Sunday 10 December 2006

Дурсамжийн тасархай

Ээж намайг 4-р ангид байхад “Франкийн Аннегийн өдрийн тэмдэглэл” гэдэг зузаан ном авч өгч байсан юм. Фашист германуудад хавчигдаж байгаа еврей гэр бүлийн бяцхан охин Аннегийн бодит өдрийн тэмдэглэл байлаа. Тэр номыг уншсаар байгаад Анне миний найз юм шиг санагддаг болсон байж билээ... тэр: “... өнөөдөр ээж миний дуртай хоолыг хийж байгаа, би дээврийн шатан дээр суугаад төмс арилгаж байхдаа хөрш айлын хөвгүүнтэй зөндөө юм ярьсан, эгч миний яриаг тоож сонсох биш, сонссоод ч ойлгохгүй, нүдээ том болгож харчаад дахиж ийм солиотой юм битгий ярьж бай гэж сургаад цааш алга болж өгнө, харин манай хөрш хүү бид хоёр хааяа хэдэн цагаар ч хамаагүй дээврийн хонгилд ярилцаж суудаг, сургуульдаа явах аргагүй болсоноос хойшхи миний хамгийн сайн найз... тэр бас их хөөрхөн нүдтэй...” гээд бичсэнийг нь уншихаар Аннетэй ярьж байгаа юм шиг л санагддагсан ... Аннегийн тэмдэглэлийг уншсаар дуусах дөхлөө, төгсгөл нь ямар нэг төгсгөлгүй, зүгээр л урьдын адил нэг өдрийн тухай... тэгээд дуусчихав ... хамгийн сүүлийн хуудсан дээр Аннегийн биш харин өөр нэгэн хүний бичсэн жижигхэн зурвас шиг зүйл байлаа... "тэдний гэр бүл нуувчнаасаа баривчлагджээ ... 13-хан настай бяцхан охин гестапын шоронгийн хатуу ширүүн эрүү шүүлтийг дааж тэсээгүй шоронд нас барсан" ... надад уйлмаар байсан ... дотны найз минь байхгүй болчихсон юм шиг хоолойд юм тороод ... залгих гэхээр хөндүүрлээд ... өдөр өдрөөр хуудсыг нь эргүүлж суусаар дэндүү дасал болсон байжээ Аннетэй. 13 настай гэхэд амьдралыг аль хэдийнэ өөрийн гэсэн өвөрмөц ертөнцөөр хардаг болсон дэндүү хэрсүү, маш ухаантай охин байсан санагддаг юм одоо бодоход...

Аннегийн нөлөө байсан байх, бас шилжилтийн насны халуурал ч биз, 12, 13 наснаасаа би баатар тэмдэглэл сараачиж эхэлвэй... энх цагийн эрх хүүхдийн тэмдэглэл ч гэж дээ ...

“... Өнөөдөр Цэдэндаш багшийн хичээл дээр би бүх тэгштгэлээ бодоод онц авцан, ээжид дэвтэрээ үзүүлнэ ээ, тэхээр ээж “миний басган бэрхэл даа” гэх байхдаа... нээрээ хичээл дээр Нямка өлсөөд байсан гэжээлэй... Мөнхөө намайг ардаас хатгаад ерөөсөө томоотой суухкү байсан шал тэнэг... хичээл тараад Уугий Нямка бид 3 гөөхий авч идсэн, маргааш Нямка хорхойны зурагтай бурамтай чихэр авчирна гэсэн, ээж нь Бээжингээс авчирсан гэжээлэй ...”

“...Манай байрны ах нар сагс тоглож байналэй, Цээгий ах хамгийн мундаг нь... би болкон дээр самар цөмж байгаад ясыг нь шидсэн чинь нэг эгчийн толгой дээр уначихсан хихи... өнөөдөр Ганаа, Оогий, Мандаа бид дөрөв шар байрныхантай эрзээнээр уралдана, тэдний Бабуулай байрныхаа аварга нь гэжээлэй, би Бабуулайтай эрзээнд оросоор хождог, монголоор тоглохоор хааяа хожигдчоол байдын, бид дөрөв юу ч гэсэн гээд Уугийг бас авч явах гэжаагаа, бид нар шар байрныхныг заавал хожно шүү гэж тангараг өргөсөн... ээж намайг гурилаа зуураад ногоо арилгачихвал гараарай гэсэн”

“... баларсаан... манай Ндай жорлонгийн ус ууцан... ах ном уншаад сууж байсын, би хөдөлмөрийн хичээлийн нэхмэл оёж байсын, манай дүү мөлхөөд л дамжаад л ааүү вав үүүү врр врр врр ий ий гээл тоглож байснаа гэнэт чимээгүй болцон, би анги дээр өнөөдөр Тайвнаа Нарааруу шалны алчуур шидсэнийг нь бодож байгаад анзаараагүй юм шиг байнаа, яанаа, тэгсэн чинь ах номоо уншингаа жорлон орох гээд ... тэгчээд дүүг авкү намайг дуудаад байгаам даа... очсон чинь Ндай жорлонгийн ус алгаараа цохиж цацаад цацрахаар нь баярлаад, үс толгойгоо норгоод бүр гараа амандаа хийгээд энгэр нь нил норцон ... дүү ах бид хоёрыг харсанаа бүүр баярлаад дэвхрэх гээд ... бид хоёр аааааааааааа гээл хашиграад байсан чинь дүү харин жаахан айчихсан, ах сэжиглээд намайг ав гэж түлхээд, муугаараа би л Ндайг усанд оруулсан ... тэгээд ах бид хоёр гэрийнхэнд хэлкү гэж тохирсон...дүү хэлд орохоороо энийгээ санакү байгаасай ...”

“... Байрны ах нар өнөөдөр шийдэн дээр байхгүй байна. Би Чейзийн “Боржын бөгж”-ийг уншаад дуусаагүй л байгаа, хүүхэн амиа хорлодог нь аймаар... би хүж асаагаад жорлонгийнхоо гэрлийг унтрааж ороод ном уншсан, хүжийн галд нэг юмуу хоёр үсэг л харагддым байлэй, ёстой хэцүү, Ундрахыг өрөвдөөлайсан... "

"... орой даалгавараа хийгээд дуусахлээрээ герман сэтгүүлээс хөөрхөн хүүхэн харж зурна аа, эртээдийн зураг гоё болсон ээж намайг авъяастай гэж магтсан, ээж өөрөө зурж чаддаггүй болохоор миний бүх зураг гоё санагддаг байх л дөө... Бага ангид байхад Энхбат намайг зургийн хичээл дээр гуйгаад л байдаг байсан, би гэхдээ Ганчимэгийн зургийг зурсаар байгаад хонх дуугарчихдаг байсан л даа, Энхбат гомдсон болуу, гэхдээ яадын тэр өөрөө гоё дуулдаг мөртлөө намайг дандаа номоор зодоод байдаг байсым чэн муу мойног хуруут... Би нээрээ зураач болно гэж мөрөөддөг байснаа больчихсон. Уул нь 6 настай байхдаа ерөнхийлөгч болохоор шийдсэн л дээ, тэгээд хүн болгонд ярьдаг байсан, ерөнхийлөгчийг үлгэрт гардаг хаан гэж боддог байсан юм чинь. Гэхдээ 2-р ангидаа ороод кондуктор л болох юмсан гэж хүсдэг болчихсон, тэгээд хүмүүмст цаас урж тараадаг, гоё байсан л даа... дараа нь ээжийн ажил дээр очоод эмч болмоор санагдсан, харин одоо бол юу болохоо мэдэхгүй л байна, мэргэжил бүхэн сайхан гээл багш дандаа зохион бичлэг бичүүлдэг, гэхдээ надаа лав худалдагч муухай, цэнхэр дэлгүүрийн муухай ааштай эгч шиг ... би нээрээ дайн болж байна гэж зүүдэлсэн, үнэнгээсээ дайн гараад буцаад картын бараанд орчвол мөн балрав аа ... за за ээж ирэх болжийнэ, гэрээ цэвэрлэкү бол...”

Амьдралын нэгэн тасархай, дурсамжийн марташгүй хуудас буюу ...

Сэтгэгдэл (8) :: Сэтгэгдэл vлдээх! :: Холбоос

2 comments:

Эрхэс said...

Bi bas unshij bsiin ene nomiig. Gehdee sayaha sh d6 Usvur nasandaa bish utul nasandaa. Bi gehdee neg Japan zohiolvch emegteig medeh yum bna. Cham shig bas Anne Frank iin temdegleliig usvur nasandaa unshaad nuluulugduud zohiolch bolchihson. Zohioluudiig ni unshaarai sonirholtoi.
Aan zohiolchiinh ni ner ni uu?
Ogawa Yoko

Эрхэс said...

Huue tanihgui baijiij chi ene ter geed yariad bgaag mini uuchlaarai. Dotno sanagdaad baihaar chini uuriig chini chi gechihlee shuu.

Мэдрэмжүүд минь

Бясалгалд суув аа. 10 хоног чимээгүй суудаг. Өмнө нь зөндөө удаа явж байсан л даа. Энэ удаад арвин ургацтай харин. Урьд нь суухдаа юу ойлгож...