☆ 2006-Jun-16
Шанхайн хамтын ажиллагааны байгууллага ШХАБ-ын таван жилийн ойг өчигдөр Шанхай хотод нүжгэр тэмдэглэж өнгөрүүлсэнийг ТВ-ээр үзэж сэтгэл хөдлөөд доорх зүйлийг товшив.
ЗХУ-ын задралаар үүссэн төв азийн –стан орнууд өрх тусгаарлаад нэн түрүүнд аюулгүй байдлаа хамгаалах асуудалтай тулгарсан юм. Нэгэнт дангаараа аюулгүй байдлаа хангах боломжгүй чадамжгүй, дээрээс нь аюулгүй байдлаа хамгаалж ирсэн 2 туйлт систем гэгч нь байхгүй болчихсон болохоор амар жимэр амьдрах хамгийн олигтой сонголт бол бүс нутгийн бусад орнуудтай эрх ашгаа нийцүүлэн зорилго нэгдэх явдал байлаа.
Хүйтэн дайны дараагаас улс орнууд социализм, капитализм эсвэл гуравдагч ертөнц гэх мэт аль нэгэн бүлэглэлд хамрагдахаа больж саринал саармагжилийн нөхцөлд орсонтой залгаад дэлхий дахинд аажмаар бүрэлдэж асан бүс нутгийн интеграцийн үйл явц ч эрчээ авчээ. Үзэл сурталтдаг үе өнгөрч одсон болохоор улс орнууд газар нутгийн ойр дөт, эдийн засгийн ашиг хонжоо, эрх ашгийн огтолцол дээр хамтран ажиллах болсон нь ийнхүү регионализм буюу бүс нутагчлалын явцыг түргэсгэсэн билээ. Төв азийн хувьд регионализм цоо шинээр өрнөж Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл ТУХН, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага ХАБГБ, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага зэрэг бүс нутгийн байгууллагууд үүссэн юм.
Төв Азийн хувьд өөрөө асуудалтай байхаас аргагүй бүс нутаг, дэлхий том шашнууд гүн шингэсэн, янзан бүрийн угсаатнууд холилдсон, соёлын өлгийнүүд бөөгнөрчихсөн, ядаад нефтийн баялаг орд нь их гүрнүүдийн шүлс асгаруулж салахгүй, тиймдээ ч байнгын зөрчил мөргөлдөөнд идэгдсэн, террористууд үүрэлсэн дэлхийн хамгийн төвөгтэй бүсийн нэг. Ийм л дэвсгэр дээр ОХУ, Хятад, Узбекстан, Тажикстан, Киргизстан, Казахстан 6 улс 2001 онд “Шанхайн тав”-ыг өргөжүүлэн ШХАБ гэгчийг байгуулан энэ жил тав дахь жилийн ойтой золгов. Нийт 3018.93 км2 нутаг дэвсгэр буюу Евроазийн эх газрын тавны гуравыг эзлэх, 1,455 тэрбум хүн амтай ШХАБ нь гол зорилгоо төв Ази дахь терроризм, шашны экстремизм, салан тусгаарлах үзэл гэсэн “гурван муу ёрын хүчин”-тэй тэмцэх хэмээн тодорхойлсон байдаг. Зарим хэсгийнхэн ШХАБ-ыг АНУ-гийн эсрэг Орос, Хятад тэргүүтний нэгдэл гэж харддаг ч уг байгууллага аливаа гуравдагч орны эсрэг чиглээгүй гэдгээ гишүүн орнууд нь нухацтай онцолдог юм.
Хятадын хувьд ШХАБ нь Хятадын нэршилтэй олон улсын ганц байгууллага, Шинжаан Уйгарын салан тусгаарлах үзэлтнүүдтэй тэмцэх, төв ази дахь нөлөөгөө бэхжүүлэх чухал гарц. Орос бүс нутгагт алдсан орон зайгаа бага боловч нөхөх, терроризмыг дарах АНУ-ын монополь байдлыг эвдэх энэ тэр гээд ашиг тусах зүйл мундахгүй. Харин бүс нутгийн бусад орны хувьд аюулгүй байдлаа баталгаажуулахаас гадна, орос хятадын эдийн засгаас хүртэх, зах зээл нээх чухал суваг болно.
Мэдээж бүс нутгийн олон улсын байгууллагын хувьд хүрээгээ тэлж томрох нь чухал. Одоогоор 6 жинхэнэ гишүүн, 4 ажиглагч орон гэсэн бүрэлдэхүүнтэй байгаа ч гишүүнчлэлийн асуудал дээр болгоомжтой хандаж буй, учир нь бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагын хувьд дотроо хурц зөрчилгүй, асуудалаа эвтэйхэн зөвшилцөөд байхуйц орнууд байхгүй бол байгууллагын механизмыг гацаанд оруулж орхивол гишүүнээсээ эсэн юм болно. Манай улсын хувьд гишүүнээр орох эсэх дээр нилээд судалгаа, мэтгэлцээн болж байгаад 2004 онд ажиглагчийн статустай болсон. Эхэндээ “терроризмтай тэмцэх” зорилго бүхий цэргийн шинжтэй байгууллага байсан нь бяцхан болгоомжлолыг төрүүлсэн боловч эдүгээ бүс нутгийн олон улсын байгууллагын хувьд ШХАБ улам тэлж худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг, боловсрол, соёл гээд олон салбарт идэвхижиж байгаа нь монголын төдийгүй бүс нутгийн бусад орнуудын ч сонирхолыг татах болжээ. Ираны хувьд хурцдаад байгаа цөмийн асуудалаа ШХАБ-д элссэнээр Орос Хятадаас дэмжлэг авах замаар шийдүүлэх, олон улсын тавцанд ганцаардахгүй байх ач тустай. Энэтхэг Пакистан 2 Кашмирын хэрүүлээ зохицож чадвал ШХАБ-д зэрэгцэн суухад гэмгүй.
Гэх мэтээр улс бүхэн л ямар нэгэн ашиг хонжоо, таатай нөхцөлийг харж уг байгууллагыг ширтэхийн зэрэгцээ түүний ирээдүй, хэтийн төлөв хэрхэх вэ гэдгийг янз бүрээр таамаглаж байна. Мэдээж гишүүн орнууд өөдрөгөөр төсөөлж, өнөөгийн нөхцөлд ч энэ нь хэрэгжиж болохуйц хандлагатай байгаа ч зарим нөхцөлд тухайлбал аль нэг гишүүн оронд дотоод хурц асуудал үүсвэл байгууллагын зүгээс хэрхэн хандах вэ, аюулгүй байдлын хувьд бодит аюул нүүрэлбэл гишүүн орнууд ШХАБ-д хандахаасаа ХАБГБ-ын механизмыг илүүд үзэх үү, ерөөс хямралт байдал үүсвэл ямар үйл ажиллагаа явуулах вэ гээд олон асуулт хариу хүлээж байгаа.
Мөн эдийн засгийн интеграци хийхэд Хятадын нүсэр зах зээлд төв азийн –станууд дэндүү жолдоно, гэхдээ түүхий эд нийлүүлэх, бараа бүтээгдэхүүн авах гээд харилцан нөхөх шинжтэй хамтын ажиллагаа явуулах өргөн орон зай бас бийг үгүйсгэшгүй.
За юутай ч ШХАБ асар богино хугацаанд амжилттай бүрэлдэж чадсан олон улсын байгууллага гэдэг нь бодит факт. Монголчууд бид эхийг эцээхгүй тугалыг тураахгүй, маневрлаад байж дээ.
No comments:
Post a Comment