Wednesday, 13 September 2006

Андын захидал

☆ 2006-Sep-13

.... төлөө сэтгэл чилээж явдаг эрхэм нэгэн андын захидлыг энд сонирхуулъяа. Найздаа амжилт хүсэв.

Их эрдэмтэнтэй уулзсан нь

Сайн байцгаана уу, эрхэм уншигчид аа! Алс далайн чанад дахь ногоон тивийн орноос мэндчилж байна. Та бүхэнтэйгээ анх удаа Монголын ард түмнийг үүх түүхээр минь мэдэх нэгэн аугаа хүмүүний тухай өгүүлэхээр сэтгэл шулуудан эчнээ уулзаж байна. Бидний өгүүлэх энэ хүмүүний алдрыг Игорь де Рахевилц гэдэг. Монголын түүх соёл судлаач түүнийг дэлхийн энтэй том эрдэмтэн гэдгийг дуулаагүй явсан бид алс холын Австралид тийм аугаа хүмүүн байдаг гэдгийг сонсоод гайхах, бахархах сэтгэл төрж байсныг нуух юун. Рахевилц гуай итали, англи, франц, латин, сонгодог грек, хятад, япон, монгол, эртний уйгар, манж гээд тун олон хэлийг судалгааны бүх түвшинд төгс эзэмшсэн нь гайхалтай агаад хүндлэн биширмээр байсан юм. Тэрбээр залуу халуун насандаа монгол судлалын салбарт хөл тавьж байхдаа монголчууд бидний үеийн үед хүндлэн шүтэх Билгүүн номч Б.Ренчин, их эрдэмтэн Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан гээд манай үе үеийн суут хүмүүстэй нүүр тулан уулзаж, ном хаялцаж байсан тухайгаа дурсахад нь улам бүр ихийг яриулж, ихийг мэдэх хүсэл оргилж байсныг хэлэхгүй байж яахан чадах билээ. Рахевилц гуай одоо Австралийн Үндэсний Их сургуулийн Ази, Номхон далайн түүх судлалын факультетэд хүндэт багшаар ажиллаж, залуу судлаач эрдэмтэдийг бэлтгэн гаргах нөр их ажилд хүчин зүтгэсээр байна. Гэвч яг монгол судлалаар дагнан мэргэшсэн хүн одоогоор Австралид байхгүй гэж харамсангуйгаар өгүүлж байсныг мөн дуулгах байна. Түүний хамгийн сүүлд гаргасан томоохон бүтээл гэвэл хятад ханз эх дээрх «Монголын нууц товчоо»-г англи хэл рүү хөрвүүлсэн 2 боть бүтээл. Энэхүү бүтээл магад түүний 2006 онд тэмдэглэн өнгөрүүлэх Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг угтан монголчууд бидэнд, цаашилбал дэлхийн улс түмэнд барьсан том бэлэг байж болох юм. Аль эрт 50-иад оны үед МНТ-г орос, герман хэл рүү хөрвүүлсэн байсныг олж үзээд, тэрхэн үедээ англи хэл рүү хөрвүүлэхсэн гэсэн санаа төрж, амьдралынхаа бүхэл бүтэн 40-өөд жилийг зарцуулан байж «Монголын нууц товчоо» гэдэг аугаа бүтээлийг англи хэл рүү тун дэлгэрэнгүй тайлбартайгаар хоёр боть болгон хэвлүүлжээ. Уг ном нь энэ онд багтааж хоёр дахь удаагаа хэвлэлтэд орж байгаагаас үзэхэд дэлхий дахин Монголын тухай, монголчуудын тухай хэр их сонирхож байгааг эрхгүй мэдэж болно.
Мэдээж англи хэл дээр хэвлэгдсэн «Монголын нууц товчоо» дэлхийд Монголыг маань сурталчилах их үйлсэд оруулж буй томоохон хувь нэмэр гэдэгт итгэлтэй байна. Үүнтэй маргах хүн үгүй биз ээ. Өвгөн эрдэмтэнийг Ойн арга хэмжээнд Монголд уригдан ирэх ахул Төр, Засгийн зүгээс ивгээлдээ авч түүний нөр их хөдөлмөрийг өндрөөр үнэлэнэ гэдэгт өчүүхэн ч эргэлзэхгүй байна.
Ийм аугаа хүнтэй уулзахсан гэсэн хүсэл бадарсаар, төдөлгүй түүнтэй зориуд уулзах аз завшаан тохиолдож зүрх гарган уулзах цаг аван түүний гэрт очлоо. Эгэл даруухан Австралийн жирийн л иргэдийн дайтай амьдрах түүний гэрт очоод анхлан харсан зүйл гэвэл эгээ л хана хэрэм мэт ханхайх их номын чуулбар, түүний дунд байрлах бичгийн ширээ сандал байсан юм. Тэр өдөр Рахевилц гуай биднийг халуун дотноор хүлээн авч уулзан, бидний сонирхсон асуудал бүхэнд үнэн бодитой, түүхэн баримттай, хойчийн бидэнд сургамж болууштай асар их зүйлийг хэлж өгснөөс та бүхэндээ боломжийн хэрээр дуулгаж, сонссон зүйлээ хуваалцах чинхүү хүсэл эрмэлзлээр дараах зүйлийг хүргэхийг хүсч байна. Түүний захиж сургамжилсан зарим зүйлс ч эдүгээ манай бодлого боловсруулагчидад нэгийг бодогдуулах буй заа. Болгоож соёрхоно биз ээ.
Түүхийн талаар ярьж өгөхдөө залуу хүн шиг хөнгөн шингэн биендээ зохицсон сийрэг ухаантай, түүхэн он цагийг яг тодорхой хэлж байсан нь биднийг эрхгүй татаж байсан шүү. Тэрбээр Чингисийн онгоныг нээж илрүүлэх, хадгалж хамгаалах тухай үзэл бодлоо бидэнд ийнхүү илэрхийлсэн юм. “Чингисийн булшийг ухаж төнхөнө гэдэг бол тун буруу зүйл. Гагцхүү түүний байгаа газрыг олж, тусгай “хориг” тавьж, төрийн хамгаалалтад авч, тахилгын сүм байгуулж, олон нийтэд үзүүлэх нь л зөв. Түүнээс биш ухаж төнхөх асуудал хэрхэвч байж болохгүй. 70-аад онд миний бие Ренчин гуайтай уулзаж байхад тэрбээр Чингисийн онгоны тухай ярьж байсан юм. 1998 онд Монголд очихдоо бидний хэсэг эрдэмтэд тэр Чингисийн онгон байж болох газрыг очиж үзсэн ... ... ” гээд “Өдгөө Чингис хааны нэрийг янз бүрийн архи тамхи, элдэв янзын зүйлст бизнесийн ашиг олохын тулд хэрэглэж, энэ их хүний нэрийг зээлдэж байгаа нь тун буруу л юм. Монголчууд та нар чухамхүү өөрсдийгөө чухам хэн гэдгээ, өөрсдийн чинь удам угсаа ямар хүмүүс байсныг л сайтар мэдэх нь чухал юм. Та нар мод шиг нахиа мөчиртэй, гоё сайхан ургаж, хөгжиж болно. Гагцхүү түүний чинь үндэс нь юу байсан юм бэ гэдгийг л мэдэх хэрэгтэй дээ гэдгийг захиж хэлье” гэснээр бидний эхний уулзалт өндөрлөсөн юм.
Их эрдэмтэнтэй бид олон олон удаа уулзаж ярилцаж, түүний мэдэж байгаа, бодож санаж байдаг бүх зүйлийг нь аль болох мэдэхийг хүсч байгаа. Хүслийг маань ч ойлгож байгаа нь мэдрэгддэг.
Нэгэн удаа тэрбээр Б.Ренчин гуайгаас ирсэн захидлын тухай хүүрнэсэн юм. Б.Ренчин гуай 1977 оны нэгдүгээр сард өвчтэй хэвтэрт байхдаа түүнд нэгэн захидлыг бичсэн байна. Уг захидалд, 13 дугаар зууны эртний Монголын уран зохиолын хамгийн сонирхол татахуйц дурсгалуудын нэг гэж тооцогддог Чингис хааны яруу найраг, уран сэтгэмжийн суу их билиг, ёс суртахуун, гүн ухааны сэтгэлгээний өндөр түвшинг илтгэсэн түүний хэлсэн үгүүдийн түүвэр номыг 19 дүгээр зууны үед Польшийн суут эрдэмтэн Жосеф Ковалевскийд монгол бичээч нарын зориуд хуулж бичсэн гар бичмэлийг Б.Ренчин гуай 1975 оны эхээр Литвийн Вильнюсийн Их сургуулиас олсоноо дурдаад, энэхүү номыг Рахевилц гуайгаас судалж, түмний хүртээл болгохыг хичээнгүйлэн гуйсныг хэдий хожим ч гэлээ түүний эрхэм номын андын хувьд хүсэлтийг ёсоор болгон Вильнюсийн Их сургуульд хандан, түүнийг нь хальсанд буулган авч судлаад “Чингис хааны дүү болон хөвүүддээ захиж хэлсэн сургааль” гэсэн нэгэн сэдэвт судалгааны өгүүллийг 1982 онд хэвлүүлжээ. Энэ мэтчилэн тэрбээр монгол судлалтай холбоотой 20 орчим ном, 80 орчим эрдэм шинжилгээний өгүүллэг, 10 орчим судалгааны ном, өгүүллийн редактораар ажиллаж, мөн тооны номын шүүмж өгүүллийг хэвлэж нийтлүүлснээс харахад монгол судлалын салбарт нэртэй эрдэмтэн гэдгийг аргагүй нотолж байна.
Энэ жил бол Их Монгол улсын тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойн жил. Төр засгаас энэ жилийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар нэлээд анхаарал тавьж, өргөн тэмдэглэхээр чармайн ажиллаж байгаа. Магадгүй ойн хүрээнд салбар хороод эрдэм шинжилгээний бага хурал, ном солилцоо гээд олон олон арга хэмжээ зохиох нь дамжиггүй ээ. Гэвч энэ ойг зүгээр “зөвхөн Монголдоо” зохиогоод хэрэггүй ээ. Ямартай ч гадаад сурталчилгааг дорвитойхон хийж дэлхийн дайнд хүргэх хэрэгтэй гэж бодож байна. Хэдийгээр ардчилал, ил тод байдлын үр өгөөжөөр Монгол Улсын гадаад дахь нэр хүнд өсөн нэмэгдсээр байгаа ч дэлхийн дийлэнх нь Монголын талаар нүдэн балай, чихэн дүлий байсаар байгааг анхаарах нь чухал юм. Тийм болохоор Их ойн жилийг тэдний нүдэнд торохоор, чихэнд хүрэхээр хийх боломж ирсэн гэдгийг мэдэж байгаа байх гэж найдаж байна.
Дэлхийн Монгол судлал эдүгээ манай урд зүг рүү хэлбийх вий гэж сэтгэл дотроо зовниж явдаг олон хүмүүсийн нэг нь бид юм. Тийм болохоор дэлхийн Монгол судлал одоо ямар түвшинд яваа бол гэж байнга анхаарал тавьдаг л даа. Тэгвэл ямар хэмжээнд байгаа бол. Рахевилц гуайн ярианаас харахад цагтаа Монгол судлалын нөлөө бүхий улс байсан энэ тивийн оронд гэхэд л тэр талаар мэргэшсэн ганц ч хүн байхгүй байна гээд бодохоор нэг талаас монгол судлалыг цаашилбал Монголыг дэлхий харахаа байж байгаа юм шиг, нөгөө талаас Монгол судлалдаа манай улс өөрөө анхаарлаа тавихгүй байгаа юм болов уу гэсэн сэтгэгдэл өөрийн эрхгүй төрж байна. Нэртэй монгол судлаачид гэхээр цөөн хүмүүс үлдээд байгаа нь хэнээс ч нуултгүй ээ. Тэднийг залгамжилж гарах гадаадын болон дотоодын монголчид маань ер нь байгаа юм уу. Дэлхийн монгол судлалын томоохон төвүүд болох Америк, Герман, Унгар, Япон, Солонгос, Хятад, Тайвань гээд эдгээр улсуудад дагнан энэ чиглэлэээр монгол оюутан сургах, мэргэшүүлэх, мэргэжүүлэх гээд Монгол судлалдаа төр засгаас анхаарал тавихгүй бол Монголыг маань хэтийн ирээдүйд хэн ч тоохгүй болчихвий дээ. Рахевилц гуай захиж хэлсэн үгийн цаана энэ яриад байгаа зүйл багтсан мэт. Нээрээ л бид өөрөө өөрсдийгөө сайн судлахгүй бол хэн ч судлах билээ. Гадныхан биднийг судлана аа гэхдээ өөр зорилгоор байдаг гэдгийг нурших нь илүүц биз.
Юутай ч атугай энэ ойн арга хэмжээ утга агуулгаар арвин баялаг, ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж чадвал Монголын нэр хүндийг өндөрт өргөх, Монголын нэрийг дэлхийд сурталчилах томоохон ажил болно гэж мөхөс бид бодож байна.
Та бүхнийг гүнээ хүндэтгэн мэхийн ёсолсон: ЕБ

PS: Магадгүй биднийг биднээс илүү мэддэг хүмүүс гэвэл Монголч эрдэмтэд биз ээ. Энэхүү их эрдэмтний тухай
http://rspas.anu.edu.au/people/personal/dexri_pah.php -с сонирхож болно.

Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл vлдээх! :: Холбоос

Monday, 11 September 2006

Манай тогтолцоо

☆ 2006-Sep-11

Саяхан Баабарын өгсөн ярилцлага хэмх авсан байналэй.
http://www.sonin.mn/?p=1268 Мань эрийнхээр манай нийгмийн system error заагаад шинээр install-лдахаас нааш засрахаасаа өнгөрсөн ямбий болж. Бурангуй баачка нарыг дээрээ залдаг дүүрчихсэн систем гэж манай тогтолцоог хэлдэг гэж байна л даа, ер нь манай тогтолцоо гэдэг нь чухам юу билээ? Улстөрийн талаас нь бичкэн анализ хийгээд үзье.

Монгол парламентийн засаглалтай, Засгийн газар унах тоолонгоор бид УИХ-ын сүр хүчийг ТВ-р тодорхой хардаг. Ерөнхийлөгчийн бүгд найрамдах засаг, Парламентын бүгд найрамдах засаг гэсэн хувилбараас манайх 90-ээд онд хоёрдахийг нь сонгосоныхоо учрыг өмнөх тогтолцооны нэг хүний дарангуйллаас үүдсэн ард нийтийн сэтгэлүзйтэй холбон тайлбарладаг.

Парламент нь чи би чөлөөтэй сайхан сонгууль өгсөнөөр бүрдэнэ. Бүрдсэн ИХ-д олон сандал авсан нам нь ЗГ байгуулаад, хуулиа батлаад эх орноо жолоодох бүрэн эрх олж авч байгаа юм. Өөрөөр хэлбэл парламент халхавчтай Нам улсыг жолоодоно, бүр тодруулбал Намын дарга. Сонгуулиар л бүх эрх мэдлийг авчихаж болох бололцоотой учраас сонгуулийн саналын хуудсыг үнсэхээр намууд бие биеэс өрсөн гүйлддэг байна л даа. Сонгуульчлагдсан дарангуйлал гээд яриад байдаг нь үүнээс үүдэлтэй. Бүх эрх мэдлийг сонгуульд ялсанаар л олоод авчихаж болдог юм чинь их хурал дахь суудлын төлөө намууд үзэж тарахаас яахын, ажлаа хийж байгаа хүмүүс чинь зөв шүү дээ. Асуудал сонгуулийн системд байнаа л гэдэг. Можаритар, плюрал, холимог гээд аль ч хувилбараар явууллаа гээд гарах үр дүн нь нэг нам дангаараа эрх барих, эсвэл одоогийнх шиг ганц хоёр ганц хоёр суудал эзэлсхийгээд “олон нам”-ын төлөөлөл их хуралд орох гэсэн хоёр л магадлал хувилбар байгааг манайхан дөрөв дөрвөн жилээр туршиж дуусгаж байна дөө. Яг одоо туршиж байгаа нь үнэн чанартаа зөвшилцсөн нэртэй ширээн доогуураа массалцгааж, ханцуй дотроо наймаалцаад бүүр хог болсон. Эхний хувилбараар нэг намын найр болох, хоёр дахь хувилбараар тайзны араар найруулга хийгдэх, ямар ч сайхан сонгууль болсон энэ хоёроос өөрөөр байхгүй, яагаад???

200 жилийн тэртээгээс хөгжсөн засаглал хуваарилах онол гэдэг юмыг манайд 10-аад жилийн өмнөөс хэрэгжүүлэхдээ үнэндээ эрх мэдлийг хуваарилах биш бөөгнөрүүлээд тавьчихсан бололтой. 1992 оны Үндсэн хуулиар УИХ нь ЗГ-ыг байгуулахдаа заавал Ерөнхийлөгчтэй зөвшилцдөг байсан чинь Ардчилсан намын эрх барих үед ерөнхийлөгч ху намынх байж таараад, хаширсан хүмүүс 1999-2000 онд Үндсэн хуулиа өөрчилж ерөнхийлөгчийг “үзэгч” болгочихсон. Ерөнхийлөгчтэй зөвшилцөх гэж шахаанд ордогоо болих гэсэн биш УИХ-д хамаг эрх мэдлийг төвлөрүүлж орхисон чинь, дараагийн сонгуульд нь ялсан ху нам “тогтвортой” боловч ардчилалгүй гэдэг үнэлгээтэй хугацаагаа дуусгахаар барахгүй, Нам, Намын дарга нь эрх мэдлийн хязгаар хяналтгүй нөхцөлд хувийн дүрмээр тоглолт үзүүлж болдогийг харуулсан. Ингээд үнэндээ парламентаар засаглуулах бус Намаар толгойлуулдаг монгол соци үеийнхээс ялгаатай нь талбай дээр хэвтээд гадаадынханы камерын дуранд “үгээ хэлдэг эрх чөлөөтнүүд”-тэй л байх шив дээ. Ерөнхийлөгчтэй зөвшилцдөг байсан тэр механизм нь магадгүй парламент ерөнхийлөгч хоёр зөрчилдсөн тохиололд асуудлыг шийдвэрлэх бус даамжируулж гацаах, мухардалд оруулахаар байсан байх л даа, тэглээ гээд УИХ-ыг хараа хяналт тавьдаг институцигүй орхиж байгаад л асуудал оршиж байх шиг. Одоо улс төрчидийн хэлэх дуртай "нам дотоод ардчилалтай байх ёстой" гэдэг үг бол УИХ-д хамаг эрх мэдэл төвлөрчихсөн одоогийн нөхцөлд эх оронч сэтгэлийн илрэл гарцаагүй мөн болж таарч байна л даа. УИХ-аас гадуур буюу цаг хугацааны хувьд өөр байхаараар Засгийн Газрыг байгуулж байвал яасан юм, эсвэл парламент дахь намууд ЗГ-ын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг хязгаарласан эрх зүйн зохицуулалтыг Үндсэн хуульд хийе гэх мэтээр судлаач эрдэмтэдийн саналууд байх л юм билээ.

Ямартаа ч Засаглал Хуваарилалт гэгч юм байхгүй гэхэд хилсдэхгүй болсон улстөрийн тогтолцоо бол “манай тогтолцоо” юм аа гэж ойлгов, өршөөгтий.


Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл vлдээх! :: Холбоос

Saturday, 9 September 2006

Бясалгал

☆ 2006-Sep-9

Худагийн мэлхий далайн томыг мэдэхгүй
Далайн мэлхий худагийн багыг мэдэхгүй (ардын цэцэн үгнээс)


-Бясалгана гэдэг бол завилж суугаад нүдээ анисан чигтээ юу ч бодохгүй байхыг хэлнэ.
-Хөл бөмбөг гэдэг бол эрээн бөмбөг өшиглөж хар хурдаараа гүйхийг хэлнэ.
Энэ хоёр тодорхойлолт нэг төвшинд дөхнө дөө (мэдэмхийрэх). Сүүлийн үед монголд аура орчин, эерэг, сөрөг энерги гэж их ярьдаг болж. Хүмүүс бие биерүүгээ бундан pass-лж, массалж, инээх, уйлах тоолондоо материйн төвшиний эгэл амьтан биш гэдгээ баталж байгаа болой. Тархи зүрхнээс гадна сүнс ч гэдэг юмуу бас тийм нэг “юм” байгаа бололтой гэдгээ мэдрэхээс цаашгүй, учрыг нь тайлж, нут нотолж чадахгүйдээ зөн билиг, сэрэл мэдрэмж дээрээ дөрөөлсөөр бүтээсэн нь шашин гэгдээд өдгөө шинжлэх ухаанд дээрэлхүүлж явна (уйлахыг завдах). За шашин ч яахав.
Нэг талаар, социализм шашиныг үгүйсгэсэн нь хүмүүнийг нэг төрлийн матери (дээд төвшнийх өө тэр нь) гэж үзэхэд хүргэж, эцэстээ нийгэмд л үйлчилдэг махан робот үйлдвэрлэх буюу өнөөх робот нь үхэхээрээ шороо болчих юм чинь гэсэн мухар бодолд тулж очмогц амьд дээрээ л ... Гэхдээ бидний ээж аавууд эмээ өвөөгийн нөлөөгөөр бас бурханлаг юм шиг байгаа юм. Бидний үеийнхэн л харин жинкэн атеистууд байх. Энэ утгаараа би социализмын бүтээгдэхүүн мөн (хадуурах) Монголдчуудын хэд нь сонгодог атеист бол? Энд намайг шашныг цээжээрээ хамгаалав гэж бүү ойлготугай, хүнийг хэт хялбаршуулж тулгасан нийгмийн сэтгэлгээг л ... (төххх).
Шашин шал явцгүй, шинжлэх ухаан бас төгс төгөлдөр болоогүй, тиймээс хүн өөрийгөө бүрэн таних гэсэн оролдлогууд өчнөөн гаргасны нэг нь бясалгал байж. Учир мэдэх хүмүүсийн хэлсэнээр шинэ зуун чинь бясалгалын зуун юм гэнэ шүү (TV5-шар мэдээ). Одоогоор монголд Шри Шри, Чри Шимной, Випашяна гээд бясалгалын цөөнгүй төвүүд ажиллаж байгаа, лам нарын хүрээнд бол тарнийн бясалгал өргөн.

Оюутан ахуйдаа далийж яваад Чри Шимнойн бясалгалчин болох шахаж билээ. Нүдээ хагас аниад нам гүмийн дунд далай тэнгисийн ёроолд байна гэж төсөөл гэж байна, төсөөллөө, нарны гэрэл ёроол хүртэл тусаж байх агаад тээр гүнд суугаа надад далай дээрх шуурга хар салхи огтхон үл мэдэгдэнэ, нам гүм ... аятайхан мэдрэмж ... цаашаа энэ их амар амгалангаас бурханы зүг алгуур явж байна ... өөө пфффф бурханыг танихгүй юм чинь андуураад хэн дээр ч оччих юм билээ. Мэдээж бурханыг таньдаг, эсүүл танилцахын хүссэн хүнд бол энэ бясалгал ач тусаа өгөх нь гарцаагүй ...

Шри Шри бясалгал, Саранцэцэг гэх ухаалаг эмэгтэйн яриа ... Бие дааж үзлээ, мэдрэмж дээр тулгуурласан амьсгалаа зохицуулах гээд боломжийн шүү. Олон ч хүн үр шимийг нь хүртэж баярласаар ...

Эрлийн үзүүрт гэрэл (жаср-рэл) ... бурхан, бумба бултаараа давхацсан нэг өдөр Випашяна бясалгалруу Богд уулын Зайсангийн амнаас дээш 5 км-т үзэсгэлэнт газар лугаа хувь тавилан намайг гудас хөнжлөө үүрээд оч гэжээ ... Нэг ч удаа уулзаж байгаагүй бурхан чөтгөрт итгэх үү, эсвэл өөрийгөө зүгээр л нэг яс цусны mix гэж үзэх үү, туршихад илүүдэхгүй нэг тест нь бясалгал, туршаад харамсаагүй нь Випашяна байлаа.

... БИ өөрийгөө мэднэ ээ, энэ чинь БИ шүү дээ, чи биш БИ ... иймэрхүү бодол хүн бүрт ямар нэг хэмжээгээр байж л байгаа, яг энэ арчаагүй бодлыг нугасладаг газар даа. Би үнэхээр л би юм бол энэ сармагчин шиг үсчсэн санаа бодлоо томоотой суулгаж нэг минут л тэвчье, гурван өдрийн дараа гэхэд л гараа өргөөд хэлээ унжуулаад суухвий. Би чинь би мөн л байлтай даа, өө хөөрхий өөрийгөө хөндлөнгөөс харах мэт гайхах, өрөвдөх, ичих, уур хүрэх ... эцэст нь дуугай л болсон. Бүх юм түр зуурынх ... Мөнх бусын ертөнцөд би гэгч хичнээн ч өчүүхэн, хичнээн ч “хоосон” юм дээ... энэ өчүүхэн хоосон “би”-ийнхээ хүлээсэнд тас зангидуулсан бид юутай азгүй харалган ... гэх мэтээр миний хувьд мэдрэмж иймэрхүү (сүртэй наасан) Гэхдээ хүн болгон өөр өөрийнхөө төвшинд хүлээж авч мэдрэх зүйл л дээ... чимээгүй л байя. Магадгүй “би”-гийн үнэлэмжээр л бид амьдарцгаадаг, хүмүүс эрдэм ухаан, сонссон үзсэнийхээ үрээр “би”-дээ өгөх үнэлэмж жаахан жаахан хэлбэлзэж болох юм. Миний дээрх мэдрэмж, дүгнэлт ч бас өөрийнхөө төвшинд л ухаж ойлгосны нэг хэлбэр, илүү төвшний нэгэн бээр намайг хараад “хичээгээрэй” гэхээс өөрийг хэлэхгүй биз, учир нь хэлээд яриад бус биеэр мэдэрч байж л ойгодог зүйл гэж бас бий ажээ. Дурлаж үзээгүй охинд дурлал гэж ингэж огшоод л гэж ирээд хэчнээн ч удаа яриад ойлгохгүй байтал хэдэн жилийн дараа өнөөх охинд дурлал гэж ганц үгийг хэлэхэд л дахин тайлбар илүүц болсон байх шүү дээ...

Түр зуурын ертөнцөд
Түр зуураар ирэхдээ
Түр зуурхан бүхэнд
Түр зуур л дурлана

PS: уул нь бясалгалын ач тусын тухай бичих гэсэн чинь юу ч болчихов доо, жинхэнэ үсчиж орхилоо, гэхдээ иймэрхүү сэдэв серъёздоод байвал нойрны биз дээ (гандан буурдаггүй гэнэ ээ).

Наад зах нь энэ их стрессний нийгэмд оюун санаагаа хөнгөвчилж сурсанаар ажлын бүтээмж энэ тэр дажгүй нэмэгдээд ирнэ гээд ач тус их л дээ их ...


Сэтгэгдэл (3) :: Сэтгэгдэл vлдээх! :: Холбоос

Monday, 4 September 2006

зун цаг

☆ 2006-Sep-4

Зун цаг зун цаг сайхан даа
Зугаатай цэнгэлтэй гоёхон доо ... (хүүхдийн дуунаас)

нар хур 50 50 хувьтай, өвсний толгой бүхэн нь инээд алдсан үзэгдэж харагдаагүй зун болж байгааг амтай болгон нь шагшиж буйг бодхул үзэсгэлэн гоо нь арван наймтай идэрхэн тунгалаг хүү шиг бүрэлджээ гэж сэтгээд нүдээр үзэж баясюу хэмээн шийдэж хөх богцоо үүрээд хөөрлийн манантайгаар монголоо зорив.

Наймдугаар сарын эхэн гэлээ ч цагаахан дагина Улаанбаатарын улиасны навчис нялхаараа, сэвэлзүүр салхинд гижигдүүлэн аалигүйтэж хөхрөлдөөд тэд надад тоогдож байгаагаа ч мэдэх сэхээ алга, агаар мандал гэж би байна гэчихсэн бардам ихэмсэг хөх тэнгэр бумбагар цагаан үүлсээр хээ угалз урлан гангараад тэр гэхийн эцэсгүй төгс төгөлдөр ... 800 жилийн өмнө ч байсаар байсан хад чулуунууд харин хэтэрхий ихийг мэддэгтээ ч тэрүү, навчсын жаргал, үүлсийн цэнгэл яаж дуусдагыг харж залхсандаа ч юмуу дув дуугүй, дүв дүнсгэр ...

Зун юм байна, зугаалъяа гээд хэдэн Тайваниудыг дагалдаад Дорноговь явж Хамарын хийд, Занабазарын байгуулсан монголын анхны театр, “дэлхийн энергийн төв” (яаж тогтоосон юм бол ?!), бясалгалын агуй гэсэн хувьдаа бол асар чухалчилан бодсон хэд хэдэн газраар хэсдэг баатар болоод шөнөжин вагонд түчигнэн үүрээр 6 цагт Сайншадад буугаад жуулчины баазын жижигхэн хэдэн монгол гэрээр тайваниудыг тарааж оруулан унтахаар дөнгөж хажуулдав үү үгүй юү говийн тэнгэр зад үсрээд пис пас түр нир, говьд байдаггүй гол мөрөн тэнгэрээс тэр чигээрээ унаад ирсэн, шүршүүр болсон нимгэн эсгийтэй бичкэн гэрийнхээ голд тоононы нь доор толгой хоргодон алгаа тосон бороотой золголдож зогсов оо. Говийн хуурай хөрс гэнэт унасан тэр их усыг шингээж дийлэхгүй хавтгай шар ус хуйлараад урсах нь алсаас харахад далай шиг сонихон ч говийн үер, байгалийн гамшиг гэгч нь тэр байж. Өглөөний ундны дараа зорьсон газарлуугаа давхитал км хүрэхгүй газар яваад үерийн усанд халхлагдсан хонхор газарт уаз пургонтой шургаад уначихсан. Гэнэн зөрүүд жолоочын “ачаар”, машин дотор сэлэх шахаж, нөгөө ертөнцийн дансанд амьдаараа бүртгүүлчихээд очерлож байтал нутгийн хүмүүс авралт тэнгэрүүд болж ирээд нэг нэгээр маань жолоочын цонхоор татаж олс дамжуулан, хальт action movie-дсээр бядны хэдэн шавран нөхөд хагас инээчихсэн газардав. Сүнс нь зайлаагүй дээрээ буцахын түүс болсон тайваниуд “Говьд очоод живж үхэх шахлаа” гэж хэлбэл тайваньд үнэмших хүн гарах уу гэж хошигнохтойгоо.

Нөгөө ертөнц гэснээс үхэл ойрхон ирчихээд байсан ч одоо үхэхгүй гэдгээ мэддэг ч юм уу, сиймхий гараад үхчихвэл ч ухааны юм зурсхийж бодсон ч айх, цочирдох шинж алга аа. Үхэл амьдралын ялгаа зааг яг хаанаа юм? Миний ойр дотны хүн амь биеэ орхих надад туйлын гашуудам хайран, нас нөгчигсдийн хувьд магадгүй үлдэгсэд илүү хөөрхий ... Амьдралд хорогдох, мах цусандаа шунан дурлах ... үхэлд тэмүүлэх, үл мэдэгдэх ямар нэг юмруу format-лагдах аль аль нь юуны ялгаатай ?!, ОДОО ЦАГийнхаа орчилд л байхсан ... олдошгүй баригдашгүй одоо цаг, одоо ...

Улаанбаатарын үдэш намуухан
Учирсан хосын яриа аядуухан
гэснээс нэг сайн найз маань заяаны ханьтайгаа зам дээр машин барьж байгаад тааралдаж, чухам үнэнийг цөөн үгээр хэлдэг хүнээ олсон байна, ажил дээрээ амжилт гарган гялалздаг ч f*ck f*ck гэсээр цуцашгүй тэмүүлэгч найз урьдын адил завгүйхэн, ангийн хэдэн анд ар араасаа бүл нэмээд халуунтай, цаг зогсчихоод байна гэж бухимддаг найз энэтхэгт суралцаад алга ... буурь сууриндаа эргэлт хувьслаар буцалсан Улаанбаатарын хэмнэлд бүдэрч унах амархан, босоод гүйх ч энүүхэнд ...

Энэ зун ...
Их ойн зочид тасрахгүй, идэр залуус наргиж ханахгүй, энд тэнд наадам дуусахгүй, “идэж уусан” дарга цадахгүй, үхдэл мэт согтуучуул босохгүй, “үнэт” биетэй янханууд цөөрөхгүй, үгээгүй ядуусын хараал тасрахгүй ... ядмагхан, ядруухан монголчууд минь цуцашгүй ...

Сэдэв хүнд оргиж байна, тэхкү шөө, зак залуус аа, энэ зуны дуучин гэвэл “Киви” хамтлаг, энхтайваны илэрхийлэл болсон, интернационал гурван бүсгүй байлаа
http://www.youtube.com/watch?v=edpXtTqK8tE , “Татар”-ын Заяагийн “Улаанбаатарын нулимс”-ыг хувьдаа онцлъё. http://www.youtube.com/watch?v=iaYd9MnE-Oc
Тэмдэглүүштэй нь Монголын нээлттэй нийгэм хүрээлэнгээс тасархай номуудыг орчуулж гаргасаар байна, чемодан чемоданаар зөөмөөрөө, гүнээ талархаж буйгаа илэрхийлмээрээ.
“Хятад: Дэлхийн гүрэн эргэн ирж байна”Конрад Зайц
“Бодит ертөнцийг судлахуй” К.Робсон
"Капитализмыг өмөөрөх нь" Айн Рэнд
"Хорьдугаар зууныг эргэн харахад" Роберт Манделл
"Саятан" Артем Тарасов (энэ номыг Монцамэ-ийн акулууд орчуулсан)
... ...
... ...
Энэ зун, Ээжийнхээ өвөрт эрхэлсэнээ мартамгүй, нутагтаа амраад ээж минь цаанаа л өнгөлөг ,,,
Ижийм ижийм
Ашытнай яажэ хариулхамбийв ... (буриад дуунаас) ... ээждээ захидал бичээрэй ... ...

Навчис чи надад намар ирсэнийг сануулав уу ...


Сэтгэгдэл (5) :: Сэтгэгдэл vлдээх! :: Холбоос

Friday, 1 September 2006

9 сарын нэгэнд

☆ 2006-Sep-1

Хичээлийн шинэ жил эхлэхээр их сургуулийнхаа хаалгыг очиж нэг татмаар ч юм шиг. Оюутан болоод анх орж байхдаа сүрдмээр ч, нисмээр ч болж байлуу даа гэж. Цаг хугацаа яаж харваж өнгөрдөгийг хүн болсоор оюутнаас л мэдэрсэн бололтой. Хүүхэд насанд өдөр хоног өнгөрч өгөх биш, хурдан том болмоор байдаг, хичээлийн 40 минут хүртэл цагаа тулахаар... Их сургуульд харин арай л өөр өө, ядахнаа мөрөөдөн байж орж ирсэнийг хэлэхүү, лекц, даалгавар, реферат, шалгалт, шоу... ядаж байхад хайрын бурханаа харж баясах (завсарлага хүртэл үр дүнтэй шүү ) хүн болж ялаа алчих санаатай л үзээд байтал нэг өглөө сэрсэн сүүлчийн хонх дрррр ...

Багш нараа дурсахад, ер нь тун залуу сэтгэлгээтэй байж гээч, ойлгож болмоор ихэнх нь орос школтой, дандаа гадагш харилцаатай, дээр нь мэргэжлийн онцлог, бид чинь хичээлээс гадуур яг л найзууд, гэтэл сургуулийн хаалгаар орлоо л бол “багш та их өргөөний эзэн билээ л”. Захирал багш үнэндээ л тасархай, 1:30 минут мань хэдэн оюутнуудыг бараг алга болгочихоод гарна даа, аргагүй дээ, шалдан оюутан бүү хэл Ph.D багш нарыг ч жижгэрүүлдэг бука толгой юм чинь (хальт дурлалуу яалаа) Та нарын судлах гээд үзээд байгаа юмыг чинь барууныхан аль өнгөрсөн зууны дундуур судлаад дуусаад одоо ийм талаас нь энэ төвшинд судалгаа хийж байгаа шд, цаана чинь хүмүүс Benz, Toyoto унаад явж байхад, та нар Москвичтэй хаа хол давхих гээв, ядаад Benz-ийг мөрөөдөж байгаач... гэж зад бөмбөгдүүлээд тэндээс яг одоо гэгээрэх замд орсугай гэсэн хүмүүс гарцгаана даа. Монгол боловсролын төвшингөөр, бичиг үсэг тайлагдсан хэмжээгээр соц үеийн тогтолцооноос уламжилсан ганц нэг статистикаар гялтайдаг ч гэлээ, нэгэнт шинжлэх ухааны хөгжлөөр тэргүүн зэрэгт биш болохоор шинэчлэх юм зөндөө л дөө, аргагүй. Манай захирал ч цаг үеэс түрүүлсэн эрдмийн нөхөр л дөө, сул дуутай, авралгүй шооч захиралыг эрдмийн зөвлөл дээр зэрэг горилоочдыг яаж сүлбэж байгааг сонсох нь нэг хэсэг бараг хобби байлаа шд, багшийгаа салбартаа их юм хийж байгаа гэж бодож байна шүү. Манай багш нар бүгд ийм бол гоё оо.
Гэтэл бас нэг тохиол, хичээл дээр нэг багш хятадын чиглэлээр түүх яриваа, МЭӨ 221 онд хятадыг анх нэгтгэсэн Цинь Ши Хуанди гэж аюулын харгис хаан гарч ирүүтээ хамаг номнуудыг шатаан, тэрэг тэргээр галдаад л шатаагаад л ... оюутнуудын нүдэнд үлгэрийн киноны чөтгөр шуламын инээд харагдтал ярих багшийг биширмээрээ.
Цагаан хэрмийг бариулсан үнэндээ бол холбож дуусгасан, хятадын түүхэнд анх удаа засаг захиргааны нэгдсэн систем тогтоож, жин хэмжүүр стандартыг улс даяар хэрэгжүүлсэн гээд олон гавьяатай ч өөрөөсөө түүхийн он тооллыг эхлүүлэхээр зүтгэдэг, ном шатааж дөвчигнөдөг бусдын адил “би” төвтэй дарангуйлагч байж дээ гэсэншүү юм бодонгоо тэртээ хоёр мянганы өмнө талийж одсон харийн хааныг ном шатаасанд нь бухимдан зүхэж байгаа багшийнхаа ууртай царайг ширтэж суутал хонх дрррррJ. За тэр ч яахав, гэсэн явж байтал саяхан нөгөө мунхаг хааны тухай дахин олж уншив. Мань эр яах гэж түймэрдээд байсан гэхээр ердөө л тухайн түгшүүрт цаг үеийнхээ оюун санааны эрэлт хэрэгцээгээр үүссэн философи урсгалд автсан байжээ. Хятадын эртний Кунзын юмуу Бомбын аядуу сургаалиуд нь самуун цагт практикт хэрэгжүүлэх бодит чанартай байж чадаагүй бөгөөд бие даасан салангид олон вассалыг нэгтгэхэд төрийн эздэд хүмүүст буян болох идеалист хөтөлбөр биш, харин захиргааны тулгасан, шинэ бэрхшээлийг давах бодит арга хэрэгтэй байж л дээ. Энэ шаардлагаар легист буюу хуулийн дэгийнхэн номлолоо хүчтэй нэвтрүүлсэн нь төгс цэцэн төрийн эзэн улс төрийн нэр хүндийнхээ хүчээр хүмүүсийн санааг нэгтгэж тэднийг хэрүүл маргаангүй амьдралын жинхэнэ замд оруулна гэж үзээд үзэл суртлын нэгдлийн төлөө МЭӨ 213 онд өмнөх үеийн бүх урсгалуудын ном судрыг тэнгэрт өргөсөн нь тэр байжээ. Гэхдээ миний анх авч байсан гэнэн төсөөлөл шиг ном бүрийг үзэн ядсан бус анагаах ухаан, зурхай, тооны ухаан гэх мэт үзэл сурталд шууд хамаардаггүй байгалийн ухааны номыг үлдээсэн юмсанжээ. Багш тэгж бачуурах хэрэггүй л байж.

Ерөнхийдөө бол манай багш нар чандмань 3 эрдэнийн нэг нь яах аргагүй мөн л дөө. Гэхдээ бодоход, багш гэдэг үзэгний үзүүр гарын үсгээр юм шийдчихдэггүй ч, оюутан л бол оюутан бас л хүүхэд шахуу хүмүүс, тэд яаж чиглүүлсэнээс бидний хувь заяа ирээдүйн замнал шууд бусаар ч гэлээ тэнд л шийдвэрлэгдэж байдаг асар хариуцлагатай улсууд юмаа даа.
За юутай ч монголын бүх багш, “оюунтан” нарт шинэ хичээлийн жилийн мэнд! Монголын үрс маш олон болтугай, бүтэн боловсролтой иргэд бүүр олон болтугай.

(Бодрол блог дээр бичиж байсныгаа энд ацарч наалаа)

Сэтгэгдэл (14) :: Сэтгэгдэл vлдээх! :: Холбоос

Sunday, 23 July 2006

саравчилж харсан нь

☆ 2006-Jul-23

Өнөөдөр ...
Маргааш ...
Яг жилийн дараа ...
5 жилийн дараа ...
...
20 жилийн хойно
...
Хувийн кадрт хэн гэдэг “кино ший” бичигдэж, ямархан хүмүүстэй уулзаж, үйл явдлын хэлхээс яаж өрнөх бол? За энэ ч нээх сүртэй бодоод байх юм биш биз. Гэхдээ өнөөдрийн зураглалаа, 20 жилийн дараахтай харьцуулж үзье гэж бодъё, амьд арзайж байвал шүү дээ.
Халаас хоосон ч надад эрх чөлөө байна
Хамгийн гоё нь би залуу байна
Тийм болохоор одоогоор өдөр хоног тортон дээрх үсэг шиг, сүлд модны гэрэл шиг, бамбаруушны нүд шиг, бөгжний шигтгээ шиг, ботинкны үдээс шиг л байна, зүрхэндээ гунигтай, нүдэндээ нулимстай байлаа ч гэсэн миний залуу нас магад ийм л байгаа. Хийж бүтээхийн өвчин, туршиж бэртэхийн солио туссан насанд шинэ юм болгоныг мангасын нүдээр харж, цөс хөөрч цус хурдалж, шүлс ялгаруулан, хуруу гараа үрж дүрж, давилуун авир дэврүүн аашаар дэлхийн төвд эргэлдэж байгаа.

Зээ Би өнөөдөр 45-тай. Өглөө босуут интернетрүү гар яваа ч уу, хүчтэй хөгжимд зүрх оргилоо ч уу, дурласан сэтгэлээ нууж ядан догдлоо ч уу, харь орны цэмцгэр байшинд нүд гялбаа ч уу, толины өмнө эргэлдэж үсээ самнан дуу аялаа ч уу, давшилж дайрсан чинжаал үгэнд дахиж шархдаа ч уу ... Яахав... Хөл хугалам туфльнээсээ салаагүй байж болно, шүтэх шахдаг гадны урлагтаа дуртай байж болно, маруужин идэж цэцэрлэгт зугаалдагаа жаргалд тооцдогоо ч хэвээр хадгалж болно... Гэхдээ ... Гурав хоноод уйдчихдаг байсан хөдөө нутгийн гангын үнэртэй сэвэлзүүр салхиа санахын төдийхэнд сэтгэл чичирвэл яахав, эмээгийн барьсан талхыг зөөхий түрхүүлээд идмээр санагдвал би яахав, аав ээжийн төрсөн нутгийн бараа алсаас харагдахын зуурт нулимс асгарвал яахав, “учир нь мэдэгддэггүй” уртын дуунд уужирал тайвшрал ухаарлын эд эсүүд эцэг өвгөд эх нутаг энэ бүгдийг цөм багтаагаад байж байвал яахав ... би яахав.

Өнөөдрийн явдал өнөөдөртөө, маргаашийнх маргаашдаа гэж үү ... гэвч ... маргааш намайг догдлуулах зүйлс эмээгийн барьсан талх шиг дахиж олдохоосоо нэгэнт өнгөрсөн байвал асгарах ёстой нулимс огшоод ч гарахгүй биз, (ийм муухайгаар бодож болохгүй л дээ) тийм биш гэж итгэж л байна мэдээж, гэхдээ бид чинь орчлонгийн хүрдэнд нэгэнт орооцолдсон, өнөөдрийн тарьсан үр маргаашийн ЦЭЦЭГ үү эсвэл ШАРИЛЖ уу...

PS: Ойрдоо учиргүй бясалгалдаад балай авч байна аа. Нэгэнт орчлонгийн хүн юм болохоор орчлонгийнхоо л тухай бодохоос (хоёр хуруу толгой тушаа, хөмсөг атираатай). Алсын хараатай амьдарч дадаж байгаа юм болов уу, би ер нь том хүн болж байгаа юм шиг ээ гэсэн.


Сэтгэгдэл (5) :: Сэтгэгдэл vлдээх! :: Холбоос

Monday, 17 July 2006

хэл хальтрахуй

☆ 2006-Jul-17

10 жилд байхад сонингууд дээр "хэл хальтрахуй" гэж зугаатай булан байдаг байсан. Одоо даанч санаанд байгаа нь цөөхөн юм, гэхдээ биччихье.

хорлогч дарга - орлогч дарга
эрүүлжүүлэх баар - эрүүлжүүлэх байр
худалаа хөгжлийн банк - худалдаа хөгжлийн банк
зөнөсөн галт уул дэлбэрэв - сөнөсөн галт уул дэлбэрэв
ал улаан - гал улаан

унагаах ухаан - анагаах ухаан

ядаж байхад хэл нь хальтрангуутаа шинэ утга гараад байдаг нь шал зэвүүн байхгүй юу гэсэн Хальтарсан хэлний санг баяжуулах жишээ санаж байвал нэмэрлээрэй .
... ... ...
... ... ...

Сэтгэгдэл (7) :: Сэтгэгдэл vлдээх! :: Холбоос

Thursday, 13 July 2006

Цус ба Яс \кино\

☆ 2006-Jul-13

Хүн бол нийгмийн бүтээгдэхүүн, цаг үеийн бүтээл гэгддэг ч зарим нэг сондгой гаруудад энэ үйлчилдэггүй бололтой.
"Цус ба Яс". Blood and Bones 血与骨(2004) Өнгөрсөн зууны 20-оод онд Японы аж үйлдвэрийн сэргэлтийн үеэр японруу дүрвэж гарсан солонгосчуудын (55 оноос хойд-со) үнэн хүнд амьдралын түүхийг өгүүлсэн япон кино. Жүжигчин Такеши дүрийг амилуулна ч гэж, найруулагч 崔洋一 Yoichi Sai нь өөрөө шүтсэн байх. Такеши 北野武 Takeshi Kitano ер нь дандаа асар хүнд кинонд тоглож явах юм аа, нүүр царай нь барайчихаад тохирно ч гэж ванлий.

Мянга мянган дүрвэгсэд зовлон зүдгүүр үзээ л биз, хүнд амьдрал дунд хүмүүс эвдрээ л биз. Гэвчиг Такешигийн (жүжигчнийх нь нэрээр явчий) хувьд угийн этгээд хачин зан авир, дээрээс нь тэр зүдэргээнт нугачаа нийлээд хүн хүнээс онцгой нэгэн бие хүнийг бий болгожээ. Тэр хэнд ч хайртай байсангүй, магадгүй цорын ганц "зөөлөн" хандаж байсан хүн нь тэрний амраглагч хүүхэн (хүслээ хангагч гэвэл илүү зохилтой), гэвчиг хүүхэндээ өттэй мах хүчээр идүүлэх гэж зүтгэснээс мэдрэл нь хүчтэй цочирч саа тусан хэвтэрт ороход нь гэртээ олон жил байлгаж байгаад эцэст нь өөрийн гараар бүтээгээд алчихвал яахав (зовлонгоос нь салгаж байгаа нь тэр). Хүүхдүүдийнхээ нүдэн дээр эхнэрээ зодож хүчиндэж, ажилтнуудаа цалин нэмүүлэх гэж хүссэнийх нь төлөө халуун чулуугаар хацрыг нь хайрч, өрөө төлөхгүй зугатаасан зээлдэгч дээр давхиж очоод гарынхаа шууг огтолсоноо "миний мөнгийг авна гэдэг миний цусыг авсантай адил" гэж хэлээд гоожуулсан цусаа уулгаж орхидог, нөгөө зээлдэгч тэсэлгүй амиа хорлоход нь мөнгө өгөлгүй үхчихлээ гээд уурлаж хашгичин хараагаастай...
Дэргэдэх хүнээ хэмэлж, зовоож, амьдралыг нь хар там болгон бүрэн сүйтгэж байгаадаа санаа зовох битгий хэл хүнийг яг л өттэй мах шиг үзэж хайр найргүй идэж байх ёстой гэсэн чулуу үзэлтэй тэрээр солонгосоос анх хүсэл бадраасан идэр залуудаа ирээд хожмоо 40 сая иен хурааж цөм баяжсан боловч сүүлчийнхээ хоногуудад ч мөнгөө хав даран өөрөө таяг тулсан салга өвгөн хог түүж идэх шахам амьдарсаар эх орондоо буцаж бүх хөрөнгөө хойд солонгосын засгийн газарт хандивлаад нутагтаа ясаа тавьж байгаа нь тэр хүний хувь чанар адгуусан араншинг өмөөрөх хангалттай шалтаг мөн ч юм шиг, биш ч юм шиг, тэрнийг биширмээр ч юм шиг, өрөвдмөөр ч юм шиг. Тэр бусдад бүү хэл өөртөө ч хайртай байсангүй, ер нь хайр энэ тэр гэсэн "шалихгүй" зүйлс бөөн садаа, түүний амьдрал, ерөөс тэр хүн тэр чигээрээ ТОМ ЗОРИЛГО л байж. Хэрвээ тэр хүнд хайр гэж байдаг гэвэл тэр нь Эх орон нь л байж. Хувийн амьдрал дээр нь дөрөөлж нэгэн этгээд хачин бие хүний тухай ухаан самууртал үзүүлсэн уг кино эхнээсээ аваад дуустал цул үйл явдал...

ТV-ний өмнө догдлон байж суухдаа хүнд амьдрал харж шок болох санаатай үзээд байсан киноноос өмнө уг киног recommended-сан найз намайг хэврэг амьтан гэж бодсон уу, гэнэт үзээд ухаан алдчихвий гэж хайрласан уу, эсвэл хүнд киног гэндүүлж үзүүллээ гээд уурлана гэж айсан уу, юутай ч надаар сэтгэлзүйн бэлтгэлийг өдөр бүр хэмнэлт давталттайгаар уйгагүй хийлгэсэний ачаар санаандгүй үзвэл хэсэгтээ самуурам киног мэнд сэрүүн үзсээр баатарлагаар дуусгав, би шүү.
Сүүлийн үед хүнд хүнд кано үзэж кайфтдаг шинэ хоббитой болсон гого байна. Найздаа баярлалаа, дандаа хөөрхөнөөрөө шүү.

Saturday, 8 July 2006

халил

☆ 2006-Jul-8

Гунигаа тайлтал нэг vнсэлдэхсэн


Хvнийх болоод явчих нь бас л амархан байна даа

Энэ сарны дор яг л энэ газраа
Эргээд уулзах нь худлаа л байх даа
Бурхадын уран зураг мэт гоё цагаан vvл
Бусдын нутагт очоод бороо болоод асгана даа
Элсэн дээр тогтсон хос мєрний хонхорхойд
Эндхийн бороо орж дусаал тогтооно доо
Хэд гурван гvрвэл vvгээр гvйлдэж
Хээрийн соньхон худагнаас цангаа тайлна даа
Хармагийн бутны жимс ганц нэгээр унахдаа
Хайртай чиний минь цамцан дээр улаан толбоор vлдэнэ дээ
Одлог тэнгэрийн дор нойргvй хонож
Онцгой долоон бурханыг vдшийн vдэш зvсэлж
Vvр цайхыг vзэн бороонд норж явсан чинь
Vлгэр шиг санагдах цаг тийм ч холгvй байна даа...
Амраг миньАлсаас чамдаа хундага єргєе
Хуучин уулздаг цэцэрлэгтээ ирье
Хуурай газрыг нортол уйлъя
Хулан гэдэг цэцэг эндээс лав ургана
Тэр цэцгийг чи минь тасдаж аваад
Энгэртээ зvvж гэртээ хариарай
Эхнэр чинь асуувал битгий хэлээрэй
Элгэндээ чимээгvй тэвэрч
Цэцгийн зулай дээр vнсээрэй...
Гуйж мєргєєд ч болов бурхан танаас хvсье
Гунигаа тайлтал нэг vнсэлдэхсэн
Гудамжинд єдрєєр эсвэл шєнє дєлєєр...
Гудайх оддын дор євс ногоон дээр...
Хоёулханаа орон дотроо...
Хотол vймсэн европын гудамжнаа
Хонгор найз элбэгтэй Парижийн буудалд
Алтан говийн элсэн дээрАмерикийн шигvv хороололд...
Дэлхийн хаана ч гэсэн
Дээр доороо орон vнсэлдэж л буй
Лал, Христос, Буддын уншлага дор
Ламбада бvжгийн янаг аялгуун дор
Шалба норсон борооны бvлээн цутгалан дор
Шаахай болоод даашинзгvй, уруулын будаггvй
Vнсэлдэхсэн ...
Олдошгvй vхэшгvй хайртай амрагаа
Ороонго мод адил тэврээд
Родены баримал мэт хоёулаа
Мєнхийн мєнхєд vлдэхсэн
Ц. Хулан

Гоё шүлэг юм. Нээрэн нэг дарвайтал үнсэлцэхийнсан гэсн. Үнэн сэтгэлээсээ л бол сая окэй шүү гэж думаа царайлан ичингүйрсээр явтал юу вэ хорвоо дэлхий уужим хийх ажил их ч хажуугаар нь амжуулкүй бол хохий шөө гэдэг байшд. Хайр дурлалыг балинчидсаар байтал дурлал өш санахаар боллоо.
Гэснээс монголоор дүүрэн синглмаа, горьдсон царайтай, өлөн нүдтэй, гунхсан охид баар саваар дүүрэн, бүүр аргаа бараад хоног төөрүүлчих объект тэнэсэн харцаар хайгаастай ... ядаж байхад санаа нь нүүрэн дээр нь ил тод ... Ноднин их монголд ороод баахан хүүхнүүд л дуулах нь дээ гэж бодсон үйлчлүүлэгчид нь байсныг "одууд" гэж эндүүрсэн байваа. Охид хүүхнүүд сайхан байх сайхан л даа мэдээж, гэхдээ хүүхнүүд эм барс шиг царайлаад идэш хайж, олз олохын тулд гэвчиг өөрийгөө өгөөшилж байгаа нь юу ч гэмээр юм дээ.
Манай хүн амын хүйсийн харьцаа 51:49-өөр эмэгтэйчүүд олон гэсэн байдаг ч энэ бол цөөн хүн амд ок. Харин гэрлэлтийн насныхны хувьд хүйсийн харьцаа арай өөр. 2000 оны тооллогын дүнгээс үзэхэд 20-24 насны эрчүүдэд ирээдүйн боломжит сүйт бүсгүй нь 12.0 (130.0-118.0) мянгаар илүүдэж, харин 15-19 насны хөвгүүд буюу одоогийн 21-25 насны эрчүүдээс ирээдүйн боломжит сүйт бүсгүйчүүд нь 24.8 (158.1-133.3) мянгаар олон байжээ хөөрхий. Яг мань хэдийн үед ингэж олон охид төрсөн байнашд. За тэгээд түмпэн шанагаа түс тас нийлүүлэх гэхэд цөөхөн хэдэн эрчүүдээс боловсролтой нь бас хэд билээ, за дүүрч сэтгэл мандтугай гэх гэтэл нөгөө хэд нь солонгос баруунруу аль хэдийнэ талийчихжээ. Ингээд хөөрхий дэлхийн 2-р дайны дараах орос эмэгтэйчүүд шиг эр хүссэн эмс монголоор дүүрээд байгаа жанцан ийн болой. Уучлаарай хүүхнүүд ээ, хоногийн тачаалаас болж айл гэрийн аз жаргалыг сэвтүүлж, бүсгүй ариун биеэ булингартуулж явахаа болиход ердөө хэдэн үйлдлийн ухаан, ядаад бүсгүй бардам зан чинь л байхад хангалттай шүү дээ.
за ёстой хадуурчихлаа, гэхдээ яадын, үнэн юм чинь. Уул нь эхэндээ дурлал ярьж байлуу, чичиртлээ дурлалцаж салам сексдэх ч сайхан шүү гэсн. Ядаж ингээд дурлал секс хоёрыг нэгтгэж ойлговол амттай шд. За даа зарим нэг нь хэдэн он бэ гэж байгааз, яая гэхэв тэгж бодсон бол чи би зам нь салаа заяа нь тусдаа хүмүүс.
Гарч сэнсэртэл үсэргээндье, бичкэн сээтэгнэл бол байлгүй л яадгийн comonnnn ...


Сэтгэгдэл (24) :: Сэтгэгдэл vлдээх! :: Холбоос

Tuesday, 4 July 2006

Бөөн хүн ба салбадай

☆ 2006-Jul-4

Санамсаргүй явж байгаад тун дажгүй ном нэгийг уншлаа. "Хөөрсөн түмэн ба гэмт хэрэг" Сципион Сигеле хэмээх судлаачын (100 гаран жилийн өмнөх) суурь бүтээл.

Ямарваа нэгэн жагсаал цуглаан нь голдуу хэн нэгэн эрх баригч, дарга даамлуудын бүдүүрч байгаад зэвүүцэн, номхон ардыг мэхэлж байгаад бухимдан шаардлага тавин эсэргүүцсэнээс үүддэг. Ингэж илэрхийлэхдээ бөөгнөрч хөөрсөн хүмүүс уурандаа шатан замдаа тааралдсан бүхнийг хэмхчин эвдэлж сүйтгэж, засгийн газарлуу дайран орохыг завдан хүч түрэн давшилж, магадгүй нүдэнд нь нөгөөх аз нь харьсан дарга тааралддаг л юм бол дундаа хийж польдохсон гэж тачааддаг. Ямар ч шалтгаанаар үүссэн байлаа гэсэн олон түмний адал балмад хорлон сүйтгэх дээрх үйлдэл бол гэмт хэрэг. Мэдээж массыг ингэж хөөрөх хүртэл бухимдуулсан эрх баригчдын арчаагүй бодлогыг зөвтгөх аргагүй. Гэхдээ яагаад олон түмэн нийлж байгаад эрүүл саруулаар шаардлага тавьж хүссэн үр дүндээ хүрэхийн оронд өөрсдөө гэмт хэрэгтэн болтлоо балмад авирлан гажигтдаг вэ. Цугларсан олон бүгд гэмт хэрэгтэн биш нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл хүн ганцаараа байхдаа хэзээ ч хийж зүрхлэхгүй үйлдэлээ жагсаал цуглааны үед учиргүй зоригтойгоор хийж орхидог нь юуных вэ? Хамгийн наад захын бодлоор, олон түмнийг шүүх арга бараг байдаггүй, хариуцлагыг ганц хүн дээр тохох боломжгүй байдаг нь хувь хүнийг ийн зориг оруулж сэтгэлийн мухартаа ёс суртахуун гэх мэтээр чөдөрлөж байсан балмад занг нь өдөөдөг гэж хэлж болох юм. Гэхдээ л энэ хангалтгүй. Тухайн хувь хүнийг ганцааранг нь байлгаж байгаад за хө чамд хариуцлага оноохгүй үүнийг эвд сүйтгэ гэж ятгавал тэрээр өнөөх үйлдлээ хийх эсэх нь бас л будлиантай. Тэгэхээр бөөгнөрсөн олны дунд хүмүүсийн гаргадаг гаж авир нь ердөө нэг нэгнээ даган дууриах төрөлхийн заяамал сэтгэхүйтэй холбоотой, тухайн уур амьсгал дахь ятгалгын асар хүчтэй нөлөөнд автдагийнх гэж тайлбарлажээ. Онцлууштай нь энд бүх хүн тийм үү гэвэл бас биш. Хэвийн амьдралд бол огтоос тийм зүйл хийхгүй хүн жагсаал цуглааны үед яагаад зэрлэгдүү авирладагийг ойлгоход хувь хүний сэтгэлзүйг анхаарах хэрэгтэй болно. Эндээс хувь хүний сэтгэлзүй болоод нийтийн сэтгэлзүй хоёрыг холбон харах ёстой болж байна. Нэгэн бүсгүй дээр туршилт хийж л дээ. Эмэгтэйг гипнозод оруулж түүний ухаангүй дурлаж байсан залуугийнх нь нэрийг хэлж тэрнийг хорлох тушаал өгсөн байна, өнөөх бүсгүй гипнозын турш удирдагчийн тушаалыг биелүүлж байсан боловч залуугаа хорлох тушаалыг харин огт дагаагүйгээр барахгүй эрс татгалзах маягтай болжээ. Өөр нэгэн тохиолдолд учиргүй ичимхий залуу гипнозын явцад "халууцаж шатаж үхэх" шахахдаа ч хувцасаа тайлахгүй гүрийгээд байсан бол өөр нэгэн гипноздуулагч уг даалгаварыг юунд ч торолгүй гүйцэтгэж тэр дороо л шалдалж орхижээ. Ингэхээр хүнийг сэтгэлийн мухарт нь огт байдаггүй эсвэл маш сул байдаг зүйлийг нь хийлгэх гэж оролдох нь бүтэшгүй зүйл бөгөөд харин эсрэг тохиолдолд аливаа үйлдэлийг хийх тухай сэдэл, сэтгэлзүйн элемент тухайн этгээдэд байсан аваас (байнга ил гардаггүй ч) өчүүхэн төдий өдөөхөд л торхтой дарь мэт асдаг ажээ.
За тэгвэл хүмүүс нэг нэгнээ дагаж дууриах өвчтэй юм бол яагаад буянт сайн үйлийг биш заавал муу муухайг нийлж хийдэг юм бэ. Ихэнх хүн, ээ бараг л бүх хүн адгууслаг чанартай, түүнийгээ хөгжүүлсэн үү, дарж унтраасан уу гэдэг нь хувь хүний хүмүүжил, төлөвшил, ёс суртахуунтай шууд холбоотой. Бөөгнөрсөн түмний ятгалга, "сэнхрүүлэг"-д автахгүй байх, сөрж тэсэх сэтгэлзүйн хүч тамиртай хүмүн асар цөөхөн ажээ. Цугласан олны дунд оруут л тэдний үг яриа баараггүй үнэн мэт санагдаж ханьсдаггүй юмаа гэхэд дэмжин түлхэгч болох нь олонтаа. Ялангуяа дээрх тохиолдол бол театрт биш, хөл бөмбөгийн стадионд ч биш, эрх баригчдын эсрэг бухимдал тээж цугларсан талбайд гэдгийг сануулъя.

Эндээс улбаалахад, бөөгнөрсөн олон хүнээс, ялангуяа янзан бүрийн үзэл бодол, зан авиртай, өөр өөр боловсрол, хүмүүжилтэй хүмүүс нэг дор цугласан байхад тэндээс ухаалаг шийдвэр эрүүл үйлдэл гарна гэж горьдсоны гарз. Мэдээж "ТАРЦГАА" гэж лүндэндэхээсээ наана ингэж цугларуулахгүй байх, цугларах "овоо"-г босгохгүй байхад л ухаанаа зарж байх нь хавьгүй дээр гэдэгтэй хэн маргах билээ.


Сэтгэгдэл (4) :: Сэтгэгдэл vлдээх! :: Холбоос

Sunday, 18 June 2006

Father's Day: ААВдаа

☆ 2006-Jun-18

Аавыгаа дурсахуй ...

Их сургуулиа дөнгөж төгсөөд шижигнэж пижигнэж асан хэдэн залуус ажлаа тараад гитар барин нийлж, дуулж хөөрч, бас болоогүй шинэхэн ирсэн эмийн сангийн хөөрхөн бүсгүйчүүдийг харуулдан, трапец жинс, бариу цамц, кобой маркийн малгайгаар гангарцгаан, өвдөөгүй байсан ч эм уумаар санагдсан эрчүүд эргэлдэн тойрон явсаар тэдэн дундаас хайрын зул бадамлуулсан нэгэн хос төрсөн нь миний аав ээж хоёр байлаа.

Хайрын энхрий сарнайгаа санан үгүйлэн бичсэн аавын залуу халуун захидлуудаас ах бид хоёр жинхэнэ ариун хайран дундаас төрсөн хүүхдүүд юм гэдгээ улам тодоор мэдрэн хорвоод үйл хэргийг нь залгуулж алдар нэрийг нь дуурсгаж явах учиртай үр удам юм гэдгээ ухаарах шиг болж билээ.
Аавын үнэр, тийм гэхийн аргагүй тэр дотно үнэр балчир хүүхэд насыг хээнцэр танхил зантай минь хамт аваад явчихсан, дахиад ирээгүй. Ухаан бүтэн ороогүй бүүр түүрхэн ой тойнд минь ... надад хөтлүүлдэг байсан атганд багтамгүй чигчий хуруу, бүхнээ зориулахад бэлэн дулаан нүд, бийр бүжиглүүлэн зураг амилуулах зүйрлэшгүй эгшин, зүүдийг минь аргадсан аавын бүүвэй ,,, тодхон үлдсэн дэндүү цөөхөн дурсамж. Бүүр түүрхэн зарим зураглалыг тодруулах гэж хичнээн хичээвч чадахгүй нь ээ, он жилүүд элээсэн биш л дээ, ахиад хэдэн жилийг хамт бай гэж өгсөн бол аавыгаа холоо явчихсан байхад нь тоглоом өрөн наадаж суухгүй л байсан даа.
Хоосорч үгүйлсэн ханхай орон зайг дүүргэх гэсэн ээжийнхээ хайранд бялуурч торнисон хүүхэд насандаа гартаа алим бариад дэрвэж гүйхдээ ч, айлын хүүхдүүдтэй ана мана тоглож ач тач уралдаж байхдаа ч авъяас чадалтай аавынхаа халуун цустай охин нь юм чинь гэсэн далдхан бардамналаар толгой өргөн ирмүүн явжээ.

Цаг хугацаа ... он жилүүд минь...
Амьдралын чухал гараа болгоныг сэтгэлдээ шивнэн аавдаа "дуулгахдаа" баярлуулж байна гэж итгэдэг, гомдоохгүй юм шүү гэж хичээдэг ...
Аав минь та, наран хайраа амсуулаад одохдоо бяцхан цээжинд минь мөнхөд ногооноороо цэцэглэх сэтгэлийн нялх үрийг суулгасан байж дээ.


Сэтгэгдэл (12) :: Сэтгэгдэл vлдээх! :: Холбоос

Мэдрэмжүүд минь

Бясалгалд суув аа. 10 хоног чимээгүй суудаг. Өмнө нь зөндөө удаа явж байсан л даа. Энэ удаад арвин ургацтай харин. Урьд нь суухдаа юу ойлгож...