Saturday, 4 July 2009

Бүтэн сайн

Ажил дээрээ эрүүлжих цай уусан шигээ бүтэн сайхан "амарч" байна. Согтчихоод эрүүлжиж суугаа бус аа, эрүүл мэндэд ашигтай юм гэнэлэй базарваань энэ цай. Ойрдоо дотор эрхтэнүүдтэйгээ танилцаж байгаа, ялангуяа нарийн бүдүүн шулуун гэдэснүүдтэй. Уул шугамандаа найз залуугаа тураачих санаатай нэг газар очсон биш өөрөө элсээд, юу юугүй цай коктейль уугаад сүйд болдог юм байна. Нэг төрлийн зугаатай юм аа, зорилго үүсээд кк.

Уг нь өнөөдөр салхинд гарч баймаар өдөрсанж. Салхи малхинд гарч, уул хадаар гүйдэг болох юмсан.

Wednesday, 20 May 2009

Монгол Хятадын соёлын харилцаанд тулгарч буй асуудал

Би гэдэг хүн нэгэнтээ Хятад нутагт сурч асан намтартай. Сурч байхдаа түүхийн холбогдолтой хичээлд сууж байсан удаатай. Суусан хичээлд багш заахдаа Гадаад Монголын тусгаар тогтнол бол Дундад Иргэн улсын гадаад бодлогын том эмгэнэл гэж дүгнэв. Тэнд суугаа Хятад оюутнууд газар нутгаасаа тасдаж алдсан хүний дайтай харуусан шүүрс алдахад Монгол хүн болсон би бээр сонсоод тэрнээс илүүгээр бачимдан харуусч суулаа.
Тэр үед би хэдий түүхч биш ч түүхийн асуудлаар Хятадын талд ямар нэгэн байдлаар заавал нэг хөндөж тавина даа гэж тууштай бодож, бодлоо тээн явсаар саяхан тийм боломж завшаан тохиов. Сая 5 сарын дундуур Бээжинд Монгол Хятадын хамтарсан эрдэм шинжилгээний бага хурал болсон бөгөөд уг хуралд миний бие "Монгол Хятадын соёлын харилцаа ба тулгарч буй асуудал" гэдэг сэдвээр илтгэл тавьж, дээр хэлсэн түүхийн үзлийн талаар цухас ч атугай өөрийн санааг аль болох Хятад хүн хүлээж авах талаас нь тайлбарлахыг хичээсэн юм. Илтгэлийг Хятадууд бодож байснаас харьцангуй нааштай хүлээж авсан ч энэ асуудлыг хоёр орны түүхчдэд үлдээе гэх маягийн зүйл хэлж байсан бөгөөд цаашид аль болох бөөрөнхийлөөд орхих биз ээ. Ер нь үүнийг Монголчууд л гаргаж хэлэхгүй юм бол Хятадууд хэзээ ч ярихгүй шүү дээ. За олон үг нурших яахав, илтгэлээс товчлоод орууллаа.

[...]

2. Соёлын харилцаанд тулгарч буй асуудал

Монгол Хятад хоёр улсын Засгийн Газрын соёлын хөтөлбөрийн үндсэн дээр талууд олон төрөл шат хэлбэр бүхий соёлын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж байна. Гэхдээ энэ нь хоёр талын соёлын харилцаа огтхон ч саад тотгоргүй гэсэн үг биш юм.

2006 онд явуулсан нэгэн судалгаагаар Монголын ард иргэд Орос, Хятад, АНУ, Япон, Солонгос, Герман гэсэн зургаан улсад ямар сэтгэгдэлтэй байдгийг гаргажээ. 1-10 хүртэлх оноогоор дүгнэсэн ба хамгийн өндөр оноог Орос 7.5 оноо, АНУ 7.3 оноогоор удаахид, дараа нь Өмнөд Солонгос 7.1, Япон 7.0, Герман 6.5, хамгийн сүүлд нь Хятад 5.5 оноотой гарчээ. Монгол Хятадын бүх талын харилцаа амжилттай хөгжиж байна гэсэн атлаа яагаад Монголчууд Хятадад хамгийн бага оноог өгч байна вэ. Судлаачийн хувиар дүгнэхэд үүний учир шалтгаан дараах гурван зүйлд байна. Үүнд:

Нэгд, суурь соёлын ялгаа. Азийн бусад оронтой /Япон, Хойд Өмнөд Солонгос, Вьетнам/ харьцуулахад Монголд Кунзын соёлын нөлөө асар бага. Энэ нь Монголын нүүдлийн соёл азийн бусад суурин иргэншилээс ялгаатай байдагтай холбоотой. Хятад хүний философи газартай салшгүй холбоотой учир мянга мянган жилээр нэг газраа тогтвортой сууршин амьдарч агуу их суурин соёл иргэншлийг бүтээжээ. Харин Монголчууд нэг газраас нөгөөд дөрвөн улирал нүүдэллэн амьдарч ирсэн ард түмэн. Монгол ба төв азийн нүүдэлчин ард түмэн эх газрын эрс тэс уур амьсгалын зөрүүг гаргахын тулд (өвөл зуны темпратурын зөрүү бараг 100 хэм, өдөр шөнийн темпратурын зөрүү 20 хэм) дөрвөн улирлал нүүдэллэн амьдарсаар аажимдаа нүүдлийн соёлыг бүрдүүлж, эрх чөлөөний мэдрэмж өндөртэй амьдралыг үзэх үзэлтэй болсон юм. Ийнхүү суурин болоод нүүдлийн соёл тус бүрийн ертөнцийг үзэх үзэл ба амьдралыг үзэх үзлийн суурин дээр өөр өөрийн үнэт зүйлсийн үзлийг нэрж боловсруулсан бөгөөд дээрх гурван үзлийн суурь ялгаа үүссэн байна. Дээрх гурван үзлийн суурь ялгаанаас болоод соёлын хувьд уусан нэгдэх нь тийм ч гүнзгий байж чадаагүй юм. Энэ бол Монголчууд азийн бусад орныг бодвол кунзийн соёлын нөлөөнд бага орсны үндсэн шалтгаан биз ээ. Английн нэрт түүхч А.Тойнбигийн үзсэнээр нүүдлийн хийгээд суурин соёлын ялгаа нь суурин иргэд байгалийн хүчийг сөрж, нөхцөл байдлыг өөрчилж ирсэн бол нүүдэлчин иргэд байгальд даган зохицож ирсэн юм гэсэн байдаг. Үнэхээр ч суурин иргэншлийн томоохонд тооцогдох кунзын үзэл бол нийгэмд чиглэсэн философи юм, “дундажийг барих”, “эв найрсаг байх” зэрэг нь Кунзийн сурталтнуудын эрхэм дээд үнэт зүйл нь бөгөөд Хятад, Япон, Солонгосын соёлын үзлийн нийтлэг зарчмын нэг билээ. Харин эрт дээр үеэс Монгол үндэстний сэтгэлгээний үндэс нь эх байгаль бөгөөд “тэнгэрт” шүтсэн бөө мөргөлтэй байлаа. Монголчууд чоныг билэг тэмдэг болгон, байгаль дэлхийд шүтэн сүсэглэж ирсэн ба хүн хоорондох нийгэмийг тэгтлээ чухалчилж байгаагүй юм. Ерөнхийдөө ийнхүү хоёр ард түмний байгальд хандах хариу үйлдэл хоёр өөр байснаас үүдэн бүрэлдсэн соёл сэтгэхүйн ялгаа нь соёлын ижилсэлд хүрэхэд мөн нөлөөлж ирсэн байна.

Хоёрт, түүхийн үзлийн ялгаа. Энэ бол дээрх гурван үзлийн суурь ялгаанаас үүдэлтэй. Шууд хэлэхэд хятад энгийн иргэд төдийгүй эдэмтэн судлаачид ч Монголыг түүхэндээ Хятадын нэг хэсэг байсан, геостратегийн байршлаасаа болж Хятад Орос хоёрын харилцаанаас гарсан түүхийн бүтээгдэхүүн гэж үздэг. Харин Монголчууд өөрсдийгөө түүхийн нугачаан дунд нэгэн үе мандан сэргэж, нэгэн үе бууран доройтож явсан өөрсдийн гэсэн агуу их түүхтэй ард түмэн гэж үздэг. Мэдээж үндэстэн бүр үндэстний талаарх онд ондоо ойлголттой, зарим орон үндэстний тухай ойлголтыг нэг улсад амьдарч, нэг улсын төлөө хүчин зүтгэж байгаа ард түмнийг хэлнэ гэдэг.
Миний бие энд Хятадын түүхч Яао Далигийн үзлийг иш татаж байна. Тэрээр хэлэхдээ “Монгол Хятадын хоорондын ялгааг “соёлоор ихэрхэх үзэл”-ээр тайлбарлаж болно. Үүний гол агуулгыг дараах байдлаар багцалж болох юм. Хуа ся буюу хойжмийн хань үндэстэн эртнээс нааш үзэхдээ Хуа ся соёл бол даяар нийтлэг соёл гэж байв. Хуа ся болон эргэн тойрны ард түмнүүдийн соёлын ялгаа нь өөр өөр соёлуудын хоорондох ялгаа биш, харин даяар нийтлэг иргэншлийн хөгжлийн өөр өөр үе шатны л ялгаа буюу иргэншилтэй, хагас иргэншилтэй, бүр иргэншилгүй байдлын ялгаа зөрүү юм гэдэг. Тэгвэл хань үндэстэн голлосон нийгэм яагаад түүхийн явцад олон удаа хойд зүгийн үндэстнүүдийн байгуулсан династигийн ноёрхолд байсан бэ гэдэгт хариулахад энэхүү соёлоор ихэрхэх үзлээр тайлбарлаж болох нь уг үзлийн давуу тал юм. “Тэнгэрийн доорх хятад” хэмээх үзэл нь өөрөө олон улсаар хэмжих тогтолцоо төрөн гарахыг хязгаарлаж байсан юм. Түүхэнд бутрал хагарлын үед нэг улс нөгөөгөө байлдан дагуулах, ноёрхох харилцааг, өөрөөр хэлбэл улс хоорондын харилцааг “Хятад”-ын дотоод нэгдэлийн төлөөх байлдан дагуулал хийгээд ноёрхолыг л гүйцэлдүүлж байна хэмээн хувиргаж ойлгож байв. Хань үндэстэн бусад улсыг байлдан дагуулах, ноёрхох түүхийг Хятадын дотоод нэгдлийн үйл явц хэмээх нь түүхийн ч өнөөгийн ч хань үндэстний хувьд хүлээж авахад харьцангуй хялбар ойлголт юм. Юань гүрэн Хятадын нэг династи байсантай маргах зүйлгүй. Гэхдээ Монголын эзэнт гүрний түүх Хятадын түүх хэмээн дүйцүүлж үзэх боломжгүй, Монголын эзэнт гүрэн бол өргөжин тэлсэн Хятад биш билээ”. Энэхүү түүхийн асуудлаар Хятадын эрдэмтэд мөн өөр хоорондоо ялгаатай байр суурьтай, үзэл бодлын зөрүүтэй байдаг, бүхэлдээ асар ээдрээтэй асуудал. Өнөөг хүртэл Хятадад Тэнгэрийн доорх Хятад хэмээх үзлээр түүхийг тайлбарладаг нь нэлээдгүй Монголчуудыг Хятадын талаар эргэлзэхэд хүргэж болгоомжлолыг төрүүлдэг юм.

Гуравт, “Хятадын аюул”-ын тухай үзэл хийгээд жижиг орны эмзэглэл. Энэ бол түүх ба одоо цагийн нөхцөл байдал харилцан огтолцож бий болсон асуудал юм. Өдгөө Монгол Хятад хоёр нийгэм соёлын салбарт хамтран ажиллаж, ард иргэд хоорондын харилцаа өдөр өдрөөр нэмэгдэж байгаа. Гэвч даяаршлын эрин үед том орнуудаас жижиг хөршүүдийнхээ нийгэм эдийн засагт гүнзгий нөлөөлөх болсон нь жижиг орнуудын санааг түгшээдэг болсон. Хятад Орос хоёр том гүрний дунд орших Монголын хувьд Оросын ойрх үеийн түүхэнд бүрдсэн “эзэнт гүрний уламжлал” болон Хятадын феодалын үеэс бүрэлдэн тогтсон “Хятадын дэг журам” нь Монгол хийгээд бүс нутгийн оронд Оросын сэргэлт, Хятадын өсөлт нь цаанаа сэтгэл түгшээж буй. АНУ-ын эрдэмтэн С.Ханитингтоны “Иргэншил хоорондын мөргөлдөөн, Шинэчлэгдэн буй дэлхийн дэг журам” номонд өгүүлсэнчлэн “Түүхэндээ хэд хэдэн бүс нутаг тойрог хүрээг хамарч ирсэн гэж Хятад өөрийгөө үздэг. Үүнд эхний хүрээнд Солонгос, Вьетнам, Лию Цю арлууд, зарим тохиолдолд Японыг багтаасан “Хятадын бүс”, дараагийн тойрогт аюулгүй байдлын шалтгаанаар заавал захирах ёстой манж нар, монголчууд, уйгар, түрэг, түвд зэрэг хятад биш угсаатныг багтаасан ... ... Орчин үеийн Хятадын иргэншил мөн иймэрхүү бүтэцтэй болж ирж байна ”. Үнэхээр ч ХХI зуунд Хятадын эрчимтэй өсөлтийг дагаад Монгол болоод бусад хөрш орнууд дахь Хятадын нөлөө өдрөөс өдөрт нэмэгдэж буй нь үнэн. Энэ Хятадын өсөлт нь Хятадын түүхийн хандлагад эмзэглэдэг Монголчуудад бүр ч болгоомжлол төрүүлж буй юм. Нэг талаар Хятадын эдийн засгийн хөгжил Монголд таатай боломж олгож буй, нөгөө талаар эдийн засгийн хувьд хэт хараат болчихвий гэсэн болгоомжлол бий. Гэвч энэ бол жижиг орны зайлах аргагүй зовлонгийн нэг гэдгийг ойлгож буй. Ингээд харахад Хятадын аюул үзэл Монголд газар авах магадлалтайн шалтгаан хоёр янзын болгоомжлолоос болж буй, нэг нь түүхэнд хандах өөр өөр хандлага нь Монголчуудыг Хятадаас болгоомжлоход хүргэж байна, хоёрт нь Хятадын өсөлт хийгээд жижиг орны эмзэглэл нийлсэн болгоомжлол юм.

Ийнхүү түүх ба одоо, соёл ба ижилсэлийн ээдрээт дэвсгэр дээр өнөөгийн Монгол Хятадын соёлын харилцаанд тулгамдаж буй асуудлын дүр зураг тодорч байна. Хоёр орны иргэд хоорондын харилцаа улам бүр нэмэгдэхийн хэрээр Хятад иргэдийн Монголын талаарх бодол, түүхийн сурах бичиг дэхь агуулга зэргийг илүү олон Монголчууд таньж мэдэх болно. Иймээс эрдэмтэн судлаачдын хүрээнд оршин буй асуудлын бодит үнэнийг хүлээн зөвшөөрч түүнийг шийдвэрлэх хамгийн зохистой арга замыг олж аль алиндаа ашигтай зарчмаар шийдвэрлэж нэгдмэл ойлголтод хүрч байж сая ард иргэд хоорондын эрүүл саруул харилцааг бодитойгоор хэрэгжүүлж чадах билээ.

[...]

ишлэл зүүлт:

http://www.academy.org.mn/mon/index.php?option=com_content&task=view&id=150&Itemid=129  Улс орон,олон улсын байгууллага, монголчуудын үнэлгээ

Фэн Ю-лань: “Хятадын философийн товч түүх” Улаанбаатар: Битсервис хэвлэлийн газар, 2005 он, 27-р тал

Baabar, History of Mongolia, UK Cambridge: The White Horse Press, 1999, p. 6.

[]巴瑞·布赞等主编,朱宁译:《新安全论》,杭州:浙江人民出版社,20032月版,第161页。

А.Тойнби "Түүх судлал" Улаанбаатар, 2007 он

姚大力:中国历史上的民族关系与国家认同,《中国学术》:2002 年第4 期,第200-201 页。

Самуэль П.Хантингтон “Иргэншил хоорондын мөргөлдөөн, Шинэчлэгдэн буй дэлхийн дэг журам”, Улаанбаатар 2005 он, Монсудар, 179-р тал

Thursday, 23 April 2009

Мөхөшгүй Найдварын Гал ном монгол хэл дээр


Манай Монголчууд АНУ-н 44 дэхь ерөнхийлөгч Барак Обамагийн талаар хангалттай сонссон бизээ. Тэгвэл түүний бичсэн Мөхөшгүй Найдварын Гал номыг хэсэг залуус эх хэл дээрээ хөрвүүлэн гаргасан байна.

Барак Обама бол Ардчилсан намаас нэр дэвших сунгаанд Хиллари Клинтонтой өрсөлдөн ялж, үүний дараагаар ерөнхийлөгчийн сонгуульд Жон МакКейн-тэй өрсөлдөн 2008 оны 11 дүгээр сарын 4-нд ард түмнийхээ хүсэл зоригийн илрэл болон сонгогдсон билээ.

Тэрээр 2009 оны 1 дүгээр сарын 20-нд тангараг өргөснөөр АНУ-н 44 дэхь ерөнхийлөгч болсон юм. Их гүрний анхны хар арьстан ерөнхийлөгч Барак Обама 2006 онд туурвисан энэхүү номондоо Америкийн болон дэлхийн улс төр, нийгэм, үндэстэн угсаатан, арьс өнгөний ялгаварал, хувь хүмүүсийн талаарх үзэл бодлоо дэлгэрэнгүй бичжээ.

Мөн өнгө, мөнгөний эрин үед хүн хүнээрээ байхын чухлыг, итгэл найдвараа алдахгүй, хүсэл эрмэлзлээ гээхгүй амьдрахын утга учрыг туулсан амьдралаараа нотлон өгүүлсэн байна. Мөрөөдөл дуусах газар амьдрал төгсдөг гэдэг. Америк мөрөөдлийг, америк итгэлийг биелүүлэх гэж буй энэ хүний үзэл санаа, дотоод сэтгэлтэй дотно танилцах боломж монголчууд та бидэнд нээгдлээ.

Мөхөшгүй Найдварын Гал номны нээлт 4 дүгээр сарын 27-ны өдрийн 13.00 цагт Улсын Төв Номын Санд болно. Нээлтийн үеэр номыг та 20% хямдралтай худалдаж авах боломжтой юм байна.

Tuesday, 23 December 2008

- өдөр

Юутай налгар өдөр вэ ... өнөөдөр дүүгийн төрсөн өдөр, 16 хүрч байх юм, том эр болж байна даа, анх өлгийтэй нялх байхад нь нэг удаа бид нар өрөөнийх нь хаалгыг хаагаад бүгдээрээ гал тогоондоо буу халаад нөгөөхөө таг мартчихсан, уйлаад байхад нь сонсохгүй зөндөө удаасан бололтой, гэнэт санаад хүүе хаая гээд гүйлдээд очсон чинь учиргүй гомдчихсон, инээж ч сураагүй жаахан амьтан байжийж өмөлзөж ирээд л бөөн бөөн нулимс бөмбөрүүлж байсан юмдаг, яасан ч хөөрхөн байгаав дээ ... арван тавны сар шиг гэрэлтсэн цагаан залуу ааяе, шөнө өлгийндөө нам унтана, өдөр нь сайхан ааштай, нялхын л зөөлөн хүүхэд дээ ... одоо тэгсэн чинь төрсөн өдрөөрөө үсээ ногооноор будна ч гэх шиг, гөсрий царайлж нүдний булай болноо, шарков + ногоон үс, хөлөндөө хөх жинс жийгээд, улаан цамц цээжээрээ углачихвал энэ хүүхэд радуга болох нь ээ кк, бас найз охинтойгоо тэмдэглэнэ гэчижээ, за айлын охин жирэмсэн болгож балрав гэчихсэн чинь "ёо аниаааа ...... юу яриад байгаан, юуууууууууууу гэжжжж тийм байдын" гээд л үхэх нь ээ бүр, хэхэ, би мэджий шөө гэлтэй биш за тэгвэл сайн байна л гэчихлээ. Ээж уг нь хэлэх ёстой байсын, гэтэл ичээд намайг чи аниа нь юм чинь хэлчих, аан хэлчихсэн үү ашгүй дээ гээд байгаам даа, ээжийн үеийнхэнд хүүхэдтэйгээ илэн далангүй бай гэж Сухомлинский заагаагүй юм байх даа. Хүүхэд байхад зурагтаар хүн үнсэлцвэл би мэтийн багачуул зориуд жорлон явах, худлаа ам цангаж цай эргүүлэх мэтийн үйлдэл хийдэг байлаа шд, одоо гэтэл эсрэгээр дэлгэцээр киноны эротик кадр явангуут ээж илт бантаад л, арай л нүдээ дарах нь холгүй болж байхад бидний хэдэн үр хүүхэд нь тв-гээ тас ширтээстэй, цаг эргэнээ гэж зүгээр ч юм уу гсн.

Өглөө ажил дээр ирээд жаахан юм хийчихэе гэсэн чинь толгой заадсаараа задрах нь ээ, сүүлийн 60 гаран цаг тасралтгүй өвдөж байна, новш гэж, яачихсан юм бол доо, шилэн бүрээ үлээлгүй өчнөөн удаж байгаа юмсан, ингэж байхаар ухаан алдаад уначаасай... ажил хийхээр айхтар янгинаж өвдөнө, блог бичихээр арай гайгүй лугшиж өвдөнө, юу яавал бүр зүгээр болчдым болуу ... гээд тариа хийлгэж байгаа хө.

янгинуур

г... сэтгэлээс уяатай
гүнзгий зүрхний амраг минь ээ

эхний үг нь няд, чихэнд нэг ийм дуу ороод байх юм, аманд ороод ирээгүй нь их юм, ч гэж дээ үг нь хагас, ая нь бас хагас юм чинь яаж ч орж ирэх билээ дээ, ер нь энэ толгой дотор юм юм ингээд нэг хагас хугас дутуу гачуу, мэддэг юмгүй мэдэхгүй юмгүй... Ойрд тархи ангалзаж өвдөөд, толгойноос болоод бие юм л бол энд тэнд тарж унаад, байрлал олдвол унтчих гээд ...
ай даа мөн хүйтэн байна шүү, хавар болоосой, ес өчдөрөөс эхэлчихдэг, гэтэл юун өвлийн күүл агаар, угаарнаас болж унах вий нэг. Намайг дамжлаад хотын гадагш цэвэр агаарт гаргаад шидчих хүн дүрстэн байхгүй л биддээ гэж мэж үглэх юмсан сонсдог хүмүүстэй байсан бол ...

толгой таллаж янгинаад л ... үс арзайгаад, бие зарайгаад, арван хуруу сарвайгаад, ажил хийнэ ч гэж дээ ... пи си-гээ дэрлээд үхэх юмсан.

Sunday, 14 December 2008

Мөхөшгүй найдварын гал




Энэ зурганд дэлхий гэмээр бөмбөрцөг дээр хөлөө нугалаад атиралдан суусан бүсгүй дүрслэгджээ, салбархай хувцастай, нүд нь боолттой, гартаа эртний грекийн чавхдаст хөгжим барьсан агаад тэрэнд нь ердөө ганцхан утас л үлдсэн ... бүсгүй толгой гудайн бүх л бие сэтгэлээрээ сүүлчийн ганц утасныхаа хөг эгшгийг сонсох гэж мэрийх мэт. Найдаад байх юм юу ч үлдээгээгүй атлаа энэ зургийн нэр - “Найдвар”.

Хүмүүс зургийг хараад янз бүрээр сэтгэлдээ ургуулах байх. Энэ зургаас сэдэвлэн өөрийн бичсэн номоо “Мөхөшгүй найдварын гал” хэмээн нэрлэсэн америкийн анхны өнгөт арьст ерөнхийлөгч Барак Обама зургийг анх хараад нулимс дуслуулан сэтгэл хөдөлж байсан тухай дурдатгал байдаг.

Итгэл найдвар биднийг хаа ч хөтөлж аваачих увидастайн учир хүн гэгч амьтан амьдралынхаа эцсийн ганц утсыг ч эгшиглүүлэн чагнах гэж тэмүүлдэг байх ... бидний эгэл жирийн өдрүүд мөхөшгүй найдвараар цэнэглэгдэж, итгэлийн галаар дулаацдаггүйсэн бол унаж сөхрөх, унтарч бөхөх бүрдээ юуг түшиж өндийн сэргэх байсан бол оо ...


Удахгүй монголчууд бидэнд хүрэх “Мөхөшгүй найдварын гал” номын талаар холбоотой мэдээллүүд:

http://dulguun.blogspot.com/2008/12/blog-post.html

http://otgonpurew.blogspot.com/2008/12/blog-post.html

Tuesday, 9 December 2008

орчуулга 2: монгол эмэгтэйн хэллэг :b

Өчдөрийн постыг зарим нөхөд гадагад хүмүүсийн хэллэг байна гэжийнэ, иймээс монгол эмэгтэйн хувиар монгол эмэгтэйн үг хэллэгийг тайлахыг оролдов. Ийгээд харсан сонссон дээрээ үндэслээд:

хайртай шүү = хайртай шүү ...

чи минь цайгаа уу = ядрах вий дээ, хайрлах юмаа

дааруузай, өлсүүзэй = зутарч зүдрэх вий дээ, хайрлах юмаа

болгоомжтой яваарай = бэртэж гэмтэх вий дээ, хайрлах юмаа

за за цаашаа унт = ядарч байгаа биз дээ зайлуул, өдөржин ажиллаад

шинэ жүжиг гарсан байналэй = намайг урьсан бай даа

эртхэн ирээрэй = их л санах юм даа

пөөх маруужин = би нь туржаагаа л даа, гэхдээ ганцханыг идчихье за?

хо Брэт Питтийг хар аа = ёо чиний наад гэдэс ... сунаад газраар чирэх нь ээ. эсүл, хм жаахан таргалж булчин шөрмөс суухын заяа байдгүйм байх даа

ура чөлөөт цаг = ажил бүтэмжтэй болсон, чиний цалин ч буучлаа, гоё гоё, хамт пландана даа

чи үнэхээр тийм их ажилтай байгаа юмуу? = за байз, энэ чинь арай ... юу нөгөө ... за за юу гэж тийм муухай юм байхав, ямар хачин юм бодчихов оо би чинь

биеэ бодоорой = наддаа ганцхан даа чи минь
гэх мэт байх ...

За эрчүүдийхийг ёстой бөө мэд, мэддэгүүд бичээрэй ;)

Monday, 8 December 2008

орчуулга :b

Эмэгтэйчүүд, охидын хэлийг тайлж унших нь

Болохгүй = болно

Болно = болохгүй
Магадгүй = болохгүй
Чи минь харилцаан дээрээ суралцах хэрэгтэй = миний саналыг чи заавал зөвшөөрөх ёстой
Уучлаарай = чи уучлах л болно доо
Чи надаа хэр их хайртайн? = ингээд чи надад уураа гаргаж чадахгүй боллоо
Бидэнд ※※хэрэгтэй байна = Надад ※※–ийг авч өг!
Үүнийг чи минь шийдэж дээ = би аль хэдийнэ шийдчихсэн, намайг дага!
Дураараа л бол, надад хамаагүй = чи тэгээд үзээрэй!
Бид ярилцах хэрэгтэй байна = миний үглэхийг сонс!
За, за, чи өөрийнхөө юмыг үргэлжлүүлж хий = хийгээд үзээрэй! ! !
Чи үнэхээр эр хүн шиг юмаа = хурдан явж сахлаа хус, усанд ор
Гэрлээ унтраасан нь арай илүү романтик бишүү = би жаахан царай муутай
Энэ гал тогооны өрөө их хэцүү юм = би шинэ байр авмаар байна
Шинэ хөшиг авах хэрэгтэй болж дээ = шинэ хөшиг, шинэ хивс, ханын обой, гэрийн тавилга бла бла ...
Чи надад хайртай юу = сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай, би нэг том юм авах хэрэгтэй байна
Одоо ганц хоёрхон минут болоод боллоо = чи ер нь явж нэг цаг TV үзсэн чинь дээр байхдаа

Эрэгтэйчүүд, хөвгүүдийн хэл


Би өлсөж байна = Би өлсөж байна
Би залхаж байна = Би залхаж байна
Би ядарч байна = Би ядарч байна
Өнөөдөр хамт явж кино үзэх үү = дараа нь бид тэгж болно биз дээ
Өнөөдөр хамт явж хоолонд орох уу = дараа нь бид тэгж болно биз дээ
Өнөөдөр хамт явж дискодох уу = дараа нь бид тэгж болно биз дээ
Чиний утасны дугаарыг чинь мэдэж болох уу = тун удахгүй бид тэгж болно биз дээ
Чиний энэ хувцаслалт их дажгүй харагдаж байна = нэвт гэрэлтээд гоё байна
Чи жаахан ядарсан юм шиг байна, би массаж хийж өгье = нэг сайн гэгч нь илж авъя
Би чамд хайртай = одоо бид тэгж болно биз дээ
Би ч гэсэн чамд хайртай = одоо бид тэгж болно биз дээ
Хамт жаахан сууж ярилцъя = эхлээд толгойг чинь эргүүлж байгаад дараа нь харин чамтай тэгнэ

Нэгэн найзынхаа орчуулгыг толилууллаа, эфирт уншсан Ига :D

Sunday, 7 December 2008

Хоол vs Нойр

Уруудахад унтах идэх, өөдлөхөд санах сэдэх (ардын үгнээс)

Би жишээ нь унтах ба идэхийн нэгийг гарамгай хийдгийн ачаар уруудсан юмгүй, өөдөлсөн гавъяагүй тэгсгээд дундуурхан салгалаад яваад байх шиг байн. Үсээ зулгаасан их ажилтай байсан ч өнжин хонон унтаж байж л энергиэ нөхөхөөс биш, хооллож ундлаад, хошигнож баясаад, сэрэлтэж сэдэлтээд ч сэргэнээ нэг байхгүй шд. Муу хүний заяа завагт (энэ заваг гуайтай уулзаж талархаж явдагаа дуулгах юмсан) гэгчээр хоол идэхгүй байлаа гээд харин ч нэг торохгүй гэжугаа, ходоод хоосон тусам тархи толгой бие хаа хөнгөрөөд сайхан болохгүй ч гэлээ юутай ч нойргүй удсанаас болж сүнс сүгд хувилж, хүний яриа байтугай ямар ч дисконы ая сонсогдохоо больдог янзан бүрийн хувирлууд хоолгүй байснаар илрэн гарахгүй ээ. Нойроо л сайн авч байвал усанд янзүрийн юм хольж найруулж (спирт ч байсан болно :P), шингэн цутгаад хэд л бол хэд хонож орхихдоо огт зүдрэхгүй, ядаж л харвин өөхнөөс минь хэдэн грамм хасагдаж байгаа гэх баясалтай.
Ийн бодохоор уух идэхээсээ ч урдуур тавьдаг нойр минь надтай нэн эртний ерөөлтэйдэг ээ. Хаа явсан газраа шүлсээ гоожууланхан, нүүрээ нидрүүлдэнхэн, номын сангийн ширээн дээр, такси метроны сандал дээр, баарны багана түшинхэн, бакь залууг тэврэнхэн хэмээн зүүдлэнхэн ... Орчин нөхцөл голох тэнхэлгүй болсон би бээр нүдийг минь тэвхэдсэн ч нам унтаж тас үсэрдэг нэгэн бөлгөө. Нойронд сэргэг номонд мэргэн гэдэг ардын ухаант үгийг бодох бүрийд энэ мэт унтаахай адгийн зуршлаа орхиж хүмүүжихээр шийддэг боловч боловч боловч аВЧэ ... ... уг нь би тэмцээгүй биш шд, тэмцэхийн цаагуур тэмцэхийг хүссээн, тэгээд жаахан көдөлмөрлөсөөн, гэВЧэ ... нойр бидэн хоёрын эртний ерөөл күчтэйвшшшш


Тэгтэл зарим найзууд нойрыг жийх шиг болох юм ... нойронд сэргэг номонд мэргэн гэдэг ёстой тэд л байх. Муусайн юмнууд хэдэн хоногоор нойргүй байжийж улам гялтганаад гүйгээд байхыг нь юу гээ, зэвүүн царайлчаад. Хэрэв би тэднийг дагаж намирвал аль хэдийнэ хагас мэдрэл галзуу амьтан болчих байсан, гэхдээ тэгж амжилгүй тас унтчихдаг нь тэдний ч юм уу миний ч юм уу аз ч юм уу юу ч юм уу... Харин нэгэн зүйлийг баясгалантайгаар зарлахад нойр даадаг гарууд өл даана гэж ёстой няд шд, болж муу далжгарууд гсн. Жоохон л өлсөөд ирэхээрээ уур ундууц нь буцлаад хавийн юмс бүрэлзээд, хоёр чих нь шуугиад, өөрсдийнх нь хэлдэгээр хялайж ойчдог шиг байгаан, би ч юугаа мэдэхэв :P


Ямарч байсан би унтдаг төрлийн хүн бөгөөд иддэг нь биш, харин иддэг төрлийн “адгуус”-нууд яаж ийгээд унтдаггүй үнэгнүүд байдаг бололтой...

Monday, 20 October 2008

Нүүх үү үлдэх үү гэдэг шиг ;D

Балар эрт цагт хүн нүцгэн цэлдэн гүйж, даарвал арьс эгэлдэргэлэсэн зэрлэг байснаа хот сүндэрлүүлээд, хотынхоо нэг байшинд буйдан дээр бохь зажлангаа ТВ үздэг “соёлжсон” хүн болно гэдэг лаг шүү тэ, тэ тэ ... тийн.

Эртээд Арнольд Тойнби түүхчийн “Түүх судлал”-ыг хэд хоног тэвэрч гүйгээд гэгээрэн алдав шд, мань мэт шиг царцанги нөхдүүд бол хэсэгтээ л баясах ажилтай болж байгаа юм чинь. За Тойнби түүхчийн далбаан доор хальт намиръя гээд томорчихоё :D

Эрт баларын зэрлэг хүмүүс байгаль, орчны нөлөөллийн улмаас зарим нь нүүж зарим нь сууж амьдарцгаан, нэг хэсэг нь малчин болж, бас нэг хэсэг нь тариачин болсон шиг байна л даа. Эртний иргэншлүүдийг харахад голдуу том гол мөрний ай савуудаар үүссэн гэх, Инд мөрний дагуу Энэтхэг, Тигр, Ефрат дагуу Шүмер, Нил мөрний дагуу Египет, Хөх мөрөнд Хятадын гээд л. Эндээс байгалийн таатай нөхцөл хүмүүсийг иргэншил үүсгэхэд нөлөөлжээ гэж батлах ... гэтэл эсрэгээр эдгээр газар нь хахир хатуу ширүүн нөхцөлтэй байж таарсан (Тигр, Ефрат, Нил мөрний орчим дахь цөл газрыг хүн үржил шимт хөрс болгон хувиргасан гэх мэт) бөгөөд голын ай савгүй, бусад хахир хөтүү орчинд ч иргэншил үүсч байсан аж. Ингэхээр байгалийн таатай таагүй хүчин зүйлүүд иргэншил үүсгэх цор ганц үүсвэр биш болж таарав уу.

Байгалийн хатуу ширүүн өдөлтөд хариу үзүүлэх хүний хүчин зүйлийг анзаарая. Хүмүүс байгалийн янз бүрийн өдөлтөд үхэж үрэгдээд дуусах биш даван туулж, бүтээлч хандаж чадсан нөхцөлд соёл иргэншил үүсч байжээ. Байгалийг давсанаар иргэншиж байсны нотолгоо нь мөнөөх бүтээлч байдал (оюуны ба эдийн талаар). Суурин соёл иргэншлийн хувьд юу л байна бүтээлч хандлагын нотолгоо бий, ярих юмгүй. Нүүдэлчдийн хувьд нотолгоо нь суурин хүмүүсийнхээс цөөхөн...

Бүтээлч чанарын хувьд малчин хүн мал адгуулж, малдаа тэжээл бэлдэх, малаас гаргасан сүү цагаагаа боловсруулах, арьс ширийг хувцас болгон өөрчлөх гэх мэтээр үйлдвэрлэгч байсан уг нь. Гэхдээ байгалийн нөлөөллийг даван туулах нүүдэлчдийн арга нь сөрж гарах гэхээсээ илүү дасан зохицож, орчны хахир ширүүнээс нүүдэллэн холдох замаар байгальтай зохирдог байсан онцлогтой бөгөөд энэхүү нүүдлийн хэв маяг нь хээр талын нүүдэлчдээс эрэмгий, шалмаг, маневрлаг, идэвхитэй чанарыг шаарддаг байж. Байгалийн ямарваа өдөлт учирахад хамаг юмаа аваад нүүчихдэг тэд суурин хүмүүсийг бодвол ингэж байгальтай зоримог атлаа эвтэйхэн зохицож сурчээ. Гэвч энэ л шалтгаанаар нүүдэлчдийн бүтээлч байдал, залгамж чанар суурин хүмүүсийнхээс дутмаг байсан аж, хэдий өөрөө өөртөө үйлдвэрлэгч гэх мэтээр идэвхитэй, зоримог байсан боловч.

Эрэмгий, шалмаг, шинэ нөхцөлд зохицомтгой нүүдэлчид уухайлан очиж, царцанги болсон суурин иргэншилд үе үе гадны өдөлт болон хүрч цочроон, өлхөн байлдан эзэлж байсан хэдий ч өнөөх байлдан дагууллаа хадгалан бататгах залгамж чанар дутмаг байсны улмаас эцэстээ өөрсдөө задран бутрах юмуу уусан шингэх маягаар л эзлэлт нь төгсдөг байжээ.

Нэг иймэрхүү ...

Хэрэв үнэхээр байгалийн өдөөлтөд үзүүлэх хүний хариу үйлдлээс соёл иргэншил үүсэж, амьдралын хэв маяг тогтдог гэвэл хүний хариу үйлдэл өөрчлөгдвөл хэв маяг болоод бусад зүйлс нь дагаад өөрчлөгдөх биз. Нүүдлийн ба суурин хэв маяг өнө удаанаар хүмүүсийн соёл, зан байдалд нөлөөлж ирсэн юм бол одоо ч ялгаагүй ... монголчууд хичнээн зууны нүүдлийн амьдралаа орхиж суурьшмал байдалруу ид шилжиж байна. Монголчуудын энэ шилжилт одоо дэлхий даяар өрнөж байгаа хотжилтоос ялгаатай, угаасаа суурин байдаг тосгоноос хотруу нүүн ирж харъятаа солиулах төдий хэрэг биш. Биднүүс дөрвөн уулын дунд бөөгнөрөөд л хотшиж чадах хүмүүс бус бололтой, бүх хэв маяг ул сууриараа өөрчлөгдөж байна, магад зан суртахуун, сэтгэхүй, үзэл төлөвшил орвонгоороо өөр болох нь. Судлаач Ганхуяг хэлсэн байлуу даа, яг одоо монголын нийгэмд суурин ба нүүдлийн хосолмол шинж зэрэгцэн оршиж байна, цаашид суурин хэв маяг зонхилно гээд. Энийг нийгмийн хүчин зүйлийн өдөөлт гэвэл бид ямар хариу үйлдэл хийж даван туулж яваа бол? Монголчуудад тэртэй тэргүй ирж буй энэ сорилтыг сайн эсвэл муу гэх нь шаал дэмий ...