Thursday, 4 September 2008

аниргүй ертөнц

дээр үеийн бичлэгээ оруулмаар байлаа ... :|

Байна уу ... байна уу ................ харь этгээд минь сонсож байна уу, би чамтай хамт явж болох уу ... аниргүй ногоон ерөнцийг зүүдэндээ л дүрсэлдэг ... тэнд зүлэг навч нь нилэнхүй цагаан өнгөтэй байдаг нь үнэн үү, цэнгэг ус нь тунгалаг улаан өнгөөр урсдаг уу, хүмүүс нь амгүй, бас хөлгүй болохоор ярьдаггүй, бас нисдэг үү, нэг нэгнийхээ тухай зэрвэс хараад л нэвт мэддэг болохоор хуурамч инээд, ховын шивнээ, хөлстэй алга, хүйтэн чинжаал лав байдаггүй байх даа, хоромхон зуурын настай болохоор та нар хоногоор биш мөч агшин бүрээр амьдралыг хайрладаг уу, амьдрал гэдгийг гэхдээ амьдрал гэж нэрлэдэг болов уу, амьдралыг эсвэл үхэл гэж нэрлэдэг үү, өөрсдийн чинь ертөнцөөс явж байгаа нэгнээ амьдралруу талийлаа хэмээн харамсан гашууддаг уу, аль эсвэл би та нарыг дэндүү басамжилж орхив уу, харамсан гашуудахын учир шалтгааныг та нар мэддэг болохоор хэтийн цаадахыг хардаг болохоор зовлон гуниг гэдгийг төсөөлдөггүй байх даа, цэлмэг оюунд тань ямар мэдрэмж оршдог бол ... амраг хосууд нь биесээ энхрийлэн таалах нь сонихон байх даа, эрэмдэг муухай бүсгүй гэж мэддэггүй, уран сийлбэр шиг залуу гэж боддоггүй, эрх ямба, эд хөрөнгө, ялих шалихгүй, болох, болохгүйн хүлээсэнд баглуулдаггүй, уудам орон зайд дүүлэн нисдэг шигээ хязгааргүй цэнхэр сэтгэлээр ив ижилхэн даль жигүүр оёод, цав цагаан навчтай болор тунгалаг цэцгийг бие биедээ бэлэглэж улбар туяа сацруулан огторгуйд зугаалдаг байх даа.

Хүмүүсийн тухай та нар мэддэг болов уу, адилхан ухаан заяасан байтал тэнэглэл нь дуусашгүй мунхаглал нь ёроолгүй байгаад гайхдаг уу, нэгэнтээ бид бас ийм явсан гээд хөнгөн шүүрс алддаг байх даа, хэзээ нэгэн цагт бид бас та нар шиг болж чадах уу, тэгээд хамтдаа зэрэгцэн амьдарсаар байх болов уу, биш ээ ... үхсээр байх болов уу ... ?

4 comments:

Мөнхбаатар said...

Харь этгээд нь сонсож байна.
Харанхуйн гүнээс мэндчилж байна.
Ус улаан.
Ургамал цагаан.
Ус бие дундуур минь урсаж.
Ургамал хаа нэг газар гасалж байдаг.

Эндхийн цаг хугацаа нийтдээ нэг л эгшин
Эргэх хургах тоолол гэж үгүй.

"Зурсан юм шиг бүсгүй"
Бодохын зуур бий болж
Хүсэхийн зуур үгүй болдог.
Уран баримал мэт залуу
Ухаан төсөөлөлтэй уралданхан
Бүтэж биежээд эргээд алга болдог.

Иймд бид тэдний тухай боддоггүй.
Эрэмдэг болоод сайхны тухай бодол байдаггүй.
Энд чамд тайлбарлаж чадах юм ер нь цөөхөн
Юу байгаа юу байхгүйг мэдүүлж чадахгүй л байх.
Байгааг нь итгүүлж чадахаас би л байх шив дээ...
Харь дотно этгээд нь...

Тийм ээ чиний хэлсэн бүгд үнэн
Тэгэхлээр чи манай ертөнцөд байсан байх аа?

"эрх ямба, эд хөрөнгө, ялих шалихгүй, болох, болохгүйн хүлээсэнд" баглуулдаггүй ээ
Энд юу ч байхгүй. Иймээс юу руу ч шунаж болохгүй юунд ч баглуулж болохгүй.
"эрх ямба, эд хөрөнгө, ялих шалихгүй, болох, болохгүйн хүлээс"-г чинь
Юу байдгийг үзэх юмсан.
Юу ч байсан хамаагүй ээ
Байгаа л юм хойно сайхан байх байлгүй дээ...

"уудам орон зайд дүүлэн нисдэг шигээ хязгааргүй цэнхэр сэтгэлээр ив ижилхэн даль жигүүр оёод, цав цагаан навчтай болор тунгалаг цэцгийг бие биедээ бэлэглэж улбар туяа сацруулан огторгуйд зугаалдаг байх даа."
Бид үргэлжид нисэж, үргэлжид зугаалж
Битүүхэндээ бүгд газардахыг бас зогсохыг мөрөөднө.

Амраг хосууд хоорондоо амраглахын тулд
Амьдрал хэмээх ангал руу хамтаар үсэрдэг.
Ангалын ёроолд амраглалын амт байдаг гэлцдэг.
Аймшигтай нь ёроолд нь очоод төөрдөг гэсээн.

Энд бүх зүйл тодорхой байдаг. Бидэнд нууц бол үнэт зүйл мэт санагддаг. Өчүүхэн жаахан нууцыг үлдээхийн тулд бөөн бөөнөөрөө хаа нэг тийшээ үсрэн алга болдог.
Үхэл гэж хэлээд байгаа чинь
Үсрээд алга болохыг хэлээд байна уу даа?

Хамт явж бололгүй л яахав.
Харин чи эхлээд үхэх хэрэгтэй шүү...
Яг одоо явах уу?
Явах болтол чинь би хүлээх үү?

Ноён Номч said...

ee burhan mini, iim iim hari yrtuntsiin humuus hoorondoo dotnoson huuruldseniig uzlee

Ноён Номч said...

ee burhan mini, iim iim hari yrtuntsiin humuus hoorondoo dotnoson huuruldseniig uzlee

Anonymous said...

Iga uhchihej.
http://igaa.blogspot.com/2009/02/blog-post.html

yawah tsag ni bolchihoj

Мэдрэмжүүд минь

Бясалгалд суув аа. 10 хоног чимээгүй суудаг. Өмнө нь зөндөө удаа явж байсан л даа. Энэ удаад арвин ургацтай харин. Урьд нь суухдаа юу ойлгож...