Sunday 18 June 2006

Father's Day: ААВдаа

☆ 2006-Jun-18

Аавыгаа дурсахуй ...

Их сургуулиа дөнгөж төгсөөд шижигнэж пижигнэж асан хэдэн залуус ажлаа тараад гитар барин нийлж, дуулж хөөрч, бас болоогүй шинэхэн ирсэн эмийн сангийн хөөрхөн бүсгүйчүүдийг харуулдан, трапец жинс, бариу цамц, кобой маркийн малгайгаар гангарцгаан, өвдөөгүй байсан ч эм уумаар санагдсан эрчүүд эргэлдэн тойрон явсаар тэдэн дундаас хайрын зул бадамлуулсан нэгэн хос төрсөн нь миний аав ээж хоёр байлаа.

Хайрын энхрий сарнайгаа санан үгүйлэн бичсэн аавын залуу халуун захидлуудаас ах бид хоёр жинхэнэ ариун хайран дундаас төрсөн хүүхдүүд юм гэдгээ улам тодоор мэдрэн хорвоод үйл хэргийг нь залгуулж алдар нэрийг нь дуурсгаж явах учиртай үр удам юм гэдгээ ухаарах шиг болж билээ.
Аавын үнэр, тийм гэхийн аргагүй тэр дотно үнэр балчир хүүхэд насыг хээнцэр танхил зантай минь хамт аваад явчихсан, дахиад ирээгүй. Ухаан бүтэн ороогүй бүүр түүрхэн ой тойнд минь ... надад хөтлүүлдэг байсан атганд багтамгүй чигчий хуруу, бүхнээ зориулахад бэлэн дулаан нүд, бийр бүжиглүүлэн зураг амилуулах зүйрлэшгүй эгшин, зүүдийг минь аргадсан аавын бүүвэй ,,, тодхон үлдсэн дэндүү цөөхөн дурсамж. Бүүр түүрхэн зарим зураглалыг тодруулах гэж хичнээн хичээвч чадахгүй нь ээ, он жилүүд элээсэн биш л дээ, ахиад хэдэн жилийг хамт бай гэж өгсөн бол аавыгаа холоо явчихсан байхад нь тоглоом өрөн наадаж суухгүй л байсан даа.
Хоосорч үгүйлсэн ханхай орон зайг дүүргэх гэсэн ээжийнхээ хайранд бялуурч торнисон хүүхэд насандаа гартаа алим бариад дэрвэж гүйхдээ ч, айлын хүүхдүүдтэй ана мана тоглож ач тач уралдаж байхдаа ч авъяас чадалтай аавынхаа халуун цустай охин нь юм чинь гэсэн далдхан бардамналаар толгой өргөн ирмүүн явжээ.

Цаг хугацаа ... он жилүүд минь...
Амьдралын чухал гараа болгоныг сэтгэлдээ шивнэн аавдаа "дуулгахдаа" баярлуулж байна гэж итгэдэг, гомдоохгүй юм шүү гэж хичээдэг ...
Аав минь та, наран хайраа амсуулаад одохдоо бяцхан цээжинд минь мөнхөд ногооноороо цэцэглэх сэтгэлийн нялх үрийг суулгасан байж дээ.


Сэтгэгдэл (12) :: Сэтгэгдэл vлдээх! :: Холбоос

Saturday 17 June 2006

lайt мэдрэмж

☆ 2006-Jun-17

Ойрдоо энэ бичкэн биед минь орогнох олигтой нүх ч олдкү, аргаа барсан гүрвэл царайтай цаг минутыг залгилж суудаг болсоныхоо учрыг олох гэж оролдлоо. Тэхээр ийм аж. Тэртээ найман жилийн өмнө “арилгасан сонгино”-д дурлаж асан үетэй хальтхан төстэй нэг тиймэрхүү мэдрэмж сэрэл мөн ч юм шиг. Нүдний булай чэн аморе-д харвуулчиж, бултаж нуугдаж иж бүрэн хуяглаж гарамгай баатарлагаар ялсаар явж өдий хүрсэн юмсан, хаанаа харвуулчихав даа, шалгалаа, байдаггүй ээ, би харвуулсан байлаа ч надад онилогдсон объект алга. Санаа амарч байна гэж жигтэйхэн. Тэхээр би чинь төмөрлөг хатуулаг хэвээр байгаа юм байна үүффффф.

Гэсэн ч юу нь мэдэгдэхгүй дэнжигнээд байхаар нь улаан вино сэнгэнүүлж орхилоо, вино ч асар эмэгтэйлэг умдаан юмдаа гэж биширч хэл амаа дарвиганууланхан таашаав, гэтэл виноны бараагаар гайт мэдрэмж харин ч бүр хөгжчихсөн дотор дуулж хуурдаад эхэлдэг байгаа, гэхдээ тэр аялгуу нэг л биш ээ, гайхалтай аязыг хөггүй хөгжмөөр чадварлаг тоглох нь ёозгүй.
Тамхи яг тийм тамхи. Сорлоо хахлаа, хүчилж татаж шуналаа, хачин эвгүй толгой эргэж байна. Мэдрэмжээ хөөх гэсэн биш гутмаар амт амаар дүүрээд зогсохгүй тун ч удалгүй дотор муухайран огиулсандаа 2 дусал нулимс гаргачихав, чааваас даа. Тамхи та найз байж чадахгүй л дээ. За яая гэхэв.
Хэдэн өдрийн дэгэлзүүр надаас салах шинжгүй шүү. Тэгвэл зураг. Бийр ус бэлдэн цаас гаргаж ирээд цэнхэр өнгөрүү гар сунган цагаан дээр нялж нялцайлгаж усаар дэвтээж тарааж тэр дор нь л нэг уран бүтээл үйлдчихэв. Гэгээн цагаан өдөр тагтан дээр зогсож байгаад өчигдөр шөнө харсан сарыг зурж орхижээ. “Зуны дунд сарын шинийн 15-ны аймшигийн сар” гэж нэрлэсэн тэр зурган дээр минь гэрэл татуулсан гунигт маск мэт сар гэгээн цэнхэрээр дурайж байхыг бахархалтайяа хараад далд хийлээ.
Мэдрэмж байсаар л ... бадминтон тоглолоо, саунд орсон шиг л хөлөрч буй биеэ маргааш яаж хөндүүрлэх бол гэдгийг төсөөлсөөр гэрлүүгээ алхлав.

Ядарч гүйцлээ. Хангалтгүй гэж үү. Яасан нь мэдэгдэхгүй түнтэгнэж байхаар аморе-д харвуулбал таарна. Оногдохын тулд тэргүүн фронтоор гүйдэг юм уу. Уурлах багадаж, уйлах ихдээд байгаа цэнхэр өдрүүдийг үдсээр...


Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл vлдээх! :: Холбоос

Friday 16 June 2006

ШХАБ

☆ 2006-Jun-16

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага ШХАБ-ын таван жилийн ойг өчигдөр Шанхай хотод нүжгэр тэмдэглэж өнгөрүүлсэнийг ТВ-ээр үзэж сэтгэл хөдлөөд доорх зүйлийг товшив.

ЗХУ-ын задралаар үүссэн төв азийн –стан орнууд өрх тусгаарлаад нэн түрүүнд аюулгүй байдлаа хамгаалах асуудалтай тулгарсан юм. Нэгэнт дангаараа аюулгүй байдлаа хангах боломжгүй чадамжгүй, дээрээс нь аюулгүй байдлаа хамгаалж ирсэн 2 туйлт систем гэгч нь байхгүй болчихсон болохоор амар жимэр амьдрах хамгийн олигтой сонголт бол бүс нутгийн бусад орнуудтай эрх ашгаа нийцүүлэн зорилго нэгдэх явдал байлаа.

Хүйтэн дайны дараагаас улс орнууд социализм, капитализм эсвэл гуравдагч ертөнц гэх мэт аль нэгэн бүлэглэлд хамрагдахаа больж саринал саармагжилийн нөхцөлд орсонтой залгаад дэлхий дахинд аажмаар бүрэлдэж асан бүс нутгийн интеграцийн үйл явц ч эрчээ авчээ. Үзэл сурталтдаг үе өнгөрч одсон болохоор улс орнууд газар нутгийн ойр дөт, эдийн засгийн ашиг хонжоо, эрх ашгийн огтолцол дээр хамтран ажиллах болсон нь ийнхүү регионализм буюу бүс нутагчлалын явцыг түргэсгэсэн билээ. Төв азийн хувьд регионализм цоо шинээр өрнөж Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл ТУХН, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага ХАБГБ, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага зэрэг бүс нутгийн байгууллагууд үүссэн юм.

Төв Азийн хувьд өөрөө асуудалтай байхаас аргагүй бүс нутаг, дэлхий том шашнууд гүн шингэсэн, янзан бүрийн угсаатнууд холилдсон, соёлын өлгийнүүд бөөгнөрчихсөн, ядаад нефтийн баялаг орд нь их гүрнүүдийн шүлс асгаруулж салахгүй, тиймдээ ч байнгын зөрчил мөргөлдөөнд идэгдсэн, террористууд үүрэлсэн дэлхийн хамгийн төвөгтэй бүсийн нэг. Ийм л дэвсгэр дээр ОХУ, Хятад, Узбекстан, Тажикстан, Киргизстан, Казахстан 6 улс 2001 онд “Шанхайн тав”-ыг өргөжүүлэн ШХАБ гэгчийг байгуулан энэ жил тав дахь жилийн ойтой золгов. Нийт 3018.93 км2 нутаг дэвсгэр буюу Евроазийн эх газрын тавны гуравыг эзлэх, 1,455 тэрбум хүн амтай ШХАБ нь гол зорилгоо төв Ази дахь терроризм, шашны экстремизм, салан тусгаарлах үзэл гэсэн “гурван муу ёрын хүчин”-тэй тэмцэх хэмээн тодорхойлсон байдаг. Зарим хэсгийнхэн ШХАБ-ыг АНУ-гийн эсрэг Орос, Хятад тэргүүтний нэгдэл гэж харддаг ч уг байгууллага аливаа гуравдагч орны эсрэг чиглээгүй гэдгээ гишүүн орнууд нь нухацтай онцолдог юм.
Хятадын хувьд ШХАБ нь Хятадын нэршилтэй олон улсын ганц байгууллага, Шинжаан Уйгарын салан тусгаарлах үзэлтнүүдтэй тэмцэх, төв ази дахь нөлөөгөө бэхжүүлэх чухал гарц. Орос бүс нутгагт алдсан орон зайгаа бага боловч нөхөх, терроризмыг дарах АНУ-ын монополь байдлыг эвдэх энэ тэр гээд ашиг тусах зүйл мундахгүй. Харин бүс нутгийн бусад орны хувьд аюулгүй байдлаа баталгаажуулахаас гадна, орос хятадын эдийн засгаас хүртэх, зах зээл нээх чухал суваг болно.
Мэдээж бүс нутгийн олон улсын байгууллагын хувьд хүрээгээ тэлж томрох нь чухал. Одоогоор 6 жинхэнэ гишүүн, 4 ажиглагч орон гэсэн бүрэлдэхүүнтэй байгаа ч гишүүнчлэлийн асуудал дээр болгоомжтой хандаж буй, учир нь бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагын хувьд дотроо хурц зөрчилгүй, асуудалаа эвтэйхэн зөвшилцөөд байхуйц орнууд байхгүй бол байгууллагын механизмыг гацаанд оруулж орхивол гишүүнээсээ эсэн юм болно. Манай улсын хувьд гишүүнээр орох эсэх дээр нилээд судалгаа, мэтгэлцээн болж байгаад 2004 онд ажиглагчийн статустай болсон. Эхэндээ “терроризмтай тэмцэх” зорилго бүхий цэргийн шинжтэй байгууллага байсан нь бяцхан болгоомжлолыг төрүүлсэн боловч эдүгээ бүс нутгийн олон улсын байгууллагын хувьд ШХАБ улам тэлж худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг, боловсрол, соёл гээд олон салбарт идэвхижиж байгаа нь монголын төдийгүй бүс нутгийн бусад орнуудын ч сонирхолыг татах болжээ. Ираны хувьд хурцдаад байгаа цөмийн асуудалаа ШХАБ-д элссэнээр Орос Хятадаас дэмжлэг авах замаар шийдүүлэх, олон улсын тавцанд ганцаардахгүй байх ач тустай. Энэтхэг Пакистан 2 Кашмирын хэрүүлээ зохицож чадвал ШХАБ-д зэрэгцэн суухад гэмгүй.

Гэх мэтээр улс бүхэн л ямар нэгэн ашиг хонжоо, таатай нөхцөлийг харж уг байгууллагыг ширтэхийн зэрэгцээ түүний ирээдүй, хэтийн төлөв хэрхэх вэ гэдгийг янз бүрээр таамаглаж байна. Мэдээж гишүүн орнууд өөдрөгөөр төсөөлж, өнөөгийн нөхцөлд ч энэ нь хэрэгжиж болохуйц хандлагатай байгаа ч зарим нөхцөлд тухайлбал аль нэг гишүүн оронд дотоод хурц асуудал үүсвэл байгууллагын зүгээс хэрхэн хандах вэ, аюулгүй байдлын хувьд бодит аюул нүүрэлбэл гишүүн орнууд ШХАБ-д хандахаасаа ХАБГБ-ын механизмыг илүүд үзэх үү, ерөөс хямралт байдал үүсвэл ямар үйл ажиллагаа явуулах вэ гээд олон асуулт хариу хүлээж байгаа.
Мөн эдийн засгийн интеграци хийхэд Хятадын нүсэр зах зээлд төв азийн –станууд дэндүү жолдоно, гэхдээ түүхий эд нийлүүлэх, бараа бүтээгдэхүүн авах гээд харилцан нөхөх шинжтэй хамтын ажиллагаа явуулах өргөн орон зай бас бийг үгүйсгэшгүй.

За юутай ч ШХАБ асар богино хугацаанд амжилттай бүрэлдэж чадсан олон улсын байгууллага гэдэг нь бодит факт. Монголчууд бид эхийг эцээхгүй тугалыг тураахгүй, маневрлаад байж дээ.

Friday 9 June 2006

Raise The Red Lantern

☆ 2006-Jun-9

125 минутын турш саарал хана туурга л харагдана, энэ үхмэл орчныг час улаан дэнлүү үе үе галзууруулам асаагаад бөхөх ийм ганц л зургалал дунд бүх үйл явдал өрнөөсөөр дуусах сонин кино нэгийг үзлээ. Мэдээж аймшгийн кино биш. Аль 1991 онд бүтээгдэж (үнэ цэнээ алдаагүй байгаа нь ойлгомжтой) 大红灯笼高高挂 буюу “Raise The Red Lantern” нэрээр барууны оронд нэлээд хэдэн шагналыг хамж авсан ази кино, найруулагч Жан Имоу 张艺谋-ийн том бүтээлүүдийн нэг юм байна.

Манж Чингийн төгсгөл үед л бололтой, баян хөгшин хятадын дөрөв дэхь эхнэрээр 19 настай охин Лень Сун ирж, тэрхүү бяцхан “хориотой хот”-д хөл тавьсанаар өрнөл эхэлж, эхнэрүүдийн хоорондох далдуур өрсөлдөөн, явуулга, арга заль, булхайд орооцолдож, хутгалдаж, өрсөлдөж, цөхөрч буй эмгэнэлт хувь тавилан, гашуун амьдралыг харуулах юм. Мэдээж дөрвөн эхнэр дөрвөн өөр цаг үеийн дөрвөн өөр зан төрхийг агуулсан ч хувь тавилан нэг л цэг дээр буюу шулмын тойрог мэт эцэс төгсгөлгүй харанхуйруу л хөтлөнө. Улаан дэнлүү гагцхүү улаан дэнлүү л амьдрал дахь цор ганц баярын зул ... энэ улаан дэнлүү чухам ямар ид шидтэй гэж? Асаасан дэнлүүг аль эхнэрийн өмнө авчирч тавина, тэр шөнө ноёнтон ирж таална. Эшшшшш. Өрөвдмөөр гэхэд дэндүү ....

Энэ киноны хамгийн гоё нь найруулгадаа. Ердөө 10 орчим хүн дөрвөн хананы дунд л тоглосон, гэхдээ дөрвөн эхнэр, нэг шивэгчин охиноос бусад нь кадрт бараг үзэгдэхгүй. Хамгийн сонирхолтой нь эхнэрүүдээ таалагч ноётон ч царай нь үл харагдана, зураглалыг ингэж шийдсэн нь тасархай, тэр бол хар сүүдэр мэт хүн, хаа сайгүй байдаг ч “харанхуй”-г харж болдоггүйтэй яг адил, энэ бол киноны гол зангилаа болсон өгүүлэмж нь. Улаан дэнлүүг өөрийнхөө өмнө тавиулах нь эхнэрүүдийн цор хүсэл, гэвч хүслийн цаана тэр час улаан гэрлийн ард өнөөх л хар сүүдэр ...
Хятадын уламжлалт нийгмийн дэвсгэр дээр, бүхэлдээ гутранги шинж агуулсан ... гэхдээ л лаг кино юм аа.

Киног үзээд эмэгтэй болж төрсөндөө гутрах шахав, сэхээ ороод өөрийнхөө цаг үед баярлавшд. Уг киног санал болгосон найздаа бас баярласнаа хэлэхгүй бол алуулна гэсн, хайртай шүү үнжий үнжий чихшиг.


Сэтгэгдэл (5) :: Сэтгэгдэл vлдээх! :: Холбоос

Мэдрэмжүүд минь

Бясалгалд суув аа. 10 хоног чимээгүй суудаг. Өмнө нь зөндөө удаа явж байсан л даа. Энэ удаад арвин ургацтай харин. Урьд нь суухдаа юу ойлгож...