Ердөө саяханыг хүртэл би цэвэр эрдмийн хүн болохыг мөрөөдөж, өөрийгөө ийм л зориулалтын хүн гээд итгэчихсэн байв. Хүн төрөлхтөн ДНК-г илэрүүлж, гар утас бүтээж, сансарт нисэж байгааг харахдаа оюун ухааныг шүтэж, аль л нэрт суут эрдэмтэдийг биширмээр болдог байваа.
Одоо бодоход инээд хүрэм нэг юм гэвэл хүүхэд ахуйдаа би өөрийгөө бусдаас онцгой, сод сондгой, далд авъяастан гэж боддог тэрэндээ бараг итгэчихсэн байж билээ. Том болоод огт тийм биш юм гэж мэдээд жаал гутрах аядсансан. Санаж байгаагаар хамгийн анхны сүрхий эргэцүүлэл маань, нэг өдөр хамаатны эгчийндээ очоод тоглож тоглож түр амсхийх зуураа гэнэт л надад ойлгодоггүй зүйл гэж огт байхгүй юм шиг бодогдож, бүгдийг чадна ойлгоно гэж өөрийгөө үнэлээд, насаа бодож үзтэл энэ жил 6-тай байлаа, тэгээд өө би чинь төрөөд 10 жил ч болоогүй байгаа юм байна, 20-той 30-тай болохоор зөндөө их юм мэддэг болох юм байна даа гэж хүртэл бодож амжсан юмдаг. Тэр үед ахыгаа дагаад 4 наснаас үсэг нүдлээд, 6-тай гэхэд ном түгдрэлгүй уншдаг, тоо боддог болчихсон их догь амьтан байлаа. Арван жилдээ элдэв балай баахан мөрөөдөл өвөртөлсөн хүн, нисдэг таваг ирээд намайг аваад яваасай гэж чин үнэнээсээ хүсдэг бараг залбирдаг, сүнс минь биенээсээ гараад яваасай гэсэндээ орондоо ороод нэг гараараа нөгөө гарынхаа шуун тушаа судасны эргэлтээ“боогдтол” дарж хэвтдэг байлаа (тэр үед ийм аргыг сонин дээрээс уншсан байв). Зохиолын баатруудыг шүтэж явсаар арван жилээ дуусгахдаа ч эрдэм номын мөрөөдлөө орхисонгүй. Аз болоход их сургуулийн ангид аль нэгэн анги болгонд байж байдаг шилдэг хүүхдийн адилаар, дуусашгүй эрч хүчтэй, гайхалтай сийрэг ухаантай, хамгийн гол нь цуцашгүй хөдөлмөрч тийм нэгэн ухаантан мөн л байж таарлаа. Төгс төгөлдөрийн хэмжүүр мэт санагдах түүнийг харах гэж сонсох гэж өглөө бүр хичээлдээ өгүүлшгүй баяртайгаар яаран ирдэг, нэг ёсондоо би ч эргэлт буцалтгүй тэрэнд бундан нааж орхижээ. Ямар ч байсан 4 жил магадгүй тэрнээс удаан хугацаанд тэр өөрөө ч мэдэлгүйгээр миний дотоод хөдөлгүүр болж явсан юм. Түүнийг юм яриж байхад нь заримдаа гал цогтой нүднээс нь яаж сэтгэж байгаа нь жирэлзэн урсах мэт харагдах шиг санагддаг байж билээ. Тэрнийг хэт няхуур зангаасаа болж айхтар алдаа гаргачихгүй л бол гялалзсан амжилт гаргана гэдэгт одоо хэр огтхон ч эргэлздэггүй.
Хүн юу санаж хүснэ тийм л зүйлээ амьдралаас олж авдаг мэт. Яагаад ч юм сурах боловсрох үйлс миний хувьд санаж байснаас минь илүү хурдтайгаар, бараг л далдын ивээлээр юм шиг, аяандаа бүтээд байдаг байлаа. Мэдээж өөрийн хичээл зүтгэл нэгээхэн хэсэг эзлэх л биз. Хар багаас мөрөөдөж байсан тэр замаараа замнаж яваа хэр нь одоо гэтэл тэр мөрөөдөл асар сонирхолтойгоор шал эсрэгээр хувирч орхилоо.
Одоо бол гялалзсан амжилт гаргасан бизнес эрхлэгч болохыг л бодох болж. Бизнес хөөх номын мөр хөөх хоёрыг салаа мөртэй гэж бид ихэнхдээ ойлгодог. Магадгүй наймаа хийх нь хорон санаатай мөнгө хүүлэгчдийн ажил гэж коммунист маягаар багадаа бөмбөгдүүлж байснаас үүдэлтэй юм боловуу. Гэхдээ одоо үүнийг хэн ч ингэж ойлгохгүй л дээ. Чи ухаантай юм бол яагаад баян биш байгаа юм бэ гэдэг америк маягийн прагматик сэтгэлгээ үйлчилдэг болсон.
Аварга луу эргэлдэх мэт асар том зах зээлийн дэргэд байгаа монголчууд дундаас магадгүй энэ нүсэр эргэлтэд нөлөөлдөг, дэлхийн залуу саятануудын нийгэмлэгт уригдсан тийм нэгэн одтой хийморьтой монгол залуу төрөөсэй гэж бас л “мөрөөдөж” суух шив дээ. Яагаад болохгүй гэж, уйгагүй оптимист гэдгээ бас дахин мэдрэв.
Сэтгэгдэл (1) :: Сэтгэгдэл vлдээх! :: Холбоос
No comments:
Post a Comment