Friday, 26 August 2022

Мэдрэмжүүд минь

Бясалгалд суув аа. 10 хоног чимээгүй суудаг. Өмнө нь зөндөө удаа явж байсан л даа. Энэ удаад арвин ургацтай харин. Урьд нь суухдаа юу ойлгож байсан золиг вэ гэмээр л боллоо. Мэдрэмжээ сайн ажиглагдаг. Гэхдээ мэдрэмжийнхээ хариуд юу ч хийхгүй, хөндлөнгийн хүн шиг өөрийгөө ажиглана. Өмнөх суултуудад би ийм л зүйлийг хийдэг байсан. Гэвч дутуу л байж. Сая утгаар нь ойлголоо. Надад түмэн төрлийн мэдрэмж мэдэгдэж байнаа, аргагүйшд 10 хоногт юу эсийг мэдрэхэв. Харин үүнийг ёстой хүний хүн шиг л ажиглалаа, муу новшнуудыг гэсс. Мэдрэмж яг шавьж шиг, шоргоолж эсвэл ялаа бие дээр гүйхэд ирвэгнээд заримдаа таатай ч юм шиг, харин шумуул бол хазаад час хийлгээд... Мэдрэмжүүд яг иймэрхүү, таатай таагүй янз бүр, гэхдээ энэ мэдрэмжүүдэд автах л юм бол үр дүн нь бүгд адил новш л байдаг, сайхан мэдрэмж нь ч тэр ялгаагүй. Иймд мэдрэмжийн хариуд мэдрэлгүй хүн шиг гөлийж сурлаа шүү дээ аниа нь. Мангар амар санагдаж байна даа. Амьдрал гуай, та намайг одоо яаж ч чадахаасаа өнгөрсөн нтр /жоохон хэрүүлийн шинж чанартай дуусгав уу яав/ :)

Tuesday, 31 July 2018

Агшин

Гадаа нарлаг дулаахан, орой 6 цагийн орчимд байрны гадаах гудамжаар алхан харьж явах замдаа гэнэт орчноо анзаарсан маань сүүлийн хэдэн өдөр тохиосон сайхан явдлын нэг болов. Байнга явж өнгөрдөг байрны гадаа нь цэцэг тарьсан байдаг юм байна, тэр нь ихээ өндөр ургачихсан өнгө өнгөөр алаглан найгаад аяс аясаар ганхаад зөөлөн ... 12 орчим насны бондгордуу жаал маруужин идэх гээд цаасыг нь задлаад хогийн сав руу хийх гэтэл гадуур нь унагачихав, салхинд маруужингийн цаас хийсэн холдоход хүү гүйж очоод цаасыг авч базаад хогийн сав руу хийгээд санаа амар маруужингаа идэж эхэллээ ... нэгэн охин тэндээс гүйж ирээд орцны хаалгаа онгойлгон нялх дүүг нь тэвэрсэн ээждээ хаалга барьж өгөв ... тэнд нэг хүү чихэвчээр сонсож буй зүйлдээ автчихсан алхаж явна... Би аажуухан алхангаа энэ бүх хажуугаар болж өнгөрч буй үйл явдлуудыг анзаарсан төдийд сэтгэл дотор сонирхолтой сэрэл мэдрэмж бүрхэн авлаа. Агшин бүр энгийн, өөр өөр, сонирхолтой, бас их утга учиртай байх юм, агшин бүрийг алдахгүй ажиглаад л баймаар, ажиглах тусмаа хүүхэд шиг хөөрч баясмаар амттай таатай. Урьд нь анзааргагүй байсандаа хамарсмаар ч шиг, гэхдээ хэрэггүй, тэр цаг өнгөрөн одсон, энэ агшин сайхан, үүнийгээ л тасралтгүй ажигла мэдэр, зүгээр л анзаар. Одоо эргүүлэн дурсан тэр мөчийг бичиж буй минь ч дэмий хэрэг, тэр цагийн таатай үзэгдэлд хоргодож буй хэрэг бус уу. Яг одоо компьютер товшиж буй хуруу, чихэнд сонсогдох гадны элдэв холилдсон дуу чимээ, хажууд суугаа ажлын залуус, гэрэл туссан өрөөгөө л анзаарвал бас өөрийн гэсэн давтагдашгүй агшин хажуугаар минь урсан одож байна шүү дээ. Агшин бүрийг сэрүүн тунгалаг ажиглаж, амталж өнгөрүүлье, ... амьдаръя.

Monday, 20 March 2017

Эргэн ирэлт нтр :P

Миний бие блогийн ертөнцөд эргэн ирэлт хийсэндээ баярлаад сэтгэл хөдлөл хийчлээ. Нэг сайхан цай уучих уу? :D Олон ч он жил улирч дээ, одоо чинь хэддүгээр зуун билээ? эргээд зэрвэс харахад их өөрчлөгдсөн байна, мөнхийн хутгийг олчихсон биш хувиралгүй л яахав, гэхдээ л ингэж дэлбэрч болохгүй ээ, хавь ойрынхондоо ялархсан, гомдсон, хохирсон, эрхэлсэн, сулбагар бачка байдалтайгаар өөрийгөө олоод цочлоо шд. Тоглоомын нэг үеийг гэхдээ давчихсан шүү, ёоох, одоо шинэ үе эхлүүлж буйгаа үүгээр уламжилая нтр. Сүртэй юу? За за зүгээр л гоёайнаа, нэг тийм хачин их уйлмаар гэшшш, би энэ хачин их тэгээд ингээд гэдэг үгэнд харшилтай, бүгд нэг загвараар ингэж халилтахаа л больчихоё тэхүү гээд л юу юугүй улс амьтан шүүмжлээд унахгүй юу.

Wednesday, 2 May 2012

Охид ...

Өлзийтөгсийн Үзэхийн хязгаар ном. Хавтсаны зураг нь Мөнхцэцэг зураачийнх. Уншигч нь би. Бядан гурав нийлэхээр юу болохов? аая ... би ч дуугай л байя.

Баяр баясал ... гэдсэн доторх охин минь бас надтай хамт инээж, уйлж байгаа даа. охиндоо хамгаас их хайртай ...

Monday, 3 October 2011

хобби


Хүүдээ зориулж оёлоо. Шинэ хоббитой боллоо доо. Ингээд гэртээ өдөржин толгойдоо алчуур зангидаад хатгамал хийгээд, Desperate housewife-аа үзээд, янзүрийн хоол туршаад ... товчхондоо жаргаж үхлээ ... :D

Tuesday, 8 March 2011

хабур, хувтас

Хэдэн сар блоггер луугаа орж болохгүй баларлаашд. Сая программын өндөр мэдлэгээ гаргаж ирээд ордог болгочлоо. Нууц үгээ сольсын. кк.

Хавар ирлээ шүү хүүхнүүдээ
Одоо ч эрчүүдийн тасаг дутахгүй орлоготой болсон шиг байна лэй дээ.

энэ гоё блог байдын.

http://thesartorialist.blogspot.com/

сайхан шоппин хийхиймсан, мөнгө бахкү, бие бахкү, мэдрэмж бахкү ...

Playing love II тоглолт үнэн гоё болсон шүү, ноднингийнхоос ч гоё. Солонгоо ямар ч хөөрхөн юм, яасан ч гоё дуулдын, угаасаа таалагддым доо.

Wednesday, 21 July 2010

Мэнд ээ!

Өнөөдөр Алтаргана наадам эхэлж байна.
Би очъё гэж бодсон ч наян ажилтай пижигнэсээр байгаад нээлтийг нь үзэж амжсангүй. Ийм сайхан наадмыг ажлын өдөр давхцуулчих юм, яахаараа хагас бүтэн сайнд тааруулж болоогүй юм бол оо, сонин юм, ажлаасаа болоод олон хүн очиж чадаагүй дээ, харамсалтай. Боловсролын яам товлож тогтоож өгсөн юмдаг уу даа, өөдгүй гэдэг нь.
Алтарганы албан ёсны үйл ажиллагаа нь 3, 4, 5 дахь өдрүүдэд болоод л дуусаж байгаам. Урьд нь би оролцож үзээгүй болохоор Улаанбаатарт болж байгаагийн хэрэг юу билээ гэж бодсон чинь юу вээ, маргааш нөгөөдөрийн аль нэгэнд ажлаан тасалдаг юм билүү гсн.
За тэр яахав, би очиж үзэж чадаагүйгээсээ болоод баахан гомдол тавьчлаа, баярын өдрөөр. өршөөгтий.
Алтарганадаа басган дэглээ өмсөөд л явна даа уг нь. Ижийм hамган дэглээ өмсөөд гарч өгсөн дөө өнөөдөр, гоё байгаа байх даа.


Алтаргана наадмай мэнд ээ.

Tuesday, 13 July 2010

Арт



До.Болдын зургууд Юүтүбээр гарсныг үзэв.

Зурагнууд нь сүүл рүүгээ улам гоё болсон санагдана, ялангуяа абстрактууд нь сэтгэл хөдлөм.

Абстрактын нэг гоё нь соци реалист шиг харваас тодорхой нэг юмаа хүнд тулгаад байдаггүй. Янз бүрийн өнгө дүрсээс өөрийнхөөрөө хараад л дураараа ойлгоод л баясвал баясаад, яавал чиг яагаал таашаал авч болдог юм шиг ...

До.Болдын өнгө нь хурцдаа хурц, зөөлөндөө зөөлөн ч ерөнхийдөө бол үргэлж тод байдаг юм шиг ээ. Абстрактуудаас нь амьдралын бүх өнгийг харж болдог болохоор харах тусам сэтгэл татам, хичнээн ч удаанаар хараад сууж болмоор, олон зүйлийн талаар эргэцүүлж үзмээр ээ ...
Эмэгтэй хүнийг дүрсэлсэн өнгө нь бас ер бусын янаг, гэгээн ... ёо лайтай лайтай.

Хурц дүрслэл, тод өнгө, зөөлөн уусалт, гайхамшигт илэрхийлэл ... энэ бүхнээс нь харахад их баялаг ертөнцтэй хүн шиг санагддын зураач нь.

Эцэст нь тэмдэглэхэд энэ зургуудыг юүтүбд оруулж өгсөн хүн ээ та шүү. Янжинлхам бид 2 танд талархажийгаа шөө.

Tuesday, 6 July 2010

гятад блогоос

Өнөөдөр Хятадын нэг блогчин Гадаад Монголыг хятадад нэгтгэх хэрэгтэй энэ тэрээ гэсэн юм бичдэгээрээ л бичиж. Иймэрхүү зүйлс мэр сэр байдаг болохоор муу шовинистууд гэж бодоод сэтгэгдэлүүдийг нь унштал харин тун сонирхолтой санагдлаа. намайг өглөө орсоноос хойш лав нэмж 200 мянган удаа ачаалаад байна энэ бичлэг. Сэтгэгдлүүдэд нь яахав Монголыг авах хэрэгтэй гэж хийрхсэн хүмүүс байхын зэрэгцээ, лав тавиас дээш хувь нь блог бичигчийг дэмжээгүй:

хөөе сэрүүн зүүдлээд байгаач
өөрсдийгөө яая гэж байж юун монгол вэ
хятад үүнийхээ дараа сарыг нэгтгэнэ биз
инээдтэй юм
хөгийн бичлэг байна
сумтай гар вэ
ялзарсан албатуудаа эхлээд нэг цэгцэлмээр юм
улс том байх тусмаа сайн гэсэн үг бишийшд
их гүрний дээрэнгүй үзлээр ханджээ
хятадууд бид ийм ёс суртахуунгүй байж болохгүй
хятадыг орос шоолно, ану шоолно, тэгээд дэлхий даяар шоолж инээнэ дээ
монголчууд хүсэж байгаа юм уу тэгээд?
тайваниа аваагүй байжийж
улс баян байвал аяандаа болно оо
тэр чинь хууль ёсны улс орон, юу яриад байна
энэ мэдрэл нь муудчиж

гэхчилэнгийн сэтгэгдлүүд хараад жаахан гайхлаа шүү. юу юугүй л монголыг авна, манай алдагдсан газар гээд унадаг хүмүүс бас өөр хандлага илэрхийлдэг л юм байна. хэдийгээр уг сайтын сэтгэгдлүүд тодорхой шүүлтүүрээр орж байгаа ч гэлээ талаас илүү хүмүүсийнх нь сэтгэгдэл дээрх шиг байна гэдэг ...

Энэ постод юу бичсэн байсныг иш татвал "энэ 5 дугаар сард гадаад монголын хятадтай хиллэдэг говийн аймгийн дарга нь тодорхой хэмжээнд хятадад эргэн нэгдэж болно гэсэн, ингэхдээ асар их хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг явуулах нөхцөлтэй байх юм. Үнэндээ сүүлийн жилүүдэд хятадын өвөр монголын хангалуун амьдрал нь гадаад монголчуудыг татаж байна, УБ-д 60 гаруй хятад хэлний сургалттай сургууль байгаа" гэхчлэн бичсэн байна. зарим нэг баримт нь байнаа байна.
яахав "монголын парламент монголыг хятадад эргэн нэгдэх асуудлыг авч хэлэлцжээ" гэх мэт /хэдэн жилийн өмнө ийм мэдээ маш их явсан/ улайм цайм хадуурсан юм ярьдагаа бодвол энэ пост арай дээр баримттай санагдсан, гэхдээ бас л нэг зүйл яваад байна, тэр говийн дарга одоо хэн бэ???

Хэдэн жилийн өмнө хятадын сайтуудаар "монголын парламент монголыг хятадад эргэн нэгдэх асуудлыг авч хэлэлцжээ" гэсэн мэдээ их олон явсан, тэгэхэд нь хятадууд яагаад ийм зүйл зохиож бичдэг юм болаа гэж гайхаж байсан ... гэтэл миний сонссоноор /худал байж мэднэ/ их хурлын нэг гишүүн гуай уурандаа тэгвэл тэгээд хятадтайгаа нэгдэхгүй юу даа ухааны юм чуулган дээр хэлчихсэн гэнэ үү, өөр нэг сонссоноор говиос сонгогдсон нэг гишүүн хятадад айлчлахдаа чухам л хоюулаа айлсаж амьдрах тухай бурчихсан, арай л дэр нэгдэе гэсиймдаг уу даа нэг тиймэрхүү тохиолдол байдаг гэж чих дэлссэн, тэгээд л хүний хоол болоод Синхуа агентлагаар хүртэл цацагдсан бололтой баттай эх сурвалж гэж үзэгдээд дээрх мэдээг нь Шанхайд их сургуулийн лекц дээр нэртэй том багш иш татаж "хятадын хөгжлийг дагаад эргэн тойрны жижиг орнууд татагдаж явц бий болж байна, жишээ нь монголын парламент монголыг хятадад эргэн нэгдэх асуудлыг авч хэлэлцсэн байдаг" гэж ярихад хүргэж байна шүү дээ. /энэ лекцийг хамт сурч байсан найз маань очиж сонссон юм/

Ийм аюултай. Төрийн алба хашиж байгаа хүмүүс дотроо юу гэх нь хамаа алга, гадагш бас сонсож байгаа шүү гэж анзаарч хагархай амаа татаж, төрийн хүний дүн нуруутай баймаар юм, ухаан муутай хүний үг бусдын хоол болоход хялбар байна шүү дээ.

дээрх хятад блогчиний бичлэг:

外蒙可以“準回歸”

五月,外蒙靠近中國邊境的戈壁省部長,甚至提出可以一定程度的回歸中國,來換取更大的投資和經濟合作。事實上,近年來,中國內蒙富裕的生活對外蒙產生強大的吸引力,外蒙首都烏蘭巴托就有六十所大學和中小學重新開設中文課。

http://blog.ifeng.com/article/6176783.html

Sunday, 4 July 2010

лам vs сургаал

Саяхан нэг ламтай шоудаад. Лам ч гэж дээ ламаахай, харваас хүүхэд. Тэгсэнээ өөрийгөө 29-тэй гэж худлаа наагаад, лам хүн кудал кэлж болох уу? Тэр ламаахай ганданд ном уншуулаад явж байсан найзтай маань танилцсан гэжугаа, тэгсэнээ мсж бичээд, хөлбөмбөг үзэхдээ дуудаарай ингэж ээ. Манай найз энэ чинь лам хүн, лам хүнд за гэчихсэн, ядаад нэг удаа дуудкү бол худал болно гээд.
За тэгээд сүрхий дэгжин лам гуайг ирэхээр нь шалгаадым байгааз дээ, яагаад лам болсон? одоо яг юу хийдэг бла бла ...
Мань эр хүүхэд байхад өвөө нь лам болгосон гэнэ, (өөрөө хүсэж биш? гээд ойлголоо), уб-д шашны дээд төгссөн, энэтхэгт байхдаа бурхан багшийн төрсөн газрын тэнд өглөө бүр 3000 удаа сунаж мөргөдөг байсан гэнэ (бакь болно биз? 3000-ын суниалтад нь уулга алдана даа гэсэн янзтай бидэн рүү харав), уг ламаахай одоо ганданд зарим нэг ном умшдаг тухайгаа бас ярив.

Би энэ лам нарт нэг л сүжиг байдаггүй юм. Эртээд нэг Фм-р лам ярьж байнаа, хүн нүгэл үйлдсэн ч нүглээ наминчлах хэрэгтэй, нэг бөөс алсан ч тэрнийгээ ойлгож, гэмээ наминчлах юм бол тэр хүн бурханы оронд төрөх боломжтой бла бла ...

Хэдэн он бээ? Энэ логикоор бол хүн нүгэл үйлдэж болно, гагцхүү наминчилчих л хэрэгтэй, тэгвэл та хэзээ ч үзээгүй бурханы орон гэгчид төрнө.
Ийм маягийн сургаалийг хэн хүлээж авах вэ? Лам хүн байж, сургаалийг ингэж ойлгож ингэж тайлбарлахаараа яадаг байна даа. за бүү мэд бүү мэд. Бурханы сургаалийг алж байгааг l мэдэж байна.

Өнөөдөр дахиад бузар халуун болжийн, бороо оруулдаг ном уншаасай энэ лам нар ккк, бас цалин буулгуулах ном уншуулдийм билүү чихшиг.

Аз жаргалын түлхүүргүй гурай байна шүү, кк.

Wednesday, 30 June 2010

дөрөв ...

Өчдөр нахисан уулт зарлав. Багын гурван балинчтайгаа дөрвүүлээ нийлж аваад идэх нь идэж, коктель мэтхэнийг эргүүлэх нь эргүүлж, миний бие сурсанаараа сүүлийн үед хувьдаа хит болоод байгаа том грушиктэй мэлтгэр шар айргийг хоолой руугаа гүд хүд гулгуулж таашаал авлаа... оох

Бяд 4 хаа сайгүй хэлхэлдэж явдгийг мэддэг нэг иргэн энэ 4 их хотын секс киноны хүүхнүүд шиг гээд хэлчижээ, тэрийг нь өчдөр олж сонсоны хэрэг юу билээ хэн нь хэн байж болох талаар даруй таамаг дэвшүүлэн шуугицгаав.

Бид 4-ийн эхнийх нь нөхөртэй, гэр бүлсэг тул Шарлот ажгуу ...
хоёрдахь нь нэг компаний ерөнхий ня бо, баргийн бол инээж наалинхайтаж нял шял гэхгүй, ажил хэрэгч маркийн болохоор Миранда ...
гуравдахь нь жинхэнэ хүнээ л хүлээж байдаг бөгөөд нэг найз залуутай болсон ч бүтээгүй, улмаар итгэл алдралгүй хүлээсээр нэгэн залуутай саяхан танилцаад байгаа ба цаашид харилцаа нь хэрхэхийг нарийвчлан ажиглан тандаж буй. Гэх мэтийн хэв шинжээрээ Керрид хамгийн ойртож очих юм.
дөрөвдэхь нь миний бие ... Саманта юм уу тэгээд хаха гоё шүү.

Их хот гэснээс УБ ч үнэхээр л том хот шиг санагдаж байна шүү, хаа сайгүй түгжрээл гсн. Дэлгүүр хэсэхэд ч бас нэг үеэ бодвол урамтай байдаг болжээ, хятад шиг хямд биш л болохоос. Миний хувьд найз хүүхнүүдтэйгээ хамт юм худалдаж авах авахгүй нь ч хамаагүй /дийлэнхдээ шопинхолик хөдлөнө л дөө/ дэлгүүр хэсэж хэсэж ядраад маруужин идэх, кофе уух зэргээр амрангаа загварын сэтгүүл үзэж, хоорондоо ангалзаж балайрч савж унах ч тасархай амралт болдым даа, стресс нам тайлагддаг.

Нээрэн саяхан манай ажлын нэг хижээл насны ах германд гурван сар болоод ирэв ээ, тэгээд ярьж байна, тэнд чинь хүмүүс их өөр байдаг юм, нэгнээ доош нь хийнэ гэж байхгүй, юмыг хялбархаан болгоод л сайхан шийдээд явчихдаг юм байна, тэрнээс биш манайхан шиг гүн гүн юм бодоол, лаг лаг зүйл ярих гээд тэрэндээ улам ТЭНЭГТЭЭЛ тэ ...
гэсэн хаха, ах бол асар ойлгосон байгаамаа, та шүү, ёстой гоё.

Thursday, 24 June 2010

үлгэр эхлэв

Ёстой ойлгохгүй юм аа, яаж ч гашлаад ойлгохгүй юм байнаа байн.

Бурхан минь, хүний хос байна гэдэг дэлхий дээр хамгийн хэцүү ажил байдаг бололтой. Эсвэл би хэтэрхий их юм хүсээд байна уу? Надад бол уг нь асар чухал хэр нь нөгөө хүнд бол шалихгүй ээ, өчүүхэээн юм хүсээд байхад л биелж өгөхгүй юм.
Саяханы нэгэн нартай бүгчим өдөр хархүү маань чуганц намайгаа дагуулаад хөл бөмбөг үзнэ гэвэй,
- уаа чи шүү гэж би хойно урд нь гарж гүйгээл, хормойгоо чирж хөөрөөл хэд хоног бодоол, хархүү маань ханхүү болж үзэгдээл, хайр сэтгэлийн бурхан болж харагдаал чухам байв. Гэтэл яг тэр өдрөө өнөөх бурхан чинь шууд чөтгөр болдог байшд.
- Ажил ихтэй чадкү ээ, би өөрөө ч тоглолт үзэж чадкүм байна, бандан тас, чи төрхөм рүүгээ харьж хоног төөрүүлж болно.
Диууннн ... Яагаад вэ? Ажил ихтэй нь тодорхой мөртлөө өөрөө уриалан дуудаа биз дээ? Ажлаа зохицуулчихаад намайг уриалжээ ураааа гэж би хэт эрт хошгирсон тарвага юмсанжээ. Ингээд хөөрхий тарвага гүн бясалгалын хүчээрээ бодрун, хархүү өөрөө ч үзэж чадкү юм чинь юун нэг муу тарвага дагуулах, аргагүй аргагү ...
Тэгтэл яс юман дээр яасан байхнав, тийм ээ тийм, яг л тийм юм болсон, өнөөх маань хөл бөмбөгөө үзэхээр барахав ...
Хэрвээ би оронд нь байсан бол /хоолой зангирах/ ... асар их ажлын ар шил нь харагдахад үзэх тоглолтын ихэнх нь гараад дуусцан 10 секунд л үлдсэн байсан ч хэлсэн үгэндээ хүрч муу чуганцыгаа дуудах л байсын гэж худлаа яриад яахав, тэхдээ тэхий дундаас нь хойш байсан ч би бол дуудах л байсан үнэхээр шүү. Хичнээн их хүлээлтийг нь бодоод, хэлсэн үгээ бодоод, горьдоод гэвтэж байгаа хошгирсон тарвагаа бодоод дуудах л байсын.

За бөө мэд. би ер нь дэмий юм их хүсээд, хүсэл нь биелкү болохоор цам харайдаг эртний сайхан уламжлалтай хүн л дээ.
Тэхдээ л энэ чинь ... хайртай хүн маань надтай хамт байх гэж дээрх хошгорсон тарвага шиг ихээр мөрөөддөг бол надаа лавдаг үнэн гоё байх байсаан, жаргаж үхнэ биддээ.
Гэтэл гүй юм аа, хархүүд бол бүр хааяадаа лай болдог болтойм томруулдаг шилээр духан дээрээс нь хараадахсан чинь. Яагаад вэ гэхээр ... яагаад гэхээр ... яагаад гэвэл юу ... нөгөө нэг ... түй, би эр хүйстэн байсан ч болоосой, үнэхээр ойлгомжгүй шүү энэ онол. Эсвэл зүгээр энгийнээр харвал ердөө л сэтгэлгүй юм л даа.
Хамт байх чин хүслээ биелээгүйгээс болж би бээр цам харайвал хархүү зөрүүлээд чи өөрөө намайг зөндөө л орхиж найз нартайгаа нийлж найрын ширээ тараагаа биз дээ чи, тэгээ биз дээ чий ... гээд тэсэн көндлөн аргумент гаргаж ирнэ л байх дөө, би дагуулж явна гэж өөр шиг нь яриагүйн дээр өөрөө хамт явъя гэж бас нэг ч удаа хэлээгүй юм байж.

Ийнхүү хамт хөл бөмбөг үзэх тэддүгээр план нурж, миний армаанчиг хүсэл хумхийн тоос лугаа адил замхран одсон бөлгөө. Хөөрхий чуганц гүнээ гашуудан, гэрийн хаяандаа гансарч, ганц хоёр нялмс тоолох гэснээ больж, хэсэг гиюүрээд гэвтэж амарсан гэнэлэй.

Saturday, 5 June 2010

болно

Өшдөр бороо шаагисааан, газрын тэр үнэрррр, ургамал шороо чийг күүл агаар ... ой муужирлаа. Өнөөдөр халуун нар шаржийн, ажлын гадаах алга дарам газарт тарьсан зүлэгнүүд ургаасай.

Хүн ер нь эмоцоо нууж чаддаг байвал тэр хүн күүл, тэр хүн төлөвшсөн, тэр хүн лаг?

Ажил дээр хамаг аашаа гаргаад л, түнтэгнээд гүйгээд байж болохгүй байх л даа. Гэтэл жирийн үед бусад нөхцөлд эмоц ихтэй хүн тэрийгээ гаргаж орхивол ааштай, ууртай, буурь суурьгүй, сонин гар болох гээд байдаг талтай. Тэгэхээр хүн ерөөс өөртэйгөө буюу ганцаар байхаас бусад бүх тохиолдолд нүүрэндээ нүүр нааж явах ёстой ч юмуу.

Ер нь ямар нөхцөлд хүнээс уур ааш гардаг гэж? Ихэнхдээ өөрийнх нь хүсэж бодож байснаар нь болоогүй үед. Тодруулбал бусад хүн өөрийнх нь хүссэнээр байгаагүй болохоор дургүйцдэг, тэр дургүйцлээ ил гаргаагүй нь күүл, илэрхийлсэн нь дэмий хүн болно. Тэгвэл ил гаргасан гаргаагүй талаарх ялгааг нь орхиод харвал бүгд л өөрийн хүслийн төлөө дургүйцсэн, дотроо ч бай гаднаа ч бай эмоцилсон баагий нар шүү дээ.

Яаж ямар ч аашгүй, уургүй дарь эх мэт амьдрах вэ? Бусдын хүсэл бодол миний санаанд нийцэж байх албагүй гэдгийг бодож үзвэл бухимдана гэдэг утгагүй явдал.
Үнэндээ уур бухимдлаа ил гаргана гэдэг нь би ингэмээр байна, тэгмээр байна, та нар надад үйлчилсэнгүй гэж ил тодоор зарлаж байгаа хэрэг. Амьсгаа, эмоцоо дарж сурах юмсан.
Ядаад бачуурлаа нууж сурна гэдэг нь хичнээн дургүй байвч дор хаяж л бусдад хүслээ тулгахгүй гэсэн үг.

Гэхдээ заавал хүнд нь биш, асуудалд эмоцилж болно биз дээ ... БОЛНО.

Thursday, 3 June 2010

авах гээхийн ухаан нятто

Т.Фрийдман саяхан нэг номдоо хэрэв АНУ нэг өдрийн хугацаагаар Хятад болдог бол юутай сайхан ухааны юм бичсэн байлаа л даа. Учир нь хятадын удирдлага үндэсний хэмжээний хэтийн бодлогыг лүндэндээд гаргачихдаг бол АНУ-д жишээ нь эрчим хүчний бодлого гаргах гэж лобби бүлгүүд үзэлцсээр наян жил болдог болохоор хэтийн холч бодлого гарахад бэрх гэжээ.
Гэхдээ АНУ-д хууль тогтоомж нэг гарсан л бол хэрэгжихээс өөр замгүй, учир нь иргэний нийгмийн бүлгүүд нь хууль зөрчсөн үйлдэл харах л юм бол шууд шүүхэд өгчихдөг, бүр Холбооны Засгийн газраа ч шүүхдэж орхидог (шүүх нь шүүх шиг байна л даа) болохоор компани, орон нутгийн захиргаа нь хууль дүрмээ ягштал биелүүлэхэд хүрдэг аж. Харин хятадад хууль журмыг нэгдмэл удирдлагаар саадгүй баталж гаргадаг ч хэрэгжилтийн шатанд жижиг албан тушаалтан, компаниуд хуулийг завхаруулах тохиолдол бол харин цөөнгүй гардаг байна. Тийм болохоор л Фрийдман АНУ-ыг нэг өдөр хятад болох хугацаандаа хэрэгтэй бүх хууль журмаа баталж авангуутаа маргаашнаас нь буцаад ардчиллын үр жимсээ хүртсээр байх тухай ярьжээ.

Тэгээд харахаар манай Монгол одоо юу вэээ, энэ хоёр тогтолцооны сул талын цуглуулга юм биш үү. Бодлого гаргах гэж наян жил, хэрэгжүүлэх нь гурав хоног. сөнөцөн юм шиг

Thursday, 6 May 2010

блогчид намхан

Блогчдын сагсны тэмцээн маргааш болох гэж байгаа гэнэ. Гэтэл баг бүрддэггүй ээ. Уг нь блогспотын блогчид зөндөө байна.
***
Намханчууд блог бичдэг.

Sunday, 2 May 2010

gdfhgjugkggdfgsf./;l[jk

jkjgyfmn.,mop ,'{.;eaw,ld;asjcsdklnmsnckxljv zldaslAD?a
d'sdfjdklfifhfgnbv

Monday, 16 November 2009

арт гудамж

Бээжинд 798 гэдэг арт гудамж байдаг юм байна. баруун хойд хэсэгт орших хуучин үйлдвэрийн барилгыг ашиглаад жижиг жижиг урлангууд нээсэн арт гудамж. Гятад гадагад элдэв төрлийн олон хүн холхисон. Хаа очиж хөөрхөн газар бөөжинд нэгэн ширхэг бээня. Үзвэл бүтэн өдөржин болохоор. Хагас өдөр тэнэв.

Ингээд эхний зураг

Яг ч зураг гэж болкүмаа. сүүлийн үед дэлгэрээд байгаа хөдөлгөөнт урлагийн нэг бүтээл.




Том зааланд энэ тугнуудыг уруу нь харуулж байрлуулсан














Туг бүр дээр хүүхдийн дүрс ... асрамжийн газрын хүүхэд, эмнэлэгт хэвтэж буй хүнд өвчтэй хүүхэд гээд бүгд ямар нэгэн шаналгаатай хүүхдийн нүүрнүүд ...












Тугны шонгоос хүчтэй үлээлгэсэн тул ийм царайнууд болж үзэгдэх юм билээ.
Санаа нь томчууд бид ирээдүй хойчоо, үр хүүхдээ хайраар дутааж ийм болгож байгаа биш үү ... гэх маягаар тайлбарласан байсан.










Энэ их "балиар" зураг. нэр нь "Аз жаргал" гэжуга. саяхан яваад байсан яхоо масс месежээр "хятадууд хувийн бодол гэж юу байдгийг мэддэггүй" гэлүү. энэ зураг овоо алдартай юм шиг байна лэй, ил захидал болчихсон харагдсан. 90-ээд оны сүүл үеийн зураг.









Энэ бүсгүйчүүдийг хөрөөдөөд унагана гэвэл ч ...
















Тулаан гэдэг нэртэй, алалцажийнаа, сэжиг гоожим



















Иймэрхүү үйлдвэрийн байшингууд, энэ бол нэлээд том нь, жижиг тасалгаа болгосон нь ч бий.















энэ их хөөрхөн шийдчихсэн, модыг тайралгүй ингээд барьсан, гоё
ер нь иймэрхүү сонирхолтой зүйлс алхам тутамд шахуу тааралдаад сэтгэл сэргэм



















шинэ ба хуучин. арын хана нь үйлдвэрийн байшин чигээрээ, туйпуун. энэ хоёр зурагтай авцалдсан гэж жигтэйхэн.












Сүпер хятад буюу хятадад байхгүй юм байхгүй болжийн даа, муу ч сайн ч.












фото гэж андуурмаар, үсэрч байгаа оч шатсан өвс гээд зураад хаячиж байгаам даа, яаж дормоожилжийнаа.










нэр нь Гэр бүл. Нэг айл нэг хүүхэд, тэр нь өнгөт.














хятадад байхгүй юм байхгүй гэдэг зургийн хоёрдугаар анги гсн.
энэ бол "намайг дагаад сур" гэдэг фото.













"Баяртай Ленин" кино санаанд ороод. хөөрхөн кино шүү.















энэ муухай. аборт ч юм уу тийм эвгүй. хагархай байрлуулсан нь санааг нь шууд хэлээд өгчихсөн мэт, сонирхолтой шийдсэн.







Найз залуу минь энэ фотонд эрх чөлөө гэж нэр өгсөн, зураг дахь бүсгүй гав ганцаар байгаа мэт ямар ч зүйлд баригдалгүй чөлөөтэй өөрийнхөөрөө, тэрэндээ сэтгэл хангалуун байна, харин хажуугийн залуус нь баг өмсчихсөн, баригдмал, өөрийнхөөрөө биш ...
ер нь иймэрхүү зургийг хятадад тэр бүр ингэж ил тавиад байдаггүй л дээ, харин урланд олж харлаа, зураг биш, бүр фото шүү. фотог зохиомжилж авсан хүн нь нийгэмд эмэгтэйчүүд асар бие даасан байдалтай оролцож буй талаар хэлэх гэсэн юм шиг байналэй.







Бяцхан Мао-чууд ...

за нэг иймэрхүү. Бөөжин очвол очиж баймаар нэг газар байсан.

Friday, 2 October 2009

Эх хэлээ хамгаалсан нь

Нэг нийтлэлийн доорх сэтгэгдэл:

Ео, энэ тэнэг юу бичээд байгаа юм бэ, муу лалар аа зайлаарай, аялгуу сайхан монгол хэлийг минь устгах зорилготой өмхий хужаагийн эрлийз, п... минь чихний чимэг болсон хэлээ чамаар эвдүүлэхгүй шүү, новш oo, алнаа чамайг ...

гэж яг таг дүрмээр нь бичжээ.

Saturday, 4 July 2009

Бүтэн сайн

Ажил дээрээ эрүүлжих цай уусан шигээ бүтэн сайхан "амарч" байна. Согтчихоод эрүүлжиж суугаа бус аа, эрүүл мэндэд ашигтай юм гэнэлэй базарваань энэ цай. Ойрдоо дотор эрхтэнүүдтэйгээ танилцаж байгаа, ялангуяа нарийн бүдүүн шулуун гэдэснүүдтэй. Уул шугамандаа найз залуугаа тураачих санаатай нэг газар очсон биш өөрөө элсээд, юу юугүй цай коктейль уугаад сүйд болдог юм байна. Нэг төрлийн зугаатай юм аа, зорилго үүсээд кк.

Уг нь өнөөдөр салхинд гарч баймаар өдөрсанж. Салхи малхинд гарч, уул хадаар гүйдэг болох юмсан.

Wednesday, 20 May 2009

Монгол Хятадын соёлын харилцаанд тулгарч буй асуудал

Би гэдэг хүн нэгэнтээ Хятад нутагт сурч асан намтартай. Сурч байхдаа түүхийн холбогдолтой хичээлд сууж байсан удаатай. Суусан хичээлд багш заахдаа Гадаад Монголын тусгаар тогтнол бол Дундад Иргэн улсын гадаад бодлогын том эмгэнэл гэж дүгнэв. Тэнд суугаа Хятад оюутнууд газар нутгаасаа тасдаж алдсан хүний дайтай харуусан шүүрс алдахад Монгол хүн болсон би бээр сонсоод тэрнээс илүүгээр бачимдан харуусч суулаа.
Тэр үед би хэдий түүхч биш ч түүхийн асуудлаар Хятадын талд ямар нэгэн байдлаар заавал нэг хөндөж тавина даа гэж тууштай бодож, бодлоо тээн явсаар саяхан тийм боломж завшаан тохиов. Сая 5 сарын дундуур Бээжинд Монгол Хятадын хамтарсан эрдэм шинжилгээний бага хурал болсон бөгөөд уг хуралд миний бие "Монгол Хятадын соёлын харилцаа ба тулгарч буй асуудал" гэдэг сэдвээр илтгэл тавьж, дээр хэлсэн түүхийн үзлийн талаар цухас ч атугай өөрийн санааг аль болох Хятад хүн хүлээж авах талаас нь тайлбарлахыг хичээсэн юм. Илтгэлийг Хятадууд бодож байснаас харьцангуй нааштай хүлээж авсан ч энэ асуудлыг хоёр орны түүхчдэд үлдээе гэх маягийн зүйл хэлж байсан бөгөөд цаашид аль болох бөөрөнхийлөөд орхих биз ээ. Ер нь үүнийг Монголчууд л гаргаж хэлэхгүй юм бол Хятадууд хэзээ ч ярихгүй шүү дээ. За олон үг нурших яахав, илтгэлээс товчлоод орууллаа.

[...]

2. Соёлын харилцаанд тулгарч буй асуудал

Монгол Хятад хоёр улсын Засгийн Газрын соёлын хөтөлбөрийн үндсэн дээр талууд олон төрөл шат хэлбэр бүхий соёлын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж байна. Гэхдээ энэ нь хоёр талын соёлын харилцаа огтхон ч саад тотгоргүй гэсэн үг биш юм.

2006 онд явуулсан нэгэн судалгаагаар Монголын ард иргэд Орос, Хятад, АНУ, Япон, Солонгос, Герман гэсэн зургаан улсад ямар сэтгэгдэлтэй байдгийг гаргажээ. 1-10 хүртэлх оноогоор дүгнэсэн ба хамгийн өндөр оноог Орос 7.5 оноо, АНУ 7.3 оноогоор удаахид, дараа нь Өмнөд Солонгос 7.1, Япон 7.0, Герман 6.5, хамгийн сүүлд нь Хятад 5.5 оноотой гарчээ. Монгол Хятадын бүх талын харилцаа амжилттай хөгжиж байна гэсэн атлаа яагаад Монголчууд Хятадад хамгийн бага оноог өгч байна вэ. Судлаачийн хувиар дүгнэхэд үүний учир шалтгаан дараах гурван зүйлд байна. Үүнд:

Нэгд, суурь соёлын ялгаа. Азийн бусад оронтой /Япон, Хойд Өмнөд Солонгос, Вьетнам/ харьцуулахад Монголд Кунзын соёлын нөлөө асар бага. Энэ нь Монголын нүүдлийн соёл азийн бусад суурин иргэншилээс ялгаатай байдагтай холбоотой. Хятад хүний философи газартай салшгүй холбоотой учир мянга мянган жилээр нэг газраа тогтвортой сууршин амьдарч агуу их суурин соёл иргэншлийг бүтээжээ. Харин Монголчууд нэг газраас нөгөөд дөрвөн улирал нүүдэллэн амьдарч ирсэн ард түмэн. Монгол ба төв азийн нүүдэлчин ард түмэн эх газрын эрс тэс уур амьсгалын зөрүүг гаргахын тулд (өвөл зуны темпратурын зөрүү бараг 100 хэм, өдөр шөнийн темпратурын зөрүү 20 хэм) дөрвөн улирлал нүүдэллэн амьдарсаар аажимдаа нүүдлийн соёлыг бүрдүүлж, эрх чөлөөний мэдрэмж өндөртэй амьдралыг үзэх үзэлтэй болсон юм. Ийнхүү суурин болоод нүүдлийн соёл тус бүрийн ертөнцийг үзэх үзэл ба амьдралыг үзэх үзлийн суурин дээр өөр өөрийн үнэт зүйлсийн үзлийг нэрж боловсруулсан бөгөөд дээрх гурван үзлийн суурь ялгаа үүссэн байна. Дээрх гурван үзлийн суурь ялгаанаас болоод соёлын хувьд уусан нэгдэх нь тийм ч гүнзгий байж чадаагүй юм. Энэ бол Монголчууд азийн бусад орныг бодвол кунзийн соёлын нөлөөнд бага орсны үндсэн шалтгаан биз ээ. Английн нэрт түүхч А.Тойнбигийн үзсэнээр нүүдлийн хийгээд суурин соёлын ялгаа нь суурин иргэд байгалийн хүчийг сөрж, нөхцөл байдлыг өөрчилж ирсэн бол нүүдэлчин иргэд байгальд даган зохицож ирсэн юм гэсэн байдаг. Үнэхээр ч суурин иргэншлийн томоохонд тооцогдох кунзын үзэл бол нийгэмд чиглэсэн философи юм, “дундажийг барих”, “эв найрсаг байх” зэрэг нь Кунзийн сурталтнуудын эрхэм дээд үнэт зүйл нь бөгөөд Хятад, Япон, Солонгосын соёлын үзлийн нийтлэг зарчмын нэг билээ. Харин эрт дээр үеэс Монгол үндэстний сэтгэлгээний үндэс нь эх байгаль бөгөөд “тэнгэрт” шүтсэн бөө мөргөлтэй байлаа. Монголчууд чоныг билэг тэмдэг болгон, байгаль дэлхийд шүтэн сүсэглэж ирсэн ба хүн хоорондох нийгэмийг тэгтлээ чухалчилж байгаагүй юм. Ерөнхийдөө ийнхүү хоёр ард түмний байгальд хандах хариу үйлдэл хоёр өөр байснаас үүдэн бүрэлдсэн соёл сэтгэхүйн ялгаа нь соёлын ижилсэлд хүрэхэд мөн нөлөөлж ирсэн байна.

Хоёрт, түүхийн үзлийн ялгаа. Энэ бол дээрх гурван үзлийн суурь ялгаанаас үүдэлтэй. Шууд хэлэхэд хятад энгийн иргэд төдийгүй эдэмтэн судлаачид ч Монголыг түүхэндээ Хятадын нэг хэсэг байсан, геостратегийн байршлаасаа болж Хятад Орос хоёрын харилцаанаас гарсан түүхийн бүтээгдэхүүн гэж үздэг. Харин Монголчууд өөрсдийгөө түүхийн нугачаан дунд нэгэн үе мандан сэргэж, нэгэн үе бууран доройтож явсан өөрсдийн гэсэн агуу их түүхтэй ард түмэн гэж үздэг. Мэдээж үндэстэн бүр үндэстний талаарх онд ондоо ойлголттой, зарим орон үндэстний тухай ойлголтыг нэг улсад амьдарч, нэг улсын төлөө хүчин зүтгэж байгаа ард түмнийг хэлнэ гэдэг.
Миний бие энд Хятадын түүхч Яао Далигийн үзлийг иш татаж байна. Тэрээр хэлэхдээ “Монгол Хятадын хоорондын ялгааг “соёлоор ихэрхэх үзэл”-ээр тайлбарлаж болно. Үүний гол агуулгыг дараах байдлаар багцалж болох юм. Хуа ся буюу хойжмийн хань үндэстэн эртнээс нааш үзэхдээ Хуа ся соёл бол даяар нийтлэг соёл гэж байв. Хуа ся болон эргэн тойрны ард түмнүүдийн соёлын ялгаа нь өөр өөр соёлуудын хоорондох ялгаа биш, харин даяар нийтлэг иргэншлийн хөгжлийн өөр өөр үе шатны л ялгаа буюу иргэншилтэй, хагас иргэншилтэй, бүр иргэншилгүй байдлын ялгаа зөрүү юм гэдэг. Тэгвэл хань үндэстэн голлосон нийгэм яагаад түүхийн явцад олон удаа хойд зүгийн үндэстнүүдийн байгуулсан династигийн ноёрхолд байсан бэ гэдэгт хариулахад энэхүү соёлоор ихэрхэх үзлээр тайлбарлаж болох нь уг үзлийн давуу тал юм. “Тэнгэрийн доорх хятад” хэмээх үзэл нь өөрөө олон улсаар хэмжих тогтолцоо төрөн гарахыг хязгаарлаж байсан юм. Түүхэнд бутрал хагарлын үед нэг улс нөгөөгөө байлдан дагуулах, ноёрхох харилцааг, өөрөөр хэлбэл улс хоорондын харилцааг “Хятад”-ын дотоод нэгдэлийн төлөөх байлдан дагуулал хийгээд ноёрхолыг л гүйцэлдүүлж байна хэмээн хувиргаж ойлгож байв. Хань үндэстэн бусад улсыг байлдан дагуулах, ноёрхох түүхийг Хятадын дотоод нэгдлийн үйл явц хэмээх нь түүхийн ч өнөөгийн ч хань үндэстний хувьд хүлээж авахад харьцангуй хялбар ойлголт юм. Юань гүрэн Хятадын нэг династи байсантай маргах зүйлгүй. Гэхдээ Монголын эзэнт гүрний түүх Хятадын түүх хэмээн дүйцүүлж үзэх боломжгүй, Монголын эзэнт гүрэн бол өргөжин тэлсэн Хятад биш билээ”. Энэхүү түүхийн асуудлаар Хятадын эрдэмтэд мөн өөр хоорондоо ялгаатай байр суурьтай, үзэл бодлын зөрүүтэй байдаг, бүхэлдээ асар ээдрээтэй асуудал. Өнөөг хүртэл Хятадад Тэнгэрийн доорх Хятад хэмээх үзлээр түүхийг тайлбарладаг нь нэлээдгүй Монголчуудыг Хятадын талаар эргэлзэхэд хүргэж болгоомжлолыг төрүүлдэг юм.

Гуравт, “Хятадын аюул”-ын тухай үзэл хийгээд жижиг орны эмзэглэл. Энэ бол түүх ба одоо цагийн нөхцөл байдал харилцан огтолцож бий болсон асуудал юм. Өдгөө Монгол Хятад хоёр нийгэм соёлын салбарт хамтран ажиллаж, ард иргэд хоорондын харилцаа өдөр өдрөөр нэмэгдэж байгаа. Гэвч даяаршлын эрин үед том орнуудаас жижиг хөршүүдийнхээ нийгэм эдийн засагт гүнзгий нөлөөлөх болсон нь жижиг орнуудын санааг түгшээдэг болсон. Хятад Орос хоёр том гүрний дунд орших Монголын хувьд Оросын ойрх үеийн түүхэнд бүрдсэн “эзэнт гүрний уламжлал” болон Хятадын феодалын үеэс бүрэлдэн тогтсон “Хятадын дэг журам” нь Монгол хийгээд бүс нутгийн оронд Оросын сэргэлт, Хятадын өсөлт нь цаанаа сэтгэл түгшээж буй. АНУ-ын эрдэмтэн С.Ханитингтоны “Иргэншил хоорондын мөргөлдөөн, Шинэчлэгдэн буй дэлхийн дэг журам” номонд өгүүлсэнчлэн “Түүхэндээ хэд хэдэн бүс нутаг тойрог хүрээг хамарч ирсэн гэж Хятад өөрийгөө үздэг. Үүнд эхний хүрээнд Солонгос, Вьетнам, Лию Цю арлууд, зарим тохиолдолд Японыг багтаасан “Хятадын бүс”, дараагийн тойрогт аюулгүй байдлын шалтгаанаар заавал захирах ёстой манж нар, монголчууд, уйгар, түрэг, түвд зэрэг хятад биш угсаатныг багтаасан ... ... Орчин үеийн Хятадын иргэншил мөн иймэрхүү бүтэцтэй болж ирж байна ”. Үнэхээр ч ХХI зуунд Хятадын эрчимтэй өсөлтийг дагаад Монгол болоод бусад хөрш орнууд дахь Хятадын нөлөө өдрөөс өдөрт нэмэгдэж буй нь үнэн. Энэ Хятадын өсөлт нь Хятадын түүхийн хандлагад эмзэглэдэг Монголчуудад бүр ч болгоомжлол төрүүлж буй юм. Нэг талаар Хятадын эдийн засгийн хөгжил Монголд таатай боломж олгож буй, нөгөө талаар эдийн засгийн хувьд хэт хараат болчихвий гэсэн болгоомжлол бий. Гэвч энэ бол жижиг орны зайлах аргагүй зовлонгийн нэг гэдгийг ойлгож буй. Ингээд харахад Хятадын аюул үзэл Монголд газар авах магадлалтайн шалтгаан хоёр янзын болгоомжлолоос болж буй, нэг нь түүхэнд хандах өөр өөр хандлага нь Монголчуудыг Хятадаас болгоомжлоход хүргэж байна, хоёрт нь Хятадын өсөлт хийгээд жижиг орны эмзэглэл нийлсэн болгоомжлол юм.

Ийнхүү түүх ба одоо, соёл ба ижилсэлийн ээдрээт дэвсгэр дээр өнөөгийн Монгол Хятадын соёлын харилцаанд тулгамдаж буй асуудлын дүр зураг тодорч байна. Хоёр орны иргэд хоорондын харилцаа улам бүр нэмэгдэхийн хэрээр Хятад иргэдийн Монголын талаарх бодол, түүхийн сурах бичиг дэхь агуулга зэргийг илүү олон Монголчууд таньж мэдэх болно. Иймээс эрдэмтэн судлаачдын хүрээнд оршин буй асуудлын бодит үнэнийг хүлээн зөвшөөрч түүнийг шийдвэрлэх хамгийн зохистой арга замыг олж аль алиндаа ашигтай зарчмаар шийдвэрлэж нэгдмэл ойлголтод хүрч байж сая ард иргэд хоорондын эрүүл саруул харилцааг бодитойгоор хэрэгжүүлж чадах билээ.

[...]

ишлэл зүүлт:

http://www.academy.org.mn/mon/index.php?option=com_content&task=view&id=150&Itemid=129  Улс орон,олон улсын байгууллага, монголчуудын үнэлгээ

Фэн Ю-лань: “Хятадын философийн товч түүх” Улаанбаатар: Битсервис хэвлэлийн газар, 2005 он, 27-р тал

Baabar, History of Mongolia, UK Cambridge: The White Horse Press, 1999, p. 6.

[]巴瑞·布赞等主编,朱宁译:《新安全论》,杭州:浙江人民出版社,20032月版,第161页。

А.Тойнби "Түүх судлал" Улаанбаатар, 2007 он

姚大力:中国历史上的民族关系与国家认同,《中国学术》:2002 年第4 期,第200-201 页。

Самуэль П.Хантингтон “Иргэншил хоорондын мөргөлдөөн, Шинэчлэгдэн буй дэлхийн дэг журам”, Улаанбаатар 2005 он, Монсудар, 179-р тал

Мэдрэмжүүд минь

Бясалгалд суув аа. 10 хоног чимээгүй суудаг. Өмнө нь зөндөө удаа явж байсан л даа. Энэ удаад арвин ургацтай харин. Урьд нь суухдаа юу ойлгож...