Tuesday 31 July 2018

Агшин

Гадаа нарлаг дулаахан, орой 6 цагийн орчимд байрны гадаах гудамжаар алхан харьж явах замдаа гэнэт орчноо анзаарсан маань сүүлийн хэдэн өдөр тохиосон сайхан явдлын нэг болов. Байнга явж өнгөрдөг байрны гадаа нь цэцэг тарьсан байдаг юм байна, тэр нь ихээ өндөр ургачихсан өнгө өнгөөр алаглан найгаад аяс аясаар ганхаад зөөлөн ... 12 орчим насны бондгордуу жаал маруужин идэх гээд цаасыг нь задлаад хогийн сав руу хийх гэтэл гадуур нь унагачихав, салхинд маруужингийн цаас хийсэн холдоход хүү гүйж очоод цаасыг авч базаад хогийн сав руу хийгээд санаа амар маруужингаа идэж эхэллээ ... нэгэн охин тэндээс гүйж ирээд орцны хаалгаа онгойлгон нялх дүүг нь тэвэрсэн ээждээ хаалга барьж өгөв ... тэнд нэг хүү чихэвчээр сонсож буй зүйлдээ автчихсан алхаж явна... Би аажуухан алхангаа энэ бүх хажуугаар болж өнгөрч буй үйл явдлуудыг анзаарсан төдийд сэтгэл дотор сонирхолтой сэрэл мэдрэмж бүрхэн авлаа. Агшин бүр энгийн, өөр өөр, сонирхолтой, бас их утга учиртай байх юм, агшин бүрийг алдахгүй ажиглаад л баймаар, ажиглах тусмаа хүүхэд шиг хөөрч баясмаар амттай таатай. Урьд нь анзааргагүй байсандаа хамарсмаар ч шиг, гэхдээ хэрэггүй, тэр цаг өнгөрөн одсон, энэ агшин сайхан, үүнийгээ л тасралтгүй ажигла мэдэр, зүгээр л анзаар. Одоо эргүүлэн дурсан тэр мөчийг бичиж буй минь ч дэмий хэрэг, тэр цагийн таатай үзэгдэлд хоргодож буй хэрэг бус уу. Яг одоо компьютер товшиж буй хуруу, чихэнд сонсогдох гадны элдэв холилдсон дуу чимээ, хажууд суугаа ажлын залуус, гэрэл туссан өрөөгөө л анзаарвал бас өөрийн гэсэн давтагдашгүй агшин хажуугаар минь урсан одож байна шүү дээ. Агшин бүрийг сэрүүн тунгалаг ажиглаж, амталж өнгөрүүлье, ... амьдаръя.

No comments:

Мэдрэмжүүд минь

Бясалгалд суув аа. 10 хоног чимээгүй суудаг. Өмнө нь зөндөө удаа явж байсан л даа. Энэ удаад арвин ургацтай харин. Урьд нь суухдаа юу ойлгож...