Далимдуулаад ярихад, ХҮН гэдэг капиталыг манайд ерөөсөө тоохгүй юмаа, намайг тоогооч ээ гэсн :D
Tuesday, 30 January 2007
Хүн ам
Далимдуулаад ярихад, ХҮН гэдэг капиталыг манайд ерөөсөө тоохгүй юмаа, намайг тоогооч ээ гэсн :D
Saturday, 27 January 2007
жирийн өдөр
... Хуурай салхинд зомгол шиг хийсч байгаа золбоолог насны зоргоороо энэ өдрүүдэд харамсах ёстой юу? Тийм ч биз, үгүй ч биз ...
Saturday, 20 January 2007
Weekend соёл
Түрүүчийн weekend-ээр түүхийн музей үзэж явтал МЭӨ 21-р зууны үеийн хүмүүсийн бурхан шүтээн гээд “харь гаригийн хүн” шиг дүрстэй хаш чулуун бүтээл байжийдгийм байна ... тэрэнд нүдний хор оруулчихаад гартал гадна нь ашгүй жижигхэн тэмдэг болгоод зарж байхаар нь дор нь авч хүзүүний алчууртаа хатгаснаар жаахан санаа амрав. Алчуурандаа тэмдэг хатгасан, нэг бээлийгээ халааснаас хагас цухуйлгасан, нууц үг “ни хо” гэх мэт бөөн пароль царайлсан хүн дэлгүүр хэсэв. Дэлгүүр дотор шамбааралдсан олон хүнийг харангуут толгой эргээд унах гэснээ хүн түшиж авахгүй бол гантиг шалан дээр ойчиж шатсан юм болчих гээд болив. Эмэгтэйчүүд дэлгүүр хэсэхээрээ явах тусам дуу нь чангараад нүд нь гялалзаад хөл нь хөнгөрөөд, асар гайхалтай үйлчилгээтэй юм аа харж байхад, юун диско, юун секс гэсн. Сүши идэж Старбаксын капучиногоор оюутан ходоодоо гялайлгаад түрүүчийн weekend-ийн төгсгөлийн арга хэмжээ өндөрлөв. Харин энэ weekend тунчиг сонирхолтой. Хот байгуулалтын музей гэж тэнэг өндөр өртөгөөр боссон байшин дотуур алхаж гүйж дэвхэрч үзэв. Хамгийн гоё нь тэндээс гараад санаанд оромгүй жижиг гудамжинд байрлах (嫫干山路50号) зураачдын хувийн урланг сонирхлоо, нэг дор төвлөрөөд тус тусдаа дур дураараа уран бүтээл үйлдээд, хүмүүс хүссэн үедээ очиж таалж тамшаалаад гардаг мөрөөдлийн газар юм. Хаалга бүрийн цаана, ер бусын сонин содон ертөнц угтаж авна, нэг хаалганы цаана бүүдгэр гэрэл, нурууны үс босмоор аймшигт эвгүй түгшүүр, хэсэгтээ гүн хямралд автаж гудайн суумаар ... нөгөө хаалганы цаана өнгөлөг ханан дээр цайвар тод зурагнууд, цэцэг тасалж үсэндээ хатган гоёод ном уншиж суумаар ... дараагийн хаалганд бүсгүй хүний гоо сайхан, гүн нарийн бэлхүүс, туяхан нуруу, хөөрхөн цээж, галзуурам тачаадан тэсч алдан буй бүсгүйн үлэмж төгөлдөр үзэсгэлэнд шунан дурламаар ... Өнгө өнгийн ертөнцөөр ингэж өөд уруугүй зугаалвай. Зураг, баримал гээд янзан бүрийн бүтээлүүд байснаас сонирхол татсан нэг нь ... хар өнгөтэй, дээр нь аз жаргал гэсэн бичигтэй том том цоожнуудыг хэлхэж цоожлоод газар дээр ЗҮРХэн хэлбэрээр тавьжээ... (хайр–цоож?) зүрхэн дотроо дээр үеийн зэвэрсэн хар хайчнуудыг тарааж байрлуулсан байв ... (хайр–хайч?) хар өнгийн хүнд төмөр зүрхний доторх тэр зэвүүн хайчнуудтай хамт алтан шар жижигхэн түлхүүрнүүд ( цоожин доторх түлхүүр? ... ...? ) ой, би яах ёстой юм бэ гэсн. Энд бас ихэнх зураачдын дунд байсан нийтлэг гэж болох сэдэв ... хятадын соёлын хувьсгал, маоистуудын мунхаглалыг шүүмжилсэн аястай бүтээлүүд харагданалэй.
Орой нь сэгсийтэл дэлгүүр хэсэж ядраад, өлсөж үхдэгийн даваан дээр япон хоолны газар орж наян шорлог идээд, гэдэс хагардагийн даваан дээр гэрлүүгээ харьж, муужирч унадгийн даваан дээр мангас зүүдлэхээр, хүйтэн хөнжлөө тийрээд таван хошуу болон тас үсэрвэй.
Гэснээс саяны долоо хоногт талбайн теннисний дөрвөн том тэмцээний эхлэл болох Австралийн нээлттэй тэмцээн эхэлсэн биш телевизор cool харагдаад байнаа, харамсалтай нь Safin vs Roddick-ийн тоглолтыг дуустал үзэж чадаагүй жаахан мяа, ядажийхад хоёр “ах” хоёулаа царайлаг, тэгш чанга биетэй, үзэхэд үнэн урамтай. Бас snooker гараад байдаг, тавтай сууж үзэх юмсан, Дин Зүньхуй гэж хятад банди ганган цохиж байхыг ноднин харж биширсийм, энэ жил ч мань хүн нууна цохино гэж үзүүлж байгаа болтой, харваас дуугай, бараг инээдэггүй, snookerт яг таарсан сэтгэлзүйтэй энэ хүү уржнан жил гэнэт цоорч гарч ирсэн юм билээ. Малайзад бас бадминтоны тэмцээн болоод байдаг, ганцхан хувь биеэ хэдэн тийш нь copy-дчих юмсан.
Thursday, 18 January 2007
Өнгө
Дурлал муухай өнгөтэй. Хатгаж шивсэн үг шиг, үгнээс урссан нулимс шиг, нулимсанд норсон алчуур шиг, алчуур базсан алга шиг, алган дээрх зураас шиг, зураасаар сараачсан зураг шиг.
Дурлал өнгөгүй … … … хүрээд очъё гэвч зам байхгүй, зураад дүрслэе гэвч сэдэв байхгүй, огшоод уйлъя гэвч нулимс байхгүй, холдоод одохын цагт юу ч байхгүй …
Monday, 15 January 2007
Бэлгийн мөлжлөг
Монголд одоо энэ талаар судалгаа хийдэг байгууллага:
-Хүйсийн Тэгш Эрхийн төв (голлох байгууллага нь)
-Хүний эрхийн хөгжлийн төв
-Хүний эрхийн үндэсний комисс
-АНУ-ын Азийн Сан
гэсэн голдуу Төрийн бус байгууллагууд байх бөгөөд тэд ЦЕГ, ТЕГ, ГХЯ, ХЗДХЯ гэх мэт Төрийн байгууллагуудын холбогдох хэлтэстэй хамтарч мэдээлэл солилцох, судалгаа хийх зэргээр ажилладаг байна.
Дээрх байгууллагууд өнгөрсөн зун намар судалгаа хийж үзээд “иргэд энэ талын мэдээлэл дулимаг байдгаас хүний наймаанд өртөж хохирдог” гэж дүгнэжээ. Хуурамч зарын дагуу ажилд орох гээд бүр ээж аавтайгаа очсон ч гэх шиг. Я хүүхэн нэгэнт "өртөөд" Бээжин, Макао юмуу, Малайзруу ачигдсан бол пасспорт ч байхгүй, мөнгө ч байхгүй, шал танихгүй нэг эзний боол болж, хөхөндөө селикон шахуулаад, сарын тэмдэг зогсоодог тариа хийлгээд, янханддаг гаж донтонуудын хүссэнээр хөдөлж хэлсэнээр аяглах “ялтай”, хүмүүн бусын хар шөнүүд эхэлдэг байна. Нэгэнт хохирогч болсон хүн арай ёо гэж мултарч гаруутаа зад заргалдаад шүүхдэе л дээ ...
Энд хамгийн онцгүй зүйл бол сайн дурынхан ... би хөдөөнөөс ирсэн оюутан, мөнгө хэрэгтэй байна л даа, би төгсөөд цалинтай золгохоороо массаж хийхээ больчихно гэж байгаа хүмүүс засарна гэдэг худлаа л даа, төгсөөд бас л үсээ зулгааж байж л хэдэн төгрөг олно ш дээ, тэгээд ирэхээрээ бараг дурандаа шахуу хийж байсан ажлаа санагалзана, ойлгомжтой. Мэдээж тэр оюутан эхнээсээ массажист болохоор хот орж ирээгүй, мөнгө хэрэг болсон, тэгсэн массаж гэдэг ийм суваг байж байсан, ороод явчихсан бла бла... Эргээд л нийгмийн асуудлтай холбогдох юм, сурангаа ажиллах өөр нөхцөлүүд байсан бол ядаж гурван массажистын нэг нь хэвийн амьдрагч байх байсан ч юм билүү.
Thursday, 11 January 2007
Цифрүүд
Гэснээс нэг ах солонгост метронд суусан чинь ерөнхийлөгч Очирбат гуай зогсчийсан гэжийлэй. Би бас саяхан гэрлэн дохио хүлээгээд байжийтал урдуур “арилгасан сонгино” дүрээрээ зам хөндлөн гарч явахыг хараад пал гээл нам шок болох гэсэн чинь арай л бор царайтай, бас тийм гангар шаазан биш, гэхдээ л нөгөө тэвнэ шиг хурц харц яг урдуур шунгинаал явчихсан, гэрлэн дохио солигдоход сая сэхээ орж, би нээх том вибратор болцон, дугуйгаар наймын тоо зурсаар харил уу яалаа, хаачсан аа мартчиж.
За тэр зүс царай ч дүүрч, ер нь над шиг хүн дахиад байхгүй гэж бодоход юу нь сайхан байна аа, тэгж ярихым бол орь ганцаархнаа, муухай шдээ. Яг над шиг боддог, мөрөөддөг, сэтгэдэг, инээдэг, унтдаг, тоглодог, хашгирдаг... хүн ядаж нэг ширхэг байсан бол гоё байхгүй юу. Над шиг мөрөөддөг байлаа ч над шиг инээж чадахгүй гэдгийг тоо тоолох аргаар баталсан ч чадна ... жэхшиг. За энэ бол халуунтай хүний дэмийрэл байлаа. Ханиад хүрээд, антибиотикоор бөмбөгдүүлж, цанатсан цонхоор хий юм удаан харсанаас л боллоо...
Зүсэр борооны мөнгөн дусал хумсны толин дээр бөнжигнөхөд
Зуны нарны цагаан гэрэл гэмгүйхэн төөнөж мэрэн шатаана
Хөлсөө барсан мөнгөн дусал алтан сацрагийг үзэн ядсаар
Хумсны тольруу уусаж амжилгүй хоосон агаартаа ууршиж замхармой (ум ма ни бад ми хум)
Sunday, 7 January 2007
Шинэ оны анхдугаар долоо хоног
Оны өмнө дүүжлүүлсэн Иракийн экс удирдагчийн араас хөвөрсөн хэлэлцүүлгүүд сонин, сайтуудын эхний нүүрээр нэлийж, тв сувгуудаар нууц бичлэг цацагдсан нь хамгийн focus мэдээ байв. Хусейн сvvлчийн илгээлтдээ "Би таны болон ард тvмнийхээ тєлєє єєрийгєє золионд гаргалаа...Хvнд хэцvv цагт цус хямдхан" гэж бичсэнийг нь"Нью-Йорк Таймс" сонинд "Шарилын дуу хоолой" гээд нэрлэчихдийм байна. Тэр бичлэгийг харахад Саддамыг өрөвдмөөр ... Дүүжилж хороох арга аль эртний гаралтай, цус гаргахгүй, удаан тамлахгүйгээр цааш харуулдаг их шинжлэх ухаанч арга юм гэнээ. Гэхдээ европт бол энгийн барлагийг ингэж дүүжилдэг, язгууртаныг болохоор цаазалдаг ёстой байсан нь Саддамыг “энгийн хүн” мэтээр хороосон гэсэн үг. Уул нь Саддамын хүслээр бол цэргийн хүний ёсоор бууны аман доор бурханы орноо залрах байсан гэхчлэн яриа бас байхын (гэснээс Садам одоо хаашаа явах бол ... hell or ...? гсн). Ливи улсын засгийн газар зэрэгцээд Саддам Хусейны хєшєєг босгох гэж байгаагаа зарлаж байх юм, хорвоо гэж ...
Өнгөрөгч долоо хоногт янзан бүрийн халаа сэлгээ, сандал дээр суусан боссон ёслолууд л хаа сайгүй боллоо. НҮБ-ын шинэ Ерөнхий НБ-ийн дарга 2-ны өдөр ажлаа албан ёсоор хүлээж авав, ингээд юу юугүй нэг убба дэлхийн дарга болчдым байна. Маргарет Чан гэж үлгэрийн эрлийз нэртэй Хятадын шувууны томуугийн шинжээч асан Хонгконг эмэгтэй бас албан ёсоор Дэлхийн Эрvvл Мэндийн Байгууллагын /ДЭМБ/ тэргvvний vvрэгт ажилдаа орсон. Азиуд НҮБ хавиар нүүрны буян эдэлжийнаа. Эмэгтэй гэснээс АНУ анх удаа эмэгтэй спикертэй болж байхад Атлантын нөгөө эрэг дээр Лондоны цамхаг эмэгтэй харуултай болж байх жишээтэй, энэ нь харуул гаргах болсон цагаасаа хойшх 500 гаруй жилийн тvvхэндээ анх удаа юм байх. Хаанаасаа хаалгач хүртэл эмэгтэй болж гялайж байхад ... (пс ширээнийхээ дарга болдыму). Нэг инээдтэй түүх санаанд орлоо. Дэлхий дээр зүсэн бүрийн холбоо клуб байгуулагдаж байдгийн нэг нь “Эхнэрийнхээ гарт орсон эрчүүдийн холбоо” гэж, гишүүдийнх нь хурал жилд нэг удаа болоход дэлхийн өнцөг булан бүрээс цуглах ёстой нөхдүүдээс ердөө ганцхан хүн л хуралдаа иржээ, бусад нь яав гэтэл эхнэр явуулаагүйн улмаас бла бла бла ...
Шинэ он гарахтай зэрэгцээд Болгар, Румын хоёр Европын холбооны 26, 27-р гишүүнээр элсцгээж, залуус нь гэрээсээ гараад Парисын гудамж, Thаmes мөрнөөр зугаалахуйц боллоо. ЕХ-ны хувьд тэдэнд “улаан хивс дэвсэж” өгөхийн хамт бас болгоомжлол тавьж байгаа нь уг холбооны тэлэлт шинэчлэлтийг дарамт багатай явуулахыг хүсч буй хэрэг аж.
Японд Шинэ жилийн оройн NHK-ийн уламжлалт баярын шууд хөтөлбөр дээр цагаан талын дуучин DJ OZMA тайзан дээр гэнэт нүцгэлж хаясанаар шинэ оны эхний сенсаци мэдээ болж CNN-р ч цацагдаад авав. Улс төрийн хувьд шинэ ерөнхий сайд нь энэ онд хүндхэн сорилтуудтай тулах тухай “Токио шинбун”, “Асахи шинбун” дээр бичжээ, яджийхад алтан гахай жилд японы парламентад 81 гишүүн гахай жилтэй байдаг, жил нь ороод суудал давхцаад хүндхэн “хадралцаан” болох нигуртай гэснийг нь уг сонинуудаас иш татаж хятадын сэтгүүлчид уламжилсаныг дамжуулав. Японы шинэ ерөнхий сайд Шинзо Абэ нь өмнөх Коизумиг бодвол Хятад, Өмөнд Солонгос гээд ази талдаа аядуу нааштай бодлого баримтлах шинжтэй гэдгийг сайд болуутаа дээрх хоёр оронд очиж айлчилсанаар тайлбарладаг бөгөөд ирэх 4 сард Хятадын ерөнхий сайд Вэн Зябао Японд хариу айлчлах сурагтай байгаа, хэрэв 8 сард Абэ сан Ясукуни сүмдээ мөргөчихгүй бол намар Ху Зинтао ч айлчилж магадгүй гэх. Энэ бол өнгөрсөн онд Хятадын төрийн зөвлөлийн орлогч Ү-И нь Японд айлчлахаар явж байснаа Ясукуни сүмийн өргөлөөс болоод замаасаа далийж гэнэт Монголд бууж эдэр огцомтож байсны дэргэд бол хамаагүй нааштай гэхээр хэрэг л дээ. Мэдээж Япон Хятад хоёуланд нь эдийн засаг гээч асар чухаг эрх ашгийн нийцэл байхад “найзлах” зам аяндаа зурайна, хэрэлдэн хэлэлцэн байж зурайсаар ч байгаа.
Хойд со-гийн хувьд ойрын хугацаанд цөмийн туршилт хийхгүй байх гэж АНУ болон бусад орнууд тооцож байна, тэгээд ч 6 талын сунжиралдсан хэлэлцээрийн 6 дахь ээлж нь ирэх 7 хоногт ч эхэлж болзошгүй тухай баяртайгаар мэдээлцгээсээр. Цємийн туршилт хийснийх нь дараа Умард Солонгосын эсрэг НVБ хориг арга хэмжээ аваад байгаа ч хоёр Солонгосын хоорондох худалдаа 2006 онд бараг гучин хувиар нэмэгдсэн тухай Ємнєд Солонгосын улс орноо нэгтгэх асуудал эрхэлсэн сайд мэдээлжээ.
Хятадын хувьд шинэ онд эдийн засаг нь ямар байх, улс төр нь хаашаа чиглэх талаар дэлхий дахин ёстой нэг есөн чулуугаа татаж төлөг зурхай буулгах шиг болж байна. 2006 онд эдийн засгийн өсөлт 10%-с дээш үзүүлэлттэй байгаа нь сүүлийн дөрвөн жил дараалсан үзэгдэл. Хятадын иргэдийн орлого өсөж байгаа учир мөнгөө хав даран хуримтлуулж, зарлага хэмнэдэг меркантилч байдал нь шинэ оноос эцэс болж хэрэглээний зах зээл өргөжинө гэж зарим судлаач үзсэн байхад сарын 4000 юаниас (багцаагаар 500 дойлуур) дээш орлоготой дунд давхаргынханы дунд явуулсан судалгаагаар хятадууд мөддөө үрэлгэн загнахгүй гэсэн дүгнэлт гарсан байхын. Өдгөө хятадын GDP-ийн 70%-ийг хувийн хэвшил бүрдүүлдэг. Нийт ажиллах хүчний 75% нь хувийн хэвшилд хөдөлмөрөө үнэлдэг болчихоод байгаа энэ орон өдөр тутмын хэрэглээний бараа, нэхмэл оёмол бүтээгдэхүүнээр дэлхийг хангадаг байсныгаа аажим өөрчилж шинэ технологи, ялангуяа IT салбарт сээтэн хаяад байх болсон нь барууныхныг бичкэн хардуулаад л байна. Тухайлбал Английн IT ажлын 70% нь Хятад Энэтхэгрүү урсаад явчихсан нь эрхгүй анхаарал татах хэмжээнд хүрч.
Хятад хаяг англируу орчуулсан нь :D
Бээжинд байрлах хятадын үндэстэнүүдийн парк нь хятадын цөөнх үндэстэний соёл заншилаас танилцуулсан цэцэрлэг юм. Хаягийг англиар бичсэн нь Racist Park (种族主义者公园) Яс үндсээр ялгаварлан гадуурхагчийн парк.
Гуйвуулга: Хятад хэлний 干(gan) хоёр утгатай 1) усгүй болсон хатсан 2) Fuck.
Нэг удаагийн аяга гэх мэт бүтээгдэхүүнийг 一次性 用品 гуйвуулан орчуулсан нь: A Time Sex Thing 一次 性用品 :D
Thursday, 4 January 2007
Маруужин болсон нь
Тэрээр “Дасан зохицол л гэж байдаг” хэмээн афоризмдаад үүнийгээ жишээгээр тайлбарласан нь: өвлийн хүйтэнд нэг хүн шав шалдан явж байжээ, замд нь хүн тааралдаад “эрхэм ээ, та даарахгүй байна уу” гэсэнд шалдан хүн эргүүлээд “харин таны нүүр даарахгүй байна уу” гэж асуусанд нөгөө хүн “аан миний нүүр үү, энэ дасчихсиймөө” гэхэд шалдан хүн “за тэгүүл намайг нэг том нүүр явжийнэ гээд бодчих” гэж хэлсэн гэжуга. (Маруужин юм чинь дасна аа ерөөсөө)
Tuesday, 2 January 2007
Орчуулга л ...
Миний оршуулчихсан дээрх өгүүлбэрийн хувьд залруулбал:
“Нүднүүдийн нулимснууд нь хацарнуудаа дагаад урсацгаана" шүү дээ...
Saturday, 30 December 2006
Шинэ хандлагын төлөө
Саяхан Тайваний газар хөдлөлтөөр кабель гэмтээд Yahoo, MSN холбогдохгүй бүхэл бүтэн хоёр хоносон нь хичнээн мянган км-ийн цаана огт гэмгүй сууж байсан ига гэдэг хүний хувийн амьдралыг яаж ноцтойгоор хохироож, сэтгэлзүйн хүнд цохилтонд оруулсан бэ гэдгийг одоо хэр тогтооход хүндрэлтэй байна. Интернэт тасалдаж олон улсын худалдааны компаниудын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсаныг энд эс товойлгон, жирийн нэгэн нэт хэрэглэгчээр жишээлж аваад хэлэхэд тэрхүү иргэний хичнээн сая жива эд эсийг 50 цагийн турш үхүүлж устгаж, хоёр өдрийн амьдралыг нь хорвоогоос арчиж хаясан гээд харахад л 21-р зууны гайхамшиг болсон интернэт, даяаршил гагцхүү үр шим дагуулдаг бус мөн эргээд дэлхийг, хүмүүсийг эмзэг өртөмтгий хөөс болгох хорон сул тал давхар агуулж байгаа үнэн нүүр царайг хайр найргүй илчилж харууллаа, тийм ээ энэ бол аймшиг, жинхэнэ horror (за сүржигнэл дуусав).
Гэхдээ л үнэн муухай байсышүү. Тусгаар тогтносон, бие даасан байдал энэ тэр ноцтой аюулд учираад, хараат бусын тухай зарчим эмзэг цэг дээр дэнжигнэхээр дорой болчихсон байгааг нотолж, харанга дэлдсэн сүрхий л дохио боллоо. Эндээс ургуулаад шинэ он ч эхэлж байгаам байна хуучин байдлаа эргэн харж, олон туйлт ирээдүйг төсөөлөн төлөвлөх, өнгө өнгийн өнцөг бүрдүүлэх гээд сценаридаад үзэв.
2007 оноос эхлэн аюулгүй байдлаа бэхжүүлэхээр стратегийн шинж чанартай, нээлттэй бодлого тууштай хэрэгжүүлэх зорилт дэвшүүлээд дараах чиглэлээр арга хэмжээ авахаар шийдвэр гаргав. Үүнд:
- интернэт, пс-нээс хэт хараат байдлыг саармагжуулах
- номын сангийн ширээг шүлсээрээ будаад ч хамаагүй өдрийг өнжих.
- хоолоо хийж идэж байх --- зочны болон өөрийнхөө хэлийг давсаар, ядаж давс нь таарсан байхад халуун чинжүүгээр түлдэгээ болих
- дургүй байлаа ч дор хаяж 14 хоногт нэг удаа дэлгүүр хэсэж үсний резин авах
- сум нэвтэрдэггүй хантааз өмсөж байгаад дурлах --- дурлалын тулаанд хоёрын хоёр удаа нүцгэн цэлдэнгээр байлдаад эхний сумаар чад хийсэн гашуун туршлагаа ямагт санах
- худлаа бүлтэрдэгээ зогсоох буюу хоосон андгай тавьж, талаар дүүрэн амлалт өгдөгөө болих --- (амлалт өгөхгүй гэж амлалт өгдөг гэнээ... парадокс үсчин ордог минь ч үүнтэй холбоотой... ) уг нь бол хийх гэж байгаа ажлаа хүмүүст зарлаж өөрийгөө моторддог нэг арга юм байгаан, заримдаа тэвчээрийн тулах цэг нурж балардагаас биш өөрөөр хүмүүст гай болдоггүй л дээ
- олон туйлт үзэл санааг хөхүүлэн дэмжих --- хүнийг сайн муу гэсэн хоёрхон ангилалд хувааж халуурдагаа болихын зэрэгцээ кино үзвэл угсруулаад 4, 5, арав хориор нь бөөнддөг, дурлавал дэлхийгээс хөөрөөд галактик хэсээд алга болчдог, дуртай нэг дууг 80 дараалж сонсдог, ном уншвал уранзохиол словарь пийлсоп гээд харайж системгүйтдэг, гиюүрвэл өрөөгөө түгжээд үхэл шиг чимээгүйтдэг гэх мэт ханарч туйлширсан үзэгдлийг цаг ашиглалтын төлөвлөгөөний дагуу тэгш хуваарилах
- нийгмийн амьдралд орооцолдох --- Арабеллагийн бөгж олчих юм шиг яваад байдгаа больж, тамирийн мөсийг долоох
- тойм бичих --- анх блог нээх болсон шалтгаан уг нь долоо хоног бүрийн тойм бичих том гэгээн санаа агуулсан атал эргээд хартал юу вээ, 53 бичлэгийн хоёрхон нь тойм байвал яахуу, гүйцээ ... ерөөсөө үхвэл таарна ...
- жич: алкахолик ууж даадаг болох --- нэг шил пяав уудаг нормоо хоёр шил болгоход л маргааш нь мажийх дөхөхөөрөө яадаг байна даа, архины тэнгэргүй амьтан юм даа, гомдох ч шиг, идэж ууж ч чадкү ...
Ийгээд эцэст нь хүний сэтгэх үйл ажиллагааны залхууралын бүтээгдэхүүн болох дүгнэлт гэдэг зүйлээр энэ жилийн сүүлийн блогоо төгсгөх тийш хандуулъя. Товчхондоо өөрийгөө хүүхэд гэж андуурдагаа больж насны доройтолруу дөхөж яваагаа ил далдгүй хүлээн зөвшөөрч “том болон” ТӨЛӨВШИХ. 2007 онд дугуй малгай хазгайдуухан тавьсан намбалаг ажаа дурдан бүсийг дэгжин ороогоод гулжига гулжига (ой наасан), ямарчигсэн зан чанар санаа бодлын луужингаа намба зүгрүү баримжаалах гэж ядахдаа хичээнэ гэдэг чинь тэгээд ХАНДЛАГА биз дээ.
Блогоор зочилсон эрхэм андад ирэх жилийн тань зорилго бүхий ХАНДЛАГА-д амжилт хүсье. Хуучин оны амжилтыг оюун бодолдоо шингээж шинэ онтой залгуулан золгоорой гээд нэг тулгачих уу :D
Мэдрэмжүүд минь
Бясалгалд суув аа. 10 хоног чимээгүй суудаг. Өмнө нь зөндөө удаа явж байсан л даа. Энэ удаад арвин ургацтай харин. Урьд нь суухдаа юу ойлгож...
-
Эмэгтэйчүүд, охидын хэлийг тайлж унших нь Болохгүй = болно Болно = болохгүй Магадгүй = болохгүй Чи минь харилцаан дээрээ суралцах хэрэ...
-
Бээжинд 798 гэдэг арт гудамж байдаг юм байна. баруун хойд хэсэгт орших хуучин үйлдвэрийн барилгыг ашиглаад жижиг жижиг урлангууд нээсэн арт ...