Sunday, 17 December 2006

Багшийн сургааль

Оюутан ахуйд нэг лекц дээр өвгөн багшийн маань хэлсэн зүйрлэл их ончтой. ... Лекц бол талх юм хүүхдүүд минь. 30 ширхэг талхыг 30 хоногт идэх үүрэгтэй оюутан өдөрт нэг талх хэрчиж идээд сарын дараа гэхэд бүх талхаа идсэн байх ёстой гэж саная. Гэтэл манай оюутнууд талхаа идэхгүй явсаар байгаад нэг мэдсэн шалгалтын өмнөх 3 хоногт эсвэл бүр шалгалтын яг өмнөх өдөр гэнэт харсан 30 талх байж байдаг, талхаа яахав ийхэв болон сандарч аргагүйн эрхэнд учир зүггүй чихэж гарна, угаас 30 талх яаж л нэг өдрийн дотор гэдэс ходоодруу орохов дээ, чихээд орууллаа ч гэсэн хоол биш хямрал болж эмнэлэг явах болно. Ингээд зорин тэмүүлж ирсэн үүрэг чинь үл гүйцэлдэж хайран эрдэм яйрин болно шүү хүүхдүүд минь ... (овоолж овоолж нэг дайрдаг зангаа яс махаараа мэдрэх болгонд багшийн энэ зүйрлэл санагдаад байдаг юм, багш болгон хүндэлдэг өвгөн багшийгаа чих хатуутайг далимдуулж тэнэг оюутнууд бид мөн ч их шаагилдсан даа)

Бас нэгэн багшийн зааж өгсөн “залхуурах” арга (үнэндээ манай захирал багш л даа, жинкэн бука толгой). ... Та нарт тэгж олон мэргэжлийн ном уншихад хэцүү байгаа бол нэг хялбар гоё арга хэлье. Ямарч салбар чиглэлд гол төлөөлөгч үндэслэгч гэгддэг хэдхэн том эрдэмтэн бий, тэднээс сорчлоод за ер нь 5, 6-аас хэтрэхгүй цөөхөн бүтээл бий дээ, тэднийг л уншчих, тэгвэл цаана нь үлдсэн мянга мянган хуулсан номнуудыг унших ямарч хэрэггүй болохийм байгаам. Эхлээд уншихад ойлгохгүй байх, дахин дахин унш, толгойгоо ажиллуул, суурь бүтээл цөөхөн байдаг, бусад нь хуулдаг юм ... (багшийгаа бүр саначлаа)

Ойрдоо ханцуй шамлан дайрах их ажил байгаад байдаг. Бага сургуулиас эхлээд багшаар загнуулж шахуулан байж сая юм хийдэг болсон өөдгүй дадлаа үгүйлээд байхын, хэн ч загнаж шахахгүй болохоор заримдаа намайг загнаад өгөөчээ гэж мөрөөдөх шахуу юм болж байна шд. Ингээд л санаа алдан байж багш нарынхаа сургаалийг нэхэн дурсаж сууна даа. Лам багш ээ, би жанчуулмаар бээнэ гэсн.

Сэтгэгдэл (5) :: Сэтгэгдэл vлдээх! :: Холбоос

Saturday, 16 December 2006

Хайрын тухай

Хайрын тухай ...

гэдэг кино байнаа... Токио, Тайбэй, Шанхайд өрнөж байгаа 3 хэсэгтэй, 3 янзын хосууд. (About love (2005.4))
-Бид чинь азиуд гэсэн шиг л нэг ч үнсэлцэхгүй (юун секс нүдний булай), холоос хараад л, авангард загварын хайраа өдөр болгон чекист стилиэр илэрхийлээд жигтэйхэн, энэ бол токиогийн урлаглаг хайр байлаа.
-Найз залуудаа хаягдсан булбарай туяхан охин бачуурсандаа алх хадаас цахилгаан хөрөө бариад юу юугүй өргөж даашгүй том номын тавиур хийгээд тавьчвал яахуу, унжийгаад уйлж суухын оронд бүтээлч, эдийн засагч, зах зээлч ... ийх зүгээр, хүмүүс дандаа ийм байвал айлуудын номын тавиур багтахгүй баларчийхгүй юу гэсн, тайбэйгийн ашигч "хайр" ийм байв.
-10 жилийн охин гэрт нь өрөө хөлсөлж суугаа ах залууд нууцаар бундан наагаад, бороонд цамцыг нь тэвэрч зогсох цэвэр тунгалаг сэтгэлийн тэсрэлт ... болбаас шанхайн хүүхэд хайр ... Te quiero ... Te quiero ...
Үхээд өвдөөд хавдаад дуусдаг со киног бодвол сэдэв нь бичкэн бичкэн өгүүлэмж илэрхийлэмжтэй, нарийн нугалаас, торгон мэдрэмж агуулсан ... савж унахыг хүсвэл савж унаж, шимширэхийг хүсвэл шимширч болох хөнгөхөн хөөрхөн л юм.
Хайр гэснээс хайр гэж юу билээ, таньдаг ч юм шиг таньдаггүй ч юм шиг ... нээх үзсэн хүн байх чинь гэсн ... (хадууркү юу)

Сүлд модны мөчир дээр тоглоом болон гялтганасан миний шилэн зүрх
Сүүтэй цайны дээжинд өрөм болж хөвсөн тослог цагаан зүрх
Дурлал гэдэг дайнд босоо үхсэн баатар зүрх
Дун цагаан инээдээр дахин амилах хүүхэд зүрх ээ мэдүү яадын (дальчиганав)

Сар нарны хооронд цам харайсан чөтгөр зүрх чинийх ...

Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл vлдээх! :: Холбоос

Sunday, 10 December 2006

Дурсамжийн тасархай

Ээж намайг 4-р ангид байхад “Франкийн Аннегийн өдрийн тэмдэглэл” гэдэг зузаан ном авч өгч байсан юм. Фашист германуудад хавчигдаж байгаа еврей гэр бүлийн бяцхан охин Аннегийн бодит өдрийн тэмдэглэл байлаа. Тэр номыг уншсаар байгаад Анне миний найз юм шиг санагддаг болсон байж билээ... тэр: “... өнөөдөр ээж миний дуртай хоолыг хийж байгаа, би дээврийн шатан дээр суугаад төмс арилгаж байхдаа хөрш айлын хөвгүүнтэй зөндөө юм ярьсан, эгч миний яриаг тоож сонсох биш, сонссоод ч ойлгохгүй, нүдээ том болгож харчаад дахиж ийм солиотой юм битгий ярьж бай гэж сургаад цааш алга болж өгнө, харин манай хөрш хүү бид хоёр хааяа хэдэн цагаар ч хамаагүй дээврийн хонгилд ярилцаж суудаг, сургуульдаа явах аргагүй болсоноос хойшхи миний хамгийн сайн найз... тэр бас их хөөрхөн нүдтэй...” гээд бичсэнийг нь уншихаар Аннетэй ярьж байгаа юм шиг л санагддагсан ... Аннегийн тэмдэглэлийг уншсаар дуусах дөхлөө, төгсгөл нь ямар нэг төгсгөлгүй, зүгээр л урьдын адил нэг өдрийн тухай... тэгээд дуусчихав ... хамгийн сүүлийн хуудсан дээр Аннегийн биш харин өөр нэгэн хүний бичсэн жижигхэн зурвас шиг зүйл байлаа... "тэдний гэр бүл нуувчнаасаа баривчлагджээ ... 13-хан настай бяцхан охин гестапын шоронгийн хатуу ширүүн эрүү шүүлтийг дааж тэсээгүй шоронд нас барсан" ... надад уйлмаар байсан ... дотны найз минь байхгүй болчихсон юм шиг хоолойд юм тороод ... залгих гэхээр хөндүүрлээд ... өдөр өдрөөр хуудсыг нь эргүүлж суусаар дэндүү дасал болсон байжээ Аннетэй. 13 настай гэхэд амьдралыг аль хэдийнэ өөрийн гэсэн өвөрмөц ертөнцөөр хардаг болсон дэндүү хэрсүү, маш ухаантай охин байсан санагддаг юм одоо бодоход...

Аннегийн нөлөө байсан байх, бас шилжилтийн насны халуурал ч биз, 12, 13 наснаасаа би баатар тэмдэглэл сараачиж эхэлвэй... энх цагийн эрх хүүхдийн тэмдэглэл ч гэж дээ ...

“... Өнөөдөр Цэдэндаш багшийн хичээл дээр би бүх тэгштгэлээ бодоод онц авцан, ээжид дэвтэрээ үзүүлнэ ээ, тэхээр ээж “миний басган бэрхэл даа” гэх байхдаа... нээрээ хичээл дээр Нямка өлсөөд байсан гэжээлэй... Мөнхөө намайг ардаас хатгаад ерөөсөө томоотой суухкү байсан шал тэнэг... хичээл тараад Уугий Нямка бид 3 гөөхий авч идсэн, маргааш Нямка хорхойны зурагтай бурамтай чихэр авчирна гэсэн, ээж нь Бээжингээс авчирсан гэжээлэй ...”

“...Манай байрны ах нар сагс тоглож байналэй, Цээгий ах хамгийн мундаг нь... би болкон дээр самар цөмж байгаад ясыг нь шидсэн чинь нэг эгчийн толгой дээр уначихсан хихи... өнөөдөр Ганаа, Оогий, Мандаа бид дөрөв шар байрныхантай эрзээнээр уралдана, тэдний Бабуулай байрныхаа аварга нь гэжээлэй, би Бабуулайтай эрзээнд оросоор хождог, монголоор тоглохоор хааяа хожигдчоол байдын, бид дөрөв юу ч гэсэн гээд Уугийг бас авч явах гэжаагаа, бид нар шар байрныхныг заавал хожно шүү гэж тангараг өргөсөн... ээж намайг гурилаа зуураад ногоо арилгачихвал гараарай гэсэн”

“... баларсаан... манай Ндай жорлонгийн ус ууцан... ах ном уншаад сууж байсын, би хөдөлмөрийн хичээлийн нэхмэл оёж байсын, манай дүү мөлхөөд л дамжаад л ааүү вав үүүү врр врр врр ий ий гээл тоглож байснаа гэнэт чимээгүй болцон, би анги дээр өнөөдөр Тайвнаа Нарааруу шалны алчуур шидсэнийг нь бодож байгаад анзаараагүй юм шиг байнаа, яанаа, тэгсэн чинь ах номоо уншингаа жорлон орох гээд ... тэгчээд дүүг авкү намайг дуудаад байгаам даа... очсон чинь Ндай жорлонгийн ус алгаараа цохиж цацаад цацрахаар нь баярлаад, үс толгойгоо норгоод бүр гараа амандаа хийгээд энгэр нь нил норцон ... дүү ах бид хоёрыг харсанаа бүүр баярлаад дэвхрэх гээд ... бид хоёр аааааааааааа гээл хашиграад байсан чинь дүү харин жаахан айчихсан, ах сэжиглээд намайг ав гэж түлхээд, муугаараа би л Ндайг усанд оруулсан ... тэгээд ах бид хоёр гэрийнхэнд хэлкү гэж тохирсон...дүү хэлд орохоороо энийгээ санакү байгаасай ...”

“... Байрны ах нар өнөөдөр шийдэн дээр байхгүй байна. Би Чейзийн “Боржын бөгж”-ийг уншаад дуусаагүй л байгаа, хүүхэн амиа хорлодог нь аймаар... би хүж асаагаад жорлонгийнхоо гэрлийг унтрааж ороод ном уншсан, хүжийн галд нэг юмуу хоёр үсэг л харагддым байлэй, ёстой хэцүү, Ундрахыг өрөвдөөлайсан... "

"... орой даалгавараа хийгээд дуусахлээрээ герман сэтгүүлээс хөөрхөн хүүхэн харж зурна аа, эртээдийн зураг гоё болсон ээж намайг авъяастай гэж магтсан, ээж өөрөө зурж чаддаггүй болохоор миний бүх зураг гоё санагддаг байх л дөө... Бага ангид байхад Энхбат намайг зургийн хичээл дээр гуйгаад л байдаг байсан, би гэхдээ Ганчимэгийн зургийг зурсаар байгаад хонх дуугарчихдаг байсан л даа, Энхбат гомдсон болуу, гэхдээ яадын тэр өөрөө гоё дуулдаг мөртлөө намайг дандаа номоор зодоод байдаг байсым чэн муу мойног хуруут... Би нээрээ зураач болно гэж мөрөөддөг байснаа больчихсон. Уул нь 6 настай байхдаа ерөнхийлөгч болохоор шийдсэн л дээ, тэгээд хүн болгонд ярьдаг байсан, ерөнхийлөгчийг үлгэрт гардаг хаан гэж боддог байсан юм чинь. Гэхдээ 2-р ангидаа ороод кондуктор л болох юмсан гэж хүсдэг болчихсон, тэгээд хүмүүмст цаас урж тараадаг, гоё байсан л даа... дараа нь ээжийн ажил дээр очоод эмч болмоор санагдсан, харин одоо бол юу болохоо мэдэхгүй л байна, мэргэжил бүхэн сайхан гээл багш дандаа зохион бичлэг бичүүлдэг, гэхдээ надаа лав худалдагч муухай, цэнхэр дэлгүүрийн муухай ааштай эгч шиг ... би нээрээ дайн болж байна гэж зүүдэлсэн, үнэнгээсээ дайн гараад буцаад картын бараанд орчвол мөн балрав аа ... за за ээж ирэх болжийнэ, гэрээ цэвэрлэкү бол...”

Амьдралын нэгэн тасархай, дурсамжийн марташгүй хуудас буюу ...

Сэтгэгдэл (8) :: Сэтгэгдэл vлдээх! :: Холбоос

Saturday, 9 December 2006

Эрээн саарал өдөр

Өглөө бослоо, өглөө ч гэж дээ өдрийн цайг өглөөнийхтэй хамтад нь залгих цагаар л сая шөнө дундаас хойш надад нухлуулсан орноос сангасваа үсээ гилбэсээр аргагүйн эрхэнд сугарлаа. Өнөөдөр бас л нар байхгүй, новш гэж, бүтэн сар бүрхэг өдрийн бороо мананд залуу сайхан насаа зарцуулж залхаж байшдээ. Гэхдээ жаргах нарны сацраг туяанд учиргүй баясдаг сайн санаатай, гэнэн хонгор, ухаантай царайлаг уран зохиолын идеал дүр би биш болохоор өөртөө ноогдсон өчүүхэн эд эсээ орчлонгийн олон хувиралд зориулаад байхыг угаасаа хүсдэг ч үгүй, зүгээр л өнөөдөр нар гарвал гарчаасай, үгүй бол болино л биз.

Өглөө сэрүүлэг нь дуугарч чичирсээр байгаад шалан дээр уначихсан гар утасыг өөд нь авч эвдэрчихээгүй байгаад нь жоохон баярласхийн дэрлүү шидлээ. Шаршувууг дууриаж шөнөжингөө хүүг хүүг гэж суусан юмсан, “өглөө” босоод харахад ширээгээр нил хөглөрсөн ном, цаасны хажуугаар пачиктай сүүтэй цай, кофе 2-ийг угсруулж уусан 2 аяга хоорондоо багын найзууд шиг халтайчаад хэлхэлдээд зогсож байхыг нь харсан чинь хайр хүрээд хоёуланг нь барьж аваад бамбалзуураар хөөсөрүүлж, бөмбөрүүлэн зүлгэж усанд оруулаад жагсаалд нь эгнүүлэв.

Загатнасан хурууг яая даа, яалт ч гүй явсаар очоод РС асаачлаа шүү, одоо яая ингэхэв, нэгэнт асаачихсан юм чинь нэт орохоос доо. YM-ийн листэнд өдөржин наалдаастай байдаг хэдэн хүдэр танкнуудтай эхнээс нь пулёмтолж мэндлээд. Шагайдаг хэдэн сайт, блогуудаар овчарк нохойн байрлалаар цээж урагшаа харц шулуувтар шиншлэх газар нь шиншилж, харайх газар нь харайж, дуусаад хэлээ унжуулан, хар тамхи илрүүлсэн аятай цэх шулуун цовоо сэргэлэн хэсэг сууснаа, цааш шогшив.
YM 1: Тэгж байтал мессенжерт багын ганц найз минь орж ирж магнайн хөлс, мэлмийн нялмс хоёрыг гялталзууллаа. Нэгэн компанид нарийн бичиг хийдэг тэрний минь завтай цаг гэвэл бид 2-ын ярилцсан уулзсан хэдхэн хоромтой яг тэнцүү... өнөөдөр ч бас салхи татуулж орж ирээл шуургадаад алга болов, ээрч муурсан би аанай л гацаж хоцрохдоо ажил нь бүтээсэй гэж ханцуй дотроо залбирч цацлын есөн нүд болсон найман хуруугаараа kiss ya товшин торойж хоцров.
YM 2: Мэндэлж зөрдөгөөс хэтэрдэггүй дээр үеийн нэг танил залуу мессенжерээр Hi girl yu bna асар цоглог ах мэндэлж байна, хэсэг үг сольж - ажил сайн уу, - сайн, - хаана байна, - хуучиндаа гэх мэт сонирхолгүй улигт мэдээллийг аргагүй эрхэнд өгч хайран хурууныхаа өндөгийг элээж байтал гэнэт нөгөө араг яс шиг залуу сүнс шиг хухин цагаан царайгаа нүдэнд үзэгдтэл - зургаа явуулаач гэж авсан, -чи намайг хараагүй биш тэрмуу хогоор ядын гэтэл - ээ өгчил дөө гээд хэлхэгнээд салахгүй байхаар нь – байхгүй, байсан ч өхкүй гээд хэлтэл уурлах аядаж байна, яаж байгаам болоо, Paris Hiltonii Sexy Beach-ээ л үзэж байгаач, хаа хамаагүй түвдэнгийн борын зургаар юугаа хийдийн, аягүй бол энэ яг тоншуул сэтгүүлд өгөх гэж байгаам байна л даа гэж хардаад түүнийг off хийв.
YM 3: Гэтэл хурууных нь хээ арилж байгаа нэг чатчин гэнэт -өөш гээл шууд BUZZ, цочсондоо ай... за... юу... гэсэн чинь -алий шүү гэжийнэ, -үхий шүү гэлээ, гээд цаашаа үлгэрийн үг яриагаар үргэлжлэх чат... ядарчмаар... залхсандаа заримдаа... зажилсан бохио үсэнд нь нааж, халуун цайгаар хэлийг нь түлээд шилбэнийх нь үсийг ширхэг ширхэгээр зулгаамаар, хаширдаг болуу ... гэхдээ тэгээд ... яг байхгүй үед нь хальт санан гиюүрч новширдогоо бодохоор өөрийнхөө үсэнд бохио наагаад, хүйтэн трубанд хэлээ наагаад хөмсөгнийхөө үсийг хусчмаар болоод байдын... ой яасан жигтэй орчлон бэ.
Стресс тайлж байгаа нэрээр депресст ортлоо чаталж байгаа энэ амьдралыг хэдэн онд хэн гэдэг "сүнс" төгсгөж өгч ямархан гэрэлт ирээдүйн хивсэн дээгүүр чирж гудчин гүйх юм болдоо, гэхдээ "сүнс"-ийг ядарвал нь би хааяа чирээд гүйж тэрмууд буян болсон доо ч яахав гээ бодоодайгаа.

Өчдөр кино үзмээр дур хүсэл оволзоод байсан ч бодит байдалтайгаа эвлэрч шуналт адын хүслээ ухамсарын алтан ташуураар ороолгон номхоруулвой. Хорвоогийн эрээн өдөр, эрээн ч гэж манан унаад саарал болчихсон нэгэн өдөр ийн өнгөрч нүгэлт хүн би бээр хөөсөн талхыг араа шүдээрээ хавиран буталж ходоодны тээрэмрүү өрөвдөх сэтгэлгүй илгээж байхдаа харин юу бодож байсан гээч ... ... ...

эротизм

Урьд шөнө хавьд байгаагүйгээрээ эротик зүүд зүүдэллээ. Сүүлийн үед баахан –измдсэн биш зүүдэндээ хүртэл сюрреализмаар хөвж эротизм хөгжүүлж балай авдаг юм даа. Сэтгэл судлалын godfather Зигмунд Фройд авгайн айлдсанчлан хүмүүний төрөлх шинж болох либидо-эротик сэдэл нялх хүүхдэд хамгийн ихээр буюу 100 хувьтай байдаг гэх, энэ нь ээжийнхээ мөөмийг хөхөж байх эгшинээр илэрч цаашаа эрэгтэй хүүхдийн хувьд ээж нь, эмэгтэй хүүхдийн хувьд аав нь төсөөлөл дэх хайрын анхны объект болдог агаад өсөж томрох тусамаа тэгээд байгалийн жам нийгмийн харилцаагаар өөрт зохицох объектыг хайж олдог, ингэхдээ анхны объект болох аав эсвэл ээжийнхээ дүрийг мөн тэндээс хайж тэмүүлдэг гэсэн. Байгалиас заяасан либидо нь том болж төлөвшихийн хэрээр 100 хувиас буурсаар багасдаг гэжийлэй. Тэхээр яс юман дээр хүүхдүүд хамгийн сэдэлтэй нөхдүүд болж таарч байгаам. Энэ үнэн байх.
Миний либидо ч бас хүүхэд байхад илэрч л байсан, 6 настай байхад үй зайгүй хөтлөлцөж найзалдаг охин уруул дээр үнсэж эротиктов (бүр хэлээ орооцолдуулаад шүү), найзын маань либидо минийхээс хүчтэй байсан юм байлгүй, гэхдээ надаас нэг дүү 5 настай түүний хувьд либидогоо турших объект нь мэдээж эсрэг хүйстэй жижигхэн хөвгүүн байхгүй нь ойлгомжтой болохоор намайг сонгосон бололтой, тэр үед сэрэл гэж юу байхав, гэхдээ маш сонирхолтой, амттай чихэр шиг мэдрэмж төрж байсан юмдаг.
Ер нь хүн үе үе эротик зүүд зүүдэлж л байдаг, санаж байгаагаар миний анхны ийм зүүд 11 настай байхад тохиож байсан, асар хүчтэй зүүд байж хүн болсоор эсрэг хүйстэндээ татагдах тиймэрхүү мэдрэмжийг яг том хүн шиг мэдэрсэн анхны тохиол. Шилжилтийн насанд сонирхолдоо хөтлөгдөж эротизм их судалсанаас зүүдэлж барьдаг л байж. Харин сүүлийн үед либидо хувь нь буурсан юм байлгүй овоо бурханлиг амьдарч байсан, либидо минь ер тоогдохгүй байгаадаа гомдож эхэлсэн үү яасан, зүүдээр дарамталж эхэлж байна, гайгүй ээ гэсн.
Байгалиас заяаснаар бол эм бэлэг нь асар хүчтэй ховсдох далд увидастайн зэрэгцээ эрийнхээс ес дахин илүү хуял тачаал агуулдаг гэсэн түгээмэл үзэл байдгийг саяхан л олж сонслоо. Эр хүнийг хэмжихдээ юу бүтээх ирээдүйд юу хийж чадах вэ гэсэн амлалт хүлээлтээр хардаг буюу тэднийг гадаа тийшхи хандлагаар тодорхойлдог бол бүсгүй хүнийг өөртөө яаж хандаж, өөрийгөө хэрхэн үнэлж байгаагаар буюу дотоод тийшхи хандлагаар нь тодорхойлдог гэх, мэдээж энэ нь эр эм хүйстнүүдийн байгалийн зохилдлогооноос үүдэж хийсэн буурьтай дүгнэлт. Эмэгтэй хүнд өөрийгөө харамлах, хайрлах далд зөн байгаад байдаг нь ийм учиртайм байнашд. Бүсгүй хүн харах, ярих, алхах гишгэх соронзон мэт хөдөлгөөн, гоо сайхан, зөөлөн увидас бүхий хүчтэй зэвсэгтэй төрдөг болохоор өөрийгөө харамлаж, энэ бүгдээ гамнаж хайрлаж явбал хаа ч үнэтэй шүү охид оо гэсн.
За шөнө дунд ч болж, сюрреализм мандтугай.

Thursday, 7 December 2006

marxism ба хятадын онцлогтой социализм

☆ 2006-Dec-7

Хятадын философи гэхээр Кунз, Мэнз, Лаоз, Жуанз гэх эртний төлөөлөгчид болон дао буюу бумба, хятад дахь буддын гүн ухаан зэрэг санаанд бууна. 1949 оноос Марксизмаар замнах болсон энэ орон эртний түүх соёлын гүн нөлөөгөө хэрхэн яаж яваад марксизмаар өөрчлөв өө, үнэхээр өөрчлөгдөв үү, энэ нь хятадын оюун санааны хөгжилд ямар нөлөө үзүүлж байна гэдэг сонирхолтой юм.

Барууны колонийн бодлого 19-р зууны дунд үе гэхэд хятадын эх газарт хүрч 1840 онд хар тамхины дайн дэгдээсэнээр биелэлээ олсон бөгөөд БНХАУ байгуулагдах 1949 он хүртэл даруй 100 жил үргэлжилсэн юм. Ингэж хэдэн мянган жил биеэ даан хөгжиж ирсэн хятадын философи колончлолтой хамт орж ирсэн барууны философийн үзэл урсгалтай түүхэндээ анх удаа тулгарсан билээ. Барууныхан хятадад ирэх хүртэл хятадууд өөрсдийн философийн эрхэм санааг тэнгэрийн доор хамгийн сэцэн мэргэн гэж итгэдэг, бусад соёлыг бүдүүлэг хэмээн үл тоомсорлон ханддаг байж. Тиймдээ ч эхэн үедээ тэд өрнө дахиныг хятадаас шинжлэх ухаан, машин, их буу, хөлөг онгоцоор давуу байвч оюун санааны талаар санал болгох юм огт үгүй гэж бодож байв1. Гэвч дайны ялагдал, өрнө дахинтай байгуулсан гутамшигт хэлэлцээрүүдийн хамтаар орж ирсэн өрнийн шинжлэх ухаан зэрэг нь хятадуудын соёлоороо бахархах бахархалыг гуйвуулж өрнө дахиныг сонирхох сэдэл төрүүлсэн байна. Өрнийн философи нэвтрэхээс өмнөх уламжлалт философийг нь сонирхвол:

Хятадын философийн тулгуур санаа: Хятадын философид хуулийн дэг, нэрийн дэг, Ин ян дэг, хятадын буддизм гээд олон урсгалууд үүссэн боловч зонхилох хоёр урсгал хэдэн мянган жил төр уламжлал, соёл иргэншлийнх нь тулгуур үзэл болж ирсэн байна. Энэ бол Кунз ба Дао (Бумбын сургаал).
Кунзын сургаал хятад төдийгүй япон, солонгос, өмнөд азийн орнуудад тархаж сүрхий нөлөө олсон тул Кунзаар хятадыг төлөөлүүлэх нь элбэг.
Кунзын сургаал - нийгмийн зохион байгуулалтын философи гэгддэг, өдөр тутмын амьдралын философи, зан суртахууны үнэт зүйлийн тухай ярьдаг харьцангуй бодилог (реалист) юм, үүнийг янагуухи гэх. Бие хүнийг нийгмийн нэг хэсэг байж л нээн хөгжүүлж чадна гэж үзэх агаад хувь хүн бүр нэг бүхэл цулын дотор өөрт ноогдсон дүрд тоглож нийгмийн олон зүйл харьцаанд агуулагдаж буй харилцан нөхцөлдсөн үүргээс өөрийн хэсгийг биелүүлж л байвал нийгэм ба төр нь дэг журамтай, зөвшил зохицолтой байна. “Ноён нь ноён хүн шиг, харъяат албат нь албат ёсоор байж, эцэг хүн жинхэнэ эцэг шиг, үр хүүхэд хүүгийн ёсоор л байг” хэмээх Күнзийн алдарт сургаалиас бодгалийн тухай номлолыг нь харж болно.
Дао - хүний байгалийн болон дотоод зүйлийг онцлох философи, өөрөөр хэлбэл кунзынхан нийгмийн дотор аялдаг бол дао нийгмийн гадна аялдаг. Даочууд хэлэхдээ цэцэн хүн төгс ололтыг хэрэгжүүлэхдээ нийгмээс, амьдралаас ангижран салах ёстой гэдэг байв. Энэ философийг чанагуухи (идеалист) гэх. Даочуудынхаар үзэж буйгаар хамаг гай зовлонгийн үндэс, учир шалтгаан нь хүн өмнө нь байгальтайгаа бүхий л талаар нягт зохицон амьдарч байснаа соёлжиж иргэнших тусмаа түүнээсээ тасарч салсан явдал юм. Ийнхүү хүн байгаль руугаа хандаж түүнийг шүтэж, түүнтэй зохицон амьдрах, гагцхүү байгалийн хуулинд захирагдах хэрэгтэй хэмээн сургаж байв.
Түүхэнд энэ хоёр урсгал нэгэн үе өрсөлдөж, нэгэн үе бие биеэ нөхөн хөгжиж иржээ. III-IV зуунд даосизмыг кунзын үзэлд ойртуулах гэж оролдсон даочууд байсан бол XI-XII зуунд кунзынхан сургаалаа даосимд ойртуулахыг оролджээ. Ингэж хоёр ертөнцийн дунд алтан дундажыг барих боломжыг эдгээр (янагуухи чанагуухи) урсгал хятадын философид олгосон гэж хятадууд үздэг.2
Кунзынханаар хүн бол нийгмийн хамааралтай, даогийнхаар бол эсрэгээрээ болж таарч байна. Бие биедээ тэрсэлдэж байдаг янагуухи ба чанагуухи философийн синтетикт хэрхэн хүрэх вэ гэдэг нь хятадын философийн шийдэх асуудал аж. Иймэрхүү синтезийг онол болон практикт батлан тогтоож буй хүн бол цэцэн хүн юм. Хүн нийгмийн иргэн байхын зэрэгцээ “хорвоогийн хүн” (байгалийн, сансарын иргэн) байх учиртай буюу гадаад жавхаа дотоод сэцэн ухаантай байх, өөрөөр хэлбэл дотоод сэцэн ухааны хүчээр оюун санааны төгс чанарт хүрдэг ба гадаад жавхлангийн ачаар нийгэмд үйлдэн амьдарах учиртай юм.

Өрнийн философи ба хятадын уламжлалт философийн ялгаа: Хятадын философийн өрнө дахиныхаас ялгарах онцлог нь тэнд ертөнцийн үүслийн тухай дурдахтай таарахгүй. Философи нь нийгэм хүн ёс зүйтэй \кунзын ёс зүй гм\ нягт холбогдсон байдаг ба энэ нь хятад иргэншил оюун санааны үндэс нь болдог байна. Философийн түгээмэл ойлголт идеалист ба реалист чиглэлийн хувьд хятадын философи аль нэгэнд нь хамаарагдахгүй гэж ойрхи үеийн философич Фэн Юлань үзсэн байдаг. Хятадын философи нь хэдий олон дэг сургуультай боловч тэд бүгд удирдлага ёс зүйтэй дам болон шууд холбоотой. Ингэхээр өнгөндөө бол сансартай бус нийгэмтэй, там диваажинтай бус хүмүүсийн харилцааны өдөр тутмын хэм хэмжээтэй, хүний ирээдүй ертөнц дэх амьдралтай бус өнөөгийн амьдралтай холбоотой учир ихэнхдээ реалист философи гэж ойлгогддог.
Гэвч Сүн улсын үеийн шинэ кунзын сургаалын нэгэн төлөөлөгчийн өгүүлснээр “уг сургааль ердийн өдөр тутмын үйл ажлаас хөндий бус бөгөөд ингэхдээ тэнгэрийн тавилан өөд чиглэн хүрсэн юм” гэжээ. Хүн нийгмийн хүн байхын зэрэгцээ сансарын хүн байх учиртай буюу үүнийг хослуулсан нэгдмэл нэг бүхэллэг байдлаар оршин байх ёстой гэх мэтээр үздэг агаад энэ нь цааш явбал реализм идеализм хоёрын синтетик бүхэл болж нэгдэх утгыг агуулж байгаа юм. Өрнийн философид реализм идеализм хоёр тэрсэлж байдаг. Харин хятадын философийн зорилго нь энэ хоёр антитезисийн синтезд хүрэхэд оршиж байна, энгийнээр бол хүн нийгмийн ч сансарын ч иргэн байх буюу философи бол туйлын идеалист бас туйлын бодилог бөгөөд практикч байх юм. 3
Чухам эндээс хятадын философи марксист философитой холбогдож байна. Марксизм нь шүүмжлэлт агуулгатай гарч ирсэн онол агаад материйн оршин ахуйг хөдөлгөөнд нь үндэслэн хөгжлийн диалектикийг гарган тавьж улмаар энэ хуулиар бол хүний нийгмийн хөгжил эцсийн шатандаа коммунизмд тулж очих тухай номлодог гэдгийг бид мэднэ. Марксын томьёоллоор ангийн тэмцэл нь үе үе түүхийн тодорхой хүчний тактик болон гарч ирж байсан ба капитализмын үед пролетари анги гол үүрэг гүйцэтгэж төрийг цөөн хэдэн хөрөнгөтөнүүд эзэмшин мөлжлөгийн хэрэгсэл болгохоос сэргийлэх ба улмаар хөгжлийн дараагийн шатанд пролетари анги нь ч өөрөө устаж анги давхаргагүй нийгэм бий болох4 тухай негатив шинжтэй идеал санааг агуулж байдаг. Өөрөөр хэлбэл Маркс материалист гүн ухаан аргазүйг номлох авч идеалист зорилго дэвшүүлсэн5 нь хятадын философийн суурь үзэл дахь туйлын идеалист бас туйлын бодилог бөгөөд практикч байх гэсэн санаанд харшлсангүй. Марксизм нь нэг талаар баруунд үүсэж бүрэлдсэн хэдий ч өрнийг шүүмжилж гарч ирсэнээрээ нөгөө талаар аргачлал болоод зорилгын хувьд хятадын үндсэн философитой шууд зөрчилдөөн үүсгээгүйгээр хятадад хөгжих, үзэл санааг хүлээж авахад дөхөм байсан бололтой.

Марксизм нэвтэрсэн нь: Үзэл санааны хувьд “азаар” ингэж зохицолдсон гэж ойлгож болох ч марксизм хятадад нэвтрэх болсон түүхэн шалтгаан арай өөр замналтай. Хятад анх марксизмыг октьябрын хувьсгалын дараагаас Оросоор дамжуулж авсан юм. Чин гүрний мөхөл тодорхой болж цагаагчин гахай жилийн хувьсгалын дараа 1912 онд Дундад иргэн улс байгуулагдан анхны ерөнхийлөгч Сун Ятсэн тангарагаа өргөснөөр хятадын 2000 жилийн настай хаант ёсыг төгсгөж Бүгд Найрамдах засгийг тунхаглав.6 Гэвч хагас колони хагас феодалын нийгэмтэй хятад орон тийм амар цэгцэрсэнгүй, 1912-1949 оны хооронд оршин тогтносон дундад иргэн улсын үе бол цэргийн эрхтнүүдийн засгийн эрхийн төлөөх булаалдаан, үймээн бужигнаан, иргэний дайн, үүнийг нь дэвэргэсэн их гүрнүүдийн турхиралт тасраагүй самуунт цаг байлаа. Гэвч нөгөө талаар хятад улс цаашид ямар замаар замнах тухай нийгмийн сэхээтэнүүдийн дунд ширүүн хэлэлцүүлэг өрнөж, үзэл урсгалын олон чиглэлүүд үерлэж байсан сэтгэгч эрдэмтэдийн хувьд чухам алтан гэхээр үе байжээ. Хятадын соёлыг баруунчлахыг эсэргүүцсэн уламжлалын бүлгийнхэн байхад, өрнийн либерал соёлыг авахын төлөөх сэхээтнүүд ч олон байв.7 Марксизм нь хөгжлөөр дорой буурай Хятадад тохирохгүй гэж сэхээтнүүд голдуу үзэцгээж ямар ч капитал баялаггүй байж юугаа адил тэгш хуваах вэ, үгээгүй хоосоноо “хуваалцах” хэрэг үү, ерөөс социалист хувьсгал гээч нь капиталист нийгмийг удиртгал болно гэх мэтээр хэлэлцэж байлаа. Гэвч дэлхийн нэгдүгээр дайны дараах Версалийн гэрээгээр барууны орнууд хятадад эдэлж байсан давуу эрхээсээ татгалзах хүсэлгүй байгаагаа харуулсан8 нь барууны чөлөөт үзлийг талархагч хятадын сэхээтнүүдийн урмыг ихээр хугалж орон даяар үндэсний үзлийг хөдөлгөж 1919 оны 5 сарын 4-ний жагсаал болон өргөжжээ. Энэ үед шинээр тогтносон ЗХУ-д коммунист хувьсгал ялсан нь ийм хувьсгал аж үйлдвэрийн хөгжлөөр буурай оронд ч амжилтанд хүрч болохыг харуулсан хэрэг болж. Бээжингийн их сургуулийн философийн тэнхимийн удирдагч Чэн Дүшиү, номын санч Ли Дажао нарын анхны марксистууд төрж, Ли Дажаогийн туслах Мао Зедун мөн тэдний үзлийг авч улмаар анхны коммунист үүрийг байгуулцгаажээ.

Хятадын онцлогтой социализм ба үндэсний үзэл: 1949 онд социалист замналыг сонгосон БНХАУ байгуулагдаж Үндсэн Хуулийн нэгдүгээр бүлгийн нэгдүгээр зүйлд “БНХАУ нь ажилчин ангиар удирдуулсан, ажилчин тариачины холбоонд суурилсан ардын ардчилсан дэглэмт социалист улс мөн” гэж тунхаглав.9 Капитализм нь социализмын угтвар нөхцөлүүдийг бүрдүүлдэг гэсээр байхад феодалын засгаас залгаад иргэний дайны хөлд олон жил үрэгдсэн үгээгүй ядуу хятад улс социализмруу тэмүүллээ. Зөвхөн хөгжингүй капиталист эдийн засгийн үндэс суурь дээр л социалист нийгмийг байгуулж болно. Капитализмыг алгасах гэж “зоримог үсрэлт” хийх нь сүйрэлд хүргэнэ хэмээн Маркс байнга цохон тэмдэглэсэн нь бий.10 Үнэхээр ч Маогийн диктатур, цаашлаад “соёлын хувьсгал”-аар хүнд үеийг туулсан агаад харин 1978 оноос Дэн Сяопиний харьцангуй прагматик бодлого залгамжилах болж энэ нь “муур хар байх цагаан байх нь хамаагүй хулгана барьдаг байх ёстой” зарчмын үндсэн дээр төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас татгалзаж зах зээлийг сонгосон явдал байв. Гэхдээ энэ бол хятад социализмаас ухарсан хэрэг бус харин социализм + зах зээл болж үүнийгээ “Хятадын онцлогтой социализм” гэсэн томъёололд оруулсан билээ.
Маогийн засаглал, Дэнгийн засварлал, ЗХУ-ын задрал, нуралт зэргийг туулж өнгөрүүлээд эдүгээ ид бүтээн байгуулж байгаа тэрхүү “хятадын онцлогтой социализм” нь гадаадын ажиглагчдын нүдэнд бол барууншил, коммунист халхавч, хятад уламжлалын холион бантан болсон нэгдэл мэт харагдаж буй. Гэхдээ үнэхээр ч хятадын философичдын үзэж, итгэж буйгаар одоо хятадын философи нь барууны философиос авах гээхийг хослуулж байгаагийн зэрэгцээ өөрсдийн уламжлалт философийн шинэчлэл, суурин дээр орчин үеийн хятад хүн хятад нийгэмд зохицох түүний онцлогт тохирсон шинэ философи шинэ соёлыг бүрдүүлэх шилжилтийн хугацаанд явж байгаа аж.11 Гэхдээ энэ үзлийн зангилаа нь социалист марксист үзэл сурталын хажуугаар хятад соёл хятад үндэсний үзэл дээр илүүтэй суурилсан байх болов уу.
“Хятад эх оронч үзлийн хосгүй татах хүч, хятадын ард түмний бахархалт эрхэм соёлын уламжлалууд л өргөн олон түмний дунд ёс суртахууны болон оюун санааны тулгуур үнэт зүйлүүдийг дахин сэргээн мандуулж чадна … Хятадын уламжлалд үндэслэсэн цоо шинэ соёлыг бид бүтээх ёстой” гэжээ.12

Ишлэл:
1. Фэн Ю лань “Хятадын философийн товч түүх” УБ хот 2003 он., 273 х
2. мөн тэнд. 31 х
3. мөн тэнд. 19 х
4. Ред: Ц.Балхаажав нар “Философийн толь” УБ хот 1990 он., 25 х, 135 х
5. Ч.Эрдэнэ “Их гурвалжин” УБ хот 1997 он., 267 х
6. Xu Zhongyue “Zhongguo jindai shi” (Хятадын ойрхи үеийн түүх) 2002, p 475
7. Конрад Зайц “Хятад-дэлхийн гүрэн эргэн ирж байна” 2006 он., 131 x
8. Liu Debin “Guoji guanxi shi” (Олон улсын харилцааны түүх) 2003., p 214
9.
http://news.xinhuanet.com/newscenter/2004-03/15/content_1367387.htm
10. Конрад Зайц “Хятад-дэлхийн гүрэн эргэн ирж байна” 2006 он., 182 x
11. Zhang Wenru “Zhongguo xiandai zhexue” (Хятадын орчин үеийн философи) Beijing 2001, p 446
12. Конрад Зайц “Хятад-дэлхийн гүрэн эргэн ирж байна” 2006 он., 263 x

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

画蛇添足 Hua she tian zu - Могой зурахдаа хөл нэмсэн нь буюу
Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох
Будаач будаач гэхээр сахалаа будав

Хоёр хүн могой зурж хэн нь түрүүлхээр уралджээ. Эхний хүн зурж дуусаад хартал нөгөөх нь дуусаагүй байхаар нь могойгоо хөөрхөн болгох гээд хөл нэмээд зурчиж. Хоёрдахь хүн дуусаад харахад эхний хүн хөлтэй могой зурсан байв. Ингээд эхний хүн зураг нь могой биш болж ялагджээ. Энэ хэлц үг нь хятадын алтан дундаж философийг илтгэдэг. Хэт ихийг хүсвэл гарах үр дүн эсрэгээр эргэнэ. Хэт өндөрт гарвал унахдаа бяцрана, иймд дундаж чигийг барьваас зохино гэсэн сургаал.


Сэтгэгдэл (3) :: Сэтгэгдэл vлдээх! :: Холбоос

Monday, 4 December 2006

Roger Federer - master of masters

☆ 2006-Dec-4

Дохад жудо бөхийн эрэгтэйчvvдийн 81 кг-д барилдсан Д.Нямхvv алтан медаль, 66 кг-ын барилдаанаар Гавъяат тамирчин Х.Цагаанбаатар хоёр дахь алтан медалийг авч биднийгээ баярлуулж байна. Азид дундад азийнханаас бусад монголчуудаас илүү гараад байх чалхтай ард түмэн ховор байх л даа.

Тэмцээн гэснээс дээр нэг мэргэжлийн талбайн теннисний шилдэг наймын тэмцээн болсон доо, яагаав гэсэн . Хэзээ хойно хэдий ч бичмээр болоод. Дохагаас халдвар авсан юм байлгүй
2004 оноос хойш талбайн теннисийг эзэгнэж буй 26 настай Щвейцарь залуу Roger Frederer энэ удаад бас л “саахалтын зайтай” тасарч “түрүү магнай” авсанаар 90 дэх тэмцээндээ ялсан үнэмлэхүй үзүүлэлттэй үлгэрийн теннисчин гэдгээ нүдэн дээр батлавой. Хамгийн сонирхолтой өрнөсөн нь хагас шигшээ тоглолт:
Roger Federer - Rafel Nadel (Испани)
James Blake (АНУ) - David Nalbandia (Аргентин)
гэж тоглоод аваргын төлөө:
Federer – Blake-ийг арчив.
Мэргэжлийн талбайн теннисчид өвсөн талбай, хатуу талбай, шороон хучилттай гэж 3 янзын талбай дээр тоглодог бөгөөд талбай бүр дээр тоглогчдын ур чадвар өөр өөр илэрдэг гэх. Дэлхийд номер нэг Federer аль ч талбай дээр балай авдаг боловч болзошгүй аюул шороон хучилттай талбайн хаан болох гээд тарвалзаж байгаа Nadеl-аас ирсэн удаа хэд хэд бий. Энэ удаа ч гэсэн Nadеl л Federer-ийн хувьд өрсөлдөгч гэж тооцож болох цор ганц этгээд байлаа. Мэдээж Federer-ийн фенүүд дэлхий дээрх хамгийн жаргалтай фенд тооцогдсоор, үзэгчид тоглолтын явцыг л сонирхоно уу гэхээс үр дүн хэдийнэ ойлгомжтой, нөгөө л “улаан дээлтэй дулмаа”. Federer-ийн гайхамшиг юундаа байна вэ гэхээр тэнгэрээс заяасан авъяас, дээр нь хамгийн эгзэгтэй үед хүртэл юу ч болоогүй юм шиг тоглосоор байдаг “хөлдүү чанар”. Нэг л алдвал гэрлүүгээ харих гээд ирэхээрээ хэн ч байсан сандардым байгаа биддээ... Federer-ийн дэмжигчид ийм үед ч түүнд итгэдэг, он мэдээж итгэлийг алдахгүй,... мань хүн угийн төрцөн гар л даа.
Талбайн теннист гаргалт чухал юм билээ, эхний гаргалтаа давуулж чадахгүй алдаад эхэлбэл сэтгэлзүй нь давалгаалж эхэлсэний тэмдэг. Хоёрдахь гаргалтаа сайн хийчвэл эсрэг этгээддээ овоо дарамт өгөх шанс бас бий л дээ... эргэлттэй ирсэн бөмбөг аюултай, яаж ч сайхан тосч авлаа гээд буцахдаа эргэлтээс нь болоод цохисон зүгээс далийгаад алдана гэх мэт бөмбөгтэй спортын нийтлэг шинжүүд бий. Ер нь тоглогч бүр өөрийн гэсэн давуу тал, онцлогтой байдаг ч тоглох ур чадвараа байнга өөрчилж байхгүй бол мэдээж судалж судалж ирсэн өрсөлдөгч нь тоглож эхлээд хэд цохингуутаа тоглолтыг нь уншчихна, ийшээ цохивол алдана, ингэвэл авчихна гээд, ийм үед маневр хийж чаддаг байна гэдэг тамирчиныг илтгэх гол хэмжүүр юм.
Өнгөрсөн тэмцээнд миний дэмжиж байсан Adny Roddick хожигдоод жаахан урам хугарсан ч Federer-ийг харж баяссанаар амжилттай дуусав. Уул нь Roddick гаргалтаараа дэлхийд нэгд, 220 кмцагийн хурдтай, “гаргалтын машин” хочит тэрний бөмбөгөнд оногдвол бие нэвт гарах байхаа, түүний гаргалтыг Federer л тогтоон тоглодог нь сайхан. Adny Roddick-ийг дэмжсэний гол учир нь үнэн хийморьтой хүчтэй цохилт, бас юу, царайлаг. Roddick Шараповатай болздог сураг байгаа...хм.
Тэмцээний төгсгөлд би бээр Federer-ийг хүндлэн биширч үлдвэй, ихэнх тамирчид тоглолт эхлэхэд жаахан ч гэсэн рекламддаг, хожлынхоо дараа бол илт баясдаг (уул нь баясалгүй ч яахав дээ), гэтэл Federer тийм гайхамшигт аугаа тамирчин байж зүв зүгээр даруухаан инээмсэглээд зогсож байх юм, цомоо гардаж авахдаа хэлж байгаа үг нь хүртэл даруухан... даруухан даруухан даруухан ... ёо би муужирлаа гэсэн.


Сэтгэгдэл (3) :: Сэтгэгдэл vлдээх! :: Холбоос

Monday, 27 November 2006

дэлхийч

☆ 2006-Nov-27

2 жилийн өмнө стерео кино театрт АНУ Оросын хамтарсан сансарын нислэгийн тухай баримтат киног үзсэн биш гэгээрэхээ шахаж билээ, гурвалсан дүрст орон зайд харуулдаг том хар шилнээс нь ч болсон юмуу уг киноноос үлдэж буй мэдрэмж ангид, бараг л өөрөө сансарт ниссэн шиг санагдаж цэнхэр дэлхийг “задгай сансараас ажиглан байхуйд” өөрийнхөө юу хийгээд, яг яах гээд яваад байгаагаа ойлгохоо болих нь бүү хэл хүн төрөлхтний хийж байгаа юмс, энэ бүх хэрүүл маргаан дайн байлдаан, биесээ харааж зовоож, бүтээсэн бүхэндээ бүдэрч явдаг “тулга тойрсон” утгатайхан амьдралтай хөөрхийлөлтэй ч амьтас юм уу гэмээр сэтгэгдэл өөрийн эрхгүй төрж байв. Үнэхээр л Чойном найрагчийн өгүүлдэг шиг хүмүүс элдэв хуулийг өөрөө баталж эцэст нь тэрийгээ өөрөө зөрчиж эрүүгийн хэрэгтний сандалд сууж элгэн саднаараа зовлон болдог, хэтэрхий бөх шорон барьчихаад хэрэг тарьж өөрөө орчихоод хэл мэдэхгүй адгуус хэмээн хэв хэрэггүй орилж цамнадаг ... хүмүүс минь дээ гэж ...

Хэрэв дэлхийг нэгэн улс гүрэн хэмээн төсөөлбөл нэгдсэн төр засаггүй, том жижиг олон овог аймагаас бүрдсэн “зэрлэг” газар байх агаад хүчтэй нь хүчгүйгээ эгдүү нь хүрвэл нухаж ч мэдэх эмзэг цэг дээр оршин буй. Үүнийг академик хэлээр олон улсын харилцааны анархи төлөв гэж тодорхойлж том жижиггүй хүлээн зөвшөөрч толгой дохиод нэгэнт ийм анархи байдал тун найдваргүйн учир НҮБ гэдэг удирдлагатай болж төлөвших юмсан гээд санаачилж байгуулсан ч санаж хүлээсэн үр дүнд хэзээ хүрэх нь асуудалтай байсаар.

Хөөрхий азгүй дэлхий хэзээ нэг космополит-дэлхийн иргэдтэй болж гялайх юм бол доо, магадгүй харь гаригийн хамар амгүй “гаж” этгээдүүд нисэж ирээд илт заналхийлбэл хүн төрөлхтөн сая нэг хамтын дайсантай болсоныхоо “ачаар” дэлхийч үзэлтэй болцгоох байх. Энэ утгаар үзвэл эх оронч үзэл гэдэг яс юман дээр дэлхийг хагалж бутаргасан тун будлиантай ойлголт болчих гээд байгаа юм, өршөөгтий. За муу ёр байгаа даа, эх орныхоо анхдугаар Үндсэн Хууль батлагдсан түүхт өдрийн маргааш нь л ийм булай юм ярьж суудаг, түй түй тог тог. Эх орон үгүй бол хүү минь хөл чинь юун дээр гишгэх билээ... гэдэгсэн.

Ер нь энэ дэлхий дээрх бүх үйл явдлын эхлэл, муу сайны зангилаа, лай ланчигийн эзэн бол мэдээж хүн өөрөө, олон улс ч бай, улс доторх ч бай, айл гэр ч бай болж буй бүхэн нь хүний мөн чанараас л урган гарсаны үр дагавар. Магадгүй өөрийнхөө толгой дээрх бухалыг харах үүрэгтэй байсан алдарт билгийн мэлмийгээ яаж байгаад ч юм хагалж хаясанаас болж хүний толгой дээрх өвсийг л шиншилж явдаг гадагшаа чиглэлтэй ганц гарцтай “нүдтэй” үлдсэнээр муу сайнаа ялгаж чадахгүйд хүрч, арай гэж ялгасан байлаа ч засах тэвчээр дутаж, бие биенийхээ толгойн өвсийг үг сүггүй гайхан амьдарцгааж, үйлийн хар үрийг хураан овоолж суудаг болж дээ.

Тэгэхээр нэг бол харь гаригаас ирэх хамтын дайсны “ачаар” бүх хүмүүс нэгдэж дэлхийч үзэлтэй болцгоох, эсвэл мөн чанараараа өөрчлөгдөн байж сая амьддаа бие биеэ хайрлаж амар сайхандаа жаргах гэсэн хоёр найдлага хальт байна. Харамсалтай нь хүмүүн төрөлхтний түүх гээшид ийм гайхамшиг үүссэн цагаас өдийг хүртэл ирээгүй л байна.

--------------------------------------------------------------------------------------

杀鸡取卵 Sha ji qu luan Тахиагаа алаад өндөгийг нь авах

Сэтгэгдэл (5) :: Сэтгэгдэл vлдээх! :: Холбоос

чишшш

☆ 2006-Nov-27

Great minds discuss ideas
Average minds discuss events
Small minds discuss people


гээд мань мэт нь cool царайлж хүн харын хов жив хэрүүл уруулыг албаар сонсохгүйхэн шиг тойрч гүйгээд, яалт ч үгүй чихрүү орчвол дор нь сэгсэрч хүчээр мартаж энэ тэр ... хүмүүсийн өдөр тутмын ярианы дийлэнх хувь нь хэн нэгэн хүний тухай, хөрш айлын авгай шарилжны харшилтай тухай, хүүхэд нь хулгиантсан, нөхөр нь сүүлэрсэн тухай, биеэрээ дүүрэн шивээстэй хүн үхээгүй байгаа тухай, баян дарга хөөрхөн мисстэй хормой хотоо сөхөлцсөн тухай ... эцэс замбараагүй, хэнд ч хэрэггүй хоосон мэдээлэлийг нүүрээ шарвалзуулж яриад, яриандаа үнэмшээд хөршийнхөө нөхрийг үзэн ядаж, даргыг зүхэж, миссийг муулж, ээ хорвоо чи даанч яав даа :хүний зовлонд ханах болоогүй юу: гэнгүүтээ дотроо болохоор уруудаж байгаад нь асар баясчихсан, дээшилж байвал нь учиргүй атаархаад сууж байдаг эшш хүмүүс минь дээ (хүмүүс юугаа ярих нь надаа бас хамаагүй л юм, гэвчиг би чинь бас нөгөө талаар дэлхийн иргэн гэжуга шд)
Нэг удаа ажил дээр, дээгүүр тушаалтай эгч сайрхаад, хүүг нь ажилдаа явах ирэх бүрд бэр нь сөхөрч суугаад гутлыг нь өмсүүлж тайлж өгдөг заншилтай гээд ярьчихсан биш хавь ойрын ам болгон тэр айлын дээрэлхүүг гайхаж, хөөрхий бэрийг өрөвдөж, бараг л залуухан дээрээ салбал таарна гэж айлдацгаав. Жишүүхэн сонсож суусан нэгэн найз “күэ яадын, тэр бүсгүй хайртай нөхрийхөө гутлыг өмсүүлж ажилд нь үдэхдээ хэн хэнээс ч илүү жаргалтай байдаг бол юу гэж, тэр айл гэрийн доторх уур амьсгалыг бид мэдэхгүй шд”... Дотор цэлмэтэл ингэж бодсон хүн манай ажил дээр хэд л бол...
Адаглаад хүмүүс улс төр ярьлаа гэхэд асуудлыг биш субъектийг ярьсаар хэрүүл зодоон хов живтэй хутгаж бантагнуулаад тэрэндээ нервтсээр өөрөө л хий бачуурч хоцрох, эсвэл асуудлыг шийдэх хүсэлтэйдээ биш ховын хоббитойдоо ч тэгдэг юм болуу. Мянгаа баян Пүүжээтэйгээ байна уу, Ариунцэцэгтэйгээ амьдрана уу над огт падгүй, Ариунцэцэг нь харвинтай байна уу тураал байна уу бүүр ч падгүй. За ер нь тэгээд хүмүүс яриад л, чалчаад л байдаг, болиосой гээд нэг хоёр үг хавчуулж үзвэл яриа таараагүй хэрэгт унана.
Хамгийн хялбар нь чив чимээгүй л суух, дуугарахаас ч дур гутах үе байдаг даа... ... чишшш чимээгүй ... ... ховын хорвоод юу ч ярьмааргүй байна.
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------

画饼充饥 Hua bing chong ji Гамбир зураад гэдсээ цатгах
Нэрэлхээд нэрээ идэх гэх мэт хоосоноор мөрөөдлөөр сэтгэл цадах


Сэтгэгдэл (12) :: Сэтгэгдэл vлдээх! :: Холбоос

Monday, 13 November 2006

Golf

☆ 2006-Nov-13

31 настай, ид алдаршиж яваа, Гольфд бол “нялхаараа” од АНУ-ын тамирчин Tiger Woods өчдөр Шанхайд дууссан 4 өдрийн тэмцээнд ирж оролцсон биш, чөтгөр гоймонд дурлаж, инга гольф үзэв. Барилцаад авах өрсөлдөгч, цохиод унагах тэмцэлдэгч, пасслаад шидчих хамтрагчгүйгээрээ гольф нь бусад спортыг бодвол өөрөө өөртэйгээ л өрсөлдөж тэмцэж, шаардлагатай үед биеэ хянаж барьж, чингэж чадваас сая ялж болох чухам нигуртай биеийн тамир сэтгэлийн дасгал болтой. Би ч спорт гоймон хоёрыг нэгмуу ялгаад байдымаа гэсэн. Гэхдээ л цагаан бөмбөг цохиж байгаа миний нүдэндэх Tiger Woods, хөтлөгчийн тайлбараар од гэж үхэн алдаж шүтээд байгаа Tiger Woods хоёр нээх сондгойрч уухайлаад байхаар тасарцан гоймон гэж лав харагдкү л байсан. Энэ удаагийн тэмцээнд нь ч Солонгосын Yang гэгч гольфчин од нь гийж -14 оноогоор 350 000 дойлуур халаасласан бол Tiger Woods айрагдаж явсанаа азаар шахуу л 2-рт орлоо шдээ, бүр тодруулбал, эхнээсээ л 2-р байранд гацчихсан юм шиг гарамгай цохиж явсан өмнөд африкийн тамирчин Goosen гэнэт бүтэлгүйтэж бөмбөгөө нууранд живүүлсэн, зуузай холбож явсан бачка нарын нэг нь хэт мэргэн цохиж тугны шон мөргөснөөс бөмбөг “төөрсөн” гэх мэт бүгд хараал хүрчихсэн юм шиг гэнэт гэнэт миарсанаар л Tiger Woods тоглолтын төгсгөл хүртэл 4-р байрт дөнгөн тогтож байсанаа 2-р лүү үсэрсэн, өөрөөр хэлбэл Tiger Woods сайндаа биш тоглогч нар азгүйтсэнээр л түүнд боломж гарлаа шд гэж дүгнээд юунд нь тэгж од мичид болгож зөвхөн тэмцээнд ирж оролцсоных нь төлөө 350 000-с гурав дахин их мөнгө амладаг байнаа гэж горойж суутал юм жанцантай мөнгө үнэтэй, миний хөө. Хамгийн гол нь гольфд тогтмол амжилт гэдэг тэрчигээрээ үнэ цэнэ итгэл баталгаа хэмжүүр туухай юмсанж... аль нэг тэмцээн дээр нэгнийх нь аз нь гийж, нөгөөхөд нь чөтгөр шүгэлчихдэг бол мөнхийн баатар байдлаар Tiger Woods л хүрэл хөшөө шиг байсаар байдаг, нэгэнтээ авсан л бол оноогоо унагана гэж ёстой no, сэтгэлзүйн батбэх цайз болсон энэ өнгөт арьст залуу өөрийгөө хянах өндөр чадварынхаа ачаар цагаан бөмбөг цэмцгэр цохиурыг эзэмдэн наадагч болжээ. Дотроо түүнд баяр л хүргэлээ.

Дэлхийн их гарын наймаачид хүнтэй гэрээ байгуулж наймаа тохирохдоо эхлээд тэрэнтэйгээ гольф тоглож үзээд гаргасан авир үйлдлээр нь ажил хэргийнхээ шийдэлд хувь хүнээс гарч болох хүчин зүйлийг баримжаалж мэдэх, үгүй ядаж тооцож цэгнэхүйц асар их мэдээллийг авдаг ч гэх.

Саяын гольфийн тэмцээнийг алдарт газрын теннисчин царайлагдуу Надалаас аваад од болсон хэд хэдэн теннисчин үзээд явж байгааг тв дурангаар харлаа. Маргаашнаас энд дээдсийн спорт гэгддэг газрын теннисийн дэлхийн шилдэг 8 тамирчины өрсөлдөөн болох юм гэнэлэй, тэр тэмцээнд ирсэн теннисчид өнөөдөр гольф үзэн харайж яваад камерт
азаартчиж, мэдсий шөө гсн. Энэ удаагийн теннист, тасархай баатар Федерер, хүчтэй эрчтэй Надал хоёрын дундаас “цус гарна” даа. Спортоо гэж ...

Гэснээс, бяд мэт нь спортоор хичээллэх бүү хэл, биеийн тамирийнхаа хичээлд дургүй пеонерууд байлаа ... миний бие л гэхэд ухамсарт насандаа үйлдсэн дасгал гэвээс нэг жил өглөө гүйсэн, хагас жил аэробэк дэвхэрсэн, нэг сар усанд сэлсэн, 2 цаг иогаар хичээлсэн гээл спортын карьер дуусчвал яахуу. “Ухамсарт бус” гэнэн бага насандаа Брюс-Ли, Вандам шүтсэн ахыгаа дагаж намираад 4-р ангидаа ушу-чин болохоор зориг шулуудан 7-р ангийн ушуддаг эгчид шавь орж өндөгнийхөө цусаар тангараг тавьж барилдага тогтоогоод, өглөө бүр 6 цагт босч гүйдэг, үрэлт авч үсэрдэг (хөлдөө тугалага билүү чулуу ч билүү зүүж хүндрүүлнэ гэжуга), ер нь бол газар уснаа явагч нинжа, мөрөн голоор хэрэгч Хонгилдон гээд ... арай л согтуу мастер болчоогүй ...

Уул нь спорт гэдэг чинь хүн хүмүүжүүлэх асар хүчтэй зэвсэг юм гэжийнэ. Хальтхан мэдэрч баларах шахсан нэгэн түүх ... хамгийн сүүлд бие махбодио спортод тушаасан ноднин жилийн Бадминтоны тэмцээн дээр. Гадаад оюутнуудын агаарын теннисний тэмцээнд хорхой хөдлөөд бүртгүүлчихсэн чинь бадминтоны бурхан урмыг минь бодсон уу яасан учиргүй ивээж, цохиур барьж үзээгүй шахам солонгос голдуу “тамирчид”-тай нэг хэсэгт тааруулсанаар хөлс дуслуулалгүй хэсгээсээ шалгарч хальт бахдалтайгаар шигшээд тунасан “од” эгч дүрдээ итгэнгүүтээ цамцаа тайлж “фен”-үүдрүүгээ шидээл, ус ууж хүчээ сэлбэж эдэр, дараагийн ээлжинд таарсан япон охинд зориуд имаажаа үзүүлж “дарамтлаастай”, шүдээ хавирлуу яалаа... ичиж амьдрах юмсан ... тэр японыг бүүр бага сургуулиасаа бадминтоноор хичээллэсэн мэргэжлийн гар гэж хэн ч надаа хэлээгүй шд ... шүгэл тас, нуль техник цул туршлага хураасан өдөн бөмбөг шиг япон охин нэг харахад энд, нөгөө харахад тэнд, дахиад харахад агаар дээр ... хөөрхий би нусаа гацар дээрээ наалаа ... бөмбөг дандаа миний талбайд унана гэдэг ямар ичгүүртэй гээ, уур хүрч улаанаар эргэлдмээр ... тэсэлгүй тэр охиныг барьж аваад зодлоо (за за мөрөөдсийн) ... гэхдээ ч сүүлдээ бухимдлаа нуухаа больж газар унаад увайгүй хэвтэх тэрмуу өдөн бөмбөгийг өрсөлдөгчрүүгээ өшиглөж өгөх нь холгүй л боллоо. Тэмцээн ч дууслаа ... Дараа нь бодлоо... Үнэн сэтгэлээсээ ичлээ ... магадгүй тэмцээний оргил үеийн миний тавтиргүй ааш, биеэ барьж чадаагүй дөвчигнөл тэр япон охинд дэндүү ил тодоор намайг илчлээд тавьчихсан биз. Одоо би түүний өөдөөс мянга мишээвч тэр миний тал дээр юуханд ч тооцоо алдахааргүй болсон вий. Дахиж нэг тоглох юмсан, хожигдох байлаа ч шар малтсан тэр мөчид өөрийгөө хянахаа л мартахгүй юм шүү.

Ялалт ялагдалын амт нь ав адилхан үнэ цэнэтэй тусдагтаа их спортын татах хүч нь агуу ихэмсээр оршдог бололтой ...
-----------------------------------------------------------------------------------------------

五十步笑百步 Wushi bu xiao bai bu
өмдгүй нь өвдөг цоорхойгоо шоолох ... хэрээ хэрээнийхээ харыг ...


Сэтгэгдэл (8) :: Сэтгэгдэл vлдээх! :: Холбоос

Monday, 6 November 2006

хүн чанар ба бөөрөнхий дэлхий

☆ 2006-Nov-6

Уржигдар Crash үзэж хүн чанараа зүлгүүрдлээ, их ч донсоллоо, их ч уйллаа, "би өөрөө багш хүн" ...аой... одоо ч тэгээд Терминатор үзсэн ч "багш хөөн"... уяхан нялххан болж дээ, зайлуул. Залуу байхад гэрийхэн хороороо уйлдаг уянгын каног хүүхдийн санаа ухааны юм ярьсаар гөлгөр царайлж гүрийж дуусгадаг, аймшгийн киноны аллагыг pause-лж байгаад шинждэг, ган хатуулаг ян төмөрлөг байж. Гэтэл өчдөр уншсан Дашбалбар гуайн “Мөн чанар байваас ...”
http://mirror.biirbeh.com/modules.php?name=News&file=article&sid=76 шүлэг голруу урсаж, оройруу харваал яав даа... би нэг л биш ээ гэсн. Цагтаа, тархи нь тооны машин шиг ажилладаг л бол компьютертэй суусан ч яадын гэж л элийрдэг байсан хүн дээ, гэнэн материалист тэр бодол дэлхийн ... -дэх эргэлтэн дээр тэртээд үлдэж. Өнөөдөр гэтэл өө "компьютер" гуай тэр чулуун зүрх данхар тархитайгаа чөтгөрлүүгээ тонил (hollywood style-r ugleh), халуунаар цохилогч зүрх л наашаа, хүн чанар та морилно уу ... гэжуга. Үнэлэмж хэмжүүр дэлхий шигээ эргэлддэг л юм байна...

Саяын хэд хоног, хийх бичих нүсэр ажлаар мэдрэл миарахын хажуугаар “хулхи сэтгэлзүйн тоглоом”-нд хальтарч унаад, стресс депресс давхацсан өнгөт плёнк цонхон дээр пад ... юу болоод өнгөрөв өө жэхшиг. Хүнтэй үсэртэл “хэрэлдэж”, муугаа дуудалцаж, муухайгаа харалцаж, хуруугаа хорсгож, хэлээ маажмаар болох зав гараад л байхым даа. Ядаж байхад “дайсны баатар”-ын зөгий шиг хэл, шөвөг шиг үгс нь хүнийг лазерийн гал шиг үхтэл түлж үнс болтол шатаадаг атлаа, үйлдэл санаа нь болохоор тэнгэрлэг Тереза эх шиг буян нигүүсэл бялхуулаад байхаар яалтай ч юмдээ. “Үйл хөдлөл - санаа бодлын сүүдэр” гэдэг мэргэн үг санаанд орж ч байх шиг, үг хэл нь биш шүү дээ гэж онцолж бодох ч шиг ... Гэхдээ одоо дахиж “дайсны баатар”-тай хэл амаа билүүдэлцэнэ л гэж байхгүй, ер нь тэгээд үлгэр амар сайхандаа жаргавал таарна, жаргаж ч байгаа, жаргасаар ч байх болно...гсн. Гай болж хүн чанар гэж шижир алт болсон далжаак юмдаа, тэрэнд нь сүнс хорогдоод байхын, новш гэж... тэрнээс биш тийм сансараас унаад Гимлайд авирчихсан ямаатай юугээл хамаг энергиэ шавхаж суув гэж. За тэр ч яахав, дэлхий бөөрөнхий юм чэн ... аадийн гоё.

Гэснээс манай бөмбөрцөг “хавтгай” болж байгаа сурагтай байсан. Хятадууд аль хэдийнэ орчуулаад залуучууд нь өлсөж үхэх гэжаагаам шиг тэр номыг уншаастай, асар хурдан байна цаана чин таминээ. Хятадууд социалист л гэнэ, интернэт мэдээллийг хянадаг л гэнэ. Гээд төсөөлөхөөр манай соци үеийн үзэл сурталын хавчилт боолт, хөрөнгөтөн гэдэг нь алуурчинтай эн тэнцүүлж ойлгодог, америк маягийн амьдрал гээд айдас төрүүлдэг тийм ухуулга, тархи угаалт санагдмаар ... мэдээж тийм биш юм л даа. Тодорхой хэмжээгээр ухуулга явдаг, цензур тогтоодог ч гэлээ мэдээллийн эриний үер урсгалыг хэдий ч удаан тогтоохов, тэгж сурталдаад байх шаардлага ч багасаж. Дотоодынхоо хэвлэл нийтлэлд аргагүй нэг хяналт тавьдаг ч, дэлхийн хэмжээний алив юмнаас аль болох хоцрохгүй, болж өгвөл ч түрүүлчих санаатай... ямар л ном дэлхийд bestsеller болно маргааш нь хятадын лангуун дээр гялалзаж байх. Оюутанууд нь үүр цүүрээр чанга чангаар хичээлээ уншиж давтан дэлхийн даргад өрсөлдөхийн дайтай л үзэлцэж гарна. Онолын урсгал, урлагийн төрөл, номын орчуулга эгээ л шороон түмэн хүн шигээ үерлээстэй. Залуус нь брек dance эргэж, хип хоп үгэлж, юун коммунизм, аан тэр чин сахалтай өвөө билүү халзан толгойтой ах ч билүү ухааны л юм хэлж элэглэх шахахвий. Эдний нэгэн шинэ үе ирэхэд энэ луу хаашаа эргэхийг хэлж мэдэхгүй, төр засаг нь уламжлалт залгамж чанараа чанд хадгалагдаг ази соёлоор нь харвал хүчтэй тэсрэлт, хувьсгалт эргэлтийг үзэхгүй л байх. Гэвчиг эцсийн эцэст дэлхий бөөрөнхий шүү дээ ... бөөрөнхийгөөр тогтохгүй бүр эргэлддэг гээч ...
::толгой өвдөжийнэ аймаар, унтав::

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------
一言为定 yi yan wei ding
За гэвээс андагар ... Хэлсэн үгэндээ эзэн болох... За гэвэл ёогүй ...


Сэтгэгдэл (10) :: Сэтгэгдэл vлдээх! :: Холбоос

Мэдрэмжүүд минь

Бясалгалд суув аа. 10 хоног чимээгүй суудаг. Өмнө нь зөндөө удаа явж байсан л даа. Энэ удаад арвин ургацтай харин. Урьд нь суухдаа юу ойлгож...