Monday, 4 September 2006

зун цаг

☆ 2006-Sep-4

Зун цаг зун цаг сайхан даа
Зугаатай цэнгэлтэй гоёхон доо ... (хүүхдийн дуунаас)

нар хур 50 50 хувьтай, өвсний толгой бүхэн нь инээд алдсан үзэгдэж харагдаагүй зун болж байгааг амтай болгон нь шагшиж буйг бодхул үзэсгэлэн гоо нь арван наймтай идэрхэн тунгалаг хүү шиг бүрэлджээ гэж сэтгээд нүдээр үзэж баясюу хэмээн шийдэж хөх богцоо үүрээд хөөрлийн манантайгаар монголоо зорив.

Наймдугаар сарын эхэн гэлээ ч цагаахан дагина Улаанбаатарын улиасны навчис нялхаараа, сэвэлзүүр салхинд гижигдүүлэн аалигүйтэж хөхрөлдөөд тэд надад тоогдож байгаагаа ч мэдэх сэхээ алга, агаар мандал гэж би байна гэчихсэн бардам ихэмсэг хөх тэнгэр бумбагар цагаан үүлсээр хээ угалз урлан гангараад тэр гэхийн эцэсгүй төгс төгөлдөр ... 800 жилийн өмнө ч байсаар байсан хад чулуунууд харин хэтэрхий ихийг мэддэгтээ ч тэрүү, навчсын жаргал, үүлсийн цэнгэл яаж дуусдагыг харж залхсандаа ч юмуу дув дуугүй, дүв дүнсгэр ...

Зун юм байна, зугаалъяа гээд хэдэн Тайваниудыг дагалдаад Дорноговь явж Хамарын хийд, Занабазарын байгуулсан монголын анхны театр, “дэлхийн энергийн төв” (яаж тогтоосон юм бол ?!), бясалгалын агуй гэсэн хувьдаа бол асар чухалчилан бодсон хэд хэдэн газраар хэсдэг баатар болоод шөнөжин вагонд түчигнэн үүрээр 6 цагт Сайншадад буугаад жуулчины баазын жижигхэн хэдэн монгол гэрээр тайваниудыг тарааж оруулан унтахаар дөнгөж хажуулдав үү үгүй юү говийн тэнгэр зад үсрээд пис пас түр нир, говьд байдаггүй гол мөрөн тэнгэрээс тэр чигээрээ унаад ирсэн, шүршүүр болсон нимгэн эсгийтэй бичкэн гэрийнхээ голд тоононы нь доор толгой хоргодон алгаа тосон бороотой золголдож зогсов оо. Говийн хуурай хөрс гэнэт унасан тэр их усыг шингээж дийлэхгүй хавтгай шар ус хуйлараад урсах нь алсаас харахад далай шиг сонихон ч говийн үер, байгалийн гамшиг гэгч нь тэр байж. Өглөөний ундны дараа зорьсон газарлуугаа давхитал км хүрэхгүй газар яваад үерийн усанд халхлагдсан хонхор газарт уаз пургонтой шургаад уначихсан. Гэнэн зөрүүд жолоочын “ачаар”, машин дотор сэлэх шахаж, нөгөө ертөнцийн дансанд амьдаараа бүртгүүлчихээд очерлож байтал нутгийн хүмүүс авралт тэнгэрүүд болж ирээд нэг нэгээр маань жолоочын цонхоор татаж олс дамжуулан, хальт action movie-дсээр бядны хэдэн шавран нөхөд хагас инээчихсэн газардав. Сүнс нь зайлаагүй дээрээ буцахын түүс болсон тайваниуд “Говьд очоод живж үхэх шахлаа” гэж хэлбэл тайваньд үнэмших хүн гарах уу гэж хошигнохтойгоо.

Нөгөө ертөнц гэснээс үхэл ойрхон ирчихээд байсан ч одоо үхэхгүй гэдгээ мэддэг ч юм уу, сиймхий гараад үхчихвэл ч ухааны юм зурсхийж бодсон ч айх, цочирдох шинж алга аа. Үхэл амьдралын ялгаа зааг яг хаанаа юм? Миний ойр дотны хүн амь биеэ орхих надад туйлын гашуудам хайран, нас нөгчигсдийн хувьд магадгүй үлдэгсэд илүү хөөрхий ... Амьдралд хорогдох, мах цусандаа шунан дурлах ... үхэлд тэмүүлэх, үл мэдэгдэх ямар нэг юмруу format-лагдах аль аль нь юуны ялгаатай ?!, ОДОО ЦАГийнхаа орчилд л байхсан ... олдошгүй баригдашгүй одоо цаг, одоо ...

Улаанбаатарын үдэш намуухан
Учирсан хосын яриа аядуухан
гэснээс нэг сайн найз маань заяаны ханьтайгаа зам дээр машин барьж байгаад тааралдаж, чухам үнэнийг цөөн үгээр хэлдэг хүнээ олсон байна, ажил дээрээ амжилт гарган гялалздаг ч f*ck f*ck гэсээр цуцашгүй тэмүүлэгч найз урьдын адил завгүйхэн, ангийн хэдэн анд ар араасаа бүл нэмээд халуунтай, цаг зогсчихоод байна гэж бухимддаг найз энэтхэгт суралцаад алга ... буурь сууриндаа эргэлт хувьслаар буцалсан Улаанбаатарын хэмнэлд бүдэрч унах амархан, босоод гүйх ч энүүхэнд ...

Энэ зун ...
Их ойн зочид тасрахгүй, идэр залуус наргиж ханахгүй, энд тэнд наадам дуусахгүй, “идэж уусан” дарга цадахгүй, үхдэл мэт согтуучуул босохгүй, “үнэт” биетэй янханууд цөөрөхгүй, үгээгүй ядуусын хараал тасрахгүй ... ядмагхан, ядруухан монголчууд минь цуцашгүй ...

Сэдэв хүнд оргиж байна, тэхкү шөө, зак залуус аа, энэ зуны дуучин гэвэл “Киви” хамтлаг, энхтайваны илэрхийлэл болсон, интернационал гурван бүсгүй байлаа
http://www.youtube.com/watch?v=edpXtTqK8tE , “Татар”-ын Заяагийн “Улаанбаатарын нулимс”-ыг хувьдаа онцлъё. http://www.youtube.com/watch?v=iaYd9MnE-Oc
Тэмдэглүүштэй нь Монголын нээлттэй нийгэм хүрээлэнгээс тасархай номуудыг орчуулж гаргасаар байна, чемодан чемоданаар зөөмөөрөө, гүнээ талархаж буйгаа илэрхийлмээрээ.
“Хятад: Дэлхийн гүрэн эргэн ирж байна”Конрад Зайц
“Бодит ертөнцийг судлахуй” К.Робсон
"Капитализмыг өмөөрөх нь" Айн Рэнд
"Хорьдугаар зууныг эргэн харахад" Роберт Манделл
"Саятан" Артем Тарасов (энэ номыг Монцамэ-ийн акулууд орчуулсан)
... ...
... ...
Энэ зун, Ээжийнхээ өвөрт эрхэлсэнээ мартамгүй, нутагтаа амраад ээж минь цаанаа л өнгөлөг ,,,
Ижийм ижийм
Ашытнай яажэ хариулхамбийв ... (буриад дуунаас) ... ээждээ захидал бичээрэй ... ...

Навчис чи надад намар ирсэнийг сануулав уу ...


Сэтгэгдэл (5) :: Сэтгэгдэл vлдээх! :: Холбоос

No comments:

Мэдрэмжүүд минь

Бясалгалд суув аа. 10 хоног чимээгүй суудаг. Өмнө нь зөндөө удаа явж байсан л даа. Энэ удаад арвин ургацтай харин. Урьд нь суухдаа юу ойлгож...