдөж” улаан дарцаг хийсгээд гүйж байх байсан ч биз, Ленин гэж дэлхийн бүх хүний, бүр миний чиний багш, мундаг хүн байдаг гэнэлэй гэж бурхан адил сүсэглэн итгэх байсан буй за. Магадгүй бас ээж аавын үед төрсөн байсан бол коммунизм байгуулж байгаа эх орон минь гэж итгэж, гэхдээ бас юу нь ч юм болохгүй байгаад байна гэж далд совиндоо мэдэрч, намд элсчихвэл өөдөө гарна шдээ гэх найз нарын шивнээг сонсолгүй, байгаагаар нь шүүмжилж орхиод, түүнээсээ болж хяхалт хавчилтыг амсах байсан ч биз, гэхдээ ихэнх хүний итгэж мөрөөдөж байсан социализм гэх тэр ид үед төрсөн бол надад цаг үеэ шүүмжлээд хавчигдах тэсвэр тэвчээр байх байсан болов уу, аав минь.
Юутай ч би одоо цаг үеийн бүтээгдэхүүн мөн байна, дүрээрээ зогсож байна. Энэ миний цаг үе. Хэдхэн хүний найруулдаг жүжигт ноорхой ардын дүрээр зогсож байна, хүсэл мөрөөдлөөр жигүүрлээд даяаршлыг ч ярьж дангааршлыг ч дэмжиж байна, үеийн залуусын оргилуун бодолтой зорилго нэгдүүлж, болохгүй бүтэхгүй юманд хамтдаа харамсаж болгож бүтээх хүслээр хамт л сэргэж байна. Энэ миний цаг үе. Дурласан хүнийхээ гялалзсан нүд, хуруугаа ч хүргэж зүрхэлдэггүй ханхар цээжийг өөр аль ч цаг үеээр солихыг хүсэхгүй, дуу хөгжим кино урлагийн алийг ч энэ цагаараа л мэдэрч уусна. Гэхдээ ......... цаг хугацааны хүлээсэнд тас баглуулсан юм биш биз дээ? Мэдээж шүү дээ ... Дахиад зуун жилийн дараа ... миний гэсэн бүхэн замхарч одсон байхад хойноос минь хойч үе хааяахан нэг дурсаж бүдүүн тоймоор хэдэн үг хэлэхээс хэтрэхгүй ... муудаж сайдаж байсан хүмүүс ... гашуун үгээр утаж байсан бүхэн цаг хугацаагаар угаагдана ... арчигдана ... галзууртлаа дурласан зүрхийг хэн ч мэдэхгүй өнгөрнө ... булшлагдана ... алга болно ... хайрлаж байсан гэрийнхэн минь байхгүй л болно ... инээж наргиж дуулж тоглож явсан анд найзууд үгүй болно ... тэгээд юу үлдэнэ гэж? Юм үлдээхийн төлөө л юм уу? Цаг хугацаа юу ч үлдээсэн арилгаж л орхино. Үлдээсэн байлаа ч надад одоо шиг минь хүртээлтэй билүү? Тэгээд яахав? Дурла ... агсар ... ажилла ... амьдар ... инээ ... согто ... уйл ... мөрөөд ... жарга ... зов ... юу л болно тэр л болог ... “цаг үе”-ээс хэтэрмээр байвал хэтэрье, хоцормоор байвал гээгдье. Надад юу ч аль нь ч ялгаа алга ... гагцхүү оногдсон энэ мөчөө л хайрлъя, үдэж буй өдөр бүхнээ гамная, өгч байгаа мэдрэмжийг авсан шиг л авъя, өнгөрснөөс боловсорч ирсэн учрал тавилан болохоор чинь ... одоо цаг чамайг ... ирээдүйд “үйрч алга болдог” ч үргэлжлэл минь байх учраас ... одоо цаг чамайг л ...

Мэдрэмжүүд минь

Бясалгалд суув аа. 10 хоног чимээгүй суудаг. Өмнө нь зөндөө удаа явж байсан л даа. Энэ удаад арвин ургацтай харин. Урьд нь суухдаа юу ойлгож...