Сайхан сэтгэлт нэгэн хүмүүн хог дээрээс олсон DVD player-ээ зориуд ацарч манайд хаясны ачаар кину үзээстэй.
Куросавагийн бүтээлүүдийг үзэхэд гуманизмын тулгалтад орж, “хүн шиг байх” хүсэлд унах юм даа. Гэхдээ энэ бол мэдээж гол баатар нь муу муухайг илчлээд л, нийтийн төлөө үхээд л, эсвэл гэнэт гэмээ ухаарч “сайн хүн” болдог тухай нулимс гоожим реализм огт биш. Гэлээ гээд хүн ямар байдаг тухай дүрсэлдэг хар цагаан натюрморт хөрөг бас биш. Харин Куросавагийн кинонуудыг “хүн ямар байх ёстой вэ” гэдгийг үзүүлдэг ёс суртахууны дээд үнэлэмжийн талаарх романтизмын бүтээлүүд гэж болмоор. Гээд хэлэхээр үнэмшилгүй санагдаж магадгүй л дээ. “Долоон самурай”, “Улаан сахалт” кинонууд дээр гардаг үгээгүй ядуус хийгээд номхон даруу тариачдын тухай элэг эмтрэм үзэгдлийг романтизм гэх үү. Үнэхээр л зүдгүүрт цаг үе, нийгмийн шударга бус зовлон гачланг шүүмжлэн үзүүлсэн байдаг боловч үүнийг хүмүүст харуулах нь Куросавагийн зорилго биш, харин ингэж оруулсан нь гол дүрээ тодруулж гаргахад хүч нэмэх дэвсгэр элемент болгож шигтгэсэн төдий юм. Гол нь юу байв гэхээр ... Шударга самурай, сайн эр хүн хийгээд ерөөс хувь хүний үнэт зүйлсийн цогц биелэл болсон гол дүрээр дамжуулж “хүн ямар байх ёстой вэ” гэдгийг үзсэний дараа ч тархинд хадагдаж үлдэхээр киногоо найруулж чадсанаар тэрбээр уран бүтээлийнхээ зорилгод хүрчээ...
Төгс төгөлдөр гол баатрын тухайд бид бараг кино бүрээс харж ханаж залхаж байгаа шүү дээ гэж хэлж магадгүй. Орчин үед триллер киноны супер идеал дүрийг хараад түүн шиг азтай золбоолог байхыг хүсдэггүй юмаа гэхэд үгүй ядаж л триллерийн гол баатар түмэн янзын аюул эрсдэлийг даван туулж чадна гэх итгэлтэйгээр бид киног үзэхдээ таатай байдаг л даа, мэдээж эцсийн эцэст дайсны урхи арга заль сүйрч манай ялгуулсан баатар бүгдийг даван туулахад сэтгэл ханаж байх жишээтэй. Харрисон Форд ч юмуу, Том Крузын тоглосон адал явдалт кинонуудын гол дүр эхнээсээ дуустал үл нугарах итгэл төгс чанартай байдаг нь хүмүүсийг өөртөө татдаг биз. Гэхдээ …
Энэ бүхэн их л сайндаа бидэнд амжилт алдарын тухай хийсвэр мөрөөдлийг үлдээхээс бус гүн хэсэгт сэтгэлийн утсыг хөндөж чаддаггүй. Өөрөөр хэлбэл супер идеал дүрийн тухай триллер кинонд бодьгал хүний гадаад цог золбоог адал явдлаар гялалзуулан тодруулдаг боловч хүний дотоод мөн чанарыг хөндөж харуулдаггүй юм.
Куросавагийн Дерсу Узала, Санжуро, Улаан сахалт гээд гайхалтай дүрүүд триллерийн супер идеалаас юугаараа ялгаатайг эндээс ажиглан харж болно. Ёс суртахуун, шударга ухаан, хүн чанарын үлгэр жишээ байдгаараа Куросавагийн бүтээлийн дотоод гоо сайхан илэрдэг билээ. Нандин зан суртахуун агуулсан тэрхүү дүрийг киноны дараа ч хайрлах сэтгэл төрдөг, хүн төрөлхтөн өт хорхойноос дээрдэх юмгүй язганаж, нэгнээ хэмлэж, новширч, амьтны ферм шиг хоног зогоодог хэдий ч хүн эцсийн эцэст ухамсаргүй адгуус биш шүү дээ хэмээн шивнэсэн Куросава бээр хүмүүст эрхэм үнэт зүйлсийн тухай сануулдагаараа агаар дутагдсан тасалгаанд үе үе салхивч нээх шиг биднийг дээд үнэлэмжийн гайхамшигт романтизмаар аялуулдаг болой.
6 comments:
Weekendээр Курасава үзсээн.
Куросава энэ тэр гэсэн яаж ч атаархаад дийлэхгүйгээр үл барам авъяасанд нь шүтэж үхмээр мундаг зохиолч найруулагч нар мөн ч их шүү дээ тэ? Миний хувьд болбаас энэ мундаг найруулагчдын мундаг дүрүүдэд юу нуугдсан байдаг болоод биднийг үе үеээр нь шимтүүлж дөнгөдөг байнаа гэдгийг таах гэж оролдох л сайхан оньсого байсаар ирсиймдаа. Өнөөгийн энэ өндөрлөгөөс харахад(ой далийхгүй юу) тэр мундаг сайн муу дүрүүд энгийн амьдралд байх энгүүн хүмүүс байдаг бөгөөд сэтгэлийн нандин чанартаа үнэнчээр зүтгэсэн мэт харагддаг л доо. Худлаа балай юм биччээгүй бээз кххх...
Триллер гэдэг чинь цуврал аллагатай кинонуудыг хэлдэг байхаа... тэр том крузын канунууд чинь экшин болох байх...
bi ter hunii buteeluudiig uzeh mash ih durtai. yalanguya Rashimon
ikiru ch bs goy shuu
Саяхан Күросавагийн Цүбаки Санжүүроог үзлээ. Бидний багын хэд үзсэн хамаагүй үзээд л байдаг, үг өгүүлбэр бүрийгнь цээжилчихсэн хэрнээ зурагтаар гарахаар хараад суучихдаг орос, монгол кино байдаг даа... яг тийм кино байна. ялангуяа сүүлийн үед "нэг удаагийн" кино олширч дахиж үзмээр санагдах кино өдрийн од шиг ховор болсон тул үзсэндээ ихэд баярлав
Post a Comment