Sunday 23 July 2006

саравчилж харсан нь

☆ 2006-Jul-23

Өнөөдөр ...
Маргааш ...
Яг жилийн дараа ...
5 жилийн дараа ...
...
20 жилийн хойно
...
Хувийн кадрт хэн гэдэг “кино ший” бичигдэж, ямархан хүмүүстэй уулзаж, үйл явдлын хэлхээс яаж өрнөх бол? За энэ ч нээх сүртэй бодоод байх юм биш биз. Гэхдээ өнөөдрийн зураглалаа, 20 жилийн дараахтай харьцуулж үзье гэж бодъё, амьд арзайж байвал шүү дээ.
Халаас хоосон ч надад эрх чөлөө байна
Хамгийн гоё нь би залуу байна
Тийм болохоор одоогоор өдөр хоног тортон дээрх үсэг шиг, сүлд модны гэрэл шиг, бамбаруушны нүд шиг, бөгжний шигтгээ шиг, ботинкны үдээс шиг л байна, зүрхэндээ гунигтай, нүдэндээ нулимстай байлаа ч гэсэн миний залуу нас магад ийм л байгаа. Хийж бүтээхийн өвчин, туршиж бэртэхийн солио туссан насанд шинэ юм болгоныг мангасын нүдээр харж, цөс хөөрч цус хурдалж, шүлс ялгаруулан, хуруу гараа үрж дүрж, давилуун авир дэврүүн аашаар дэлхийн төвд эргэлдэж байгаа.

Зээ Би өнөөдөр 45-тай. Өглөө босуут интернетрүү гар яваа ч уу, хүчтэй хөгжимд зүрх оргилоо ч уу, дурласан сэтгэлээ нууж ядан догдлоо ч уу, харь орны цэмцгэр байшинд нүд гялбаа ч уу, толины өмнө эргэлдэж үсээ самнан дуу аялаа ч уу, давшилж дайрсан чинжаал үгэнд дахиж шархдаа ч уу ... Яахав... Хөл хугалам туфльнээсээ салаагүй байж болно, шүтэх шахдаг гадны урлагтаа дуртай байж болно, маруужин идэж цэцэрлэгт зугаалдагаа жаргалд тооцдогоо ч хэвээр хадгалж болно... Гэхдээ ... Гурав хоноод уйдчихдаг байсан хөдөө нутгийн гангын үнэртэй сэвэлзүүр салхиа санахын төдийхэнд сэтгэл чичирвэл яахав, эмээгийн барьсан талхыг зөөхий түрхүүлээд идмээр санагдвал би яахав, аав ээжийн төрсөн нутгийн бараа алсаас харагдахын зуурт нулимс асгарвал яахав, “учир нь мэдэгддэггүй” уртын дуунд уужирал тайвшрал ухаарлын эд эсүүд эцэг өвгөд эх нутаг энэ бүгдийг цөм багтаагаад байж байвал яахав ... би яахав.

Өнөөдрийн явдал өнөөдөртөө, маргаашийнх маргаашдаа гэж үү ... гэвч ... маргааш намайг догдлуулах зүйлс эмээгийн барьсан талх шиг дахиж олдохоосоо нэгэнт өнгөрсөн байвал асгарах ёстой нулимс огшоод ч гарахгүй биз, (ийм муухайгаар бодож болохгүй л дээ) тийм биш гэж итгэж л байна мэдээж, гэхдээ бид чинь орчлонгийн хүрдэнд нэгэнт орооцолдсон, өнөөдрийн тарьсан үр маргаашийн ЦЭЦЭГ үү эсвэл ШАРИЛЖ уу...

PS: Ойрдоо учиргүй бясалгалдаад балай авч байна аа. Нэгэнт орчлонгийн хүн юм болохоор орчлонгийнхоо л тухай бодохоос (хоёр хуруу толгой тушаа, хөмсөг атираатай). Алсын хараатай амьдарч дадаж байгаа юм болов уу, би ер нь том хүн болж байгаа юм шиг ээ гэсэн.


Сэтгэгдэл (5) :: Сэтгэгдэл vлдээх! :: Холбоос

Monday 17 July 2006

хэл хальтрахуй

☆ 2006-Jul-17

10 жилд байхад сонингууд дээр "хэл хальтрахуй" гэж зугаатай булан байдаг байсан. Одоо даанч санаанд байгаа нь цөөхөн юм, гэхдээ биччихье.

хорлогч дарга - орлогч дарга
эрүүлжүүлэх баар - эрүүлжүүлэх байр
худалаа хөгжлийн банк - худалдаа хөгжлийн банк
зөнөсөн галт уул дэлбэрэв - сөнөсөн галт уул дэлбэрэв
ал улаан - гал улаан

унагаах ухаан - анагаах ухаан

ядаж байхад хэл нь хальтрангуутаа шинэ утга гараад байдаг нь шал зэвүүн байхгүй юу гэсэн Хальтарсан хэлний санг баяжуулах жишээ санаж байвал нэмэрлээрэй .
... ... ...
... ... ...

Сэтгэгдэл (7) :: Сэтгэгдэл vлдээх! :: Холбоос

Thursday 13 July 2006

Цус ба Яс \кино\

☆ 2006-Jul-13

Хүн бол нийгмийн бүтээгдэхүүн, цаг үеийн бүтээл гэгддэг ч зарим нэг сондгой гаруудад энэ үйлчилдэггүй бололтой.
"Цус ба Яс". Blood and Bones 血与骨(2004) Өнгөрсөн зууны 20-оод онд Японы аж үйлдвэрийн сэргэлтийн үеэр японруу дүрвэж гарсан солонгосчуудын (55 оноос хойд-со) үнэн хүнд амьдралын түүхийг өгүүлсэн япон кино. Жүжигчин Такеши дүрийг амилуулна ч гэж, найруулагч 崔洋一 Yoichi Sai нь өөрөө шүтсэн байх. Такеши 北野武 Takeshi Kitano ер нь дандаа асар хүнд кинонд тоглож явах юм аа, нүүр царай нь барайчихаад тохирно ч гэж ванлий.

Мянга мянган дүрвэгсэд зовлон зүдгүүр үзээ л биз, хүнд амьдрал дунд хүмүүс эвдрээ л биз. Гэвчиг Такешигийн (жүжигчнийх нь нэрээр явчий) хувьд угийн этгээд хачин зан авир, дээрээс нь тэр зүдэргээнт нугачаа нийлээд хүн хүнээс онцгой нэгэн бие хүнийг бий болгожээ. Тэр хэнд ч хайртай байсангүй, магадгүй цорын ганц "зөөлөн" хандаж байсан хүн нь тэрний амраглагч хүүхэн (хүслээ хангагч гэвэл илүү зохилтой), гэвчиг хүүхэндээ өттэй мах хүчээр идүүлэх гэж зүтгэснээс мэдрэл нь хүчтэй цочирч саа тусан хэвтэрт ороход нь гэртээ олон жил байлгаж байгаад эцэст нь өөрийн гараар бүтээгээд алчихвал яахав (зовлонгоос нь салгаж байгаа нь тэр). Хүүхдүүдийнхээ нүдэн дээр эхнэрээ зодож хүчиндэж, ажилтнуудаа цалин нэмүүлэх гэж хүссэнийх нь төлөө халуун чулуугаар хацрыг нь хайрч, өрөө төлөхгүй зугатаасан зээлдэгч дээр давхиж очоод гарынхаа шууг огтолсоноо "миний мөнгийг авна гэдэг миний цусыг авсантай адил" гэж хэлээд гоожуулсан цусаа уулгаж орхидог, нөгөө зээлдэгч тэсэлгүй амиа хорлоход нь мөнгө өгөлгүй үхчихлээ гээд уурлаж хашгичин хараагаастай...
Дэргэдэх хүнээ хэмэлж, зовоож, амьдралыг нь хар там болгон бүрэн сүйтгэж байгаадаа санаа зовох битгий хэл хүнийг яг л өттэй мах шиг үзэж хайр найргүй идэж байх ёстой гэсэн чулуу үзэлтэй тэрээр солонгосоос анх хүсэл бадраасан идэр залуудаа ирээд хожмоо 40 сая иен хурааж цөм баяжсан боловч сүүлчийнхээ хоногуудад ч мөнгөө хав даран өөрөө таяг тулсан салга өвгөн хог түүж идэх шахам амьдарсаар эх орондоо буцаж бүх хөрөнгөө хойд солонгосын засгийн газарт хандивлаад нутагтаа ясаа тавьж байгаа нь тэр хүний хувь чанар адгуусан араншинг өмөөрөх хангалттай шалтаг мөн ч юм шиг, биш ч юм шиг, тэрнийг биширмээр ч юм шиг, өрөвдмөөр ч юм шиг. Тэр бусдад бүү хэл өөртөө ч хайртай байсангүй, ер нь хайр энэ тэр гэсэн "шалихгүй" зүйлс бөөн садаа, түүний амьдрал, ерөөс тэр хүн тэр чигээрээ ТОМ ЗОРИЛГО л байж. Хэрвээ тэр хүнд хайр гэж байдаг гэвэл тэр нь Эх орон нь л байж. Хувийн амьдрал дээр нь дөрөөлж нэгэн этгээд хачин бие хүний тухай ухаан самууртал үзүүлсэн уг кино эхнээсээ аваад дуустал цул үйл явдал...

ТV-ний өмнө догдлон байж суухдаа хүнд амьдрал харж шок болох санаатай үзээд байсан киноноос өмнө уг киног recommended-сан найз намайг хэврэг амьтан гэж бодсон уу, гэнэт үзээд ухаан алдчихвий гэж хайрласан уу, эсвэл хүнд киног гэндүүлж үзүүллээ гээд уурлана гэж айсан уу, юутай ч надаар сэтгэлзүйн бэлтгэлийг өдөр бүр хэмнэлт давталттайгаар уйгагүй хийлгэсэний ачаар санаандгүй үзвэл хэсэгтээ самуурам киног мэнд сэрүүн үзсээр баатарлагаар дуусгав, би шүү.
Сүүлийн үед хүнд хүнд кано үзэж кайфтдаг шинэ хоббитой болсон гого байна. Найздаа баярлалаа, дандаа хөөрхөнөөрөө шүү.

Saturday 8 July 2006

халил

☆ 2006-Jul-8

Гунигаа тайлтал нэг vнсэлдэхсэн


Хvнийх болоод явчих нь бас л амархан байна даа

Энэ сарны дор яг л энэ газраа
Эргээд уулзах нь худлаа л байх даа
Бурхадын уран зураг мэт гоё цагаан vvл
Бусдын нутагт очоод бороо болоод асгана даа
Элсэн дээр тогтсон хос мєрний хонхорхойд
Эндхийн бороо орж дусаал тогтооно доо
Хэд гурван гvрвэл vvгээр гvйлдэж
Хээрийн соньхон худагнаас цангаа тайлна даа
Хармагийн бутны жимс ганц нэгээр унахдаа
Хайртай чиний минь цамцан дээр улаан толбоор vлдэнэ дээ
Одлог тэнгэрийн дор нойргvй хонож
Онцгой долоон бурханыг vдшийн vдэш зvсэлж
Vvр цайхыг vзэн бороонд норж явсан чинь
Vлгэр шиг санагдах цаг тийм ч холгvй байна даа...
Амраг миньАлсаас чамдаа хундага єргєе
Хуучин уулздаг цэцэрлэгтээ ирье
Хуурай газрыг нортол уйлъя
Хулан гэдэг цэцэг эндээс лав ургана
Тэр цэцгийг чи минь тасдаж аваад
Энгэртээ зvvж гэртээ хариарай
Эхнэр чинь асуувал битгий хэлээрэй
Элгэндээ чимээгvй тэвэрч
Цэцгийн зулай дээр vнсээрэй...
Гуйж мєргєєд ч болов бурхан танаас хvсье
Гунигаа тайлтал нэг vнсэлдэхсэн
Гудамжинд єдрєєр эсвэл шєнє дєлєєр...
Гудайх оддын дор євс ногоон дээр...
Хоёулханаа орон дотроо...
Хотол vймсэн европын гудамжнаа
Хонгор найз элбэгтэй Парижийн буудалд
Алтан говийн элсэн дээрАмерикийн шигvv хороололд...
Дэлхийн хаана ч гэсэн
Дээр доороо орон vнсэлдэж л буй
Лал, Христос, Буддын уншлага дор
Ламбада бvжгийн янаг аялгуун дор
Шалба норсон борооны бvлээн цутгалан дор
Шаахай болоод даашинзгvй, уруулын будаггvй
Vнсэлдэхсэн ...
Олдошгvй vхэшгvй хайртай амрагаа
Ороонго мод адил тэврээд
Родены баримал мэт хоёулаа
Мєнхийн мєнхєд vлдэхсэн
Ц. Хулан

Гоё шүлэг юм. Нээрэн нэг дарвайтал үнсэлцэхийнсан гэсн. Үнэн сэтгэлээсээ л бол сая окэй шүү гэж думаа царайлан ичингүйрсээр явтал юу вэ хорвоо дэлхий уужим хийх ажил их ч хажуугаар нь амжуулкүй бол хохий шөө гэдэг байшд. Хайр дурлалыг балинчидсаар байтал дурлал өш санахаар боллоо.
Гэснээс монголоор дүүрэн синглмаа, горьдсон царайтай, өлөн нүдтэй, гунхсан охид баар саваар дүүрэн, бүүр аргаа бараад хоног төөрүүлчих объект тэнэсэн харцаар хайгаастай ... ядаж байхад санаа нь нүүрэн дээр нь ил тод ... Ноднин их монголд ороод баахан хүүхнүүд л дуулах нь дээ гэж бодсон үйлчлүүлэгчид нь байсныг "одууд" гэж эндүүрсэн байваа. Охид хүүхнүүд сайхан байх сайхан л даа мэдээж, гэхдээ хүүхнүүд эм барс шиг царайлаад идэш хайж, олз олохын тулд гэвчиг өөрийгөө өгөөшилж байгаа нь юу ч гэмээр юм дээ.
Манай хүн амын хүйсийн харьцаа 51:49-өөр эмэгтэйчүүд олон гэсэн байдаг ч энэ бол цөөн хүн амд ок. Харин гэрлэлтийн насныхны хувьд хүйсийн харьцаа арай өөр. 2000 оны тооллогын дүнгээс үзэхэд 20-24 насны эрчүүдэд ирээдүйн боломжит сүйт бүсгүй нь 12.0 (130.0-118.0) мянгаар илүүдэж, харин 15-19 насны хөвгүүд буюу одоогийн 21-25 насны эрчүүдээс ирээдүйн боломжит сүйт бүсгүйчүүд нь 24.8 (158.1-133.3) мянгаар олон байжээ хөөрхий. Яг мань хэдийн үед ингэж олон охид төрсөн байнашд. За тэгээд түмпэн шанагаа түс тас нийлүүлэх гэхэд цөөхөн хэдэн эрчүүдээс боловсролтой нь бас хэд билээ, за дүүрч сэтгэл мандтугай гэх гэтэл нөгөө хэд нь солонгос баруунруу аль хэдийнэ талийчихжээ. Ингээд хөөрхий дэлхийн 2-р дайны дараах орос эмэгтэйчүүд шиг эр хүссэн эмс монголоор дүүрээд байгаа жанцан ийн болой. Уучлаарай хүүхнүүд ээ, хоногийн тачаалаас болж айл гэрийн аз жаргалыг сэвтүүлж, бүсгүй ариун биеэ булингартуулж явахаа болиход ердөө хэдэн үйлдлийн ухаан, ядаад бүсгүй бардам зан чинь л байхад хангалттай шүү дээ.
за ёстой хадуурчихлаа, гэхдээ яадын, үнэн юм чинь. Уул нь эхэндээ дурлал ярьж байлуу, чичиртлээ дурлалцаж салам сексдэх ч сайхан шүү гэсн. Ядаж ингээд дурлал секс хоёрыг нэгтгэж ойлговол амттай шд. За даа зарим нэг нь хэдэн он бэ гэж байгааз, яая гэхэв тэгж бодсон бол чи би зам нь салаа заяа нь тусдаа хүмүүс.
Гарч сэнсэртэл үсэргээндье, бичкэн сээтэгнэл бол байлгүй л яадгийн comonnnn ...


Сэтгэгдэл (24) :: Сэтгэгдэл vлдээх! :: Холбоос

Tuesday 4 July 2006

Бөөн хүн ба салбадай

☆ 2006-Jul-4

Санамсаргүй явж байгаад тун дажгүй ном нэгийг уншлаа. "Хөөрсөн түмэн ба гэмт хэрэг" Сципион Сигеле хэмээх судлаачын (100 гаран жилийн өмнөх) суурь бүтээл.

Ямарваа нэгэн жагсаал цуглаан нь голдуу хэн нэгэн эрх баригч, дарга даамлуудын бүдүүрч байгаад зэвүүцэн, номхон ардыг мэхэлж байгаад бухимдан шаардлага тавин эсэргүүцсэнээс үүддэг. Ингэж илэрхийлэхдээ бөөгнөрч хөөрсөн хүмүүс уурандаа шатан замдаа тааралдсан бүхнийг хэмхчин эвдэлж сүйтгэж, засгийн газарлуу дайран орохыг завдан хүч түрэн давшилж, магадгүй нүдэнд нь нөгөөх аз нь харьсан дарга тааралддаг л юм бол дундаа хийж польдохсон гэж тачааддаг. Ямар ч шалтгаанаар үүссэн байлаа гэсэн олон түмний адал балмад хорлон сүйтгэх дээрх үйлдэл бол гэмт хэрэг. Мэдээж массыг ингэж хөөрөх хүртэл бухимдуулсан эрх баригчдын арчаагүй бодлогыг зөвтгөх аргагүй. Гэхдээ яагаад олон түмэн нийлж байгаад эрүүл саруулаар шаардлага тавьж хүссэн үр дүндээ хүрэхийн оронд өөрсдөө гэмт хэрэгтэн болтлоо балмад авирлан гажигтдаг вэ. Цугларсан олон бүгд гэмт хэрэгтэн биш нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл хүн ганцаараа байхдаа хэзээ ч хийж зүрхлэхгүй үйлдэлээ жагсаал цуглааны үед учиргүй зоригтойгоор хийж орхидог нь юуных вэ? Хамгийн наад захын бодлоор, олон түмнийг шүүх арга бараг байдаггүй, хариуцлагыг ганц хүн дээр тохох боломжгүй байдаг нь хувь хүнийг ийн зориг оруулж сэтгэлийн мухартаа ёс суртахуун гэх мэтээр чөдөрлөж байсан балмад занг нь өдөөдөг гэж хэлж болох юм. Гэхдээ л энэ хангалтгүй. Тухайн хувь хүнийг ганцааранг нь байлгаж байгаад за хө чамд хариуцлага оноохгүй үүнийг эвд сүйтгэ гэж ятгавал тэрээр өнөөх үйлдлээ хийх эсэх нь бас л будлиантай. Тэгэхээр бөөгнөрсөн олны дунд хүмүүсийн гаргадаг гаж авир нь ердөө нэг нэгнээ даган дууриах төрөлхийн заяамал сэтгэхүйтэй холбоотой, тухайн уур амьсгал дахь ятгалгын асар хүчтэй нөлөөнд автдагийнх гэж тайлбарлажээ. Онцлууштай нь энд бүх хүн тийм үү гэвэл бас биш. Хэвийн амьдралд бол огтоос тийм зүйл хийхгүй хүн жагсаал цуглааны үед яагаад зэрлэгдүү авирладагийг ойлгоход хувь хүний сэтгэлзүйг анхаарах хэрэгтэй болно. Эндээс хувь хүний сэтгэлзүй болоод нийтийн сэтгэлзүй хоёрыг холбон харах ёстой болж байна. Нэгэн бүсгүй дээр туршилт хийж л дээ. Эмэгтэйг гипнозод оруулж түүний ухаангүй дурлаж байсан залуугийнх нь нэрийг хэлж тэрнийг хорлох тушаал өгсөн байна, өнөөх бүсгүй гипнозын турш удирдагчийн тушаалыг биелүүлж байсан боловч залуугаа хорлох тушаалыг харин огт дагаагүйгээр барахгүй эрс татгалзах маягтай болжээ. Өөр нэгэн тохиолдолд учиргүй ичимхий залуу гипнозын явцад "халууцаж шатаж үхэх" шахахдаа ч хувцасаа тайлахгүй гүрийгээд байсан бол өөр нэгэн гипноздуулагч уг даалгаварыг юунд ч торолгүй гүйцэтгэж тэр дороо л шалдалж орхижээ. Ингэхээр хүнийг сэтгэлийн мухарт нь огт байдаггүй эсвэл маш сул байдаг зүйлийг нь хийлгэх гэж оролдох нь бүтэшгүй зүйл бөгөөд харин эсрэг тохиолдолд аливаа үйлдэлийг хийх тухай сэдэл, сэтгэлзүйн элемент тухайн этгээдэд байсан аваас (байнга ил гардаггүй ч) өчүүхэн төдий өдөөхөд л торхтой дарь мэт асдаг ажээ.
За тэгвэл хүмүүс нэг нэгнээ дагаж дууриах өвчтэй юм бол яагаад буянт сайн үйлийг биш заавал муу муухайг нийлж хийдэг юм бэ. Ихэнх хүн, ээ бараг л бүх хүн адгууслаг чанартай, түүнийгээ хөгжүүлсэн үү, дарж унтраасан уу гэдэг нь хувь хүний хүмүүжил, төлөвшил, ёс суртахуунтай шууд холбоотой. Бөөгнөрсөн түмний ятгалга, "сэнхрүүлэг"-д автахгүй байх, сөрж тэсэх сэтгэлзүйн хүч тамиртай хүмүн асар цөөхөн ажээ. Цугласан олны дунд оруут л тэдний үг яриа баараггүй үнэн мэт санагдаж ханьсдаггүй юмаа гэхэд дэмжин түлхэгч болох нь олонтаа. Ялангуяа дээрх тохиолдол бол театрт биш, хөл бөмбөгийн стадионд ч биш, эрх баригчдын эсрэг бухимдал тээж цугларсан талбайд гэдгийг сануулъя.

Эндээс улбаалахад, бөөгнөрсөн олон хүнээс, ялангуяа янзан бүрийн үзэл бодол, зан авиртай, өөр өөр боловсрол, хүмүүжилтэй хүмүүс нэг дор цугласан байхад тэндээс ухаалаг шийдвэр эрүүл үйлдэл гарна гэж горьдсоны гарз. Мэдээж "ТАРЦГАА" гэж лүндэндэхээсээ наана ингэж цугларуулахгүй байх, цугларах "овоо"-г босгохгүй байхад л ухаанаа зарж байх нь хавьгүй дээр гэдэгтэй хэн маргах билээ.


Сэтгэгдэл (4) :: Сэтгэгдэл vлдээх! :: Холбоос

Мэдрэмжүүд минь

Бясалгалд суув аа. 10 хоног чимээгүй суудаг. Өмнө нь зөндөө удаа явж байсан л даа. Энэ удаад арвин ургацтай харин. Урьд нь суухдаа юу ойлгож...