Sunday 18 June 2006

Father's Day: ААВдаа

☆ 2006-Jun-18

Аавыгаа дурсахуй ...

Их сургуулиа дөнгөж төгсөөд шижигнэж пижигнэж асан хэдэн залуус ажлаа тараад гитар барин нийлж, дуулж хөөрч, бас болоогүй шинэхэн ирсэн эмийн сангийн хөөрхөн бүсгүйчүүдийг харуулдан, трапец жинс, бариу цамц, кобой маркийн малгайгаар гангарцгаан, өвдөөгүй байсан ч эм уумаар санагдсан эрчүүд эргэлдэн тойрон явсаар тэдэн дундаас хайрын зул бадамлуулсан нэгэн хос төрсөн нь миний аав ээж хоёр байлаа.

Хайрын энхрий сарнайгаа санан үгүйлэн бичсэн аавын залуу халуун захидлуудаас ах бид хоёр жинхэнэ ариун хайран дундаас төрсөн хүүхдүүд юм гэдгээ улам тодоор мэдрэн хорвоод үйл хэргийг нь залгуулж алдар нэрийг нь дуурсгаж явах учиртай үр удам юм гэдгээ ухаарах шиг болж билээ.
Аавын үнэр, тийм гэхийн аргагүй тэр дотно үнэр балчир хүүхэд насыг хээнцэр танхил зантай минь хамт аваад явчихсан, дахиад ирээгүй. Ухаан бүтэн ороогүй бүүр түүрхэн ой тойнд минь ... надад хөтлүүлдэг байсан атганд багтамгүй чигчий хуруу, бүхнээ зориулахад бэлэн дулаан нүд, бийр бүжиглүүлэн зураг амилуулах зүйрлэшгүй эгшин, зүүдийг минь аргадсан аавын бүүвэй ,,, тодхон үлдсэн дэндүү цөөхөн дурсамж. Бүүр түүрхэн зарим зураглалыг тодруулах гэж хичнээн хичээвч чадахгүй нь ээ, он жилүүд элээсэн биш л дээ, ахиад хэдэн жилийг хамт бай гэж өгсөн бол аавыгаа холоо явчихсан байхад нь тоглоом өрөн наадаж суухгүй л байсан даа.
Хоосорч үгүйлсэн ханхай орон зайг дүүргэх гэсэн ээжийнхээ хайранд бялуурч торнисон хүүхэд насандаа гартаа алим бариад дэрвэж гүйхдээ ч, айлын хүүхдүүдтэй ана мана тоглож ач тач уралдаж байхдаа ч авъяас чадалтай аавынхаа халуун цустай охин нь юм чинь гэсэн далдхан бардамналаар толгой өргөн ирмүүн явжээ.

Цаг хугацаа ... он жилүүд минь...
Амьдралын чухал гараа болгоныг сэтгэлдээ шивнэн аавдаа "дуулгахдаа" баярлуулж байна гэж итгэдэг, гомдоохгүй юм шүү гэж хичээдэг ...
Аав минь та, наран хайраа амсуулаад одохдоо бяцхан цээжинд минь мөнхөд ногооноороо цэцэглэх сэтгэлийн нялх үрийг суулгасан байж дээ.


Сэтгэгдэл (12) :: Сэтгэгдэл vлдээх! :: Холбоос

1 comment:

Anonymous said...

yamar goyo bichij bainaa, sain saihan yum gej tsaanaa uur yum.

Мэдрэмжүүд минь

Бясалгалд суув аа. 10 хоног чимээгүй суудаг. Өмнө нь зөндөө удаа явж байсан л даа. Энэ удаад арвин ургацтай харин. Урьд нь суухдаа юу ойлгож...