☆ 2006-May-11
Үдийн алдад тосгоноос хөдөлж замын чийчаанд гар өргөн суугаад Нанжин хотруу тас индүүдсэн замаар 2 цаг нам унтаж хүрэв. Нанжин хот түүх ихтэй, хэд хэдэн династийн үед нийслэл болж байсан гэж байгаа. Мин улсыг байгуулсан Жү Юаньжан гэгч тариачины амьдралаас хаан ширээ хүртэл заларсан зайтай эрийн бунхан, дурсгалын газраар орохгүй бол аялагч биш болчих гээд. Моголын эзэнт гүрний үргэлжлэл Юань улсын отгон хаан Тогоонтөмөрийг үлдэн гаргуутаа (1368 он) Дадү (Бээжин)-гаас нийслэлээ Нанжинруу шилжүүлж, хятадуудын хувьд том гавъяа байгуулсан тэр хаан бунхан дахь зурагаараа бол туйлын царай муут нэгэн байжээ гэсс . Ер нь хүн хэрэгцээгээрээ хардаг гэж байгаа.
Харин 20-р зууны эхээр Манжийн ноёрхолыг унагаж Дундад иргэн улсыг байгуулсан анхны ерөнхийлөгч Сун Ятсэн нь Засгийн газраа мөн л Нанжинд байгуулсан ба хэдэн мянган жилийн түүхт пяадалын дарлалыг халж, Бүгд найрамдах засаг тогтоож тунхагласан“Ардын гурван зарчим”гэгчээ энд зарласаныг нотолсон чулуун дээрх сийлбэр нь Сун Ятсэний бунханд бий.
Заавал Нанжинг хятадууд нийслэлээрээ сонгодог байсан нь зүгээр нэг хэрэг биш бололтой . Хөх мөрний сав газарт байрлалтай, жинхэнэ хань үндэстэний соёлын өлгий нутаг, газарзүйн хувьд өмнөд ба хойд хэсгийн уулзвар гэх мэт.
Нанжингийн хувьд бас нэг дурдах газар бол “Нанжингийн их аллагын музей”. 37 онд Японууд Хятадруу цөмрөн Нанжинд ирж хоёр сарын дотор 300000 мянган хүнийг хүйс тэмтэрч орхисон аймшигт аллагыг фотогоор баримтжуулсаныг дэлгэн харуулсан музей бий. Товчхон хэлэхэд хүн бол адгууснаас долоон дээр гэдэг бол шууд худлаа. Нинжин сэтгэл, ёс суртахуун гэх мэт хүний талаарх олигтой бодлоо орхих хэрэгтэй гэдэг сэтгэгдэл тэнд төрнө. Япон нь хятадын гэдсийг хүүлнэ үү, хятад нь японыг сийчиж хаяна уу гэдэг нь чухал бус, тийм үзээрийн нөхцөлд ямарч хүнээс айсандаа чөтгөр ч зугатаж алга болно. Хамгийн зарс хийсэн зураг - жирэмсэн эмэгтэйн урагийг хагалаад цээжин дээр нь гаргаад тавьсаныг хэдэн хүн хараад зогсож байх ... Тэр аллагыг Японууд өөрсдөө дурсахаас ч айдаг биз.
Музей үзэж буй хүмүүс дотор нэг хятад эмэгтэй 6 орчим насны хүүхдээ дагуулаад үзэж явах юм. Зураг бүрийг хичээнгүйлэн тайлбалаж өгч явахдаа хүүхэддээ санаа тавьж, хүмүүжүүлж байна гэж итгэж байгаа бололтой. Харж тэсэшгүй зургуудыг тэр бяцхан тархи яаж буулгаж байгаа бол гэхээс хэлэх ч үг олдомгүй. За энэ эвгүй сэдвийг бушуу орхиё.
Нанжинд 30-аад монгол оюутан сурдаг байх шүү, бүгдээрээ онц сурдаг. Уул модоор хучигдсан Нанжин ... гудамж цэцэрлэг, сарнайн бут, зөөлөн салхи, намуун үдэш нь хальт армаантиклуулах гэдэг байгаа, гэндэхгүйн тулд пяав ууж онигоо ярив шд. Нанжинд ирээд овоо хэдэн сар болоод намайг бодвол нутгийн индиан болчихсон найз маань мэлхийн махаар дайлж байна, загас тахиа хоёрын дундах амт, даж л юм.
Тэндээсээ аялалын үнэнч андтайгаа хөтлөлцөж аваад Вэнжоу хотруу гараад шидчихвэй. 17 цаг вагонд түчигнэх урт аянаас бэрхшээхгүйн тулд найз маань "зорилгоос илүү зорилгодоо хүрэх зам нь чухал" гэсэн Кунзын айлдварыг сануулсан нь сүүтэй цай шиг л байв.
Навчис хаялсан Нанжин намрын мэргэн бороо
Намайг зүслэн дуссаар зүрх норгон зүсрэхдээ
Хайрыг надад яргуй шиг ургуулсан
Халхын цэнхэр хавраа
Халуун нөхдийнхээ дэргэд
Хайрлан дурсмаар санагдлаа
Чамд би дэндүү хайртай болохоороо
Чиний тухай яриад л баймаараа
Чамайг би даанч ихээр санадаг болохоороо
Чимээгүйхэн нам гүмд чиний нэрээр дуудмаараа
Наран буцаагүй нанжин намрын намуухан салхи
Намайг даган дэгдэн сэтгэл хөөргөн сэвэлзэхдээ
Эмээлтэй морь эзэнтэйгээ багтсан
Зөн совингийн зүүдээ
Халуун нөхдийнхээ дэргэд
Хайрлан дурсмаар санагдлаа.
PC: Нанжингийн оюутнуудын сүлд дуу. Эх орноо, хайртыгаа санасан нэгэн оюутны зохиосон шүлгийг хөгжмийн зохиолч Сэр-Од Нанжинд сурч байх нэг жилдээ аялгуугаар хөгөлж "Нанжин намар" гэдэг дуу болгож амилуулсан нь үнэндээ л тасархай, орчинтойгоо зохицоно гэдэг нь “лайтай”.
Сэтгэгдэл (4) :: Сэтгэгдэл vлдээх! :: Холбоос
No comments:
Post a Comment