Monday, 24 April 2006

Эд эсүүд

☆ 2006-Apr-28

Асар том галактик, нарны аймгийн байдаг л нэг гишүүн болсон дэлхий, дэлхийн жирийн нэг оршин суугч хүн...
Хавкиний хар нүх ч яамай, Номхон далай, мөсөн тив, за байг л дээ, Алтайн нуруу, Богд уул ... би гэдэг чинь яасан ч өчүүхэн, бөөсийн чинээ амьтан юм дээ.
Гэхдээ миний бие эрхтэний дотор оршин суугч эд эсүүд бүр бөөснөөс ч өчүүхэн, агуу томын дэргэд намайг тайвшруулах гэсэн мэт өчүүхнээр орших тэд нүдэнд ч үл торох бичил. Харагдахгүй ч гэсэн цаг үргэлж мэдрэгдэж байдаг тэднийхээ хувьд би харин бурхан, тайлагдашгүй “хар нүх” ... Эд эсүүд минь намайг бүхлээр минь хараагүй, харж чадах ч үгүй болохоор тэдэнд би нууцлаг, далдын оньсого, ертөнцийнх нь эзэн, авралт Аллах нь. Хөөрхий эд эсүүд надаас болж зовж, жаргаж явдаг яг л миний боол мэт хүсэл хяслын дагуу л. "Зүрх" хотын оршин суугч нэгэн эс "Цус" хотын бадарчин эсээс яагаад зовж баярлаж байдгийг асууна, хөөрхий бадарчин эс хамаг л эд эрхтэнүүдээр хэрэн хэссэн боловч учрыг үл мэдэх тул, хялбарханаар нь нэг тийм аугаа бурхан гээд хариулчихна. "Тархи" хотын эсүүд үүнд эргэлзэх ч мөн л намайгаа хараагүй учир баталж ч үгүйсгэж ч чадахгүй.

Эд эсүүдийнхээ эзэн нь болсон би дураараа аашилж, тайрч хяргаж, живүүлж, базалж, үрж маажина, сайхан загнахаараа илж бөөцийлж хооллож ундлана. Магад тэд бас хоорондоо дурлалцаж, хийх ажлаа гүйцэтгэж, хааяа биестэйгээ байлдаж, мөргөлдөж, бас зарим нь уран бүтээл туурвиж, нэг нь нээлт хийж, эсийнхээ амьдралыг эс шиг өнгөрүүлэхийг хичээцгээнэ. Тэдний хувьд хэдэн сая жил мэт хугацаа өнгөрч хувьсан өөрчлөгдөхөд өнөөх “бурхан” нь 10 минут л амраад боссон байхын учир “бурхан” бол үхэшгүй мөнхийн ...

Эд эсүүдийн тайлагдашгүй “бурхан” би бээр өчдөр өглөөний наранд хууртаад нимгэн гарсанаас орой хөлдөж үхэх шахсан амьтан бээцийж бээвийсээр орж ирлээ, өлсөж байна гэж жигтэйхэн. Бушуухан соёлын довтолгоо хийгээд гэрийн зөөлөн өмд цамц улгаж аваад халуун хоол халбагадсаар тв үзэж таатайхан тухалж тавирлаа. Юу билээ. Би биш эд эсүүд л даараад, тэд л өлсөөд байсан болохоор би хөөрхий түргэн авч гэрлүү чавхдан халуун хоолруу тэмүүлж ирсэн бололтой, яг л тэгж таарлаа ... эд эсдээ захирагдагч

... Хэн нь ч хэнийхээ “бурхан” юм бол доо гэж. Эд эсүүд минь ээ, юу ч болж байсан, сөнөж мөхөж, сэхэж мандаж байсан ч тэнгэр шиг байгаач ... Гуйя ...


Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл vлдээх! :: Холбоос

No comments:

Мэдрэмжүүд минь

Бясалгалд суув аа. 10 хоног чимээгүй суудаг. Өмнө нь зөндөө удаа явж байсан л даа. Энэ удаад арвин ургацтай харин. Урьд нь суухдаа юу ойлгож...