Tuesday 30 May 2006

Намрын дунд сар

☆ 2006-May-30
Зураач Ч.Хүрэлбаатарын "Намрын дунд сарын арван долоон" (1996 он) зургийг энд залмаар санагдлаа.


Сүүдэрт орчлонгийн найранд сүүлдэсхийгээд ирээ юү
Сүй болзоогүй амраг бусдынх болсон байлаа
Бодол хөглөх насанд гуниг тээсэн хайр минь
Босгож барьсан гэрийн тань босгонд бүдрээд буцлаа ...

Хавар зуны заагаар намрыг гэнэт санагалзав. Зураг шүлэг хослох гэдэг нь дуу шиг ээ.

Сэтгэгдэл (24) :: Сэтгэгдэл vлдээх! :: Холбоос

Thursday 18 May 2006

НИЙТЛЭЛИЙН МӨРӨӨР ХАДУУРАХ

☆ 2006-May-18

өнөөдөр оллоо.мн дээр ийм нийтлэл гарч.
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=26174&catid=3

Д.Баярхүүгийн нийтлэлд бичсэнээр монголчуудын өөдлөхгүй байгаа нь цаанаа иргэншлийн уналттай холбоотой гэсэн байна. С.Хантингтоны иргэншил хоорондын мөргөлдөөний онолоор бол ийм дүгнэлтэд хүрэхээс аргагүй. Иргэншил гэдэг томъёололыг анх францчууд сэдэж, суурьшмал, хотжисон, гэгээрсэн байдлаар нь иргэшсэн эсэхийг хэмжих болж л дээ. Мэдээж энэ шалгуурт нүүдэлчин монголчууд навс уналаа. Иргэншсэн гэж өөрсдийгөө үзэж байгаа хүмүүсийн өмнө бид ердөө л варварууд. Монголын хэдэн мянган жилийн түүхт нүүдлийн сайхан иргэншил энэ байна гэх гэтэл хэмжүүрт нь огт авцалдахгүй, дээрээс нь өчнөөн жил өөдөлж өгөхгүй өөдгүй царайтай байгаа нь амьдрал дээрх нотолгоо болж орхино. Дээрх нийтлэлд уншигчдын хандлага ихэнхдээ бухимдлын шинжтэй, аргагүй л дээ, хэн л өөрийгөө бүдүүлэг, мунхаг, мөхөж сөнөж яваа гэж цоллуулахыг хүсэхэв. Гэхдээ энэ чинь гадны ертөнц бидэнд өгсөн дүгнэлтийн нэг хэсэг гэдгийг ойлгохыг хүсэхгүй байна нь харамсалтай, Монголчууд хүчтэй тэнхээтэй байвал нөгөө түүх иргэншил судлаачид нь "нүүдлийн иргэншил" гэж яриад бичээд байх байсан л биз. Бусдаар хүлээн зөвшөөрүүлэх гэгч юутай хэцүү.
За яахав варварууд үүрд варвар байхгүй гэдгийг барууыхан өөрсдөө нотолсон. Хятад Тайвань, АНУ ... хөгжил хүрсэн хүрч яваа орнуудын нийтлэг хандлага байна аа. Шинэчлэлийг ХАА-аас эхэлж, хөнгөн үйлдвэрээр залгаад хүнд үйлдвэрлүү шилжсэн байна голдуу. Манай ХАА гэж юу билээ, хүн амаасаа хэдэн арав дахин олон малтай байж гол хүнс мах нь импортын бараанаас үнэтэй наасан. Хаана байгаа эрэлт нийлүүлэлтийн зах зээл, чөлөөт худалдаа вэ. Хөнгөн үйлдвэрийн тухайд хэлээд байх үг алга, АПУ-аар "бахархажийа." Алт зэсэнд дулдуйдсан хүнд үйлдвэрийн сураг гэсэн бөөн хэрүүл. Наад захаас л ийм байна. Гүнзгийрсэн судалгаа хийсэн хүн эмнэлэгт хэвтэх нь холгүй. За за бухимдал халдвартай, ийгээд зогсъё.

Эцсийн эцэст хөгжилгүй учраас л иргэншилгүй гэж хэлүүлээд байна гэх гээд байна л даа. Хөгжсөн учраас өнөөдөр Япон орон Хятадаас ангид иргэншлийн загвартай гэгдээд хүлээн зөвшөөрөгдөөд явж байна. "Иргэншил"-гүй байгаа нь хөгжих эсэхийн тодорхойлолт болно гэж бодомгүй, хэзээ ч варвар байж үзээгүй улс үндэстэн бий гэж үү, цаг хугацааны л асуудал юмуу даа ...


Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл vлдээх! :: Холбоос

Saturday 13 May 2006

ДАЛАЙH АМРАГЛАЛ

☆ 2006-May-13

Далайн хүүгих салхи хүчирхэг эрийн чичирсэн сэтгэл шиг хүрч алдан зөөлөн нөмрөхүйд үсээ задгайлан бодлоо гулсуулж хэсэгхэн хором нэвчин шингэн уусахдаа битүүхэн дуу алдалт мэт жигд түрлэгийг нь чунаглан сонсоод амирлангуйн их ертөнцөд автан анисхийлээ ...
Эрхэмсэг далай чамд бодлоон живүүлье.


Сэтгэгдэл (67) :: Сэтгэгдэл vлдээх! :: Холбоос

Thursday 11 May 2006

Нанжин \аялал 2\

☆ 2006-May-11

Үдийн алдад тосгоноос хөдөлж замын чийчаанд гар өргөн суугаад Нанжин хотруу тас индүүдсэн замаар 2 цаг нам унтаж хүрэв. Нанжин хот түүх ихтэй, хэд хэдэн династийн үед нийслэл болж байсан гэж байгаа. Мин улсыг байгуулсан Жү Юаньжан гэгч тариачины амьдралаас хаан ширээ хүртэл заларсан зайтай эрийн бунхан, дурсгалын газраар орохгүй бол аялагч биш болчих гээд. Моголын эзэнт гүрний үргэлжлэл Юань улсын отгон хаан Тогоонтөмөрийг үлдэн гаргуутаа (1368 он) Дадү (Бээжин)-гаас нийслэлээ Нанжинруу шилжүүлж, хятадуудын хувьд том гавъяа байгуулсан тэр хаан бунхан дахь зурагаараа бол туйлын царай муут нэгэн байжээ гэсс . Ер нь хүн хэрэгцээгээрээ хардаг гэж байгаа.

Харин 20-р зууны эхээр Манжийн ноёрхолыг унагаж Дундад иргэн улсыг байгуулсан анхны ерөнхийлөгч Сун Ятсэн нь Засгийн газраа мөн л Нанжинд байгуулсан ба хэдэн мянган жилийн түүхт пяадалын дарлалыг халж, Бүгд найрамдах засаг тогтоож тунхагласан“Ардын гурван зарчим”гэгчээ энд зарласаныг нотолсон чулуун дээрх сийлбэр нь Сун Ятсэний бунханд бий.

Заавал Нанжинг хятадууд нийслэлээрээ сонгодог байсан нь зүгээр нэг хэрэг биш бололтой . Хөх мөрний сав газарт байрлалтай, жинхэнэ хань үндэстэний соёлын өлгий нутаг, газарзүйн хувьд өмнөд ба хойд хэсгийн уулзвар гэх мэт.

Нанжингийн хувьд бас нэг дурдах газар бол “Нанжингийн их аллагын музей”. 37 онд Японууд Хятадруу цөмрөн Нанжинд ирж хоёр сарын дотор 300000 мянган хүнийг хүйс тэмтэрч орхисон аймшигт аллагыг фотогоор баримтжуулсаныг дэлгэн харуулсан музей бий. Товчхон хэлэхэд хүн бол адгууснаас долоон дээр гэдэг бол шууд худлаа. Нинжин сэтгэл, ёс суртахуун гэх мэт хүний талаарх олигтой бодлоо орхих хэрэгтэй гэдэг сэтгэгдэл тэнд төрнө. Япон нь хятадын гэдсийг хүүлнэ үү, хятад нь японыг сийчиж хаяна уу гэдэг нь чухал бус, тийм үзээрийн нөхцөлд ямарч хүнээс айсандаа чөтгөр ч зугатаж алга болно. Хамгийн зарс хийсэн зураг - жирэмсэн эмэгтэйн урагийг хагалаад цээжин дээр нь гаргаад тавьсаныг хэдэн хүн хараад зогсож байх ... Тэр аллагыг Японууд өөрсдөө дурсахаас ч айдаг биз.
Музей үзэж буй хүмүүс дотор нэг хятад эмэгтэй 6 орчим насны хүүхдээ дагуулаад үзэж явах юм. Зураг бүрийг хичээнгүйлэн тайлбалаж өгч явахдаа хүүхэддээ санаа тавьж, хүмүүжүүлж байна гэж итгэж байгаа бололтой. Харж тэсэшгүй зургуудыг тэр бяцхан тархи яаж буулгаж байгаа бол гэхээс хэлэх ч үг олдомгүй. За энэ эвгүй сэдвийг бушуу орхиё.

Нанжинд 30-аад монгол оюутан сурдаг байх шүү, бүгдээрээ онц сурдаг. Уул модоор хучигдсан Нанжин ... гудамж цэцэрлэг, сарнайн бут, зөөлөн салхи, намуун үдэш нь хальт армаантиклуулах гэдэг байгаа, гэндэхгүйн тулд пяав ууж онигоо ярив шд. Нанжинд ирээд овоо хэдэн сар болоод намайг бодвол нутгийн индиан болчихсон найз маань мэлхийн махаар дайлж байна, загас тахиа хоёрын дундах амт, даж л юм.
Тэндээсээ аялалын үнэнч андтайгаа хөтлөлцөж аваад Вэнжоу хотруу гараад шидчихвэй. 17 цаг вагонд түчигнэх урт аянаас бэрхшээхгүйн тулд найз маань "зорилгоос илүү зорилгодоо хүрэх зам нь чухал" гэсэн Кунзын айлдварыг сануулсан нь сүүтэй цай шиг л байв.

Навчис хаялсан Нанжин намрын мэргэн бороо
Намайг зүслэн дуссаар зүрх норгон зүсрэхдээ
Хайрыг надад яргуй шиг ургуулсан
Халхын цэнхэр хавраа
Халуун нөхдийнхээ дэргэд
Хайрлан дурсмаар санагдлаа

Чамд би дэндүү хайртай болохоороо
Чиний тухай яриад л баймаараа
Чамайг би даанч ихээр санадаг болохоороо
Чимээгүйхэн нам гүмд чиний нэрээр дуудмаараа

Наран буцаагүй нанжин намрын намуухан салхи
Намайг даган дэгдэн сэтгэл хөөргөн сэвэлзэхдээ
Эмээлтэй морь эзэнтэйгээ багтсан
Зөн совингийн зүүдээ
Халуун нөхдийнхээ дэргэд
Хайрлан дурсмаар санагдлаа.

PC: Нанжингийн оюутнуудын сүлд дуу. Эх орноо, хайртыгаа санасан нэгэн оюутны зохиосон шүлгийг хөгжмийн зохиолч Сэр-Од Нанжинд сурч байх нэг жилдээ аялгуугаар хөгөлж "Нанжин намар" гэдэг дуу болгож амилуулсан нь үнэндээ л тасархай, орчинтойгоо зохицоно гэдэг нь “лайтай”.


Сэтгэгдэл (4) :: Сэтгэгдэл vлдээх! :: Холбоос

Sunday 7 May 2006

ТОСГОНЫ ТАРИАЧИН (аялал)

☆ 2006-May-7

Долоо хоногийн турших үлгэрийн урт амралт эхэлж нэг мэдсэн миний бие ойролцоох мужийн тосгонд тахиан донгодооноор сэрж байх юм . Энэ бол нөгөө 700 сая \эсүүл 900 сая\ тариачины нэг, Ван овогтынх байлаа гэж. Бага охинийх нь найз нар болох капиталист монголын хоёр эмэгтэйг дайлж цайлахаар өвгөн Ван гуай юу юугүй хавч, дун, цинцай, дүфүгээр ширээ дүүргээд урихдаа олон юм асууж шалгаахгүй, нүүрэндээ чимээгүй инээмсэглэл наачихсан, ер нь сонгодог тариачин төрх үнэртүүлсэн хүн, хөнгөн шингэн гэж яг л тахианы өд. Түмпэн дүүрэн амьд хавч арвагануулж тавьсанаа, нэг нэгээр нь толгойг нь хайчилж орхихыг хараад арай л хашгирчихсангүй , хэдхэн минутын дараа идэх гэж байгаа амьтанаа өрөвдөлтэй нь биш . Хавчийг тэгж заазлахаасаа өмнө усанд сойзоор үрж үрж угаагаад нэг нэгээр хөлийг нь тасалж яаядаа гэтэл нь “тамалж” дуусаад сая нэг толгойг нь хайчлах юм. Манайхан мал муулахдаа арай л хүнлэг бололтой гэж өөрсдийгөө өмөөрч бодож амжив. Ван гэдэг айлынх хоёр охинтой. Хятадууд хүн амаа хязгаарлахаар төлөвлөгөөт төрөлт хийхээс өмнө төрүүлж амжсан хоёр охиных нь нэг нь нутагтаа хүнтэй суугаад ойролцоох жижиг хотод нөхрийнхөө наймааны орлого, өөрийнхөө ажлын хөлсөөр ганц хүүхдээ хотынхоо хамгийн сайн сургуульд өгч, өөрсдөө мотоцикл унаатай, эцэг эхээ тэтгээд давгүйхэн амьдраастай. Бага охин нь Шанхайд докторантад сурангаа их сургуульдаа багшилж зүг мөрөө бараг олчихсон шинэ үеийнхэний нэгэн төлөөлөл. Хэзээ ч юм нэгэн цагт, лав л дээр үед монгол хятад нэг “гэр бүл”-д байсан гэдгээр өвгөн Вангийн монголын талаарх төсөөлөл конец.

Дэрсэн шаахай, хулсан ор, өвсөн хоол төсөөлж очсон надад тэдний амьдрал арай л гоё харагдаад болдоггүй. Цэвэрхэн гурван өрөө байшинг лав нэг хоёр жилийн өмнө л барьсан байх гэж таагаад асуутал хорь гаруй жил болж байна гэж наасан, өөрсдөдөө зориулж хийхээрээ тийм пирамид шиг эд барьдаг юм байхдаа гэж хардаад дуугай болов. Тэдний бяцхан тосгон хоёр мянга гаран хүнтэй, ойр хавийнхан нь яг л Вангийнх шиг, зарим нь хоёр давхар цементэн байшинтай, за тэгээд ганц хүн гүйж ирээд усалж байхуйц нарийн жимээр хүрээлүүлсэн эргэн тойрон нь дувт тариан талбай, мэлхий гуагалж салхи сэвэлзэхээс өөр чимээ аниргүй, үе үе салхи даган ирсэн бордооны өмхий үнэр хамар сэтлэх шахахыг эс тооцвол тийм ч тэсэхийн аргагүй газар биш юмаа. Талбай дээр бидэнтэй хаа нэг тааралдах нутгийнхан нь нэг бол эмэгтэй, нэг бол хөгшид байх. Яасан гэтэл эрчүүд нь орлого олохоор жижиг том, хол ойрын хотруу сүрэг сүргээрээ машаан машаанаар яваад өгч, жилдээ нэг хоёр л гэртээ ирдэг гэх, тэгсэн хэр нь гэр бүл салалт маш ховор. Гол гогцоо нь өнөөх цор ганц хүүхэд нь бололтой. Ажилчин ангируу шилжсэн тариачин залуу гэр бүлээ аваад хотруу оръё гэхээр тосгон дахь өрхийн харъяалалаас тийм ч амархан салчихгүй. Өрхийн харъяалалгүй бол хүүхдээ сургуульд оруулж чадахгүй болохоос аваад бараг хүний тооноос хасагдаа. Тосгонг хэрвээ сул тавьчихвал хот нь хүнээр хахаад дэлбэрнэ биз. Бидний очсон газрын зураг дээр тэмдэглэгдээгүй тэр жижиг хот гэхэд гурван сая хүнтэй . Ногоо зарахаас өөр орлогогүйн дээр тэтгэвэр тэтгэмж гээд нийгмийн халамжаас юу ч хүртэж чаддаггүй тариачид нэгэнт хүн л юм болохоор зүтгэж байгаад эрчүүд нь хот орж ажилчин болчихсон нь статистикийнханд овоо төвөг уддаг бололтой. Зарим нь тэднийг тариачид гэж үзээд хятадад 900 сая тариачин байна гэхэд, зарим нь нэгэнт тэд хотод хөдөлмөр эрхэлж байгаа юм чинь ажилчин анги мөн гээд 700 сая тариачин л байгаа гэх мэтээр нэгдсэн тоо огт гарахгүй.

Ер нь бол бидний очсон газар (Зянсу мужын Зяндү хот, Вэйжуан тосгон) хятадын хамгийн хөгжсөн бүс далайн эрэг дагуух зүүн өмнөд хэсэг тул харьцангуй баян тариачид гэсэн үг, ядаад нэгдсэн тог, ус хангамжийн системтэй гээд бод доо. Манай хөдөөнийхөн юу билээ, юун ус юун тог, аймгийн төвийнхөн нь амьтай голтой байдаг мэдээ өвөлдөө бараг тасардаггүйг бодоод, тосгоныхоо амьдралыг голж суугаа хятад охины яриаг дуугайхан л сонсч суулаа. Байгалийн цэвэр ус, цөөн хүн амтайдаа баярлав шд.

Хичнээн зуунаар үе дамжиж нэг л газраа бүгж амьдарсан жинхэнэ суумал хүмүүс гэж бодохоор ч тэр юмуу ямартаа ч тосгоныхон номхон даруугийн туйл болсон улсууд харагдаад болдоггүй ээ.
Нар сар, ус бороо, тосгон суурин, тариа ногоо, тахиа гахай ... суумал заяаны өвсчин амьдралаа гэж.

Их сургуульд хятад хэлний ангийн нэг шогч оюутан цайны газар хоол захиалах болоход хоёр мантуу нэг аяга ус гэж наргиж биднийг инээлгэж асан тэр амьдралд хоёр хоногийг ийн үдэвэй ...

Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл vлдээх! :: Холбоос

Saturday 6 May 2006

ТӨРСӨН ӨДӨР

☆ 2006-May-6

Газар дээрх ганц ахын минь төрсөн өдөр.

Ахаа би дахиж муухай ааш гаргаж байхгүй ээ. Ном дэвтэрийг тань хайрлан гамнаж, боктой усаар хөөсрүүлэн угааж, хуудас нэг бүрээр нь хичээнгүйлэн хатааж байх болно оо, байнга. Байхгүй хоорондуур компьютерийг тань асааж унтрааж тоглож байхгүй. Хүн утсаар асуухад нь 00-д байна гэж дахиж хэлэхгүй .

Ерөөсөө л яг одооноос би үлгэр жишээ социалист, хөдөлмөрийн гавшгайч, улаан тугийн одонт, эв хамт ёсыг сахисан ган бат найрамдалт гялалзсан пеонер дүү байх болно оо гэдгээ шударга журмын ёсоор батлан хэлэхдээ баяртай байгаагаа тангараглъя, тангараглъя!

Нас нэмсэний баярын мэндийг халуун алга ташилт нижигнүүлэн хүргэе! та намайг харсан ч болоосой, сэтгэл хөдөлсөндөө хөл бөмбөг тоглох байсан даа :)

HAPPY BIRTHDAY DEAR MY BROTHER!


Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл vлдээх! :: Холбоос

Мэдрэмжүүд минь

Бясалгалд суув аа. 10 хоног чимээгүй суудаг. Өмнө нь зөндөө удаа явж байсан л даа. Энэ удаад арвин ургацтай харин. Урьд нь суухдаа юу ойлгож...