Saturday, 3 March 2007

аниргүй ертөнц

Байна уу ... байна уу ................ харь этгээд минь сонсож байна уу, би чамтай хамт явж болох уу ... аниргүй ногоон ерөнцийг зүүдэндээ л дүрсэлдэг ... тэнд зүлэг навч нь нилэнхүй цагаан өнгөтэй байдаг нь үнэн үү, цэнгэг ус нь тунгалаг улаан өнгөөр урсдаг уу, хүмүүс нь амгүй, бас хөлгүй болохоор ярьдаггүй, бас нисдэг үү, нэг нэгнийхээ тухай зэрвэс хараад л нэвт мэддэг болохоор хуурамч инээд, ховын шивнээ, хөлстэй алга, хүйтэн чинжаал лав байдаггүй байх даа, хоромхон зуурын настай болохоор та нар хоногоор биш мөч агшин бүрээр амьдралыг хайрладаг уу, амьдрал гэдгийг гэхдээ амьдрал гэж нэрлэдэг болов уу, амьдралыг эсвэл үхэл гэж нэрлэдэг үү, өөрсдийн чинь ертөнцөөс явж байгаа нэгнээ амьдралруу талийлаа хэмээн харамсан гашууддаг уу, аль эсвэл би та нарыг дэндүү басамжилж орхив уу, харамсан гашуудахын учир шалтгааныг та нар мэддэг болохоор хэтийн цаадахыг хардаг болохоор зовлон гуниг гэдгийг төсөөлдөггүй байх даа, цэлмэг оюунд тань ямар мэдрэмж оршдог бол ... амраг хосууд нь биесээ энхрийлэн таалах нь сонихон байх даа, эрэмдэг муухай бүсгүй гэж мэддэггүй, уран сийлбэр шиг залуу гэж боддоггүй, эрх ямба, эд хөрөнгө, ялих шалихгүй, болох, болохгүйн хүлээсэнд баглуулдаггүй, уудам орон зайд дүүлэн нисдэг шигээ хязгааргүй цэнхэр сэтгэлээр ив ижилхэн даль жигүүр оёод, цав цагаан навчтай болор тунгалаг цэцгийг бие биедээ бэлэглэж улбар туяа сацруулан огторгуйд зугаалдаг байх даа.

Хүмүүсийн тухай та нар мэддэг болов уу, адилхан ухаан заяасан байтал тэнэглэл нь дуусашгүй мунхаглал нь ёроолгүй байгаад гайхдаг уу, нэгэнтээ бид бас ийм явсан гээд хөнгөн шүүрс алддаг байх даа, хэзээ нэгэн цагт бид бас та нар шиг болж чадах уу, тэгээд хамтдаа зэрэгцэн амьдарсаар байх болов уу, биш ээ ... үхсээр байх болов уу ... ?

Friday, 2 March 2007

Шинэчлэл гэж ...

Хятадын алдарт эдийн засагч Ү Зинлень саяхан 3 сарын 1-нд ярилцлага өгч, хятадын шинэчлэлтэд чухлын дотроос чухам чухал нь Засгийн газар өөрөө шинэчлэгдэх болой гэж айлджээ. Нөөц хуваарилалт, үнийн бүрэлдэлт зэрэгт засаг захиргааныхан оролцохгүй байж зах зээлийн голдиролд саад болохгүй байх хэрэгтэй гэж сануулж. Гэхдээ энэ нь мэдээж ялзарсан Засгийн газар орвонгоороо эргээд “шинэ цэвэрхэн” хүмүүсийг тавих хэрэгтэй гэх мэт хөөрөлтэй санаа огт биш, ердөө л Засгийн газар нь зах зээлийн жам ёсны голдиролд хуулийн талаас баталгаа бий болгож, эрүүл саруул үйл ажиллагааны талбар бүрдүүлж өгөх үүргээ гүйцэтгэхүйц тийм байдлаар шинэчлэгдэх хэрэгтэй гэжээ. Хятадууд орон нутгийн зах зээлээс бүх хятадын зах зээлрүү өргөжин, улмаар хятадын зах зээлээс дэлхийн зах зээлрүү тэлж гарч ирээд байхад засаг захиргааныхныг хуулиар эрх хэмжээг нь сайтар хязгаарлаж хянаж байхгүй бол нүсэр нүсэр авилгалд идэгдээд хамаг л дэг журам, хэвийн үйл ажиллагааг нурааж баларна гэдгийг эдийн засгийнхан ч, улс төрийнхөн нь ч хаа хаанаа учиргүй ухамсарлаж байгаа болохоор энэ мэт ил цагаан ярьцгаагаад байгаа бололтой.

Жил бүрийн хавар хуралддаг “хоёр хурал”-ын өмнө том эдийн засагч нь Засгийн газрын шинэчлэлийн талаар ярилцлага өгч байгаа нь харьцангуй нээлттэй байгаагийн шинж юм боловуу. Ер нь гэхдээ хятадад эдийн засгийн салбарынхан харьцангуй либерал ардчилсан байр суурьтай байдаг юм шиг байгаан, зүгээр ойрын жишээ гэхэд эндэхийн сургуулийн эдийн засгийн мэргэжлийн оюутан, улс төр социологийн салбарын оюутан хоёрын сэтгэж ярьж байгаа нь нэлээд ялгаатай, нэг нь намаар яадын ухааны юм хэлж байхад нөгөө нь социализм болбаас гээд унана. Аргагүй л дээ багш нар нь бас өөр өөр юм чинь, эдийн засгийн хичээл дээр сууж байхад аймаар аймаар экономикс онол ярьж байснаа эцэст нь энэ бүхэнд Засгийн газар саад болж байна гээд хичээл дуусдаг юм чин, улс төр нийгмийнхэн болохоор асар утоп царайтай гарууд эв хамт намын тунхагийг зузаан линзээрээ цоргиж цоолтол уншаад байжийдийн.
Эндэхийн нэг эдийн засгийн мундаг багш Хуа Мин гэж нөхөр эртээд хятадын Caijing diyi гээд санхүүгийн хамгийн том ТВ сувгаар хятад энэтхэгийн хөгжлийг харьцуулж ярьж байсан. Дэлхийд хамгийн олон хүн амтай, хоюул өндийж буй азийн орон гээд ижил төстэй зүйл ихтэй энэ хоёр орны хувьд эдийн засгийн хөгжлийн тушаа нь юу вэ гэсэн Энэтхэгүүдийн хувьд гол тушаа нь кастын системдээ, хувь тавиланг өөрчилж болшгүй гэх хүн ардын сэтгэхүйндээ байна, харин хятадуудын хөл гарын тушаа нь Засгийн гарын ялзрал байна гээд ярьж гарсан даа.
-
Шинэчлэл гээшийг манайхан л хэрэгжүүлж амьдармаар юм. Улс төрчдийн үгийг сонингууд шүүрч авах учиргүй дуртай. Биш. Судлаачдынхаа үгийг сонсъё, тэдний үгийг тэргүүн нүүрний толгой мэдээ болгож, доод талд нь харин тэр судалгаан дээр тулгуурлаж ямар арга хэмжээ авах гээд байгаа талаар улс төрчингүүдийн бодлогыг зэрэгцүүлж тавиад ард иргэд нь хараад уншаад мэдээд ... гээд мөрөөдөөд байхгүй юу (мөрөөдөх гоё байлөө). АНУ-д бол жил бүрийн сенатын сонсгол хурал дээр эрдэмтэд нь алдарт санаануудаа хэлдэг, нөгөөдүүл нь чих тавин сонсдог, хэрэгжүүлдэг. Судлаачид нь хамгийн нэр хүндтэй хүмүүс байж, чухал газруудад алтан санаануудаа хүртээж суудаг. Тэд цалингаа залгуулж ядан гол зогоож амь зуудаггүй, дуртай ажлаасаа холдож чадахгүйдээ гундуухан царайтай, жиндүүхэн алхдаггүй...