Wednesday, 3 October 2007

кофе уухын өмнө

Яахоо мессенжерээ яагаад ч юм хааш нь ч юм хийчихлээ, мальтгар шар нүүрийг харж чадахгүй амар, блог сайт блоклогдчихсон, комментод хариулж чадахгүй тиймхэн. Аравдугаар сар интернэтэд халгаатайгаар хаалга тогшсон нь чухамдаа над мэтэд зол болж, албадан хөдөлмөрөө үргэлжлүүлэх завшаан хэмээн алгаа ташив.

Сэтгэл гээш навчис нэг нэгээрээ тасарсаар ... ноднин жилийн үнэр үе үес сэнгэнээд ... хөөрхөн нүдний харц гялс хийн очтох шиг ... ай даа ер бусын сонин, гоёмсог ... алтадсан нарийн хүрээтэй товгор цэцгэн хээт гангар турьхан аяга шиг.

Мастер Маргаритагийн халуун дурлал, хайр сэтгэлийн тухай миний мэдэх хамгийн баяртай түүх... ядаргаатай энэ ертөнцөөс явсан нь ч дээр биз дээ. Элдэв шидийн цуглуулга, болох болохгүйн овоолго, мунхаглал ангуучлалын лабораторид ... хайрлаж дурлаад ч яадаг юм (агсамнав). Ялаа шавсан дэлхий дээр ... тэр олон учрал цэнгэлийн чинь алийг нь жинхэнэ гэх вэ, алийг нь хайр гэх юм бэ (толгой эргэв).

Гэснээс Путин хошуугаа унжуулчаад хөөрхөн золиг шүү, гэдсэн дээрээ үнсүүлэх юмсан.

За кофе хөрөх нь ... дараа учирсу ...

Tuesday, 25 September 2007

Нүүрс ба цагаан цас

Д.Пүрэвдорж гуайн “Хар цас” найраглал гоё шүү ... гэхдээ дайн дажингүй энх цагт төрчихөөд хар цасыг харах тавилантай байж бяднуус. Одоо ч юу юугүй цас бударч нүүрсний утаа суунаглахаар угартаа хахана даа УБ минь. Нүүрс, нүүрс ... нүүрсхэн чамдаа би дуртай. Учир нь:

Нүүрснээс шингэн түлш гаргах тухайд анх тэртээ 1927 онд германууд боловсруулсан байна. Улмаар эдүгээ гэхэд нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэхийн сацуу шатахуун болгон ашиглаж буй. Өнөөдөр дэлхий дээр нүүрсээс шингэн ба хий гаргаж эрчим хүч үйлдвэрлэх болсноор дан ганц нефтийг хараад суухгүй болжээ. Нүүрсний боловсруулах үйлдвэр нь нефть, байгалийн хийн нөөцгүй орны хувьд нефтийн цооног, хийн хоолой л гэсэн үг. Хятад улс нефть импортын хараат байдлаа саармагжуулах зайлшгүй сонголт гэж үзээд нүүрс боловсруулах үйлдвэр байгуулахад зориулж 2006-2020 оны хооронд 1 триллион юанийн хөрөнгө оруулалт хаяхаар шийдвэрлэсэн байна, нүүрсний улалмжлалт хэлбэрийн уурын зуухнуудаа халаад шинэ боловсруулах үйлдвэрүүд барьж эхэллээ. Хятадын аз болоход нүүрсний нөөцөөр дэлхийд 3-рт ордог арвин.

Монгол орны хувьд юу их байна нүүрс их байна, гэтэл нүүрсийг шингэрүүлж хий болгож бензин эрчим хүч гаргаж авдаг тухай сонсоогүй хүн зөндөө байгаа, нүүрсийг зуухруу л шидэж болдог гэдэг ойлголтоос салаагүй дарга даамлууд ч байх шиг. Гэхдээ нүүрс боловсруулах үйлдвэр барих тухай манайхан ярьдаггүй биш, хэсэг инженер залуус метанолын тухай бүхэл бүтэн буурьтай судлагаа хийсэн байдаг, нүүрсээс шингэн түлш гаргах талаар ганц сэдэвт докторын зэрэг горилсон эрдэмтэн ч бий. Засгийн газрын “Нүүрс” хөтөлбөрт нүүрснээс хийн ба шингэн түлш гарган авах, эрчим хүчний цэвэр технологийг нэвтрүүлэх гээд сайхан сайхан зорилт бас байх юм.

Үг хэл биш үйл хөдлөл л санаа бодлын сүүдэр байдаг билээ.

Бид тэгвэл юуг хийж байгаа вэ? Яг эсрэгээр үйлдэж сууна. Хятадууд бага багаар уламжлалт уурын зуухаа буулгаж шинэ үйлдвэр барих болсноор уурын зуухны хуучин “тогоо шанага”-нуудаа яахав гэдэг асуудал ургахад монголруу хямд үнээр борлуулж бид ч улс даяар тархсан бараг сум болгоны уурын зуухаа шинэчилж байна гэж баярлаад л, энд тэндгүй тогоогоо солиод л … дэндүү олон баримт бий, гаалиар орж ирсэн уурын зуухны тогоо төхөөрөмжийн үнийн дүнг нэгтгээд харах юмсан, тэр нь бүгд төсвийн мөнгөөр хийгдсэн, хятадын гологдол хаягдалыг далдаруулахад бид улсаасаа хандив өргөөд л… нүдээр харахад уурын зуухнууд алхам ахисан мэт боловч, бидэнд өөр тийшээ хэд харайх боломж байсныг харахыг хүсдэггүй юм уу … Нүүрсээс хий шингэн гаргаж авах үйлдвэр яагаад монголд баригдаж болохгүй байгаа юм бэ? Мөнгө санхүү л гэж бүү хэлтүгэй, ашгаа хэдхэн жилийн дараа нөхөж болох тооцоог бие дааж хийсэн судалгаагаар нотолсон инженерүүд байна шүү дээ.

Юутай ч нүүрс боловсруулах үйлдвэр байгуулахад монголд гарах ашиг тус нь юу вэ гэхээр:

- Бензин шатахууны 100% импортын хараат бадлаас бага ч атугай ангижрана, оросууд нефтийн экспортын татвараа нэмэх сургаар монголд суурь үнэ донсолж байдаг арчаагүй байдлыг дотооддоо хянаж зохицуулах боломжтой болно гэх мэтээр эдийн засгийн стратеги ач холбогдлыг нь тоочиж барах юм биш.

-Улаанбаатар гамшигийн бүс гэгдэхээ болихоор өвөл хотдоо төөрөхгүй байхаас авахуулаад хар цасан дээгүүр шажигнуулан алхахгүй, амьгалын замын өвчин дэлгэрэхгүй, нялхас мэндлэхдээ л 60-тай тамхичин өвгөнийх шиг уушгитай төрөхгүй, хүн амын удмын сан гажигтахгүйсэн.

Цаашлаад ач холбогдол гэдэг үгийг хэд л бол хэд хэлэх байна. Бид арвай буудайг шууд амруугаа хийдэггүй, тээрэмдээд гурил болгоод талх бариад идэж заншсан ... лугаа адил нүүрсийг “тээрэмдье”. Ингэж хийхэд бидэнд юу дутаад байна даа?

Saturday, 8 September 2007

эхнэрүүд ба нөхрүүд

Нээх тоодоггүй байтлаа ойрын үеэс л хүүхэд гэнгүүт хачин болоод, чимкээд чимкээд, үнсээд, базаад, татаад, хазаад ... харсан даруйд хайр хүрээд л хамаг биеэр садист сэдэл төрдөг болчихлоо ... яаж байгаа юм бол оо, ө энэ чинь?! гэнэт дотор сэртхийгээд аваарын дохио иы-ун иы-ун ... хүүхэд!!! ... баларсаан, цонхоор гэрэл орж ирээд гэндүүлж байгаад гэдсэн дээгүүр тусчихаж ... үхсэн мэт нам унтдагийн гай ... Гэтэл саяхан хамаатны охин дүү хоол үнэртэхээр дотор муухайрдаг болсон тухайгаа сонсгож садист зангий минь учгийг тайлав, үл мэдэгдэх гэрлийн тухай бодлоо орхив.

Гэр бүл хүүхэд гэснээс орчин үед гэр бүлийн хэв загвар асар өөрчлөгдөж байгаа гэж гэр бүл судлаач Намжил багш ярьдаг байж билээ. Хүй нэгдлийн үед нэг эхнэр олон нөхөр, дараа нь нэг нөхөр олон эхнэр, өнгөрсөн зуунд нэг эхнэр нэг нөхөр ... харин одоо эхнэрүүд ба нөхрүүд, хэний ч нөхөр хэний ч эхнэр байж болно гсн, худлаа худлаа ... гэхдээ л хамтран амьдрагч гэдэг шинэ хэлбэр өргөн тархаад байгаа, уламжлалт гэр бүлийн чанд жудаг суларсан г.м ... олон ч эхнэр нөхрүүд цаанаа ... хэн хэн нь хүлээн зөвшөөрөөд л, мэдсэн ч мэдээгүй юм шиг яваад л, ер нь ил хэлэлцэх нь л дутуу байгаа байх. Нэг иймэрхүү.

Аав ээжүүдээ бид ийм байдлаар хэзээ ч төсөөлж чадахгүй дээ, угаасаа тиймэрхүү “ёс бус бодол” ухаан санаанд нь бууж ирэх ч үгүй хүмүүс. Харин бядны үеийнхэн болбаас, - насаараа нэгхэн хүнтэй юу, ёстой араач даа ... ... Гэхдээ л бидний өсвөр насны төсөөлөлд хайртай хүнтэйгээ учраад хүүхэдтэй болоод насаараа тэрнийгээ хайрлана гээл үлгэрийн бодол байдаг л байсан шдээ. Нийгмийн сэтгэлзүй, орчин нөхцөл шууд нөлөөлөх юмаа, болохгүй гээд хорьж болохгүй нэг тиймэрхүү үзэгдэл юм даа. Мэдээжийн хэрэг аль ч нийгэмд ну-а байж л байсан. Амьдралд хүн аль алдахыг тэр гэхэв, цаг хугацааны зөрүүнд золиос болсон дурлалын хувьд асуудал өөр л дөө. Гэхдээ энд нийгэм гэдэг утгаараа олонхийн тухай ярьж байгаа хэрэг. Манай монголд гэр бүлийн шинэ хэв загварыг бахдалтайяа бүтээн байгуулцгааж байнаа. Гэхдээ ямар юм нь ч байсан хайртай нэгнээ өөр хүнтэй хуваалцаад суухыг хүсэхгүй биз дээ. Ердөө л махбодийн хэрэгцээнд тулгуурлаж цэнгэн хөгжилдөж байснаас, тархины таашаалаар сэтгэл сэвгүй явсан нь дээр баймаар ч юм шиг. Хатуу консерватив байх онцгүй л дээ, гэхдээ л ... Хэрхэхийг эхнэрүүд нөхрүүд цөмөөрөө мэдтүгэй жэхшиг.

Sunday, 2 September 2007

дусал

Бороонд шалба норохуй ... зуурхан агшинд түүнийг бодно, этгээд занд нь эгдүүцнэ, хачин ихээр санана ...

Гурван жил нөхөрлөсөн жижигхэн хөх дугуйгаа жийгээд номынсан байр хоёрын дунд хичнээн ч жайжигнав даа ... даруу зан гаргаж байгаа даа ч биш, 9 сарын 1 гэхэд л номын санд сул суудал олддоггүй тийм галзуу өрсөлдөөнт шороон түмэн оюутнуудын дэргэд би мэт нь ичмээр, ичээд л баймаар гсн (тэнэглэв)

Дугуйны ард найз дүүгээ сундлаад намрын чийгтэй бороонд инээд хадуулсан хоёр "циркчин" байдгаараа баясаад л ... сургуулийн зам дээр дөнгөж унасан канадын далбааных шиг навчсын шарлаж амжаагүй тасархай дээгүүр туучин өнгөрөхөд ... цайлган гэмгүй хүүхэд насандаа буцаад очсон дайтай сэтгэл хөнгөн, дэврүүн, үл анзаарам жаргалтай ... бороон дуслууд нүүрэн дээгүүр бөнжигнөн урсаж нэг нэгээрээ харайн доош тасрахуйд тэнгэрээс түг түмэн дусал газар дэлхийг эзэгнэхээр чөлөөт хурдаар асуй ... өчүүхэн миний үс туг тугаараа нальчийж номхороод, битүү чийгэнд бие минь сэрвийж, байгалийн халдагад бууж өгсөн ч ... байжий би хатах л болно. Би амьдарч байна, амьдрал намайг хатаана, сэврээнэ, тэгээд үрчийлгэнэ, бүр хорчийлгоно... (ухаарав)

Friday, 24 August 2007

захирал

Би ер нь оюутан байхдаа арилгасан сонгинод биш захирал багшдаа л дурлаж байсан юм шиг ээ. Юм л бол захирал захирал гээд долигоноод байдымуу ядын гэмээр. Эмгэнэлтэй нь захирал бачка манийг нь хүн байна ч гэж тоохгүй дээ. Угийн тиймэрхүү great mind discuss ideas царайлсан, үргэлж шахуу газар ширтэж явдаг, хүнтэй юм ярихдаа сүнс нь номон дотроо л байна уу даа гэмээр, “хөөрхөн төрөх албагүй” гэсэншүү байрын туранхай шаргал нөхөр байдын. Зарим багшид оюутнууд дэргэдүүр нь хүндэлсэн дүртэйгээр алхаа намсан өнгөрөх, эсвэл дайрчих шахаад гүйж өнгөрөх хоёр тун чухал үзүүлэлт байдаг даа, захиралд бол оюутнууд өөртэй нь мэндэлнэ үү байна уу шаал сонин биш, тэрнээс хамаагүй чухал ганган санаанууд тархинд эргэлдэж явахад ... гэхдээ бас гүн ухаандаа живчихсэн номын донгиот ч биш, байж байгаа нь л тийм, үхээд өгье л дөө гэмээр дураараа сэтгэдэг күүл бачка байсын, одоо ч байгаа л даа.

Захирал багшийгаа дурсах сайхан шүү, манай цаг үед ч бас тиймэрхүү гавал жав байж л таараа даа ... хаагуур яваа бол оо ... гүйж очоод цупаридаж түлхчээд зугатаахынсан ...

Tuesday, 21 August 2007

Хайрт блог

Блог гэснээс анх Бодрол блогийг уншаад л Жагийд дурлалаа гэсэн чинь эмэгтэй байдын, ёстой шатсан шд. (Жагий чи шүү, гэснээс зуны амралт дуусдаггүй юу?)

Ер нь Web logs буюу блогийг юуны тулд бичдэг вэ? хариулт нь хязгааргүй. Нэг нь хүмүүстэй үзэл бодлоо хуваана, нөгөө нь ажил бизнессээ сурталчилна, өөр нэг нь хувийн маркетинг хийнэ, зарим нь гунигаа үргээнэ ... жишээ нь би сүүлийн үед ажаад байхад ганцаараа байсаар галзуурчихгүйн тулд л бичээд байгаа бололтой, УБ-д байхдаа наян танил царайны дунд орохоороо паниктаат юун блог, юун интернэт, чи өөрөө писи болчихож байгаа юм чинь. Тэгээд л буцаад одиноороо болонгуут өнөө муу блогоо өдөржин эргүүлээстэй, заримдаа ч цоожтой дэвтэр дээр бичдэг зүйлээ хүртэл даян дэлхийгээр дэлгэх шахаад, зовсон ч амьтан бол доо гэх гэтэл ... юу вэ би ямар шоронд байгаа биш дээ, гараад хүн хартай уулзаад гүйнэ л биз дээ, дэлхий дээр хамгийн их хүн шамбааралдсан газар ирчихээд сайн дураараа ингээд суухыг бодоход ерөөсөө донтой юм байна л даа. Сүүлдээ үнэхээр нэг юм унших, нэг зүйл үзэх болгондоо блогийн сэдэв болтой юм бодож суудаг болжээ. Онцлог нь энэ бүхэн голдуу сэтгүүлзүйн зарчмаар энгийн энгийн бас энгийн, шуурхай шуурхай бас шуурхай гэсээр байгаад, гүнзгийрээд судалж болох зүйлийг, бүр судлах ёстой зүйлийг хүртэл шууд л хэдэн үг хэлхэж холбоод найруулсгээд постлодог болчиж, тэгсэн хэр нь хөөрхөн цаг үрээстэй. Барагтайхан блог бичээд уншигч этгээдийн цагийг хий үрчихлээ яанаа гэж бурханлаг загнах ч юув, зүгээр л өөрийнхөө цаг ба сэтгэлийг хийх ёстой зүйлд биш дуртай зүйлдээ зугаатайхан зарцуулаад байгаадаа сандрах боллоо. Туйлын харамсмаар нь энд байхдаа би блог бичихгүй байж чадахгүй нь... хайрт минь блог минь ... урод өдрүүдийг ээ ...
писи-гээ зараад бичгийн машин авдаг юм билүү.

Monday, 20 August 2007

Акира Куросава

Сайхан сэтгэлт нэгэн хүмүүн хог дээрээс олсон DVD player-ээ зориуд ацарч манайд хаясны ачаар кину үзээстэй.

Куросавагийн бүтээлүүдийг үзэхэд гуманизмын тулгалтад орж, “хүн шиг байх” хүсэлд унах юм даа. Гэхдээ энэ бол мэдээж гол баатар нь муу муухайг илчлээд л, нийтийн төлөө үхээд л, эсвэл гэнэт гэмээ ухаарч “сайн хүн” болдог тухай нулимс гоожим реализм огт биш. Гэлээ гээд хүн ямар байдаг тухай дүрсэлдэг хар цагаан натюрморт хөрөг бас биш. Харин Куросавагийн кинонуудыг “хүн ямар байх ёстой вэ” гэдгийг үзүүлдэг ёс суртахууны дээд үнэлэмжийн талаарх романтизмын бүтээлүүд гэж болмоор. Гээд хэлэхээр үнэмшилгүй санагдаж магадгүй л дээ. “Долоон самурай”, “Улаан сахалт” кинонууд дээр гардаг үгээгүй ядуус хийгээд номхон даруу тариачдын тухай элэг эмтрэм үзэгдлийг романтизм гэх үү. Үнэхээр л зүдгүүрт цаг үе, нийгмийн шударга бус зовлон гачланг шүүмжлэн үзүүлсэн байдаг боловч үүнийг хүмүүст харуулах нь Куросавагийн зорилго биш, харин ингэж оруулсан нь гол дүрээ тодруулж гаргахад хүч нэмэх дэвсгэр элемент болгож шигтгэсэн төдий юм. Гол нь юу байв гэхээр ... Шударга самурай, сайн эр хүн хийгээд ерөөс хувь хүний үнэт зүйлсийн цогц биелэл болсон гол дүрээр дамжуулж “хүн ямар байх ёстой вэ” гэдгийг үзсэний дараа ч тархинд хадагдаж үлдэхээр киногоо найруулж чадсанаар тэрбээр уран бүтээлийнхээ зорилгод хүрчээ...


Төгс төгөлдөр гол баатрын тухайд бид бараг кино бүрээс харж ханаж залхаж байгаа шүү дээ гэж хэлж магадгүй. Орчин үед триллер киноны супер идеал дүрийг хараад түүн шиг азтай золбоолог байхыг хүсдэггүй юмаа гэхэд үгүй ядаж л триллерийн гол баатар түмэн янзын аюул эрсдэлийг даван туулж чадна гэх итгэлтэйгээр бид киног үзэхдээ таатай байдаг л даа, мэдээж эцсийн эцэст дайсны урхи арга заль сүйрч манай ялгуулсан баатар бүгдийг даван туулахад сэтгэл ханаж байх жишээтэй. Харрисон Форд ч юмуу, Том Крузын тоглосон адал явдалт кинонуудын гол дүр эхнээсээ дуустал үл нугарах итгэл төгс чанартай байдаг нь хүмүүсийг өөртөө татдаг биз. Гэхдээ …

Энэ бүхэн их л сайндаа бидэнд амжилт алдарын тухай хийсвэр мөрөөдлийг үлдээхээс бус гүн хэсэгт сэтгэлийн утсыг хөндөж чаддаггүй. Өөрөөр хэлбэл супер идеал дүрийн тухай триллер кинонд бодьгал хүний гадаад цог золбоог адал явдлаар гялалзуулан тодруулдаг боловч хүний дотоод мөн чанарыг хөндөж харуулдаггүй юм.

Куросавагийн Дерсу Узала, Санжуро, Улаан сахалт гээд гайхалтай дүрүүд триллерийн супер идеалаас юугаараа ялгаатайг эндээс ажиглан харж болно. Ёс суртахуун, шударга ухаан, хүн чанарын үлгэр жишээ байдгаараа Куросавагийн бүтээлийн дотоод гоо сайхан илэрдэг билээ. Нандин зан суртахуун агуулсан тэрхүү дүрийг киноны дараа ч хайрлах сэтгэл төрдөг, хүн төрөлхтөн өт хорхойноос дээрдэх юмгүй язганаж, нэгнээ хэмлэж, новширч, амьтны ферм шиг хоног зогоодог хэдий ч хүн эцсийн эцэст ухамсаргүй адгуус биш шүү дээ хэмээн шивнэсэн Куросава бээр хүмүүст эрхэм үнэт зүйлсийн тухай сануулдагаараа агаар дутагдсан тасалгаанд үе үе салхивч нээх шиг биднийг дээд үнэлэмжийн гайхамшигт романтизмаар аялуулдаг болой.

Sunday, 19 August 2007

хэсэг хугацаа

Юуны өмнө Конфи, Амар аа, манийхаа “явчихлаа party”-г нижигнүүлээрэй гсн. Зун яалт ч үгүй шоуны улирал юм аа, яаж ийж байгаад диско баар дамжаад амжсан, мэдээж Бриллиант эдэр моодноос гаран алдаж, Метрополис-ийн транс хэмнэл, ион орчин залуусыг манаруулжийнэ УБ-д. Гэснээс УБ-ын хамгийн гоё нь “маамуу ирэх”, биш ээ бороо орох. Борооны дараах чийг сэнгэнэсэн сэрүүн тэр агаарт үүрд үхчих юмсан …
Сонирхуулахад “Найрамдал”-ын наахна Сar cinema-тай болсон биш хөөрхий зайсан толгой “яс амарч” байх шиг. Залуус цэвэр агаарт кино үзэнгээ од тоолсон ч болно гсн. Залуус гэлтгүй хүмүүс хувьд оногдсон цагаа аятайхан өнгөрөөчих газар нэг нэгээрээ нээгдээд л байна, Сar cinema-гийн залуус цоглог шүү, 22, 23-тай гэхэд овоо нүсэр ажлыг асар мэдрэмжтэй амжуулсан байгаам. Захихад аймшгийн киног зарлаж байгаад үзүүлээрэй :D
Одоо УБ хэдэн гоё спорт талбайтай болчихвол ч … цөөхөн хүний очдог бичкэн бассейн биш, тусгай фитнесс ч биш, сагснаас өөр юм тоглож болдоггүй модон заал бас биш, цаг гарахад л очоод байж болдог теннис, бадминтон, тэшүүрийн гээд зориулалтын талбай заалнууд мөөг шиг гараасай …
гэхдээ л pub-ууд гандан буурахгүй ээ :)

Зун ч дууслаа даа. Зуун жилийн ганцаардал шиг цаг хугацаа эргэн давтагдах мэт нэг мэдэхэд чийг нэвтэрсэн их хотын нүргээнд буйдхан өнгөрдөг нам гүм өдрүүд эхэллээ ингээд. Баяртайяа угтан авч Буэндиа шиг хаалгаа түгжээд сахал үсээ ургатал нам сууя гсн.

Мэдрэмжүүд минь

Бясалгалд суув аа. 10 хоног чимээгүй суудаг. Өмнө нь зөндөө удаа явж байсан л даа. Энэ удаад арвин ургацтай харин. Урьд нь суухдаа юу ойлгож...