Sunday, 27 May 2007

1984

Жорж Оруэлл “1984”. Эл гайхамшигт зохиолыг эхнээс нь дуустал догдлон байж уншихад сэтгэл хөдлөл яг л ар араасаа түрэх давалгаа шиг нэг оволзож, нэг намсаж, үе үе айдас жихүүдэс, харамсал жигшил хүйт оргиулан нуруу даган гулсах шиг, уншиж дуусаад ч ухаан санаа хэсэгтээ самууран эвгүйцэм. 1949 онд уг зохиолыг бичсэн атал 90 он хүртэл үргэлжилсэн Социалист гэх тоталитар орнуудын далд ертөнцийг хуу хамаад биччихсэнийг одоогийн энэ цаг үеэс харахад цочмоор. (Хойд Солонгос бол одоо дүрээрээ)
Түүх, цаг хугацаа, бодит ертөнц, оюун ухаан, метафизик, хүний нийгэм, байгалийн хууль, амьдрал, хайр ... зарим үед Булгаковыг уншиж байна гэж санагдам. “1984” бол уран зохиол, бас бүхэлдээ философийн бүтээл, оюуны гаргалгаа, гайхамшигт зөн билиг ...
Номонд гардаг Сэтгэхүйн Цагдаа, Хоёрсэтгэхүй, Хайрын Яам, Үнэний Яам, Баримтжуулах Яам, Үзэн Ядалтын 2 минут гэх мэт жигтэй далий хэллэгүүд нь ёстой хахааж байгаамаа.
Тэр улсад эрх мэдэл хэрэгсэл биш, эрх мэдэл бол зорилго. Хувьсгалыг хамгаалах гэж дарангуйллыг тогтоодоггүй юм, дарангуйллыг тогтоох гэж хувьсгал гаргадаг юм, эрүү шүүлтийн зорилго бол эрүү шүүлт мөн, залхаан цээрлүүлэлтийн зорилго бол залхаан цээрлүүлэлт мөн. (бид нэг л алхам хальтирвал ... Их Ах, Дотуур нам бла бла ... )
Дайн бол энхтайван
Эрх чөлөө бол боолчлол,
Үл мэдэх нь хүч
гэх далайн гүрний гол лоозон бий, үүний тайлбар нь бүүр новшийн...
Хүний хар амиа хоохойлох арчаагүй МӨН ЧАНАРаас хувь хүний эрх чөлөөг авч үзсэн эвгүй тайлбар нь явсаар байгаад, хүн бүр л үхдэг, энэ нь түүний хамгийн том ялагдал байдаг болохоор хүн бүрэн захирагдаж, хүн өөрөөсөө татгалзаж чадах юм бол тэрээр Намд шингээд Нам болох юм бол аугаа хүчтэн, үхэшгүй мөнх болж чадна гэх мэтээр бурхан шашны сургааль метафизикт хүргэж ч байх шиг.

Ж.Оруэллийн “1984”, “Амьтны ферм” бүтээлүүд барууны дунд сургуулийн уран зохиолын хичээлийн программд зайлшгүй байдаг юм байна. Манайд одоо уран зохиолын хөтөлбөр нь аягүй бол аль мань мэтийн үед үздэг байсан нөгөө л Никрасов, Пушкин, Чеховын зохиолоос үзэл сурталжуулсан байдлаар ухуулдагаа хэвээрээ явж байгаа даа (90-ээд оны сүүл гэхэд яг янзаараа л байсан, шинэчилсэн байгаасай билээ). 10-р ангид Чойномын шүлгийг манай уранзохиолын багш бүдүүлэг бохироор нь дуудаад хаалга савж одоход ангид гайхаж хоцорсон сурагч олон байсан. Мөн чанараас илүүтэй уран гоё халхавчийг бодит байдал гэж итгэн биширч бүх насаа өнгөрүүлсэн юм чинь багш маань аргагүй ч юмуу гэж бодохоор тэр үеийнхэнд буруу өгч чадахгүй юм л даа одоо.

"1984"-ийг хүмүүс уншиг гээд ингэсгээд зогслоо. Асар догдлон, зарим хэсэгт эвгүйрхэн айж, гэхдээ үг өгүүлбэр бүрт сэтгэл татагдан хөтлөгдсөнөө л магад хэлье. Манайд толгойтой болгон энэ номыг уншаасай, талбай дээр хэвтэж, цэцэрлэгийн бутруу сарьчихаад ардчилал, хүний эрх гэж хашгирч байхдаа ядаж нэг удаа ч гэсэн үүнийг уншсан байгаасай, намдаа хайрлан дурлаж Их Ахаасаа албан тушаал худалдаж аваад төрийн албаар хувийн дансаа зузаалан, хүн болсон хэргээ "бүтээж" байхдаа сайтар тунгааж хэдэнтээ уншаасай ...

6 comments:

А.Ганбаатар said...

Амьтны ферм-ыг нь нилээд дээр уншиж байсан, одоо харин наадахыг чинь уншиж үздэг хэргээ, сонирхол төрүүлсэнд баярлалаа Игаа.

Confidence of Youth said...

Зэрлэг зэрлэг. Наадахыг чинь уншаад гарууд ямар садист болохыг нь гайхаж байв. Тэр хархтай хэсэг бол янзтай.
Дараа нь би бас Замяатины БИД гэсэн нэг номыг уншсан. Нилээн төстэйгөөс гадна Орвел хүртэл би санаагаа Замятины энэ номноос авсан гэж ам алдаж байсан байх. Сонирхвол тэр номыг харна биз гэснээс чиний шилдэг 10-н ном ер нь юу байна хүүхээ?

A.Амарсайхан said...

Чойном агсны талаар тийм үг хэлсэн уран зохиолын багшийг бодохоос өшөө хүрчихлээ. Хэлэх муу үг ч олдохгүй байна.

Anonymous said...

Sain uu? Igaa, Ene odriin mend hurg*e!
Buh bichleguud chini taalagdlaa. Setgel sergeesen, um bodogduulsan, uram ogson bichleguud bainaa, Uutai ch daraa daraagiin bichleguudiig chini tesen yadan huleeh fenuudiin chini neg ni bolsondoo bayartai baina.

Gunisan ch bayarlasan ch erch hucheer duuren energitei amidrahiig erooye!
hundetgesen Nisu

Cady said...

Well said.

amur said...

Сайн байна уу?
Юуны өмнө чи их гоё блогтой юм аа. Би жаал чиний блогоор аялав. Бүгдийг нь биш ч дараа гүйцээнэ гэсэн бодолтойгоор аялалаа завсарлаж байна.
Чамд амжилх хүсье.