☆ 2006-May-7
Долоо хоногийн турших үлгэрийн урт амралт эхэлж нэг мэдсэн миний бие ойролцоох мужийн тосгонд тахиан донгодооноор сэрж байх юм . Энэ бол нөгөө 700 сая \эсүүл 900 сая\ тариачины нэг, Ван овогтынх байлаа гэж. Бага охинийх нь найз нар болох капиталист монголын хоёр эмэгтэйг дайлж цайлахаар өвгөн Ван гуай юу юугүй хавч, дун, цинцай, дүфүгээр ширээ дүүргээд урихдаа олон юм асууж шалгаахгүй, нүүрэндээ чимээгүй инээмсэглэл наачихсан, ер нь сонгодог тариачин төрх үнэртүүлсэн хүн, хөнгөн шингэн гэж яг л тахианы өд. Түмпэн дүүрэн амьд хавч арвагануулж тавьсанаа, нэг нэгээр нь толгойг нь хайчилж орхихыг хараад арай л хашгирчихсангүй , хэдхэн минутын дараа идэх гэж байгаа амьтанаа өрөвдөлтэй нь биш . Хавчийг тэгж заазлахаасаа өмнө усанд сойзоор үрж үрж угаагаад нэг нэгээр хөлийг нь тасалж яаядаа гэтэл нь “тамалж” дуусаад сая нэг толгойг нь хайчлах юм. Манайхан мал муулахдаа арай л хүнлэг бололтой гэж өөрсдийгөө өмөөрч бодож амжив. Ван гэдэг айлынх хоёр охинтой. Хятадууд хүн амаа хязгаарлахаар төлөвлөгөөт төрөлт хийхээс өмнө төрүүлж амжсан хоёр охиных нь нэг нь нутагтаа хүнтэй суугаад ойролцоох жижиг хотод нөхрийнхөө наймааны орлого, өөрийнхөө ажлын хөлсөөр ганц хүүхдээ хотынхоо хамгийн сайн сургуульд өгч, өөрсдөө мотоцикл унаатай, эцэг эхээ тэтгээд давгүйхэн амьдраастай. Бага охин нь Шанхайд докторантад сурангаа их сургуульдаа багшилж зүг мөрөө бараг олчихсон шинэ үеийнхэний нэгэн төлөөлөл. Хэзээ ч юм нэгэн цагт, лав л дээр үед монгол хятад нэг “гэр бүл”-д байсан гэдгээр өвгөн Вангийн монголын талаарх төсөөлөл конец.
Дэрсэн шаахай, хулсан ор, өвсөн хоол төсөөлж очсон надад тэдний амьдрал арай л гоё харагдаад болдоггүй. Цэвэрхэн гурван өрөө байшинг лав нэг хоёр жилийн өмнө л барьсан байх гэж таагаад асуутал хорь гаруй жил болж байна гэж наасан, өөрсдөдөө зориулж хийхээрээ тийм пирамид шиг эд барьдаг юм байхдаа гэж хардаад дуугай болов. Тэдний бяцхан тосгон хоёр мянга гаран хүнтэй, ойр хавийнхан нь яг л Вангийнх шиг, зарим нь хоёр давхар цементэн байшинтай, за тэгээд ганц хүн гүйж ирээд усалж байхуйц нарийн жимээр хүрээлүүлсэн эргэн тойрон нь дувт тариан талбай, мэлхий гуагалж салхи сэвэлзэхээс өөр чимээ аниргүй, үе үе салхи даган ирсэн бордооны өмхий үнэр хамар сэтлэх шахахыг эс тооцвол тийм ч тэсэхийн аргагүй газар биш юмаа. Талбай дээр бидэнтэй хаа нэг тааралдах нутгийнхан нь нэг бол эмэгтэй, нэг бол хөгшид байх. Яасан гэтэл эрчүүд нь орлого олохоор жижиг том, хол ойрын хотруу сүрэг сүргээрээ машаан машаанаар яваад өгч, жилдээ нэг хоёр л гэртээ ирдэг гэх, тэгсэн хэр нь гэр бүл салалт маш ховор. Гол гогцоо нь өнөөх цор ганц хүүхэд нь бололтой. Ажилчин ангируу шилжсэн тариачин залуу гэр бүлээ аваад хотруу оръё гэхээр тосгон дахь өрхийн харъяалалаас тийм ч амархан салчихгүй. Өрхийн харъяалалгүй бол хүүхдээ сургуульд оруулж чадахгүй болохоос аваад бараг хүний тооноос хасагдаа. Тосгонг хэрвээ сул тавьчихвал хот нь хүнээр хахаад дэлбэрнэ биз. Бидний очсон газрын зураг дээр тэмдэглэгдээгүй тэр жижиг хот гэхэд гурван сая хүнтэй . Ногоо зарахаас өөр орлогогүйн дээр тэтгэвэр тэтгэмж гээд нийгмийн халамжаас юу ч хүртэж чаддаггүй тариачид нэгэнт хүн л юм болохоор зүтгэж байгаад эрчүүд нь хот орж ажилчин болчихсон нь статистикийнханд овоо төвөг уддаг бололтой. Зарим нь тэднийг тариачид гэж үзээд хятадад 900 сая тариачин байна гэхэд, зарим нь нэгэнт тэд хотод хөдөлмөр эрхэлж байгаа юм чинь ажилчин анги мөн гээд 700 сая тариачин л байгаа гэх мэтээр нэгдсэн тоо огт гарахгүй.
Ер нь бол бидний очсон газар (Зянсу мужын Зяндү хот, Вэйжуан тосгон) хятадын хамгийн хөгжсөн бүс далайн эрэг дагуух зүүн өмнөд хэсэг тул харьцангуй баян тариачид гэсэн үг, ядаад нэгдсэн тог, ус хангамжийн системтэй гээд бод доо. Манай хөдөөнийхөн юу билээ, юун ус юун тог, аймгийн төвийнхөн нь амьтай голтой байдаг мэдээ өвөлдөө бараг тасардаггүйг бодоод, тосгоныхоо амьдралыг голж суугаа хятад охины яриаг дуугайхан л сонсч суулаа. Байгалийн цэвэр ус, цөөн хүн амтайдаа баярлав шд.
Хичнээн зуунаар үе дамжиж нэг л газраа бүгж амьдарсан жинхэнэ суумал хүмүүс гэж бодохоор ч тэр юмуу ямартаа ч тосгоныхон номхон даруугийн туйл болсон улсууд харагдаад болдоггүй ээ.
Нар сар, ус бороо, тосгон суурин, тариа ногоо, тахиа гахай ... суумал заяаны өвсчин амьдралаа гэж.
Их сургуульд хятад хэлний ангийн нэг шогч оюутан цайны газар хоол захиалах болоход хоёр мантуу нэг аяга ус гэж наргиж биднийг инээлгэж асан тэр амьдралд хоёр хоногийг ийн үдэвэй ...
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл vлдээх! :: Холбоос
1 comment:
Би танай сайтад нэгдэж, 3 хоногийн дотор одоо миний түншээс ирсэн захиас ирсэн. 2 сарын мессеж, утасны дуудлагаас хойш бидэнтэй уулзаж, түүнийг харсан тэр мөчийг би мэдэрсэн. Тэр бол тэр байсан. Мөн тэр хэвээрээ байна. Via touch templeofanswer@hotmail.co.uk, дуудлага / Whatsapp +234 (815) 542-5481
Post a Comment