Saturday 27 October 2007

Эр хүний тухай

Ганц ахтай билээ. Миний хамгийн удаан хамт байсан эр хүмүүн гэвэл ойлгомжтой, манай ах. Мэдээ орохоос л дэргэд байсан болохоор уран зохиолын дүрээс өөр бодит эр хүний талаарх гол төсөөллийг Ахаасаа л авсан юм. Товчхондоо манай Ах болбаас: ертөнц дээрх залхуугийн гарамгай төлөөлөгч. “Хэрхэн дэг журамгүй амьдрах вэ” дэлхийн бестселлерийг манай ах л бичиж чадна, мэдээж залхуураад бичихгүй л дээ. Шөнө дунд босох, өдөржин унтах, хэдэн хоногоор нойргүй суух, турж үхтлээ явах, гэнэт хагартлаа идэх, гар утсаа гээх, халаасандаа мөнгө хийгээд хэр удсан юм бүү мэд олж гэнэт “баяжих”, ... дуусашгүй ээ ... бараг хэзээ ч эмх цэгцтэй байж үзээгүй, дэлбэрсэн юмсынхаа дунд хаана нь юу байгааг харин номын сангийн католог шиг л олдогийг нь юу гэж тайлбарламаар юм дээ. Юу ч хийхгүй байж байжаагаад миний хоёр гурван хоног шагайн байж барсан номыг хэдхэн цаг уншиж тавьчихаад дахиад л юу ч хийхгүй дээшээ харж хэвтээд л байгаад л ... би наана нь учиргүй хөдөлмөрлөөд л, уншаад л, цаас шаржигнуулаад л ... үр дүн нь бараг адилхан. Бурхан жоохон шударга биш л дээ, өөдгүй. Айлын том гээд тэгсиймүү ахад л хамаг сайн генийг харамгүй өгч гэрийн гол гол номинацийг хамуулж байгаа юм, гэрт хамгийн царайлаг нь, мэдээж хамгийн толгойтой нь, хамгийн хамгийн ... гэтэл би яав, ээж аав хоёрын хамаг л болохгүй хэсгийг нийлүүлээд нэгэн сонин ситуаци бүтсэн нь ига байх жишээтэй. Гавал төрсөн бол гомдолгүй л байх байлаа. Гэтэл яс юман дээр өнөөх гавал номинацийн эзэн болсон ах минь залхуу шалгаруулалтад дэлхийн стандарт давхар хангаад, дэвшиж шалгарч шуугиулаад байна шд, хмн. Залхуу ахаас болоод л “99 хувийн хөдөлмөр 1 хувийн авъяас бол амжилтын үндэс” гэх мэргэн үгийг уухайн тас хүлээн зөвшөөрөх болсон юм даа гэсэн. Хоёрхон насны зөрүүтэй болохоор хар багаасаа л муудаж, зодолдож, муухай харж, сайндаж, сайхан загнаж хамаг аашаа баралцсан болохоор байхгүй хооронд нь санаад, гундуу байвал нь өр өмрөн боддог ч ил гаргаж хэлэх биш дээ. Зулай гишгэж төрсөн ахан дүүс нэг иймэрхүү. Ахаар төлөөлбөл гавал + залхуу = эр хүн :))))) Тоглосымоо. Энэ ердөө оршил л доо...

Оргил хэсэгт ...

... Эр хүн төсөөллийг бүрдүүлсэн зайлшгүй хэдэн заалт бий. Мөнгө, эрх мэдлээр биш, шударга үнэнч зангаар хүнийг хэмждэг болохоор сайхан ч амьдарч яваа, гундуухан ч зүтгэж яваа, хүн шиг хэдэн найз нартай. Хэзээ ч анд нөхдөөсөө урваж, ар хударгаар хутга ирлэх юм хийхгүй, далдуур хүн муулж хор найруулж хов хутгаж суухгүй гэдгийг мэддэг болохоор ... дарга цэргийн хөлд нь суун байж сайхан амьдрах тухай биш, тархиа ажиллуулж жирийн шударга амьдрахыг илүүд тооцдог, хааяа гайхмаар гэнэхэн ч гэлээ итгэл үнэмшилдээ бат зогсож, холбирч шарваад байдаггүй гэдгийг нь хардаг болохоор энэ бүхэн нь нийлээд цөөн үгтэй, шударга, ухаант Эр Хүн төсөөлөлд буудаг л даа. Ийм байж чаддаггүй эр нэртүүд нүдэнд торж үлдэхгүйгээс болоод би баларч байшд гсн.

... Энэрэл хайр зүрхэнд нь багтдаг
Эргэх дэлхий ухаанд нь багтдаг ...

... Өөрөөсөө намхан ээждээ үнсүүлэхдээ
Таныхаа хайрыг даахгүй нь гэж шимширдэг ...

Saturday 20 October 2007

Зүрхний нөхөөс


Уранхай зүрхийг гоёж нөхсөн
Маргад эрдэнийн хоёр шигтгээ ...

Monday 15 October 2007

The Unforgiven

Оюутан байхдаа өрөөний хаалга хаагаад гэрлээ унтраагаад энэ дууг ная сонсож далий юм мөрөөдөж хэвтэх дуртай байжүлэй. Гандан буурахгүй дуу л даа.

Sunday 14 October 2007

иймэрхүү

Эмос. Товчхондоо өөрийгөө хүндэтгэх үзэл гэж ойлгож болно. Өмнөх бичлэгтэй холбогдуулаад тайлбарлахад өөрийн үнэ цэнийг үнэлж, түүнийгээ бусдаар хүлээн зөвшөөрүүлэх гэсэн хүсэл эрмэлзэл, эдгээрийн цогцлолыг “өөрийн хүндэтгэл” гэж хэлж болох юм.

Хүний оюун санааны нэгээхэн хэсгийг үндэсний үзэл эзэлж, тэр нь үндэстний “эмос”-ын бүрдүүлэгч эс л болдог. Ганц хүн нийгмийг төлөөлж чадахгүйтэй адилаар нийгмийн оршин тогтнохуйг махан биеийн оршихуйтай зүйрлэх утгагүй л дээ. Хавайд амьдрах хүсэлтэй англи хэлт монгол иргэний биеийн болон оюун санааны оршихуй нь монголын нийгмийн өчүүхэн хэсэг мөн хэдий ч зайлшгүй хэсэг биш. Үүнтэй адил тухайн хүний эмост үндэсний үзэл байхгүй гэдэг нь түүний үнэт зүйлсийн нийлэмж өөр байгааг л харуулахаас бус ямар ч биологийн агуулга байхгүй нь хэний мэдээжийн. Амьдрах дуртай газарт нь оруулахыг холриглоод англи хэлээр ярихыг нь болиулаад, ерөөс оюун санааны үнэлэмж бахархал болгоныг нь эвдээд, дорд үзээд байхад бухимдахгүй, эсэргүүцэхгүй байгаад байвал тэрбээр хувь хүнийхээ хувьд шалны алчуур. Хувь хүний эмос нь юу ч байж болно, гэхдээ тухайн хүндээ эрхэм нандин, үндэсний үзэл гэдэг нь үндэстэндээ эрхэм нандин, халдашгүй.

Үндэсний үзлийн талаар яагаад дурдав гэхээр монголчуудын өөрийгөө хүндэтгэх эрхэмлэл хийгээд ижилсэн бахархах гол тулгуур нь учраас тэр. “Өөрийн хүндэтгэл” хувь хүн дээр, гэр бүлд, нийгэмд, хүн төрөлхтөнд өөр өөрийн хэлбэрээр оршин байгаа. Нэгжүүд өөр өөр байгаа шиг “өөрийн хүндэтгэл” ч мөн өөр өөр.

Хүмүүний мөн чанараас үүдэлтэй өөрийгөө хүндэтгэх үзэл, бусдаар хүлээн зөвшөөрүүлэх хүслийг ямар нэгэн аж үйлдвэржилт, эсвэл nation state-ийн үүсэлтэй холбох гэсэнгүй. Фукуяамаг үнэхээр уншсан бол энэ хоёрыг хольж хутгахгүйгээр ойлгочих ёстой л доо. Хичнээн пост постмодернизм, өөр бусад -измүүд дэлгэрлээ ч хүний төрөлхийн мэдрэмжийн илрэл устаж алга болоогүй цагт мөнхийн тезис байсаар байх биз, тэгж ч ирсэн юм хойно.

За тэгээд нэг юм хэлдэг, араас нь тайлбар бичээд байвал дуусашгүйн дээр мааш утгагүй. Ном бол толь гэдэг, ямар хүн толинд харна тийм дүрс үзэгддэгтэй адил, ямар хүн уншина өөрийнхөө л хэмжээнд тусгаж хүлээж авна гэх.

Сэтгэгдэл үлдээсэн хүмүүст баярлалаа. Дээр нэг “Хятадын уламжлалт философи ба марксизм” гэж хальт бүлтэрчээд коммент ирвэл нь ингэж тэгж бичнэ гээд л, нэг их хий горьдож билээ гэсэн.


Sunday 7 October 2007

Эмос дархлаа

Бат Үүл гишүүний нийтлэлүүд сүүлийн үеийн хамгийн халуун сэдэв болоод байна. Уншигчдын хувьд Даяар Монголын залуусын буруу ба зөв гэдэг дээр талцаж хуваагдаад Бат Үүл гишүүнийг дэмжигч эс дэмжигч гэсэн байдалтай “үгийн сэц” булаалдсан шиг. Мэдээж Үүл гишүүн нацист гэгдсэн хэдэн залуусыг шанаадахсан гэж загатнасандаа, эсвэл ирэх сонгуулийн очков авах гэсэндээ ийм эмзэг сэдвээр оролдсон гэж бодохгүй байна. Алив нийгэмд тодорхой хэмжээгээр экстренизм байдаг, гэхдээ Даяар Монголын залуусын хэт үзэл нь туйлширсан үйлдлээр илрээд улмаар нийгэм даяар даамжирч халдварлавал бид үнэндээ салхины өөдөөс нулимсантай ялгаагүй. Бат Үүл гишүүн салхи ирж байхад нулимах тухай биш дулаан байшин сав бариад биеэ хамгаалах тухай ярьж байгаа болов уу...

Ер нь үндэсэрхэг үзлийн тухай биш үндэсний үзлийн тухайд. Бид хүн, гэхдээ хятад биш, америк биш, орос биш, МОНГОЛ хүн, энэ бол удам угсаа түүх соёл хэл ус ёс заншил ахуй орчин нутаг дэвсгэр төрөл садан гээд биднийг нэгтгэж ижилсүүлж буй энэ олон хүчин зүйлийн огтолцол дээр цогцлон боссон үнэт зүйл. Үүгээрээ бид бусдаас ялгарч өөрсдийгөө мэдэрдэг, бахархалтай явдаг. Энэ үнэт зүйлсрүү халдах юм бол миний оршин тогтнохуйд заналхийлж буй хэрэг, хувь хүнээр бол эмосруу нь халдсантай адил.

Бусдаар хүлээн зөвшөөрүүлэхийн төлөөх тэмцэл, түүнийг дагалдах уур ичилт бахархал бүгд нийлээд улс төрийн амьдралд онц ач холбогдолтой хүний нэгэн цогц бодьгал шинжийг бүрдүүлдэг ажээ (Ф.Фукуяама “Түүхийн төгсгөл”). Ерөөсөө хүн төрөлхтний түүх бусдаар хүлээн зөвшөөрүүлэхийн төлөөх тэмцэл дээр өрнөдөг гэх Гегелиэс эхтэй үзэл.

Монголчуудын хувьд орос ба хятадуудад хандах хандлага яагаад жирийн иргэнээсээ авахуулаад ондоо байдаг гэж? Яагаад гэвэл бусдаар хүлээн зөвшөөрүүлэх гэсэн (өргөн утгаар) бидний хүсэл эрмэлзэлд орос, хятадууд өөр өөр ханддаг учраас тэр. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн тусгаар Монгол Улс гэдэгтэй хэн ч маргахгүй нь мэдээжийн боловч хятадууд түүх сурах бичгээрээ үе дамжуулаад монголчуудын “эмос”-ыг үл тоомсорлодог болохоор бидний далд ухамсарт байнгын тэмцэл уур уцаарын мэдрэмж төрж, түгшүүрт автан, тайван суух аргагүй болж буй. Хятадууд хэзээнээсээ л бидний эмосруу халддаг байсан, тиймээс ч монголчууд мөн хэзээнээсээ л хятадад дургүй явсан.

Байнга шахуу тийм байдаг атал юуны учир ойрдоо урьд урьдынхаас илүүтэй нийгэмд туйлшрал үүсэх хүртэл хурцдаад, эмзэглээд эхлэв ээ? Хариугаа хятадуудаас хайх уу? Болно, гэхдээ хятад байна уу хаанах байна ялгаагүй, улс орон л юм чинь бодлогоо явуулж байгаа, “чи төлөвлөхгүй бол төлөвлөгөөнд орох болно” гэдэг дээ. Бид төлөвлөөгүй эсвэл дутуу төлөвлөсөн учраас бусдын төлөвлөгөөнд ороод эхэлсэнээ мэдэрсэн ч юм уу үндэсэрхэг үзлээ төвийлгөж монгол монгол гээд цам харайх болсон нь цаанаа сайн сайхан агуулга лав биш ээ. “Би” нь алга болчих гээд байгаа хүн л байн байн “БИ БИ... Би ингэсэн Би тэгсэн, энэ чинь БИ” гээд онцлон тэмдэглэж чухалчлан дурдаад унадаг даа ... Магадгүй бид монгол гэх үнэт зүйлсээ бататгах, шинэчлэх, орчин үеийн сэтгэхүй үйл ажилд нийцэхүйцээр өөрчлөн зангидах хэрэгтэй болсон ч юм билүү... Соци үеийн үзэл суртлын их давалгаа өнгөрсний дараа Ардчилалын үнэт зүйлс бидний оюун санааны хоосон орон зайг эзлэх болсон хэдий ч бусдаас өөрсдийгөө ялган мэдрэх тэр бахархалыг үндэсний үзлээс өөр юу орлох билээ. Энэхүү үндэсний үзэл нь гадны салхинд ганхахгүй, дотроо хагараад байхааргүй соёлын дархлаатай, улс төрийн баталгаатай, эдийн засгийн тулгууртай байвал, би би гээд цовхчоод байхааргүй болох биз ээ.

Жич: Хятадын “Глобал таймс” сонины 2007 оны 9-р сарын 3-ны өдрийн дугаарт сэтгүүлч Хуо Вэний бичсэн “Монголын хэвлэл мэдээллүүд Хятадын хар ажилчдын асуудлыг хөөрөгдөж байна” гэсэн гол гарчиг, “ажлын байрыг нь булаасан гэдгээр ард түмний дайсагналыг дэвэргэж байна” гэсэн хөмсөг гарчигтай нийтлэл гарсан бөгөөд үүндээ “Өдрийн сонин” “Ардын эрх” “Зууны мэдээ” сонинууд дээр гарсан мэдээллүүдээс иш татсан байх агаад монголд очсон тэдгээр хятад хар ажилчид ч мөн амьдралын эрхээр мөнгө олох гэж очоод бусдад олонтаа хулхидуулсан хохирогчид болох тухай дурдсан байна.

Хурим гэж

Саяхан алдарт өдөр болоод өнгөрч, 120 хос хурим хийжээ. Дээр үед намрын дунд сарын 17-ны сайн өдөр тохиоход гэр хагарах шахан хурим найр хийдэг байсан гэдэг. Орчин үед бол дэмий дээ дэмий, удахгүй салахын хооронд нүжгэр хурим хийж яадаг байна, сүүлд нь онигоо шд гээд хэлчихвэл настай хүмүүсийн нүд орой дээрээ гараад амны билэггүй монди гэж загнах байх даа. Мэдээж энэ хөндлөнгийн хүний хөнгөмсөг үг байлаа л даа, гэвчиг эргэн тойрны хуримлагчдын халуун туршлага зөндөө ... бас ч баримттай зөвлөгөө шүү гсн ...

Нэгэнтээ нар хурц, чихэр амттай, дэгдэж харайж гүйдэг байхад минь зүв зүгээр байсан хамаатан садангууд хүртэл ойрын үеэс учир жанцантай нүдээр харж дохиж онилж цохож заагаад нэг л сэжиг бүхий ... жигтэйхэн ... дээр үе байсан бол богтолуулчихвий дээ гэж аймаар. Манай монголчууд учиргүй нэг нэгэндээ санаа тавих юмаа. Халуун залуугаараа, улаа бутраад гүзээлзгэнэ мэт гялалзаж яваа намайг!!! ид насны цог золбоо гал заль пиг дүүрчээд байжийхад!!! л эрүү өвдөг нь нийлсэн чуганцтай ярьж байгаа юм шиг л өөдөөс энэрэл урссан нүдээр хариулт ээрэн харцгаах юм. Нэгэн айхтар сарны тооллын 17 өдөр болоход олон аавын хүүг уйлуулаад өгье зүгээр (сэгсэгнэв)

...

Сүүдэрт орчлонгийн найранд сүүлдэсхийгээд ирээ юү
Сүй болзоогүй амраг бусдынх болсон байлаа
Бодол хөглөх насанд гуниг тээсэн хайр минь

Босгож барьсан гэрийн тань босгонд бүдрээд буцлаа ...

Хүрэлбаатар зураачийн "Намрын дунд сарын 17" гэж дэндүү зураг байдагсан.

Wednesday 3 October 2007

кофе уухын өмнө

Яахоо мессенжерээ яагаад ч юм хааш нь ч юм хийчихлээ, мальтгар шар нүүрийг харж чадахгүй амар, блог сайт блоклогдчихсон, комментод хариулж чадахгүй тиймхэн. Аравдугаар сар интернэтэд халгаатайгаар хаалга тогшсон нь чухамдаа над мэтэд зол болж, албадан хөдөлмөрөө үргэлжлүүлэх завшаан хэмээн алгаа ташив.

Сэтгэл гээш навчис нэг нэгээрээ тасарсаар ... ноднин жилийн үнэр үе үес сэнгэнээд ... хөөрхөн нүдний харц гялс хийн очтох шиг ... ай даа ер бусын сонин, гоёмсог ... алтадсан нарийн хүрээтэй товгор цэцгэн хээт гангар турьхан аяга шиг.

Мастер Маргаритагийн халуун дурлал, хайр сэтгэлийн тухай миний мэдэх хамгийн баяртай түүх... ядаргаатай энэ ертөнцөөс явсан нь ч дээр биз дээ. Элдэв шидийн цуглуулга, болох болохгүйн овоолго, мунхаглал ангуучлалын лабораторид ... хайрлаж дурлаад ч яадаг юм (агсамнав). Ялаа шавсан дэлхий дээр ... тэр олон учрал цэнгэлийн чинь алийг нь жинхэнэ гэх вэ, алийг нь хайр гэх юм бэ (толгой эргэв).

Гэснээс Путин хошуугаа унжуулчаад хөөрхөн золиг шүү, гэдсэн дээрээ үнсүүлэх юмсан.

За кофе хөрөх нь ... дараа учирсу ...

Мэдрэмжүүд минь

Бясалгалд суув аа. 10 хоног чимээгүй суудаг. Өмнө нь зөндөө удаа явж байсан л даа. Энэ удаад арвин ургацтай харин. Урьд нь суухдаа юу ойлгож...