☆ 2006-Jul-23
Өнөөдөр ...
Маргааш ...
Яг жилийн дараа ...
5 жилийн дараа ...
...
20 жилийн хойно
...
Хувийн кадрт хэн гэдэг “кино ший” бичигдэж, ямархан хүмүүстэй уулзаж, үйл явдлын хэлхээс яаж өрнөх бол? За энэ ч нээх сүртэй бодоод байх юм биш биз. Гэхдээ өнөөдрийн зураглалаа, 20 жилийн дараахтай харьцуулж үзье гэж бодъё, амьд арзайж байвал шүү дээ.
Халаас хоосон ч надад эрх чөлөө байна
Хамгийн гоё нь би залуу байна
Тийм болохоор одоогоор өдөр хоног тортон дээрх үсэг шиг, сүлд модны гэрэл шиг, бамбаруушны нүд шиг, бөгжний шигтгээ шиг, ботинкны үдээс шиг л байна, зүрхэндээ гунигтай, нүдэндээ нулимстай байлаа ч гэсэн миний залуу нас магад ийм л байгаа. Хийж бүтээхийн өвчин, туршиж бэртэхийн солио туссан насанд шинэ юм болгоныг мангасын нүдээр харж, цөс хөөрч цус хурдалж, шүлс ялгаруулан, хуруу гараа үрж дүрж, давилуун авир дэврүүн аашаар дэлхийн төвд эргэлдэж байгаа.
Зээ Би өнөөдөр 45-тай. Өглөө босуут интернетрүү гар яваа ч уу, хүчтэй хөгжимд зүрх оргилоо ч уу, дурласан сэтгэлээ нууж ядан догдлоо ч уу, харь орны цэмцгэр байшинд нүд гялбаа ч уу, толины өмнө эргэлдэж үсээ самнан дуу аялаа ч уу, давшилж дайрсан чинжаал үгэнд дахиж шархдаа ч уу ... Яахав... Хөл хугалам туфльнээсээ салаагүй байж болно, шүтэх шахдаг гадны урлагтаа дуртай байж болно, маруужин идэж цэцэрлэгт зугаалдагаа жаргалд тооцдогоо ч хэвээр хадгалж болно... Гэхдээ ... Гурав хоноод уйдчихдаг байсан хөдөө нутгийн гангын үнэртэй сэвэлзүүр салхиа санахын төдийхэнд сэтгэл чичирвэл яахав, эмээгийн барьсан талхыг зөөхий түрхүүлээд идмээр санагдвал би яахав, аав ээжийн төрсөн нутгийн бараа алсаас харагдахын зуурт нулимс асгарвал яахав, “учир нь мэдэгддэггүй” уртын дуунд уужирал тайвшрал ухаарлын эд эсүүд эцэг өвгөд эх нутаг энэ бүгдийг цөм багтаагаад байж байвал яахав ... би яахав.
Өнөөдрийн явдал өнөөдөртөө, маргаашийнх маргаашдаа гэж үү ... гэвч ... маргааш намайг догдлуулах зүйлс эмээгийн барьсан талх шиг дахиж олдохоосоо нэгэнт өнгөрсөн байвал асгарах ёстой нулимс огшоод ч гарахгүй биз, (ийм муухайгаар бодож болохгүй л дээ) тийм биш гэж итгэж л байна мэдээж, гэхдээ бид чинь орчлонгийн хүрдэнд нэгэнт орооцолдсон, өнөөдрийн тарьсан үр маргаашийн ЦЭЦЭГ үү эсвэл ШАРИЛЖ уу...
PS: Ойрдоо учиргүй бясалгалдаад балай авч байна аа. Нэгэнт орчлонгийн хүн юм болохоор орчлонгийнхоо л тухай бодохоос (хоёр хуруу толгой тушаа, хөмсөг атираатай). Алсын хараатай амьдарч дадаж байгаа юм болов уу, би ер нь том хүн болж байгаа юм шиг ээ гэсэн.
Сэтгэгдэл (5) :: Сэтгэгдэл vлдээх! :: Холбоос
No comments:
Post a Comment