Saturday, 9 September 2006

Бясалгал

☆ 2006-Sep-9

Худагийн мэлхий далайн томыг мэдэхгүй
Далайн мэлхий худагийн багыг мэдэхгүй (ардын цэцэн үгнээс)


-Бясалгана гэдэг бол завилж суугаад нүдээ анисан чигтээ юу ч бодохгүй байхыг хэлнэ.
-Хөл бөмбөг гэдэг бол эрээн бөмбөг өшиглөж хар хурдаараа гүйхийг хэлнэ.
Энэ хоёр тодорхойлолт нэг төвшинд дөхнө дөө (мэдэмхийрэх). Сүүлийн үед монголд аура орчин, эерэг, сөрөг энерги гэж их ярьдаг болж. Хүмүүс бие биерүүгээ бундан pass-лж, массалж, инээх, уйлах тоолондоо материйн төвшиний эгэл амьтан биш гэдгээ баталж байгаа болой. Тархи зүрхнээс гадна сүнс ч гэдэг юмуу бас тийм нэг “юм” байгаа бололтой гэдгээ мэдрэхээс цаашгүй, учрыг нь тайлж, нут нотолж чадахгүйдээ зөн билиг, сэрэл мэдрэмж дээрээ дөрөөлсөөр бүтээсэн нь шашин гэгдээд өдгөө шинжлэх ухаанд дээрэлхүүлж явна (уйлахыг завдах). За шашин ч яахав.
Нэг талаар, социализм шашиныг үгүйсгэсэн нь хүмүүнийг нэг төрлийн матери (дээд төвшнийх өө тэр нь) гэж үзэхэд хүргэж, эцэстээ нийгэмд л үйлчилдэг махан робот үйлдвэрлэх буюу өнөөх робот нь үхэхээрээ шороо болчих юм чинь гэсэн мухар бодолд тулж очмогц амьд дээрээ л ... Гэхдээ бидний ээж аавууд эмээ өвөөгийн нөлөөгөөр бас бурханлаг юм шиг байгаа юм. Бидний үеийнхэн л харин жинкэн атеистууд байх. Энэ утгаараа би социализмын бүтээгдэхүүн мөн (хадуурах) Монголдчуудын хэд нь сонгодог атеист бол? Энд намайг шашныг цээжээрээ хамгаалав гэж бүү ойлготугай, хүнийг хэт хялбаршуулж тулгасан нийгмийн сэтгэлгээг л ... (төххх).
Шашин шал явцгүй, шинжлэх ухаан бас төгс төгөлдөр болоогүй, тиймээс хүн өөрийгөө бүрэн таних гэсэн оролдлогууд өчнөөн гаргасны нэг нь бясалгал байж. Учир мэдэх хүмүүсийн хэлсэнээр шинэ зуун чинь бясалгалын зуун юм гэнэ шүү (TV5-шар мэдээ). Одоогоор монголд Шри Шри, Чри Шимной, Випашяна гээд бясалгалын цөөнгүй төвүүд ажиллаж байгаа, лам нарын хүрээнд бол тарнийн бясалгал өргөн.

Оюутан ахуйдаа далийж яваад Чри Шимнойн бясалгалчин болох шахаж билээ. Нүдээ хагас аниад нам гүмийн дунд далай тэнгисийн ёроолд байна гэж төсөөл гэж байна, төсөөллөө, нарны гэрэл ёроол хүртэл тусаж байх агаад тээр гүнд суугаа надад далай дээрх шуурга хар салхи огтхон үл мэдэгдэнэ, нам гүм ... аятайхан мэдрэмж ... цаашаа энэ их амар амгалангаас бурханы зүг алгуур явж байна ... өөө пфффф бурханыг танихгүй юм чинь андуураад хэн дээр ч оччих юм билээ. Мэдээж бурханыг таньдаг, эсүүл танилцахын хүссэн хүнд бол энэ бясалгал ач тусаа өгөх нь гарцаагүй ...

Шри Шри бясалгал, Саранцэцэг гэх ухаалаг эмэгтэйн яриа ... Бие дааж үзлээ, мэдрэмж дээр тулгуурласан амьсгалаа зохицуулах гээд боломжийн шүү. Олон ч хүн үр шимийг нь хүртэж баярласаар ...

Эрлийн үзүүрт гэрэл (жаср-рэл) ... бурхан, бумба бултаараа давхацсан нэг өдөр Випашяна бясалгалруу Богд уулын Зайсангийн амнаас дээш 5 км-т үзэсгэлэнт газар лугаа хувь тавилан намайг гудас хөнжлөө үүрээд оч гэжээ ... Нэг ч удаа уулзаж байгаагүй бурхан чөтгөрт итгэх үү, эсвэл өөрийгөө зүгээр л нэг яс цусны mix гэж үзэх үү, туршихад илүүдэхгүй нэг тест нь бясалгал, туршаад харамсаагүй нь Випашяна байлаа.

... БИ өөрийгөө мэднэ ээ, энэ чинь БИ шүү дээ, чи биш БИ ... иймэрхүү бодол хүн бүрт ямар нэг хэмжээгээр байж л байгаа, яг энэ арчаагүй бодлыг нугасладаг газар даа. Би үнэхээр л би юм бол энэ сармагчин шиг үсчсэн санаа бодлоо томоотой суулгаж нэг минут л тэвчье, гурван өдрийн дараа гэхэд л гараа өргөөд хэлээ унжуулаад суухвий. Би чинь би мөн л байлтай даа, өө хөөрхий өөрийгөө хөндлөнгөөс харах мэт гайхах, өрөвдөх, ичих, уур хүрэх ... эцэст нь дуугай л болсон. Бүх юм түр зуурынх ... Мөнх бусын ертөнцөд би гэгч хичнээн ч өчүүхэн, хичнээн ч “хоосон” юм дээ... энэ өчүүхэн хоосон “би”-ийнхээ хүлээсэнд тас зангидуулсан бид юутай азгүй харалган ... гэх мэтээр миний хувьд мэдрэмж иймэрхүү (сүртэй наасан) Гэхдээ хүн болгон өөр өөрийнхөө төвшинд хүлээж авч мэдрэх зүйл л дээ... чимээгүй л байя. Магадгүй “би”-гийн үнэлэмжээр л бид амьдарцгаадаг, хүмүүс эрдэм ухаан, сонссон үзсэнийхээ үрээр “би”-дээ өгөх үнэлэмж жаахан жаахан хэлбэлзэж болох юм. Миний дээрх мэдрэмж, дүгнэлт ч бас өөрийнхөө төвшинд л ухаж ойлгосны нэг хэлбэр, илүү төвшний нэгэн бээр намайг хараад “хичээгээрэй” гэхээс өөрийг хэлэхгүй биз, учир нь хэлээд яриад бус биеэр мэдэрч байж л ойгодог зүйл гэж бас бий ажээ. Дурлаж үзээгүй охинд дурлал гэж ингэж огшоод л гэж ирээд хэчнээн ч удаа яриад ойлгохгүй байтал хэдэн жилийн дараа өнөөх охинд дурлал гэж ганц үгийг хэлэхэд л дахин тайлбар илүүц болсон байх шүү дээ...

Түр зуурын ертөнцөд
Түр зуураар ирэхдээ
Түр зуурхан бүхэнд
Түр зуур л дурлана

PS: уул нь бясалгалын ач тусын тухай бичих гэсэн чинь юу ч болчихов доо, жинхэнэ үсчиж орхилоо, гэхдээ иймэрхүү сэдэв серъёздоод байвал нойрны биз дээ (гандан буурдаггүй гэнэ ээ).

Наад зах нь энэ их стрессний нийгэмд оюун санаагаа хөнгөвчилж сурсанаар ажлын бүтээмж энэ тэр дажгүй нэмэгдээд ирнэ гээд ач тус их л дээ их ...


Сэтгэгдэл (3) :: Сэтгэгдэл vлдээх! :: Холбоос

No comments:

Мэдрэмжүүд минь

Бясалгалд суув аа. 10 хоног чимээгүй суудаг. Өмнө нь зөндөө удаа явж байсан л даа. Энэ удаад арвин ургацтай харин. Урьд нь суухдаа юу ойлгож...