Monday, 27 November 2006

дэлхийч

☆ 2006-Nov-27

2 жилийн өмнө стерео кино театрт АНУ Оросын хамтарсан сансарын нислэгийн тухай баримтат киног үзсэн биш гэгээрэхээ шахаж билээ, гурвалсан дүрст орон зайд харуулдаг том хар шилнээс нь ч болсон юмуу уг киноноос үлдэж буй мэдрэмж ангид, бараг л өөрөө сансарт ниссэн шиг санагдаж цэнхэр дэлхийг “задгай сансараас ажиглан байхуйд” өөрийнхөө юу хийгээд, яг яах гээд яваад байгаагаа ойлгохоо болих нь бүү хэл хүн төрөлхтний хийж байгаа юмс, энэ бүх хэрүүл маргаан дайн байлдаан, биесээ харааж зовоож, бүтээсэн бүхэндээ бүдэрч явдаг “тулга тойрсон” утгатайхан амьдралтай хөөрхийлөлтэй ч амьтас юм уу гэмээр сэтгэгдэл өөрийн эрхгүй төрж байв. Үнэхээр л Чойном найрагчийн өгүүлдэг шиг хүмүүс элдэв хуулийг өөрөө баталж эцэст нь тэрийгээ өөрөө зөрчиж эрүүгийн хэрэгтний сандалд сууж элгэн саднаараа зовлон болдог, хэтэрхий бөх шорон барьчихаад хэрэг тарьж өөрөө орчихоод хэл мэдэхгүй адгуус хэмээн хэв хэрэггүй орилж цамнадаг ... хүмүүс минь дээ гэж ...

Хэрэв дэлхийг нэгэн улс гүрэн хэмээн төсөөлбөл нэгдсэн төр засаггүй, том жижиг олон овог аймагаас бүрдсэн “зэрлэг” газар байх агаад хүчтэй нь хүчгүйгээ эгдүү нь хүрвэл нухаж ч мэдэх эмзэг цэг дээр оршин буй. Үүнийг академик хэлээр олон улсын харилцааны анархи төлөв гэж тодорхойлж том жижиггүй хүлээн зөвшөөрч толгой дохиод нэгэнт ийм анархи байдал тун найдваргүйн учир НҮБ гэдэг удирдлагатай болж төлөвших юмсан гээд санаачилж байгуулсан ч санаж хүлээсэн үр дүнд хэзээ хүрэх нь асуудалтай байсаар.

Хөөрхий азгүй дэлхий хэзээ нэг космополит-дэлхийн иргэдтэй болж гялайх юм бол доо, магадгүй харь гаригийн хамар амгүй “гаж” этгээдүүд нисэж ирээд илт заналхийлбэл хүн төрөлхтөн сая нэг хамтын дайсантай болсоныхоо “ачаар” дэлхийч үзэлтэй болцгоох байх. Энэ утгаар үзвэл эх оронч үзэл гэдэг яс юман дээр дэлхийг хагалж бутаргасан тун будлиантай ойлголт болчих гээд байгаа юм, өршөөгтий. За муу ёр байгаа даа, эх орныхоо анхдугаар Үндсэн Хууль батлагдсан түүхт өдрийн маргааш нь л ийм булай юм ярьж суудаг, түй түй тог тог. Эх орон үгүй бол хүү минь хөл чинь юун дээр гишгэх билээ... гэдэгсэн.

Ер нь энэ дэлхий дээрх бүх үйл явдлын эхлэл, муу сайны зангилаа, лай ланчигийн эзэн бол мэдээж хүн өөрөө, олон улс ч бай, улс доторх ч бай, айл гэр ч бай болж буй бүхэн нь хүний мөн чанараас л урган гарсаны үр дагавар. Магадгүй өөрийнхөө толгой дээрх бухалыг харах үүрэгтэй байсан алдарт билгийн мэлмийгээ яаж байгаад ч юм хагалж хаясанаас болж хүний толгой дээрх өвсийг л шиншилж явдаг гадагшаа чиглэлтэй ганц гарцтай “нүдтэй” үлдсэнээр муу сайнаа ялгаж чадахгүйд хүрч, арай гэж ялгасан байлаа ч засах тэвчээр дутаж, бие биенийхээ толгойн өвсийг үг сүггүй гайхан амьдарцгааж, үйлийн хар үрийг хураан овоолж суудаг болж дээ.

Тэгэхээр нэг бол харь гаригаас ирэх хамтын дайсны “ачаар” бүх хүмүүс нэгдэж дэлхийч үзэлтэй болцгоох, эсвэл мөн чанараараа өөрчлөгдөн байж сая амьддаа бие биеэ хайрлаж амар сайхандаа жаргах гэсэн хоёр найдлага хальт байна. Харамсалтай нь хүмүүн төрөлхтний түүх гээшид ийм гайхамшиг үүссэн цагаас өдийг хүртэл ирээгүй л байна.

--------------------------------------------------------------------------------------

杀鸡取卵 Sha ji qu luan Тахиагаа алаад өндөгийг нь авах

Сэтгэгдэл (5) :: Сэтгэгдэл vлдээх! :: Холбоос

No comments:

Мэдрэмжүүд минь

Бясалгалд суув аа. 10 хоног чимээгүй суудаг. Өмнө нь зөндөө удаа явж байсан л даа. Энэ удаад арвин ургацтай харин. Урьд нь суухдаа юу ойлгож...